Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 558

 

 

                                                           

 

 

 

 

 

 

  2020         07           09                                     2020/ШЦТ/558

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Болдхүүгийн Бд холбогдох эрүүгийн 2011 00673 0585 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цэгцүгэн” ХХК-д эх бэлтгэгч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 33-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигин овогтой Болдхүүгийн Б /РД: ______/,

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Хаан” банкны интернет банкны үйлчилгээг ашиглан “Nyamsuren.D” гэсэн интернэт банкинд хууль бусаар нэвтэрч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Делта 9-3 тоотод оршин суух хохирогч Д.Нямсүрэнгийн “Хаан” банкны 5704384843 дугаартай данснаас 491,340 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2016 онд цахим төрлийн буюу ямар нэгэн хүний данс руу интернет банк ашиглан нэвтэрч дансанд байсан мөнгийг нь танихгүй хүний карт руу шилжүүлэн бэлэн мөнгөний машинаас авахуулах ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд 2 удаа шүүхээр ороод нийтэд тустай ажил хийх, хорих ял эдлэж байсан. Энэ хэргийн тухайд гэх юм бол урьд хэрэг үйлдэж байхдаа хүмүүсийн интернет банкинд нэвтрэх нэр нууц үгийг төрсөн он, сар өдөр, нэрээр нь таамаглаж олж авч тэмдэглээд үлдсэн байсан үүнийг яаж мэдсэн бэ гэхээр манай нэг найз “Хаан” банкинд интернэт банк нээлгэж байхад нь хамт явж байсан. Тэгээд “Хаан” банкнаас хүснэгт бөглүүлэхдээ нэвтрэх нэр нууц үгийг бичиж өгдөг тухайн цаасан дээр нэвтрэх нэр хэсэгт өөрийнх нь нэр төрсөн он байдаг нууц үг хэсэгт мөн адилхан байдаг. Тэгээд ихэнх хүмүүс энэ нэрээ сольдоггүй гэдгийг анзаарч мэдээд ямар ч хамаагүй танихгүй хүний интернет банк руу нэвтрэн ороход болж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Нямсүрэн гэдэг хүний дансанд орж үзэхэд түүний дансанд 2-3 сая орчим төгрөг байсан дээрх хугацаанд мөнгөний хэрэгцээ гарсан байсан учраас энэ хүний данснаас 50,000-200,000 төгрөгөөр хэд хэдэн удаа авч эргүүлэн хийх маягаар аваад явдаг байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сард Нямсүрэн гэдэг хүн нь мөнгө орж гараад байгааг мэдсэн бололтой дансаа хаалгасан байсан эргүүлээд мөнгийг нь хийх гэхээр данс хаалттай байсан учраас мөнгийг нь хийж чадаагүй 400,000 гаруй мянган төгрөгний хохирол учруулсан байсан. 2020 оны 05 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөгч ярьж намайг дуудсан би ирж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч хохирогчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа гэх ...” гэх /хх-ийн 22-23х/,

Хохирогч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өндөр настны тэтгэвэрээ тус хорооны “Тэнгис” кинотеатрын автобусны буудлын ард байдаг “Хаан” банкнаас авдаг бөгөөд тэтгэвэрээ сар болгон авдаггүй 3-4 сар болгож байгаад авдаг юм. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би “Хаан” банкин дээрээс 4 сарын тэтгэвэрээ авах гээд очсон. Ингээд тэтгэвэрээ авахад надад 2,911,940 төгрөг өгөх ёстой байснаас 815,000 төгрөг байрны зээлд төлсөн байгаа юм. Ингээд надад гар дээр маань 2,096,940 төгрөг ирэх ёстой байснаас 1,605,600 төгрөг надад өгсөн бөгөөд 491,340 төгрөг дутуу өгсөн байгаа юм. Би энэ талаар “Хаан” банкнаас асуухад таны данснаас интернетээр банкаар орлого, зарлага гарсан байна гэж надад хэлсэн. Ингээд хяналтын албанд нь өргөдөл өгөхөд тэр өдөр надад Хаан банкнаас манай байгууллагаас шалтгаалсан зүйл биш байна гэж хэлсэн...” гэх /хх-ийн 12-13х/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-33х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогтой Болдхүүгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД