| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0070/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 73
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.М,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овгийн Б Б.М-д холбогдох 2028001050064 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Шарга морьт овгийн Б Б.М, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-01 тоотод Б.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 дүгээр сарын сарын 03-ны шөнө би аавыгаа хараад Зүүнсайханы 7-1 тоотод байдаг байшинд нь байсан тэр байшинд манай төрсөн эгчийнх бас амьдардаг юм тэнд эгчийн хүү Б.М бас амьдардаг тэгээд орой 23 цагийн үед манай дүү Б.М 1 шил архи авч ирээд бид хоёр хувааж уусан тэгээд архиа ууцгааж байхдаа би Б.Мд та нар өвгөний тэтгэврийн мөнгийг бүрэн өгчихөж байхгүй яах гэж хагас дутуу юм өгөв гэж хэлснээс болоод Б.М уурлаж намайг фудволкны захаар боож нүүр рүү гараараа цохиод зодсон тэгэхээр нь би гарыг нь хорьж байгаад салгаж байснаа санаж байна түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа нэг мэдэхэд Б.М манай өрөөнд орж ирчихсэн надтай хэрэлдээд агсан тавиад байж байсан тэгээд би хүүхдээ дуудаад Б.М намайг зодчихлоо тэгээд агсан тавиад байна гэж хэлсэн чинь удалгүй Баттогтох ирж намайг авч гэр рүү яваад тэр өдөртөө эмнэлгээр үзүүлсэн чинь эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэжээ.../хх-10-11/,
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед хүргэн Б гээд айлд амрах гээд байж байхад Б.М 0,5 литрийн Соёрхол нэртээ архи аваад ороод ирсэн тэгээд бид хоёр тэр архийг хувааж уугаад сууж байхад Б.М намайг одоо манай эндээс яваарай гэж загнаж байгаад гараад явсан. Би тэгээд унтаж байхад шөнө 5 цагийн үед Б.М орж ирээд баруун талын нүд рүү эхэлж цохиод чи муу яасан овоо юм гээд боогоод дээрээс зодсон. Тэгээд би яаж байна чи болиоч гэхэд ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохиод архины шил нь хагарсан тэгээд намайг боогоод байхаар нь би салах гэж ноцолдож байгаад бага хүү Баттогтох руу утсаар залгаж Мөнөө агсам тавиад байна ирж салгаарай гэж хэлсэн. Удалгүй манай хүү Баттогтох ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би зугтааж гараад гэртээ харьсан. Тэр оройгоо би цусаар бөөлжөөд толгой дүүрээд байхаар нь түргэн дуудсан. 22 цагийн үед түргэн ирж үзээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд авч яваад гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн гэжээ. /хх-12-13/
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав Б.Ц хөгшин эцгийгээ асраад Б.М байшинд сүүлийн 4 сар гаран амьдарсан юм, тэгсэн чинь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай аав над руу утсаар яриад намайг ирээд аваадах Б.М согтуу агсан тавиад намайг зодоод байна гэж ярьсан тэгээд би Зүүнсайханы 7-1 тоот хашаанд байдаг байрных нь 3 давхарт аавын байдаг өрөөнд очсон чинь манай аав Б.Ц согтуу толгойных нь баруун талаар жаахан цус гарчихсан нүд нүүр нь хавдчихсан байж байсан, бас Б.М нэлээд согтуу тэр хоёр зууралдаад зогсож байсан тэгэхээр нь би аавыгаа аваад тэндээс гараад гэртээ харьсан. Тэгсэн чинь тэр өдөр нь аавын бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн гэжээ. /хх-17-18/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтэд: Б.Цын биед Хамрын таславч баруун тийш мурийсан, хамрын яс баруун хажуу хэсэгт хугаралт үүссэн, 2 нүдний ухархай хөхөрч, хавдсан, баруун нүдний салст улаан, хүзүүний зүүн болон зүүн урд хэсгийн арьсанд бүдэг улайлт, зүүн эгэм, мөрний дээд хэсэг, зүүн тохойн гадна -хэсэг, бүсэлхийн зүүн хажуу талд зулгарсан, баруун мөрний гадна дээд хэсэгт шалбарсан, цээжний урд талын зүүн дээд хэсэг, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт хөхөрсөн гэмтлүүд үүссэн байна. Б.Цын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-21-22/
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цаг өнгөрөөгөөд галаа түлээд гэртээ амрах гээд орондоо ороод байж байхад том агаа буюу Б.Ц ах залгаад нэг архи аваад ирээч үгүй бол ах нь хүрээд очъё гэхлээр нь ахыг орж ирээд хүүхэд сэрээчих байх гээд хөргөгчид байсан 0,5 литрийн Соёрхол нэртээ архи аваад гэрт орсон.Тэгээд тэрийг хувааж уугаад сууж байхад Б.Ц ах намайг өвгөний тэтгэврийн мөнгө идсэн гэж загнаад агсарч эхэлсэн. Би чимээгүй сууж байгаад нөгөө архиа дуусгачихаад Б.Ц ахыг унтуулах гээд оронд нь оруулахад өөдөөс хэл амаар доромжлоод дайраад байж байхад манай эхнэр орж ирээд намайг авч гараад бид хоёр гэртээ ороод байж байхад Б.Ц ах араас ирээд хаалга нүдээд дотроосоо цоожтой байсан хаалга түлхээд ороод ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод заамдсан би зөрүүлж барьж аваад зууралдаж байхад манай эхнэр бид хоёрыг гэрээс түлхээд гаргасан. Тэгээ бид хоёр коридорт зууралдаж байгаад дээшээ 3 давхарт гараад бас муудалцаад байж байхад Б.Ц ахын бага хүү Баттогтох ирээд салгасан. Тэгээд би доошоо буугаад гэртээ орж амарсан гэжээ. /хх-41-42/
Өвчний түүх /хх-27-38/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн тодорхойлолт /хх-48/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-50/,
Эвлэрлийн гэрээ /хх-51/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Б.М нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-01 тоотод Б.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын сарын 03-ны шөнө би аавыгаа хараад Зүүнсайханы 7-1 тоотод байдаг байшинд нь байсан тэр байшинд манай төрсөн эгчийнх бас амьдардаг юм тэнд эгчийн хүү Б.М бас амьдардаг тэгээд орой 23 цагийн үед манай дүү Б.М 1 шил архи авч ирээд бид хоёр хувааж уусан тэгээд архиа ууцгааж байхдаа би Б.Мд та нар өвгөний тэтгэврийн мөнгийг бүрэн өгчихөж байхгүй яах гэж хагас дутуу юм өгөв гэж хэлснээс болоод Б.М уурлаж намайг фудволкны захаар боож нүүр рүү гараараа цохиод зодсон...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед хүргэн Б гээд айлд амрах гээд байж байхад Б.М 0,5 литрийн Соёрхол нэртээ архи аваад ороод ирсэн тэгээд бид хоёр тэр архийг хувааж уугаад сууж байхад Б.М намайг одоо манай эндээс яваарай гэж загнаж байгаад гараад явсан. Би тэгээд унтаж байхад шөнө 5 цагийн үед Б.М орж ирээд баруун талын нүд рүү эхэлж цохиод чи муу яасан овоо юм гээд боогоод дээрээс зодсон...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ц.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай аав Б.Ц хөгшин эцгийгээ асраад Б.М байшинд сүүлийн 4 сар гаран амьдарсан юм, тэгсэн чинь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай аав над руу утсаар яриад намайг ирээд аваадах Б.М согтуу агсан тавиад намайг зодоод байна гэж ярьсан тэгээд би Зүүнсайханы 7-1 тоот хашаанд байдаг байрных нь 3 давхарт аавын байдаг өрөөнд очсон чинь манай аав Б.Ц согтуу толгойных нь баруун талаар жаахан цус гарчихсан нүд нүүр нь хавдчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 239 дугаартай: “Б.Цын биед Хамрын таславч баруун тийш мурийсан, хамрын яс баруун хажуу хэсэгт хугаралт үүссэн, 2 нүдний ухархай хөхөрч, хавдсан, баруун нүдний салст улаан, хүзүүний зүүн болон зүүн урд хэсгийн арьсанд бүдэг улайлт, зүүн эгэм, мөрний дээд хэсэг, зүүн тохойн гадна -хэсэг, бүсэлхийн зүүн хажуу талд зулгарсан, баруун мөрний гадна дээд хэсэгт шалбарсан, цээжний урд талын зүүн дээд хэсэг, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт хөхөрсөн гэмтлүүд үүссэн байна. Б.Цын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-21-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Цыг цохиж, зодсон үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Б.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 04 дүгээр сарын сарын 03-ны шөнө би аавыгаа хараад Зүүнсайханы 7-1 тоотод байдаг байшинд нь байсан тэр байшинд манай төрсөн эгчийнх бас амьдардаг юм тэнд эгчийн хүү Б.М бас амьдардаг тэгээд орой 23 цагийн үед манай дүү Б.М 1 шил архи авч ирээд бид хоёр хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед хүргэн Б гээд айлд амрах гээд байж байхад Б.М 0,5 литрийн Соёрхол нэртээ архи аваад ороод ирсэн тэгээд бид хоёр тэр архийг хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ц.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай аав над руу утсаар яриад намайг ирээд аваадах Б.М согтуу агсан тавиад намайг зодоод байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/ зэргээр тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цтай маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсанаас болсон байна гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.М нь 31 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн тодорхойлолт /хх-48/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлсөн болох нь эвлэрлийн гэрээ /хх-51/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх тул шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Мд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Б.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарга морьт овгийн Б Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ