Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2016/00665

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хил хамгаалах Ерөнхий газар Хилийн 0000 дугаар анги /захирагч хурандаа Б.М/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 0 дугаар багт оршин суух, 00000000 регистрийн дугаартай, У овогт П Б, 000000000 регистрийн дугаартай У овогт П Г нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч П.Б, П.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Оралсын нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: П.Б, П.Г нараас хорогдсон эм хонь 41 толгой нэг бүрийн үнэ 90,000 төгрөгөөр 3,690,000 төгрөг, эм ямаа 17 толгой нэг бүрийн үнэ 60,000 төгрөгөөр 1,020,000 төгрөг, хурга 211 толгой нэг бүрийн үнэ 40,000 төгрөгөөр 8,440,000 төгрөг, ишиг 82 толгой нэг бүрийн үнэ 30,000 төгрөгөөр 2,460,000 төгрөг ямаа 17 толгойн ноолуур 6 кг үнэ 294000 төгрөгөөр тус тус үнэлж анги байгууллагад учруулсан хохирол нийт 15904000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Хил хамгаалах Ерөнхий газар Хилийн 0000 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ангид П.Б нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр тус ангид гэрээт хилчний алба хааж, мал маллан ажиллах санал гаргаж түүний ах П.Г батлан даахаар хүсэлт ирүүлсний дагуу, ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар П.Б, түүний ах П.Г нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу П.Бд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр комисс томилон мал хүлээлгэн өгч, 2015 оны 8 дугаар сарын 17-ноос, 2016 оны 6 дугаар сарын 10-ны хооронд, мал хариуцан маллах талаар гуравласан гэрээ байгуулж, Алтай сумын нотариатаар баталгаажуулсан. Ангийн захирагчийн тушаалаар томилогдсон тооллогын комисс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, жилийн эцсийн мал тооллогоор: хуц 3, эр хонь 10, эм хонь 300, хонь бүгд 313 толгой, ухна 2, эр ямаа 10, эм ямаа 100, эр борлон 2, ямаа бүгд 114, уналгын морь 1 нийт тоологдсон мал 428 толгой тоолсон ба 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуучин гэрээг үргэлжлүүлэн шинээр гэрээ байгуулан гэрээнд заасан үүрэг хариуцлага хүлээхээр болж гарын үсэг зурсан билээ. Гэрээнд зааснаар мал төллөлтийн үеэр 3 дугаар сарын 26-ны өдөр, малын их эмч дэслэгч Ж.Хийг морин уналгатай, 4 дүгээр сарын 10-ны өдөр, ахлах ахлагч Л.Б дахин хүч нэмэгдүүлэн, 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллуулж, мал тэжээх, төл бойжуулах, мал хариулахад туслуулан ажиллуулж үүргээ биелүүлсэн. Гэвч П.Б, П.Г нар гэрээнд заасан үүргээ үл биелүүлж хариуцлагагүй байдал гарган, малын хариулга маллагааны буруугаас суурийн мал тураалд орж хээлтэй хонь 47 толгой, хээлтэй ямаа 19 толгой хорогдож, төллөх малыг жилбэгүй төллүүлэн хурга 156 толгой, ишиг 14 толгой харангатан /өлбөрч/ хорогдож, хээлтэй малыг хээл хаяулан анги байгууллагад ихээхэн хохирол учруулан, төлөхөөс татгалзсан болно. Ангийн өмч хамгаалах салбар зөвлөлийн хурлаар хохирлын хэмжээг үнэлсэн шийдвэр зах зээлийн үнэлгээгээр: болно. Иймд шүүхээс хүсэх нь П.Б, П.Г нар гэрээг үл биелүүлэн, хариуцлагагүй байдал гарган, малын хариулга маллагааны буруугаас суурийн малыг тураалд оруулан төллөх малыг жилбэгүй төллүүлэн төлийг харангатаж /өлбөрүүлэн/ олон тооны мал, төлийг хорогдуулан хээл хаяулж, анги байгууллагад хохирол учруулсан малчин гэрээт цэргийн албан хаагч П.Б, батлан даагч П.Г нараас 15,904,000 төгрөг гаргуулан Хилийн 0000 дугаар ангийг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2016 оны 5 сарын 26-ны өдрийн хагас жилийн малын тооллого явуулах үед хариуцагч П.Б, П.Г нарын мал дээр очиж тооллого хийх үеэр 46 толгой хонь, 17 толгой ямаа дутуу байсныг илрүүлж тухайн үед малыг бүрэн бүтэн байлгах хугацаатай үүрэг өгсөн байсан. Хугацаатай үүргийн дагуу малыг бүрдүүлэхээр болсон боловч П.Б, П.Г нараас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мал хүлээж авахад мөн адил эдгээр тооны мал дутуу байсан. 2016 оны төл малын тоог нэмээд нийт 428 толгой мал дутуу байгааг тогтоож 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хорогдуулсан малын үнийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг гаргахын урьд өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас авсан үнэлгээгээр эдгээр малын үнэлгээг тооцож нийт 15904000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр малын үнэлгээ дутуу гаргаснаас болж нэхэмжлэгч буюу бид нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж малыг дахин үнэлээ хийлгэж 2016 оны 11 дүгээр сарны 11-ний өдрийн Алтай сумын төрийн сангийн мэргэжилтний гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8547000 төгрөг болгосон. Энэ нь эм хонь 11 толгой тус бүрийн үнэ 70000 төгрөгөөр тооцож нийт 770000 төгрөг, 3 настай 30 эм хонь тус бүрийн үнэ 60000 төгрөгөөр тооцож нийт 1800000 төгрөг, хурга 211 толгой тус бүрийн үнэ 20000 төгрөгөөр тооцогдож нийт 4220000 төгрөг, эм ямаа 7 толгой тус бүрийн үнийг 45000 төгрөгөөр тооцож нийт 315000 төгрөг, 3 настай эм ямаа 10 толгой тус бүрийн үнийг 35000 төгрөгөөр тооцож нийт 350000 төгрөг, ишиг 82 толгой тус бүрийн үнийг 10000 төгрөгөөр тооцож нийт 820000 төгрөг болж тус тус тооцогдож, мөн ямааны ноолуурыг тушаагаагүй тул ноолуурын 5,44 кг-ын үнийг 50000 төгрөгөөр тооцож 272000 төгрөгөөр тооцож нийт нэхэмжлэлийн шаардлагыг 8547000 төгрөг болж багасгаж байна гэв.

Хариуцагч П.Б, П.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Г, П.Б бид хоёр 0000 дугаар ангийн малыг 2015 оны 8-р сарын 22-нд авсан. Иймд оны эцсийн тооллогоор 313 хонь, 114 ямаа өвөлжихөөр авсан болно. Үүнд 11-р сар хүртэлх хугацаанд засгийн морь унав. 11-р сарын 20-ноос уналгын морио өгөөгүй учир бид өөрийн уналгын 3 морио 7-р сарын 26-ны хүртэлх хугацаанд унасан болно. Мөн хонь, ямаа бол цасгүй дулаан газар болох Алтанцөгцийн мал газар орчиндоо дасаагүй мал нэгээс хоёр жил болж газар орчиндоо дасдаг. Иймд манай газар цас болон хүйтэн ихтэй учир идээшээгүй. Мөн манай орон нутгийн мал их зудсан. Мөн 300 хоньд 3 хуц, 100 ямаанд 2 тек эдгээр хуц, тек нормдоо хүрээгүй. 300 хоньд 5-аас 6 хуц байх ёстой.Ийм учир 35 хонь, 23 ямаа төрөөгүй сувайрсан. Хилийн 0000-р ангийн арын дарга хонины ээлж хариулах 1 хүн өгөн гэж хэлээд өгөөгүй дулааны үед өдөр өнжихгүй нэг хүн малладаг байсан. Г өөрөө амны малаа маллаж байсан. Хэдийг хүйтэрч малаа нийлүүлж хариулсан морио өг гэсэн чинь өгөлгүй байсаар байж малаа авсан болно.3-р сарын нэгнээс эхлээд нэг хүн өг, мал туранхай байна.Хүний хүч хэрэгтэй байна. Мал төлөх 3-р сарын 15-нд төлөх цаг тухайн өг гэсэн чинь өгнө гэж хэлээд нэг ч хүн өгөөгүй 3-р сарын 26-нд нэг хүн болох дэслэгч Х гэх хүн өгсөн.Ингээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй мал төлсөн хэдий ч хүн хүч хүрэхгүй нэмж хүн өг гэсэнд цаг орой ч гэсэн 4 дүгээр сарын 10-нд ахлах ахлагч Б хүч нэмэгдүүлсэн. Энэ төлчид байх хугацаанд малын үхэл эхэлсэн цаг тухайн үед нь Х мэдээ өгч байсан. Мөн хонь, ямаа төллөхөд бид Өлгийгөөс малын сүү авч өгч байсан хэдий ч мал болоогүй. Хурга, ишиг цадахгүй харангалж үхсэн. Хээл хаясан ямаа 20 толгой, төрөөгүй сувайрсан ямаа 23, 35 хонь сувайрсан буюу төрөөгүй болно. үхсэн малыг зураг хөрөгтэй нь ангийн аппаратаар авсан. Хурга,ишигний арьсыг анги авсан болно гэжээ.

Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед нийтдээ 428 толгой мал хүлээж авсан. Хоригдсон хонь 47 толгой, хоригдсон эм ямаа 18 толгой, хоригдсон эр ямаа 1 толгой нийт хоригдсон малын тоо 66 толгой. Хүлээлгэж өгсөн хурганы арьс 146 ширхэг, ишигний арьс 14 ширхэг, хээл хаясан ямаа 20 толгой, сувайрсан ямаа 23 толгой, сувайрсан хонь 35, 4 хонь төрөөгүй гэв.

Хариуцагч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мал хүлээж авсан. Ангид санал хүсэлт тавиад мал авч маллая П.Быг гэрээт цэргээр ажилд оруулж өгөөрэй гэсэн. Малыг хүлээж авч малчнаар ажиллаж эхэлсэн. Ангийн зүгээс хангалттай тэжээл өгнө гэсэн. 2016 оны хавар 3 дугаар сарын 15-аас эхлэн төллөж эхэлсэн. 2 дугаар сарын 26-ны өдөр 0156 дугаар ангийн захирагчийн ажлын арын албаны ирсэн. Бид тэр хүн 3 дугаар сарын 14-ний өдөр мал төллөх болж байгаа 2-3 туслах хүнээр хангаж өгнө үү, ганц хоёр хүнд 300-400 мал төллүүлэх ажил маш хүндрэлтэй байна гэсэн. Тухайн үед туслах хүнээр хангахаар болж тохироод явсан. Харин 3 дугаар сарын 26-ны өдөр ганцхан хүнийг явуулсан байсан. Тэр үед малын төллөх нь төллөөд бүр 50%-ийг төллүүлж дуусгасан байсан. Зуд үнэхээр нүүрлэсэн хэцүү үе байсан. Тэр үед бид өглөө 6 цагт босоод хурга тавьж 12 цаг хүртэл хурга, ишиг хөхүүлээд, мал хотлуулахаар гараад 16 цаг гэж буцаж оруулж шөнө 00 цаг хүртэл мал дээр ажиллаж явдаг байсан. Бид гэрт өнжсөн өдөр шөнө 5-6 цагийн нойртой өдөр 3 цагийн амралттай, өнжөөгүй өдөр малд явдаг. Мал ердөө дөрөвхөн цаг бэлчээр дээр байдаг байсан. Хүний хүч туслалцаа муу байсан. Мал үхэж эхэлсэн, хурга ишиг цаадахгүй байна гэж бид удаа дараа ангид мэдэгдсэн. Тэр үед Хилийн албаны дарга Ж ирээд газар дээр нь үхэж байгаа малын зургийг аваад, хангаж үхэж байгаа хурганы зургийг аваад ангийн даргад уламжилж ярина гэж явсан. Дараа нь Бгэх нэг малчин нэмж явуулсан. Хүн хүчний хүрэлцээ муу байсан учраас мал төллөх үеэр цаг алдаж бэлчээрт гардаг болохоор мал турж зудад тэсэхгүй улам муудаж байхаар бид тэжээлийг дуустал өгсөн, хурга цаадахгүй байхаар малын сүүг хүртэл угжаар хүртэл өгч байсан ч ямар нэгэн нэмэр болоогүй. Бид нарын зүгээс мал хориглуулахгүй талаар бүх боломжтой арга хэмжээг авсан. Малын том толгой яагаад хорогдсон талаар нэг үндэслэл хэлье. Манай Алтай суманд цас их ордог шуургатай байгалийн эрс тэс уур амьсгалтай газар нутаг байгаа юм. Манай нутагт өөр дулаавтар газраас ирсэн мал өвлийн хүйтнийг тэсэхгүй. Эхний жилдээ төл нь хорогддог эсвэл өөрөө үхдэг. Дээрх 2 нөхцөл байдлаас болоод мал хорогдсон гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь хариуцагч П.Б, П.Г нараас хорогдсон эм хонь 41 толгой нэг бүрийн үнэ 90,000 төгрөгөөр 3,690,000 төгрөг, эм ямаа 17 толгой нэг бүрийн үнэ 60,000 төгрөгөөр 1,020,000 төгрөг, хурга 211 толгой нэг бүрийн үнэ 40,000 төгрөгөөр 8,440,000 төгрөг, ишиг 82 толгой нэг бүрийн үнэ 30,000 төгрөгөөр 2,460,000 төгрөг, ямаа 17 толгойн ноолуур 6 кг үнэ 294000 төгрөгөөр тус тус үнэлж анги байгууллагад учруулсан хохирол 15904000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж П.Б, П.Г нараас хорогдсон эм хонь 11 толгой буюу 770000 төгрөг, 3 настай эм хонь 30 толгой буюу 1800000 төгрөг, 211 толгой хурга буюу 4220000 төгрөг, эм ямаа 7 толгой буюу 315000 төгрөг, 3 настай эм ямаа 10 толгой буюу 350000 төгрөг, ишиг 82 толгой буюу 820000 төгрөг, ноолуур 5,44 килограмм буюу 272000 төгрөг бүгд 8547000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Хилийн 0000 дугаар ангийн захирагчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээт цэргийн албан хаагч авч ажиллуулах тухай Б/155 дугаар тушаалаар П.Быг хилийн 0147 дугаар салбарт гэрээт цэргийн албан хаагчаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж томилж, 2 дахь заалтаар түүнтэй гэрээ байгуулж, ажил үүргийн хуваарийг тодотгон, үүрэг даалгавар хүлээлгэж, үр дүнг тооцон ажиллахыг захирагч нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Г.Гантулга, ар тал хангалтын дарга хошууч Д.С нарт үүрэг болгож, 3 дахь заалтаар түүнийг ТТ-4-1 /430852/ төгрөгөөр цалинжуулахыг санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч ахлах дэслэгч Ц.Тд зөвшөөрсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь гэрээт цэргийн албан хаагч П.Бы ах болох П.Гоос 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн иргэн П Г би миний төрсөн дүү П Б өөрийн хүсэлтээр Хилийн 0000 дугаар ангид гэрээт малчнаар орж байгаа ба дээрх малаас хорогдол гарсан тохиолдолд /зүй бус/ өөрийн биеэр хариуцна. Би дүүгээ төлөөлж баталгаа гаргаж байгаа нь үнэн болно гэж баталгаа гаргаж авсан байна.

Уг баталгаа нь нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар ангийн гэрээт цэргийн албан хаагч П.Бы 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээтэй холбоотой байх ба нэхэмжлэгч байгууллага нь гэрээт цэргийн албан хаагч П.Бтай 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинээр гэрээ байгуулсан байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь П.Гоор баталгаа бичүүлж авахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар баталгааны хэмжээ, төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй тул баталгааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь гэрээт цэргийн албан хаагч П.Б нарын хооронд гэрээт малчны тухай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба гэрээт цэргийн албан хаагч энэхүү гэрээний дагуу ажиллах хугацаандаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд Хилийн 0000 дугаар анги болон гэрээт цэргийн албан хаагч П.Б нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөвхөн хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд үүсдэг харилцаа байх тул нэхэмжлэгч байгууллагын батлан даагч гэж П.Гоос нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар ангийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээт малчны хөдөлмөрийн гэрээнд батлан даагчийн хүлээх үүргийн талаар дурдаагүй ба уг гэрээнд П.Гоор гарын үсэг зуруулснаар П.Г нь хариуцлага хүлээхгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал мал зудад нэрвэгдэж хорогдсон ба Хилийн 0000 дугаар анги гэрээнд зааснаар мал төллөх үед хүний хүчээр хангаж өгөөгүй гэж маргадаг боловч зудаас болж мал хорогдсон талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талыг мал төллөх үед хүний хүчээр хангаагүй гэх боловч мал төллөж эхлээгүй байхдаа буюу 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус байгууллагын малын эмч дэслэгч Ж.Х, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ахлах ахлагч Л.Бнарыг гэрээт малчин П.Бы суурьт малыг төлүүлэхэд туслахаар өгсөн болох нь тэдний тодорхойлолт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Алтай сумын 2 дугаар багийн Засаг Даргын тодорхойлолтод ... багийн нийт малын 10%-ийн хорогдолтой 300 толгой мал зүй бусаар хорогдсон, гарсан төлийн хурга 8%, ишиг 15%-ийн хорогдолтой гарсан болохыг тодорхойлов гэсэн ба уг хорогдсон малаас ямар зүсмийн, хэдэн насны ямар им, тамгатай хонь, ямаа хэзээ хаана яаж хорогдсон тухай тодорхой бичээгүй тул хорогдсон гэх мал нь Хилийн 0000 дугаар ангийнх эсвэл П.Бы амины мал эсэхийг тогтоох боломжгүй учир нотлох баримтаар дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги болон хариуцагч П.Б нарын хооронд гэрээт малчны хөдөлмөрийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, мөн оны 8 дугаар сарын 21-ний өдөр мал хүлээлгэж өгөх тухай акт үйлдэж байсан байна.

Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээт малчны хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь хариуцагч П.Бтай шинээр дахиж байгуулж хоёр тал гарын үсэг зурж, П.Бд уналгын морь 1, хонь 313, ямаа 114 бүгд 428 толгой малыг 98%-р онд оруулна, бусад малыг нас хүйсээр, тамга тэмдэгтэй бүрэн байлгахаар болсон байна.

Ажил олгогч буюу нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь гэрээндээ заасан эрх үүргээ биелүүлж гэрээт цэргийн албан хаагч П.Бд цэргийн дүрэмт хувцсаар хангаж, цалин хөлсөө өгч, цалингаас нь ажиллах хугацаандаа 3.000.000 сая төгрөгийн хадгаламжтай болсон болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар анги нь гэрээт цэргийн албан хаагч П.Бд хуц 3, хонь эр 5, хонь эм 206, төлөг эр 5, төлөг эм 94 бүгд хонь 313, ухна 2, ямаа эм 72, борлон эр 10, борлон эм 28, ишиг эр 2, ямааг бүгд 114, уналгын морь1 бүгд 428 толгой мал хүлээлгэж өгсөн нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мал тооллогоор хийсэн акт, 2015 оны мал тооллогын бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Гэтэл гэрээт цэргийн албан хаагч П.Бы хариуцан маллаж байсан малд хагас жилийн тооллого хийхэд 47 толгой эм хонь, 19 эм ямаа хорогдуулсан мөн 300 эм хониноос 59 хурга, 100 эм ямаанаас 8 ишиг тус тус бойжуулсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хагас жилийн тооллого хийсэн акт, уг актад П.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Дээрх хорогдсон нийт 47 эм хониноос нэхэмжлэгч байгууллага гэрээний хэвийн нөхцөлийн 6 хонийг хасаж үлдсэн 41 толгой эм хониноос 3 настай эм хонь 30 буюу 1800000 /60000х30/ төгрөг, эм хонь 11 буюу 770000 (70000х11) төгрөг нийт 25740000 төгрөг, хоригдсон нийт 19 эм ямаанаас гэрээний хэвийн нөхцөлийн 2 ямааг хасаж үлдсэн 17 эм ямаанаас 7 толгой эм ямаа буюу 315000 (7х45000) төгрөг, 3 настай эм ямаа 10 буюу 350000 (10х35000) төгрөг бүгд 3235000 (2570000+665000) төгрөг байна.

Нэхэмжлэгч байгууллага хорогдсон 17 толгой ямааны тухайн жилд өгөх ёстой ноолуурын үнэ гэж 5,44 килограммын үнэ болох 272000 (5,44х50000) төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь, хариуцагч П.Бтай байгуулсан гэрээт малчны хөдөлмөрийн гэрээний 3 болон 4 дүгээр заалтад хорогдсон малын ашиг шимийг тухайн зах зээлийн үнээр төлөх тухай заалт байгаа боловч хариуцагч П.Баас хорогдсон 17 толгой эм ямааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул түүнээс хорогдсон ямааны ноолуурын үнийг давхар төлүүлэх нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хилийн 0000 дугаар ангийн гэрээт цэргийн албан хаагч П.Бтай байгуулсан гэрээний 3-ийн 2 дахь заалтад зааснаар 300 толгой эм хониноос 90% буюу 270 толгой хурга, эм ямаа 100 толгойгоос 90% буюу 90 толгой ишиг бойжуулахаар болж түүнээс доош хувиар мал хорогдуулах бол төл дутуу бойжуулах тохиолдолд малын тухайн төрлийн насны малаар буюу зах зээлийн үнээр төлөхөөр гэрээ байгуулсан байна.

Тухайн гэрээт цэргийн албан хаагчаас шалтгаалахгүйгээр мал төллөх хугацаандаа 35 толгой хонь, 23 толгой ямаа тус тус сувайрсан, 20 толгой ямаа хээл хаясан, 4 толгой хонь төрөөгүй болох нь шүүх хуралдааны үед нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч П.Б нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мал тооллогын актад 300 эм хониноос 59 хурга, 100 эм ямаанаас 8 ишиг тус тус бойжуулсан, 146 ширхэг хуурганы арьс, 14 ширхэг ишигний арьсыг тус тус хүлээлгэж өгсөн болох нь хоёр талын гарын үсэгтэй хагас жилийн мал тооллогын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн актаар тогтоогдоно.

Гэрээт цэргийн албан хаагч П.Б нь хүлээж авсан 300 эм хониноос гэрээнд зааснаар 270 толгой хурга бойжуулах ёстойгоос 59 толгой хурга бойжуулсан, 35 толгой эм хонь сувайрсан, 4 толгой эм хонь төрөөгүй бүгд 172 толгой (270-59-35-4=172) хурга буюу 3440000 (172х20000) төгрөг, 100 толгой эм ямаанаас гэрээнд зааснаар 90 толгой ишиг бойжуулах ёстойгоос 8 ишиг бойжуулсан, хээл хаясан ямаа 20 толгой, сувайрсан 23 толгой ямаа, бүгд 39 толгой (90-8-20-23=39) ишиг буюу 390000 (39Х10000) төгрөг, нийт хурга, ишиг 3830000 (3440000+390000) төгрөг байна.

Иймд гэрээт цэргийн албан хаагч П.Баас 7065000 (3235000+3830000) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар ангид олгож, илүү нэхэмжилсэн 1482000 төгрөгийг, мөн хариуцагч П.Год холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Баас улсын тэмдэгтийн хураамжид 7065000 төгрөгт ногдох 127990 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Баас хорогдсон малын үнэ болох 7065000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хилийн 0000 дугаар ангид олгож, түүний илүү нэхэмжилсэн 1482000 төгрөгийг мөн хариуцагч П.Год холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.Баас 127990 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ