Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 84

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч С.М,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн С.М-д холбогдох 2028000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, Ж овгийн С.М, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.М нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 4 дүгээр багийн нутаг Шивээ сүүж гэх газарт Р.Бтой маргалдан шургааг модоор мөрөн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Р.Б мөрдөн байцаалтын шатанд шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 18 цагийн орчимд С.Мн гэх айлд Б.Б хэдэн ямаа хашаатай байна ирж ав гэхээр нь би сумын төвөөс Бат-Эрдэнийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг унаад ямааг нь авахаар С.Мны гэрт очсон юм. Намайг очиход гэртээ байхгүй болохоор нь би эргээд хашаатай мал дээр нь очоод хүлээгээд зогсож байтал С.Мн эхнэртэйгээ сундлаад мотоцикльтой ирсэн. Тэр 2-ыг ирэхээр нь би мэндэлсэн чинь өөдөөс дуугарч ядаад байсан тэгэхээр нь би малаа авах санаатай ирснээ хэлсэн чинь эхнэрийгээ буу гэж загнаж буулгаад өөрөө яваад урт шургаа мод авч ирээд намайг зүүн мөрний хэсэгт цохисон. Тухайн үед нь би найз нөхөд учраас цохьчихно гэж бодоогүй байсан. Тэгээд намайг дахиж цохих гээд далайгаад дайраад хэл амаар доромжлоод байсан тухайн үед нь би яагаад ингэж байгаа учир байдлыг нь асуухад өөдөөс юм хэлэхгүй намайг доромжлоод шургаа барьчхаад дайраад байсан. Тэгж байгаад жаахан гайгүй болохоор нь машиндаа суух гэтэл чи суухгүй чамтай хийх тооцоо байна гээд намайг суулгахгүй байсан тэгэхээр нь би явган алхаад гэрийнх нь урд талын овоон дээр гартал мотоцикльтой араас хүрээд ирэхээр нь би дахиж намайг цохиж зодож магадгүй гэж бодоод утасаа гаргаж ирээд сүлжээгүй байхад худлаа хүнтэй ярьж байгаа дүр эсгэж намайг ирж ав гэж ярьчихаад тэгээд хажууд нь очоод чи ямар учраас намай^ ингэж байгаа юм бэ гэж асуухад “чи бид 2-ын хооронд бол ямар нэгэн өр авлагын асуудал бол байхгүй надад хүн хэлсэн чи манай эхнэртэй холбоотой гэсэн” гэж хэлж байсан тэгэхээр нь надад тийм асуудал байхгүй гэж хэлчихээд би чигээрээ алхаад сум руу явж байхад харанхуй болоод би утасныхаа гэрлээр замын машин дохиж байгаад зогсоогоод сум руу орж ирсэн гэжээ.../хх-16-17/,

Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ ирсэн чинь хашааны гадаа Баттогтох айлын машин уначихсан ирээд зогсож байсан. Тэгээд очоод мэндэлсэн чинь өөдөөс алт ухаад бурзайж байна уу мал маллахгүй алт их ухаж байна уу гэж хэлэхээр нь манай нөхөр С.М уурандаа очоод модоор зүүн мөрнийх нь хэсэгт 1 удаа цохисон...” гэжээ. /хх-20-21/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Р.Бын зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Р.Бын биед үүссэн гэмтэл нь түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Р.Бын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-24/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн засаг даргын тодорхойлолт /хх-35/,

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар /хх-37-38/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Мгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Мгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 4 дүгээр багийн нутаг Шивээ сүүж гэх газарт 18-19 цагийн орчимд Р.Бтой маргалдан шургааг модоор мөрөн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... С.Мн эхнэртэйгээ сундлаад мотоцикльтой ирсэн. Тэр 2-ыг ирэхээр нь би мэндэлсэн чинь өөдөөс дуугарч ядаад байсан тэгэхээр нь би малаа авах санаатай ирснээ хэлсэн чинь эхнэрийгээ буу гэж загнаж буулгаад өөрөө яваад урт шургаа мод авч ирээд намайг зүүн мөрний хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, Гэрч Н.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ ирсэн чинь хашааны гадаа Баттогтох айлын машин уначихсан ирээд зогсож байсан. Тэгээд очоод мэндэлсэн чинь өөдөөс алт ухаад бурзайж байна уу мал маллахгүй алт их ухаж байна уу гэж хэлэхээр нь манай нөхөр С.М уурандаа очоод модоор зүүн мөрнийх нь хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-20-21/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн “ Р.Бын зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Р.Бын биед үүссэн гэмтэл нь түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Р.Бын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-24/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Сугир овогтой С.М миний бие нь Баттогтохыг модоор цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Баттогтох хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-49/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Мөн Прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялтай танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь яллах дүгнэлт, хавсралттай танилцан шүүгдэгч С.М гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул  шүүгдэгч С.Мг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч С.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч С.М нь хохирогч Р.Бын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч С.М нь 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн засаг даргын тодорхойлолт /хх-35/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар /хх-37-38/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч С.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч С.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.М нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч С.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модыг буцаан авах талаар хэргийн оролцогчдоос тусгайлан санал гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв. 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 18-19 цагийн орчимд гэж тогтоосон ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөх гэж үзсэн болно.

Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой бичиж байх нь хуульд нийцэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жижээ овгийн С.Мг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.М 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

6. Шүүгдэгч С.Мгаас хохирогч Р.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ