| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00482/И |
| Дугаар | 130/ШШ2016/00666 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00666
| 2016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 130/ШШ2016/00666 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 0 дүгээр багт оршин суух, гар утас:0000000, РД:Б00000000, С овогт Х Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг, СС ХХК /захирал Б.М/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: СС ХХК-аас үйлдвэрийн осолд орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосны улмаас авах нөхөн төлбөр 8361727 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Х.Д нь СС ХХК-нд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гагнуурчны ажилд орсон юм. Түүнээс хойш үүрэгт ажлаа хийж байсан юм. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон юм. Энэхүү ослыг тэр даруй байгууллагын захиргаанд мэдэгдсэн юм. Ингээд бие маань маш их өвдөж нуруундаа гэмтэл авсан учраас шууд байгууллагын зардлаар Улаанбаатар хотод 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр онгоцоор очиж Гэмтэл согогийн эмнэлэгт 3 долоо хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Дараа нь 2016 оны эхээр хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан тул акт тогтоолгосон юм. Одоо ч биеийн байдал сайнгүй байна. Ажиллаж байсан байгууллагын захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 8361727 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч өгөхөөс татгалзсан байна. Ингээд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Нурлан нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №04-06-032\61 дугаартай улсын байцаагчийн актаар СС ХХК-иас 8361727 төгрөг гаргуулахаар болсон юм. Иймд СС ХХК-иас 8361727 төгрөг гаргуулан Х.Д надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: СС Монглолиа ХХК-ний салбар болох Цэнгэл сумын 5 дугаар багт байрлалтай Ховд гол салбар дахь уурхайд ажиллаж байх үед гагнуур хийж байхдаа ёонкс дэлбэрч үйлдвэрлэлийн осолд орсон. Осолд орсны дараа СС ХХК-ийн зүгээс намайг нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлж эмчлүүлсэн. Эмнэлгээс намайг хотод эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсний дагуу Улаанбаатар хотод хагалгаа хийлгэхээр явуулж эмчлүүлсэн. Осол миний буруугаас болж гараагүй. Ажил олгогч талын буруугаас болж үйлдвэрийн осол гаргасан. Тухайн үед би илүү цагаар ажиллаж байсан. Осол гарсан ёонкст гагнуур хийх шаардлагатай цоорхой байгаа гэж зааж өгсний дагуу би ёонкст гагнуур хийх гэж байх үеэр дэлбэрч осол гарсан тул үйлдвэрийн осол мөн гэдгийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч СС ХХК-ний Баян-Өлгий салбарын Ховдголын уурхайн дарга Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Ховландын Д СС ХХК-ийн захирал Б.М миний бие дээр Үйлдвэрлэлийн ослын улмаас 8,361,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие "СС" ХХК-ийн Ховдголын уурхайн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд тус компанийн захирлын албан тушаал эрхэлдэггүй тул байгууллагыг төлөөлөн шүүх хуралдаан орох, тайлбар мэдүүлэг өгөх эрхгүй юм. Мөн байгууллагын оноосон нэрийг 'СС ХХК хэмээн андуурч бичсэн байна. Иймд уг нэхэмжлэлийг буцаан байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий "СС" ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал М.М нэр дээр гаргаж манай байгууллагад ирүүлнэ үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай СС ХХК-ний салбар болох Ховд гол уурхай дээр гагнуурчнаар ажиллаж байсан Х.Д нь ёонкс дэлбэрсний улмаас үйлдвэрийн осолд орсон. Тэр үед уурхай дээр яаралтай Үйлдвэрийн осол тогтоох комисс хуралдаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлж, цаашлаад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлын төв дээр очоод хагалгаа хийлгэж манай компанийн зүгээс бүх арга хэмжээг авч шуурхай ажилласан байсан. Мөн Х.Д аймгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоох комиссын зөвлөгөөнд ороод хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-иар тогтоосон. Манай СС ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Монгол даатгалын салбартай даатгалын цогц гэрээ байгуулаад үйлдвэрийн ослын улмаас ажилтанд олгох нөхөн олговрын эрсдэлийг гэрээгээр даатгуулсан байдаг. Х.Д хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцоход нийт 30 сая төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар болсон. 2015 онд Хөдөлмөрийн чадвар алдалтын магадлах комиссоос Х.Д хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 70%-иар тогтоосон. Гэтэл СС ХХК болон Монгол даатгал хооронд хийсэн гэрээний 17 дугаар заалтын 17.4.2-т зааснаар нөхөн олговрыг даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын компани олгох тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэж олгоно гэсний дагуу Х.Д шүүхэд үйлдвэрийн осол мөн эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрийг үндэслээд Монгол даатгалын зүгээс нөхөн төлбөрийг олгохоор болж бичиг ирүүлсэн. Манай компанийн зүгээс үйлдвэрийн осол болсон талаар маргаангүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч анх тус шүүхэд СС ХХК-аас үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосны улмаас авах нөхөн төлбөр 8361727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар уг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ажил олгогчийн буруугаас үйлдвэрлэлийн осолд өртсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Дыг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр СС ХХК-ний захирлын 47/02 дугаар тушаалаар СС ХХК-ний гагнуурчнаар томилсон болох нь түүний 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон 0829826 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл гэх хэсгийн 26-27 дугаар хуудсанд бичигдсэн бичилт, түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Д нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж яваад 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч СС ХХК-ний ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нь улмаас үйлдвэрийн осолд өртсөн болох нь
-2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт: ...өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааврууд мөрдөгдөөгүй учир хийн даралтад шидэгдэж, өндрөөс унаж гэмтэл авсан байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцож осолдогчийн Улаанбаатар хотод эмчлүүлэх эмчилгээний зардлыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэж акт тогтоосон комиссын дарга Уурхайн дарга Б.М, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
- Мөн Х.Д нь уг ослоос болж хөдөлмөрийн чадвар 70 хувь, алдалтын хувь, хугацаа тогтоосон 0146729 дугаар акт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нөхөн төлбөр тавих тухай акт зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас дүгнэлт хийхэд ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, мөн зүйлийн 28.1.10-д хэт халуун буюу ... байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах гэж заасан ажил үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Х.Д нь үйлдвэрлэлийн осолд өртсөн байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Х.Д нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр СС ХХК-ний Ховдголын уурхайд ажил үүргээ гүйцэтгэж яваад ажил олгогчийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нь улмаас үйлдвэрийн осолд өртсөн нь үнэн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14 дэх хэсэгт тус тус зааснаар ажил олгогч СС ХХК нь ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй улмаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 00000000 регистрийн дугаартай, С овогт Х Д нь ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрийн осолд өртсөн нь үнэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ