Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 147/2018/00003/И |
Дугаар | 001/ХТ2018/01030 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01030
Ё.Ж, Ш.Д нарын
Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 147/ШШ2018/00023 дугаар шийдвэр
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар магадлалтай
Ё.Ж-, Ш.Д- нарын нэхэмжлэлтэй
Сүхбаатар аймгийн Д хоршоонд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ё.Ж-, Ш.Д- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ё.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д хоршоонд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орж, 2016 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад эмнэлэгт хэвтсэн. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 03-нд эмнэлгээс гараад ээлжийн амралттай байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гүйцэтгэх захирал Ш.Д өвчтэй байсан учраас Д.Баяржаргал гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр бүр над руу ирж гарын үсэг зуруулдаг байсан. Эмнэлгээс гарч ажлаа цэгцэлж байхад ажлаас халсан тушаал өгөөгүй. Г.Оюунбаатар, Д.Баяржаргал нар манайхаар байнга ирдэг байсан. Д хоршооноос нэхэмжлэл ирэхэд л ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Гэтэл өөрийнх нь хүсэлтээр ажлаас халсан гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс намайг өвчтэй байхад хууль бусаар, үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа. Тиймээс Д хоршооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна. Ажлаас халсан тушаал тодорхой бус байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, намайг ажлаас чөлөөлсөн. Ажил хүлээлцээгүй учраас тодорхой хэмжээний өр үүссэн. Гэтэл шүүхэд өр төлбөрийг алдангитай нь надаар төлүүлнэ гэж нэхэмжлэл гарсан. Д хоршооны захирал Ц.Болор нь миний нэр төрийг гутаасан учраас би сөрөг нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт ээлжийн амралттай байгаа, 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан. Тиймээс энэ хуулийг үйлчилнэ гэж үзэж байгаа. Би 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаад хоолой сөөж, 13А маягттай онош тодруулах шинжилгээнд Улаанбаатар хот руу явсан. Намайг өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн заалтыг зөрчсөн. Тиймээс би өөрийгөө ажлаас халагдаагүй гэж үзэж байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэгтэй. Гэтэл энэ тушаалыг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй. Би ажиллаж байхдаа тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэж байсан. Д хоршоо нь намайг үндэслэлгүй ажлаас халсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д хоршооны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Д-, Ё.Ж-, Г.Оюунбаатар нараас 10 350 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт Ш.Д-, Ё.Ж- нараас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ш.Д-, Ё.Ж- нар нь ажлаас чөлөөлөгдсөнөө 2017 оны 08 сард мэдсэн нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдана. Ш.Д-ыг чөлөөлсөн шийдвэр 2017 оны 07 сарын 18-нд, Ё.Ж-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр 2017 оны 08 сарын 01-ний өдөр тус тус гарсан боловч ирж аваагүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй одоог хүрсэн. Санхүүгийн тайланг хугацаанд нь тайлагнаагүйн торгууль гараад 2017 оны 07 сард дуудахад Ё.Ж- ирээд ажлаа хүлээлцэх боломж байсан. Гэтэл ирээгүй утсаар хэлэхдээ миний буруу, би хариуцлагыг хүлээнэ гээд 720 000 төгрөгийн торгуулийг өөрөө төлсөн байдаг. Ш.Д-, Ё.Ж- нарыг ирж уулзахыг, төлбөр тооцоогоо хийж дуусгахыг бид удаа дараа шаардсан боловч хэн хэн нь ирж өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажлын байраа орхиод явсан тул эргэн уг ажлын байранд ажиллахгүй гэж ойлгож байгаа. Бид ажлын зайлшгүй шаардлагаар нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг авч ажиллуулсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 147/ШШ2018/00023 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Д-ыг Д хоршооны гүйцэтгэх захирлын ажилд, Ё.Ж-ыг тус хоршооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Д хоршооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д, 2 783 644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Ж-д тус тус олгож,
Нэхэмжлэгч Ё.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 716 356 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д-, Ё.Ж- нарын нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Д хоршоонд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд тэдгээрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 143 489 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2.1,172.2.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч бид нар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар өвчтэй хэмээх 13А маягт, эмнэлэгт хэвтсэн хууль ёсны нотлох баримт мөн ажил олгогч ажлаас халах хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалдаа ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, эмнэлэгт хэвтэж байсан хүнийг өөрийнх нь хүсэлтээр халсан гэж худал ташаа заалт дурдсан, өнөөг хүртэл ажлаа албан ёсоор хүлээлцээгүй, ажлаас халсан тушаалыг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй, хариуцагч нь шүүхэд биднийг ажлаас халагдсанаа 2017 оны 08 сард мэдсэн гэх тайлбар гаргаж, биднийг удаа дараа ажлаа хүлээлгэж өг, тушаалаа ирж ав гэж олон удаа шаардсан гэж шүүх, хуулийг үл хүндэтгэн илт худал тайлбар хийж нотолж чадахгүй, халагдсан өдөрт нь тушаалыг өгөх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, ажлаас халагдсан өдөр гэж ажил хүлээлцсэн сүүлчийн өдрийг хэлэхээр хуульчлагдсан зэрэг нөхцөл байдлыг бодитой үнэлж хандаагүй. Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3, 43.1, 43.2, 43.3, 40.1, 129.2 дахь заалтуудыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал ажилтнаа ажлаас буруу халсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс нэг сар гэдгийг бид уг шийдвэрийг өнөөг хүртэл хүлээж аваагүй, ажил хүлээлцсэн эцсийн өдөр гэж үзэхээр хуульчилжээ гэж ойлгож байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Болор өөрөө орсон атлаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар гэгчийг оруулж анхан шатны шүүх хуралд оролцоогүй хүнийг оролцуулсан шийдвэрийг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Иймд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 05 тоот магадлал нь нотлох баримт ач холбогдол, үнэн зөв эргэлзээгүй байдлыг тал бүрээс нь зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь илт хууль бус шийдвэр гэж гомдол гаргав гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ё.Ж-, Ш.Д- нар нь Д хоршоонд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
1. Нэхэмжлэгч Ё.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Д хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан, 2016 оны 07 дугаар сараас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарахад өөр нягтлан бодогч авсан байсан. Ажлаас халсан гэсэн боловч тушаал шийдвэрээ танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, ажлаас хууль бусаар халсан...” гэж тайлбарлажээ.
Ажил олгогч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаагүйгээс торгууль гараад, 2016 оны 07 дугаар сард дуудахад ирээгүй, торгуулийн 720 000 төгрөгийг төлсөн байсан. Төлбөр тооцоогоо дуусгаж, ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.
2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хоршооны даргын №80 дугаартай тушаалаар Ё.Ж-ыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус тушаалд “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэж бичигдсэн, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг ажил олгогч нотлоогүй байна.
Хэдийгээр ажил олгогч ажилтныг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан тушаал гаргаж, тушаалыг ажилтанд гардуулж өгөөгүй, тушаал хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч Ё.Ж- нь энэ үеэс ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаас халагдсан гэдгийг мэдсээр байж нэг жил гурван сарын дараа гомдол гаргасан нь шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.
2. Нэхэмжлэгч Ш.Д- нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Дарьганга Өртөө хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд Хоршооны даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №75 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогч ажилтныг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар тушаалд заагаагүй, тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Д- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 07 дугаар сарны 01 хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирэхэд ажлаас халсан байсан боловч өнөөдрийг хүртэл ажлаас халсан шийдвэрээ гардуулж өгөөгүй, ажлаа хүлээлцэж, тооцоо нийлж акт үйлдээгүй байтлаа өр төлбөр нэхсэн...” гэж тайлбарлах боловч 2016 оны 07 дугаар сараас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаас халагдсан болохоо мэдсээр байж нэг жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй байсан гэх үндэслэлээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ алдааг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дахь заалтад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Болор өөрөө оролцсон байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар, Ц.Эрдэнэчулуун нарыг хамтад нь шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5. дахь заалтыг зөрчсөн байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй, нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Ж-, Ш.Д- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Ж-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 154 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД