Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 000007

 

 

 

  

 

 

 

 

 

 

                                            С.Б, Б.Э нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                      Хэргийн индекс 142/2017/0370/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                              Б.Бүжинлхам

               Шүүгдэгч                               С.Б, Б.Э

             Өмгөөлөгч                              Р.Бямбажав

               Нарийн бичгийн дарга     У.Сүхбаатар нарыг оролцуулан

     

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Э, С.Б нарт холбогдох, 1725002280138 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Б.Э,

 

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МСҮТ-д барилгын цахилгаанчин мэргэжлээр суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Ч овгийн С.Б.

                                    

Шүүгдэгч Б.Э нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,

 

Шүүгдэгч С.Б нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн нутаг дэвсгэрт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Х овгийн Б. Э-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч овгийн С.Б-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нарыг тус бүрийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 26.д зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нарт тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 /гурав/-аас дээшгүй цагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн тортой 0.335 грамм өвс мэт зүйл, 0.070 гарамм өвс мэт зүйлүүдийг уутны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын өсвөр насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцож, тусгай ангийн зүйл хэсэгт байхгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял оногдуулах зарчимтай зөрчилдсөн гэж үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ...1 дэх хэсэг “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинхлам дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ч овгийн С.Б-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нарыг тус бүрийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл:

 

-шүүгдэгч Б.Э нь 2017 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн ,

 

-Шүүгдэгч Ч овгийн С.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан  ургамалыг хадгалсан  болох нь:

 

Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө ангийн найз Б хичээлдээ ирэхдээ ууттай нунтагласан өвс цүнхэндээ хийсэн байсныг харсан. Би Б-аас наад өвсийг чинь хамт ороож татах уу гэж хэлээд 2 дугаар микрийн 34 дүгээр байрны харалдаа очоод уг өвснөөс ороож татаж байхад энгийн хувцастай нэг ах ирээд бид нарыг барьсан... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед 2-34 дүгээр байранд гэрийнхээ тагтан дээр тамхи татаад зогсож байсан чинь манай зэргэлдээ зүүн талын тагтны цаад талд хоёр хүүхэд юм ороогоод сороод байсан... Дуусаад дахин ороогоод байсан. Тэгэхээр нь би өвс татаж байж магадгүй гэж бодоод гэрээсээ гараад нөгөө хүүхдүүд дээр очсон чинь нэг нь ороож байсан зүйлээ шидсэн. Цүнхнээсээ өвс мэт зүйл гаргаж ирсэн. ..Цагдаад хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 08 дугаар сард Б бид хоёр чатаар холбогдоод би надад өвс байгаа гэхэд Б шивээсний машинаар солих уу гэж хэлсэн. Тэгээд би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу Дөмөг худалдааны төвийн урдаас машинд суугаад голын эргээс мансуурдаг бодисыг цэнхэр торны талаар түүгээд эргээд замын машинд суугаад Орхон аймагт ирсэн. Б уг өвсийг зарж болдог юм уу гэхээр нь би хатааж байгаад зарж болох байхаа нэг атгыг 15 000 төгрөгөөр зарчихвал гэж ярьж байсан...Тэр нунтаг өвсөө би татаж байсан... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Б-ын...

 

2017 оны 8 дугаар сарын дундуур найз Э-өөс нунтагласан ууттай татдаг өвс авсан. Э надад өөрөө түүсэн, зөндөө байгаа гэж хэлсэн. Өмнө нь нунтагласан өвсийг татаж болдог гэдгийг мэддэг байсан. Э-с авсан нунтаг өвсийг анх татаж үзэхэд толгой эргээд, инээд хүрээд байсан болохоор надад их таалагдаж байсан... Э-с авсан нунтагласан өвсийг 2017 оны 9 дүгээр сарын 6-нд цүнхэндээ хийгээд хичээл дээрээ авчирсан чинь манай ангийн Ү харчихаад татах уу гэхээр нь би тэгье гээд 2-34 дүгээр байрны харалдаа зогсож байгаад татаж байгаад... баригдсан... гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8625 дугаартай

 

...Шинжилгээнд ирүүлсэн ...ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн..., Энэ бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг..., гэсэн дүгнэлт болон эд мөрийн баримтаар өвс мэт зүйлийг хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт байхгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан ял оногдуулах эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байна.

 

Харин шүүгдэгч Б.Э, С.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг журамлаж ял оногдуулахгүй ба хэрэв 8.1 дүгээр зүйлийн 5.д заасан үндэслэлээр ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн тохиолдолд өсвөр насны хүн гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь тодорхой байх ёстой.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3,4 дүгээр заалтыг:

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар Б.Э, С.Б нарыг тус бүр 1 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Б.Э, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.т зааснаар Б.Э, С.Б нарт оногдуулсан хорих ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т зааснаар мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх зан үйлээ засахыг даалгасугай гэж, тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА