Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0017

 

Р.Я-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа хороолол 58 дугаар байр, 1 дүгээр орцны 5 давхрын 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я-ыг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдхүй хууль бус болохыг тогтоох, Р.Я-ыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 58 дугаар байр, 1 дүгээр орцны 5 давхрын 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 699 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0450/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 699 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.5-д заасныг тус тус баримтлан “Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа хороолол 58 дугаар байр, 1 дүгээр орцны 5 давхрын 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я-г бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р.Я-г тус 58 дугаар байрны 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Р.Я-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч Р.Я-ын өмгөөлөгч Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах эсвэл барьцааны бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ/01595 дугаар шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Р.Я-ыг өмчлөгчөөр бүртгэхэд тусгай тэмдэглэлтэй тул бүртгэх боломжгүй гэж үзэхэд хүрвэл нэхэмжлэгчийн одоо гаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлага бол эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулахыг хүсэж гаргасан шаардлага, Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргах бүрэн үндэслэл, эрх хэмжээтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхий улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн баталгаа болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй. Шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 8 дугаар зүйлийн 8.1.1 дахь хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байтал хэрэглээгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх зохицуулалт хүчин төгөлдөр бус болсон байдаг. Тодруулбал, Р.Я өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад барьцаалагч, эсхүл хэн нэгэн бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэсэн.

Р.Я-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ/01595 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг нэхэмжлэгч гаргаж өгч, нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон гэтэл анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоосон энэхүү нотлох баримтын талаар огт дүгнэлт өгөөгүй.

Улсын дээд шүүх гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон тохиолдолд зээлийг хэрхэн талаар тодорхой дүгнээгүй, зээлийн үүргийг хэн хариуцахыг тодорхой дүгнэх шаардлагатай гэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Тодруулбал, эдгээр шийдвэрүүдээр нэхэмжлэгч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд үр дагаврын талаар нэхэмжлэгчээс тодруулж дүгнэ гэснээс бус бүртгэх үндэслэлгүй гэх нэг ч үг өгүүлбэр, дүгнэлт өгөөгүй. Монгол Улсын шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдчихоод байж өмчлөх эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа энэ нөхцөл байдалд иргэн хэрхэх ёстой вэ? Захиргааны шүүх гэрчилгээ гаргахыг даалгах бүрэн эрхтэй атлаа анх шийдвэр гаргасан эрх бүхий этгээд нь зөвхөн шийдвэр гаргана гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо.  

3. “Шинэ дэлхий” ХХК болон “Капитал банк” ХХК-иуд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулж, “... Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай орон  сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга”-ыг бүхэлд нь барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

4. Нэхэмжлэгч Р.Я уг орон сууцны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот 49.15 м.кв 2 өрөө сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх гэрээг  2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК-тай байгуулсан, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01595 дугаар шийдвэрээр Р.Я-ыг дээрх 27 тоот 49.15 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгч болохыг тогтоосныг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандсан боловч бүртгэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон байхад өмчлөгчөөр бүртгэхгүй, Р.Я-ын өмчлөх эрхийг зөрчиж байна. Шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 8 дугаар зүйлийн 8.1.1 дахь хэсгийг хэрэглэж шийдвэрлэсэнгүй” гэжээ.

6. Хэрэгт авагдсан Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/22970, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/14523, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/13310, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 443 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчийн маргаж байгаа 58 дугаар орон сууцны байрны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

6.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь эрх бүхий этгээдээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар тусгай тэмдэглэл  хийгдсэнтэй холбоотой тухайн сууцны өмчлөгчийг өөрчилж, нэхэмжлэгч Р.Я-г бүртгэхээс татгалзсан нь  Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ... 20.1.10. “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ: 30.1.4. Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж тус тус заасанд нийцсэн байна.

7. Нэхэмжлэгч Р.Я нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж зааснаар  хуульд заасан журмын дагуу тухайн өмчлөх эрхийг бүртгүүлнэ.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь дээрх хуульд заасан журмыг зөрчиж тусгай тэмдэглэл хийгдсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчийг өөрчлөн бүртгэх эрхгүй тул нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

8. Харин нэхэмжлэгч нь дээрх улсын бүртгэлд бүртгэхэд саад болж байгаа захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийхэд хүргэсэн эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн талаар зохих журмаар холбогдох байгууллагад хандаж, тусгай тэмдэглэлээр тавигдсан хориг, хязгаарыг арилгуулсны дараа хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нь нээлттэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25–ний өдрийн 699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Я-ын өмгөөлөгч Б.Анандын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ