Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 25

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.З-гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын ....газар төрсөн Т овогтой П-г иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай,

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын .... гэх газар төрсөн З овогтой П-г Иргэний бүртгэл мэдээллийн сангийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гэрч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой З миний бие Л овогтой Т-тэй 2000 онд танилцаж, 2002 оны 08 сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын Их булаг гэх газар гэртээ хүү Т.П-г төрүүлсэн. Уг оныхоо 09 дүгээр сарын 09-ний өдөр тухайн үед сумын хүн ам зүйн байцаагчаар ажиллаж байсан Д овогтой А-гаар төрсний бүртгэлд бүртгүүлэн АМ.... дугаарын регистртэй, №36 дугаартай төрсний гэрчилгээг авсан. Л.Т бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд одоо би түүнийг хаана, хэрхэн амьдарч байгаа талаар мэдэхгүй, холбоо барилгүй 10 гаран жил болж байна.

 Миний бие 2014 оноос хойш Улсын бүртгэлийн хэлстээс хүү П-ийн төрсний бүртгэлтэй холбоотой лавлагаа авах гэтэл төрсний бүртгэлд ямар ч бүртгэл мэдээлэл байхгүй байна гэдэг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын Их булаг гэх газар төрсөн Т овогтой П-г Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын Их булаг гэх газар төрсөн З овогтой П-г Иргэний бүртгэл мэдээллийн сангийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах гэж өөрчилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэглдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.П, Б.З нарын сайн дурын хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Т.П нь А аймгийн Х сумын Ихбулаг гэх газар гэртээ төрсөн байдаг. Т.П нь тухайн үед гэртээ төрсөн учраас Х сумын эмнэлэгээс түүний төрөлттэй холбоотой бичиг баримт олдохгүй байгаа. Т.П-г төрсний дараа эх З-гийн эцэг Б нь сумынхаа хүн ам зүйн байцаагчид Т.П-г төрсний бүртгэлд бүртгүүлж А... дугаарын регистртэй, 36 дугаартай төрсний гэрчилгээг авч ирж байсан гэдэг. Түүний дараагаар 2004 онд Б.З нь Улаанбаатар хот руу шилжиж ажил хөдөлмөр эрхэлж, хүү Т.П-д тэтгэмжийн мөнгө авах гэтэл төрсний бүртгэлд бүртгүүлээгүй байна гээд тэтгэмжийн мөнгөө авч чадахгүйд хүрч, өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж 16 жил хохирч байна. Т.П-ийн төрсний гэрчилгээг тухайн үед А аймгийн Хотонт сумын хүн ам зүйн байцаагчаар ажиллаж байсан Д.А гэдэг хүн бичиж олгосон болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Тийм учраас шүүх үнэн зөв шийдвэр гаргаж, Т овогтой П-г 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын Их булаг гэх газар төрснийг иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.З нь 2017 оны 09 дүгээр 05-ны өдөр тус хэлтэст хандан хүү Т.П-г цахим санд бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг хянан үзэхэд түүний төрсний бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт тус хэлтсийн иргэний бүртгэлийн архиваас олдохгүй байна. Мөн Х сумын эмнэлгээс төрөлтийн түүх болон нярайн түүх гарахгүй байх тул иргэн Т.П-г төрснийг бүртгэх боломжгүй болно. Иймд тус хэлтэс нь Б.З-гийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжпэлийг хүлээн авч шаардлагыг хангах боломжгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.П-ийн материалд манай хяналтын улсын байцаагч хяналт тавьж байсан. Т.П-ийн эх Б.З нь манай байгууллагад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хандаж Т.П-г цахим санд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан боловч төрсний бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт бичиг иргэний бүртгэлийн архиваас олдохгүй байсан. Мөн Х сумын эмнэлэгийн төрөлтийн түүх болон нярайн түүх гарахгүй байсан тул Т.П-г төрснийг бүртгэх боломжгүй байсан. Хэрвээ шүүхээс Т.П-г 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын .. гэх төрсөн, А... дугаарын регистр олгогдсон болохыг тогтоовол манай байгууллага цахим бүртгэлд бүртгэж, холбогдох бичиг баримтыг олгох боломжтой гэв.

 

Гэрч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 оноос 2006 оныг дуустал А аймгийн Х сумын хүн ам зүйн байцаагчаар ажиллаж байсан. Т.П-д олгогдсон төрсний гэрчилгээний бичвэр нь миний бичвэр биш. Би Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлттэй танилцсан, ямар учраас миний бичиг мөн гэж тогтоосныг би ойлгохгүй байна. Би 2001 оноос 2004 оны хооронд Монгол Улсын Их Сургуульд хавар, намар сурахаар явдаг байсан юм. Намайг сургуульдаа сурахаар явсан хойгуур миний ажлыг өөр хүмүүс ээлжлээд орлоод хийдэг байсан. Тийм учраас тухайн төрсний гэрчилгээний бичвэр миний бичиг биш, миний ажлыг орлож хийж байсан тухай үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц гэдэг хүний бичиг байна. Иргэнд төрсний гэрчилгээг олгохдоо эмнэлэгийн бичиг, эцэг, эхийн иргэний пасспорт, төрсний гэрчилгээний үнэ 500 төгрөг, ХААТР маягтын үнэ 100 төгрөг бусад шаардлагатай нотлох баримтуудыг авч төрсний гэрчилгээ олгодог байсан. Би сургуульдаа явахдаа төрсний гэрчилгээ болон ХААТР маягтаа тоолоод хүлээлгэж өгдөг, миний ажлыг орлож ажиллаж байсан хүн төрсний гэрчилгээ ХААТР маягтаа тоолж хүлээж аваад төрсний гэрчилгээ олгосныгоо журналд бүртгээд ХААТР маягтаа бичиг хэрэгт хүргүүлээд бичиг хэрэг аймаг руу хүргүүлдэг байсан гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.З-гээс А аймгийн Улсын бүргтгэлийн хэлтэст холбогдуулан “2002 оны 08 сарын 09-ний өдөр А аймгийн Хт сумын Их булаг гэх газар төрсөн З овогтой П-г иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Маргааны үйл баримтаас дурдвал: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З-гээс “...миний хүү П 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын Ихбулаг гэх газар гэртээ төрсөн. Хүү П-г төрсний дараа миний эцэг Б тухайн үеийн Х сумын хүн ам зүйн байцаагчид хүү төрсөн болохыг мэдэгдэж төрсний бүртгэлд бүртгүүлж, АМ... дугаарын регистртэй, 36 дугаартай төрсний гэрчилгээг авч байсан. Гэтэл одоо төрсний бүртгэлд бүртгэлгүй байна гээд бичиг баримт олгохгүй байгаа учраас миний хүү хохирч байна. Иймд миний хүү Т.П-г иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж өгнө үү гэж,

Хариуцагч тус А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “...Т.П-н эх Б.З нь манай байгууллагад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хандаж Т.П-г цахим санд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан боловч төрсний бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт бичиг иргэний бүртгэлийн архиваас олдохгүй байсан. Мөн Хотонт сумын эмнэлэгийн төрөлтийн түүх болон нярайн түүх гарахгүй байсан тул Т.П-г төрснийг бүртгэх боломжгүй  гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Х сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролыг сургуульд үзлэг хийсэн бөгөөд иргэн Т.П-г 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн гэж 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэж АМ... регистртэй 36 дугаартай төрсний гэрчилгээний эх хувь болон тус аймгийн Х сумын Ерөнхий боловсролын  сургуульд 2009-2010 оны хичээлийн жилд суралцаж байсан болох нь гэрч Ч.Ч, Х.Б, Д.О, Б.Б нарын мэдүүлэг, 2009-2010 оны хичээлийн жилийн журнал, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, багийн Засаг дарга П.Б-н тодорхойлолт, суралцагчийн хувийн хэрэг зэргээр Т.П нь А аймгийн Х суманд 2002 онд төрсөн, тус сумын 10 жилийн сургуульд сурч байсан болох нь нотлогдож байна. /х.х-н 3-6, 12-19, 37-40, 48-55, 69-70, 75-77 /

Түүнчлэн Т.П-г 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн гэж 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэж АМ...2 регистртэй 36 дугаартай төрсний гэрчилгээний эх хувийг бичиж олгосон гэх тус сумын Хүн ам зүйн байцаагч /халамжийн ажилтан/ Д.А-гаас гэрчийн мэдүүлэг авсан боловч миний бичгийн хэв биш гэж маргасан тул шүүх маргаан бүхий АМ...регистртэй 36 дугаартай төрсний гэрчилгээнд бичигдсэн гар бичвэрүүд гэрч Д.А-гийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа эсэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Тус хүрээлэнгийн Криминалистийн шинжилгээний газрын шинжээч Х.Б-гийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3838 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсний дагуу уг түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл арилсан болно.  /х.х-н 82-112/

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд: Т.П нь 2002 онд А аймгийн Х суманд төрсөн бөгөөд 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр АМ.. тоот регистрийн дугаар авагдаж байсан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. /х.х-н 3/

 

Түүнчлэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.П-д олгосон /А..../ регистрийн дугаар нь давхардаагүй байна. 

 

Улмаар А аймгийн Х сумын сумын Хүн ам зүйн байцаагчаар ажиллаж байсан /халамжийн ажилтан/ Д.А нь 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр АМ...регистрийн дугаартай 36 дугаар төрсний гэрчилгээг олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар “ үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж... хуульд заасан журмын дагуу хөтлөх...” ; Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах...” үндсэн зарчмыг баримтлах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. 

 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ...Иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэний...эрх хохирсон бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй. 

 

Иймд А аймгийн Х сумын иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагаанаас болж иргэн Т.П-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “ Журам батлах тухай” А/193 дугаар тушаалын хавсралт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх 14.4-д “...Улсын бүртгэлийн төв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ...” , Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3  дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Т.П-г АМ....регистрийн дугаарын жинхэнэ эзэмшигч мөн тул уг регистрийн дугаараар иргэний төрсний бүртгэлд бүртгэж, баримт бичгийг дахин олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистийн шинжилгээний газрын шинжээч Х.Б-гийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Төрсний гэрчилгээ гэх баримтын нөхөх хэсгүүдэд бичигдсэн гар бичвэрүүд нь Д.А-гийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

 

Гэрч Д.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би 2001 оноос 2004 оны хооронд Монгол Улсын Их Сургуульд хавар / 4-6 сард/, намар  /11 сараас 01 сар хүртэл/ сурахаар явдаг байсан юм. Намайг сургуульдаа сурахаар явсан хойгуур миний ажлыг өөр хүмүүс ээлжлээд орлоод хийдэг байсан. Тийм учраас тухайн төрсний гэрчилгээний бичвэр миний бичиг биш” гэж тайлбарласан бөгөөд тухайн маргаан бүхий төрсний гэрчилгээг 2002 оны 9 дүгээр сарын 09-нд бүртгэсэн Д.А нь тухайн үед ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн нэхэмжлэлийн өөрчилсөн “2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Хотонт сумын Их булаг гэх газар төрсөн З овогтой П-г Иргэний бүртгэл мэдээллийн сангийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлагаасаа татгалзсан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

  1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  2002 онд А аймгийн Х сумын Их булаг гэх газар төрсөн Т овогтой П-г АМ02280912 регистрээр иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА