Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 99

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.М,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д.М-т холбогдох 2028001010103 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух, урьд  Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Нийслэлийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 451 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, Боржигон овгийн Д М, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багийн нутагт оршин суух П.Агийн гэрээс хөөрөг, мөнгөн бүс, хурган дээл, гар утас, хөлдүү мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед болсон зүйлд харамсаж байна. Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Би үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа хэрэгт холбогдохгүй ажлаа хийгээд явна гэв.

Хохирогч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’... Би Цогт-Овоо сумын Найз 3-р баг, сумаас баруун тийш 45 км-т Чулуун үүд гэх газарт мал маллаж амьдардаг. Ам бүл ганцаараа. 2020 оны 04-р сарын 04-ний өглөө би манай хойно байх саахалт айл Дгийнд очоод байж байтал тэднийд Х нэг машинтай ирсэн. Тэгээд Дгийнхаас Хтай хамт манай гэрт ирээд нэг шил архи уусан. Х машиндаа 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5-уул явж байсан. Тэгээд Х машины жолооч, нэг эмэгтэй бид 3 хамт үдээс хойш эргэж сум Ороод Н гэх дэлгүүрээс 0.75 граммын хараа нэртэй архинаас 2 шил архи авсан. Тэгээд эргээд гэрт очоод авсан архиа хувааж уугаад би тасарсан байсан. Тэгээд шөнө сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд ширээн дээр байсан 2 ширхэг хөөрөг, жи мобайлын симтэй 2 ширхэг гар утас, авдарнаас хурган дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд өглөө босоод хөлдөөгч үзэхэд хөлдөөгчид байсан үхэр хонины махнаас мөн алга болсон байсан. Тэгээд хойшоо айлд очиж сумын цагдаад мэдэгдсэн...Мөнгөн бүс, хурган дээл, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас алдагдсан. Гэхдээ би мөнгөн бүс, гар утас хоёроо буцааж олж авсан. Би гол нь нь мөнгөн бүсээ л олж авахыг хүсэж байсан юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.’’ гэжээ /хх-27-30/

Иргэний нэхэмжлэгч Н.У мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлэгтээ: ‘’... Би 2020 оны 04-р сарын 05-ны өглөө Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг самбарт гэх цайны газарт ажиллаж байсан. Тэгсэн үдээс өмнө манай хоолны газарт өндөр, нам 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ өндөр эрэгтэй нь замын зардалгүй болчихлоо гээд 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Нэг нь моби, юнителийн сим ордог, нөгөө нь жи мобайлын сим ордог утас байсан. Тэгээд би авахгүй гэсэн. Тэгсэн нөгөө өндөр эрэгтэй нь та энэ утсыг аваач гээд байсан. Тэгэхээр нь би мобигийн сим ордог утсыг нь аваагүй. Жи мобайлын гар утсыг нь 10.000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Ер нь бол би.тэр 2 хүнээс утсыг авах санаа байгаагүй. Энэ утсыг аваач гээд байхаар нь авсан. Манай энд зам зуурын зардалгүй, эсхүл согтуу хөлчүү хүмүүс их ирдэг болохоор явахгүй юм байх гэж бодсон....Надад гомдол санал байхгүй...’’ гэжээ. /хх-32/

Иргэний хариуцагч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ’’... Би 2020 оны 04-р сарын 05-ны өглөө 09 цагийн үед дэлгүүртээ байж байтал нэг бараан хувцастай эрэгтэй хүн орж ирсэн. Тэгсэн тэр хүн нэг даваа толгойтой цагаан-өнгийн шилэн хаш хөөрөг гаргаж ирээд үүнийг авчих гээд гуйгаад байсан. Тэгээд би 20,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр хүн явсан. Тэгээд би 2 хоногийн дараа тэр хөөргийн өөрт байсан сумны зэвний цуглуулгатай хамт явуулын хүнд 200.000 төгрөгөөр борлуулсан...’’ гэжээ. /хх-34/

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМ: 20/33 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Мөнгөн бүс үнэлэх боломжгүй, Хонины мах 35.000 төгрөг, Үхрийн мах 45000 төгрөг, Даваа толгойтой Цагаан хаш хөөрөг 600.000 төгрөг, Улаан толгойтой Хүрэн мана хөөрөг үнэлэх боломжгүй, Хурган дээл 1.000.000 төгрөг, Nokia маркийн гар утас 40.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөг гэжээ /хх-63/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМ: 20/39 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Мөнгөн бүс 1.500.000 төгрөг, Улаан толгойтой Хүрэн мана хөөрөг 150.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг гэжээ /хх-68/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/

Гэрэл зургийн үзүүлэлт /7-13/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19, 24/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар арын 28-ны өдрийн 26 дугаартай цагдан хорионы шүүгчийн захирамж /хх-82-83/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97-98/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-123-124/,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-125-126/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-127-131/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-132-147/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар арын 25-ны өдрийн 34 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-82-83/,

Шүүгдэгч Д.Мын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-162/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай тогтоол /хх-163/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-164-165/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Мын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Мын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг,

Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг  тус тус ойлгоно гэж тайлбарласан. 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багийн нутагт оршин суух П.Агийн гэрээс хөөрөг, мөнгөн бүс, хурган дээл, гар утас, хөлдүү мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’...Би Цогт-Овоо сумын Найз 3-р баг, сумаас баруун тийш 45 км-т Чулуун үүд гэх газарт мал маллаж амьдардаг. Ам бүл ганцаараа. 2020 оны 04-р сарын 04-ний өглөө би манай хойно байх саахалт айл Дгийнд очоод байж байтал тэднийд Х нэг машинтай ирсэн. Тэгээд Дгийнхаас Хтай хамт манай гэрт ирээд нэг шил архи уусан. Х машиндаа 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5-уул явж байсан. Тэгээд Х машины жолооч, нэг эмэгтэй бид 3 хамт үдээс хойш эргэж сум Ороод Н гэх дэлгүүрээс 0.75 граммын хараа нэртэй архинаас 2 шил архи авсан. Тэгээд эргээд гэрт очоод авсан архиа хувааж уугаад би тасарсан байсан. Тэгээд шөнө сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд ширээн дээр байсан 2 ширхэг хөөрөг, жи мобайлын симтэй 2 ширхэг гар утас, авдарнаас хурган дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд өглөө босоод хөлдөөгч үзэхэд хөлдөөгчид байсан үхэр хонины махнаас мөн алга болсон байсан. Тэгээд хойшоо айлд очиж сумын цагдаад мэдэгдсэн...’’ гэх мэдүүлэг /хх-27-28/, иргэний нэхэмжлэгч Н.У мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ‘’...Би 2020 оны 04-р сарын 05-ны өглөө Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг самбарт гэх цайны газарт ажиллаж байсан. Тэгсэн үдээс өмнө манай хоолны газарт өндөр, нам 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгснээ өндөр эрэгтэй нь замын зардалгүй болчихлоо гээд 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Нэг нь моби, юнителийн сим ордог, нөгөө нь жи мобайлын сим ордог утас байсан. Тэгээд би авахгүй гэсэн. Тэгсэн нөгөө өндөр эрэгтэй нь та энэ утсыг аваач гээд байсан. Тэгэхээр нь би мобигийн сим ордог утсыг нь аваагүй. Жимобайлын гар утсыг нь 10.000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Ер нь бол би тэр 2 хүнээс утсыг авах санаа байгаагүй. Энэ утсыг аваач гээд байхаар нь авсан. Манай энд зам зуурын зардалгүй, эсхүл согтуу хөлчүү хүмүүс их ирдэг болохоор явахгүй юм байх гэж бодсон....Надад гомдол санал байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-32/, Иргэний хариуцагч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ’’... Би 2020 оны 04-р сарын 05-ны өглөө 09 цагийн үед дэлгүүртээ байж байтал нэг бараан хувцастай эрэгтэй хүн орж ирсэн. Тэгсэн тэр хүн нэг даваа толгойтой цагаан-өнгийн шилэн хаш хөөрөг гаргаж ирээд үүнийг авчих гээд гуйгаад байсан. Тэгээд би 20,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр хүн явсан. Тэгээд би 2 хоногийн дараа тэр хөөргийн өөрт байсан сумны зэвний цуглуулгатай хамт явуулын хүнд 200.000 төгрөгөөр борлуулсан...’’ гэх мэдүүлэг /хх-34/ Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМ: 20/33 дугаартай үнэлгээний “Мөнгөн бүс үнэлэх боломжгүй, Хонины мах 35.000 төгрөг, Үхрийн мах 45000 төгрөг, Даваа толгойтой Цагаан хаш хөөрөг 600.000 төгрөг, Улаан толгойтой Хүрэн мана хөөрөг үнэлэх боломжгүй, Хурган дээл 1.000.000 төгрөг, Nokia маркийн гар утас 40.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөг гэх дүгнэлт /хх-63/,  Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ӨМ: 20/39 дугаартай үнэлгээний  “Мөнгөн бүс 1.500.000 төгрөг, Улаан толгойтой Хүрэн мана хөөрөг 150.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг гэх дүгнэлт /хх-68/, шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь хувийн байдлын хувьд 44 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97-98/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-123-124/, Нийслэлийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-125-126/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-127-131/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-132-147/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж цагдан хоригдож байна. өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-162/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Тухайн үед болсон зүйлд харамсаж байна. Би хэрэгт холбогдсоноо бүрэн хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Цаашдаа хэрэгт холбогдохгүй ажлаа хийгээд явна” гэх тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Д.М нь Прокуророос санал болгосон 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай танилцан гарын үсэг зурж, санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Ад 1.520.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 1.850.000 төгрөгийн хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А нэхэмжлэхээсээ татгалзсан, мөн иргэний нэхэмжлэгч Н.У 10.000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас нэхэмжлээгүй зэрэг болох нь хохирогч П.Агийн”... Мөнгөн бүс, хурган дээл, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас алдагдсан. Гэхдээ би мөнгөн бүс, гар утас хоёроо буцааж олж авсан. Би гол нь нь мөнгөн бүсээ л олж авахыг хүсэж байсан юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...’’ гэсэн мэдүүлэг /хх-27-30/, Иргэний нэхэмжлэгч Н.Угийн “...Жи мобайлын гар утсыг нь 10.000 төгрөгөөр авсан. Ер нь бол би тэр 2 хүнээс утсыг авах санаа байгаагүй. Энэ утсыг аваач гээд байхаар нь авсан....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...’’ гэсэн мэдүүлэг /хх-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол төлбөрөө нэхэмжлэхээс татгалзсан байх боловч шүүгдэгч Д.Мыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх нь хуульд нийцэхгүй байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч  Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Улсын яллагч шүүгдэгч Д.Мт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны, шударга ёсны зарчим, мөн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 36 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 288 цагийг эдлэх ялд оруулан, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж шүүгдэгч Д.Мын биечлэн эдлэх ялыг 312 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Мыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.М өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн  1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож нийт 288 /хоёр зуун наян найм/ цагийг  оногдуулсан  600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж шүүгдэгч Д.Мын биечлэн эдлэх ялыг 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Ад 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянга/  төгрөгийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн,  шүүгдэгч Д.Маас хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А нь 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/  төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.У 10.000 /арван мянга/ төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ