Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Г.Х,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Х-д холбогдох 2028001340106 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Халзан овгийн Г-ын Х, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт Т.Цтай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай найз П намайг хамт яваад салхинд гараад ирье гэхээр нь хамт явсан. Бидэнтэй хамт миний танилууд болох Б, Б, Х, М /нэрийг нь мэдэхгүй/ нар хамт өдрийн 15 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс баруун урагш Хүрмэн сум руу явдаг замаар явж байгаад Аяга арц гэдэг нэртэй газар руу явна гээд явсан. Явж байгаад замдаа хоорондоо ярилцаж байгаад тэр газарт очихоо болиод уулын аманд нэг мөстэй газар очоод гадаа сууцгааж байгаад архи хувааж ууцгаасан тэгээд 2 шил архи хувааж уусан дахин нэг шил архи гаргаж задалж ууж байгаад тэд нар аймаг руу явахгүй хононо гээд байхаар нь шөнийн 21 цагийн үед би явлаа гээд аймаг руу алхсан.  Нэг овоо даваад явж байтал араас Х ганцаараа ирсэн.  Намайг явъя бид нар аймаг руу явлаа гэсэн тэгэхээр нь би та нартай явахгүй гэж хэлсэн. Х намайг арагш нь дарж газар суулгасан. Миний өмдийг тайлах гээд байсан. Би зүгээр бай боль гээд цааш нь түлхсэн чинь Х миний нүүр рүү 2 удаа алгадсан. Би уйлаад хажуугаас нь холдоод суусан чинь араас ирээд намайг дахиж алгадаад, гараараа хоолой боогоод чамайг одоо ална гээд байсан тэгж байгаад өөрөө босоод явчихсан. Би тэнд уйлж сууж байгаад аймаг руу алхаж яваад нэг айл тааралдахаар нь тэр айлын хүнийг гуйгаад аймаг руу мотоциклиор хүргүүлж ирсэн гэжээ. /хх-09-10/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед би найзууд болох Батбаатар, М, Т.Ц, П нартай хамт аймгаас баруун ууланд байдаг “Аяга арц” нэртэй газар руу зугаалахаар явцгаасан замдаа 2 шил 0.750 литрийн архи хувааж ууцгаасан. Тэр архинаас бүгд л ууцгаасан. Замдаа Хаш-Эрдэнийд очиж хамт явахаар болоод би Хтэй хамт мотоцикльтой яваад нөгөө хэд машинтайгаа түрүүлээд явсан. Биднийг машин дээр очиход Т.Ц уурлаад ганцаараа явчихлаа гээд нөгөө хэд байж байсан. Харин Т.Ц хажуугийн овоо руу алхаж байсан.  Х дагуулж ирнэ гээд араас нь яваад аваад ирсэн. Бид нар цаашаа жаахан яваад мөстэй газар очоод сууцгааж байгаад 2 шил 0.750 литрийн архи хувааж уусан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд л архинаас уугаад байсан. Т.Ц их согтсон байсан. Бид нарыг хоорондоо юм яриад инээлдсэн чинь намайг та нар шоолоод байна гэж уурлаад согтуурхаж байгаад би аймаг руу явлаа гээд алхаад явчихсан. Х авч ирэх гээд араас нь очоод уулзаад байгаа харагдсан тухайн үед гадаа харанхуй болоогүй байсан болохоор тэр хоёр ил харагдаж байсан. Т.Ц Х алгадах шиг болсон. Х зөрүүлээд 2 удаа алгадаж байсан. Х удалгүй ганцаараа ирсэн тэгсэн. Т.Ц цаашаа алхаад явсан. Бид нар хүлээж байгаад ирэхгүй болохоор нь араас нь хайж байгаад олоогүй Хаш-Эрдэнийд очиж хоноод маргааш нь аймагт ирцгээсэн гэжээ. /хх-15-16/,

Гэрч Ч.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байтал Т.Ц над руу утсаар яриад уул руу ойрхон яваад ирье гээд гуйгаад байхаар нь би машинаараа авч явсан тухайн үед Т.Цын найзууд гэх хүмүүс хамт явсан би тэр хамт явсан хүмүүсийг танихгүй тухайн үедээ л танилцсан тэгээд аймгаас баруун урагш уул руу очоод нэг айлд очсон тэр айлаас Х гэдэг залуу нь цаашаа хамт яваад нэг мөстэй газар очсон тэнд байж байсан.  Т.Ц юунаас ч болсныг мэдэхгүй уурлаад ганцаараа явлаа гээд алхаад явчихсан. Би Х гэдгийг нь авчирсан дээр байх гээд Т.Цын араас явуулсан чинь ирэхгүй байна цаашаа явчихлаа гээд ирсэн. Х явъя гэсэн чинь ирэхгүй байсан тэгээд хэрэлдэж байгаад би 2 алгадчихлаа гэж ярьж байсан өөр юм яриагүй. Бид нар эргэж ирэх байх гэж бодсон чинь эргэж ирэхгүй болохоор нь бид нар ууланд үүр цайтал хайгаад олоогүй өглөө нь утас руу нь ярьсан чинь Т.Ц аймагт ирчихсэн байна гэж ярьсан гэжээ. /хх-17-18/

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай найзууд болох Б, Батбаатар, Т.Ц, П нар хамт ууланд байдаг Аяга арц гэдэг газарт очоод ирье гэхээр нь үдээс хойш /цагийг нь сайн санахгүй байна/ явцгаасан замдаа бид нар 2 шил архи хувааж уусан тухайн үед Б, Батбаатар, Т.Ц бид нар архи уусан П гэдэг эмэгтэй машин жолоодож явсан болохоор архи уухгүй байсан. Бид нар замдаа Хаш-Эрдэний гэрт очиж аваад хамтдаа цаашаа явсан тэгээд орой болчихоор нь мөстэй газарт очиж сууцгаагаад архи уусан тэгж байхад Т.Ц согтуурхаад намайг хар арьстай гээд байхаар нь би уурандаа зайл холд гээд хэлчихсэн чинь уурлаад би аймаг явна гээд алхаад явчихсан.  Х араас нь очоод буцаагаад аваад ирсэн тэгээд бид нар нэлээд байж байгаад зүгээр инээж хөхрөөд юм ярилцаад байж байсан чинь Т.Ц бас л гэнэт уурлаад аймаг явлаа гээд алхаад явчихсан. Х араас нь яваад удалгүй эргээд ирсэн. Х ирэхгүй гээд уурлаад намайг алгадаад байхаар нь би хоёр алгадчихлаа гээд ирсэн тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь бид нар бүгдээрээ үүр цайтал хайгаад олоогүй, маргааш өглөө нь аймагт ирсэн гэж ярьсан гэжээ. /хх-19-20/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтэд: Т.Цын биед хоёр нүдний ухархай хөхөрсөн, хоолойн баруун доод хэсэг, баруун мөр, 2 гарын бугалга, тохой, бүсэлхийн баруун ар хэсгийн олон зулгаралт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  Т.Цын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-22/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол /хх-32-46/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын “Г Х /КЖ96050716/ нь тус сумын Баруунсайханы 1 дүгээр багийн Баруунсайханы 9-29 тоотод ам бүл 2-уулаа оршин суудаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт /хх-56/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-58/,

Шүүгдэгч Г.Х прокурорт гаргасан “Яллагдагч Г.Х миний бие хохирогч Т.Цтай эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-66/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоол /хх-69/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-67-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Х гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Х нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт Т.Цтай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би зүгээр бай боль гээд цааш нь түлхсэн чинь Х миний нүүр рүү 2 удаа алгадсан тэгэхээр нь би уйлаад хажуугаас нь холдоод суусан чинь араас ирээд намайг дахиж алгадаад, гараараа хоолой боогоод чамайг одоо ална гээд байсан... гэх мэдүүлэг /хх-09-10/, гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр хоёр ил харагдаж байсан тэгж байхад Т.Ц Х алгадах шиг болсон. Х зөрүүлээд 2 удаа алгадаж байсан тэгээд Х удалгүй ганцаараа ирсэн... гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ч.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т.Цын араас явуулсан чинь ирэхгүй байна цаашаа явчихлаа гээд ирсэн. Х явъя гэсэн чинь ирэхгүй байсан тэгээд хэрэлдэж байгаад би 2 алгадчихлаа гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т.Ц бас л гэнэт уурлаад аймаг явлаа гээд алхаад явчихсан. Х араас нь яваад удалгүй эргээд ирсэн тэгэхдээ Х ирэхгүй гээд уурлаад намайг алгадаад байхаар нь би хоёр алгадчихлаа гээд ирсэн... гэх мэдүүлэг /хх-19-20/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай: Т.Цын биед хоёр нүдний ухархай хөхөрсөн, хоолойн баруун доод хэсэг, баруун мөр, 2 гарын бугалга, тохой, бүсэлхийн баруун ар хэсгийн олон зулгаралт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  Т.Цын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-22/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Х үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Г.Х миний бие хохирогч Т.Цтай эвлэрсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-66/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Х нь прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Х бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Г.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч Т.Цын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Х нь хувийн байдлын тухайд 24 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй, одоо Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Адгийн хажуу гэх газарт оршин суух,   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-46/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын “Г Х /КЖ96050716/ нь тус сумын Баруунсайханы 1 дүгээр багийн Баруунсайханы 9-29 тоотод ам бүл 2-лаа оршин суудаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт /хх-56/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-58/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г.Х үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Улсын яллагч шүүгдэгч Г.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан  прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Г.Х торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Х өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан овгийн Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Х 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц нь шүүгдэгч Г.Хэс  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ