| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0460/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 559
2020 07 09 2020/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч С.Жавхлан, Т.Галбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Б.Онолтуяа,
Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Сэрчинсүрэнгийн Ад холбогдох эрүүгийн 2011 00523 0381 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 44 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 6 дугаар хороолол, 66 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овгийн Сэрчинсүрэнгийн А, /______/,
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 04 дүгээр гудамжны 96 тоотод 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 10,142,585 төгрөг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17-23 тоотыг түрээслэн 2019 оны 9-11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “ Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 12,330,300 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, бусдад нийт 22,472,885 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Завшсан гэх мөнгөнөөс авч хэрэглээгүй. Би визний асуудлаар хүнд залилуулсан. Энэ талаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан тул таван толгойн түлшний мөнгө орсон байсан данснаас шүүхийн шийдвэрээр мөнгө татагдсан. Сайжруулсан түлш борлуулахад ашигласан оёдлын машин жин зэргийг би өөрийн орлогын мөнгөнөөс худалдан авч байсан...” гэв
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын 4-96 тоот хашааг Б.Гансүх гэх хүнтэй гэрээ байгуулж түрээслэн “Таван толгой түлш” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах тухайн хашааны замын эсрэг талд байрлах сайжруулсан шахмал түлшийг зарж борлуулах гэрээг хийж цэг ажилуулж байсан болохоор давхардуулж гэрээ байгуулахгүй гэхээр нь илүү их ашиг олох зорилгоор тухайн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Тахилтын 4-96 тоот хашаан дээр өөрийн хүү А.Ариун-Эрдэнээр “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулж түүнээс ажиллуулах үйл ажиллагааг би өөрөө хариуцан гардан хийдэг байсан юм. Тэгээд “Таван толгой түлш” ХХК-наас 2019 оны 09 дүгээр сараас эхлэн “Таван толгой түлш” ХХК-наас сайжруулсан шахмал түлшийг нийлүүлж эхэлсэн тэрнээс хойш тухайн байгууллагаас эхний удаад сар гарны дараа тооцоо нийлсэн тэрнээс хойш сар бүр тогтмол нийлж явдаг байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сард 2 удаа тооцоог нийлж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Тахилтын 4-96 тоотод байх БЦ/249 дугаартай борлуулах цэгийн “Таван толгой түлш” ХХК-нд төлөх ёстой орлогын мөнгө болох 5,167,500 төгрөгийн өр төлбөр гарсан юм. Иймээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн “Таван толгой түлш” ХХК-наас түлш нийлүүлэлтийг зогсоож тухайн 5,167,500 төгрөгөөс байгууллагад өөрийн боломж бололцоогоор төлж барагдуулсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд өр төлбөр 2,080,950 төгрөг төлөх үлдэгдэлтэй болсон. Тэгээд анх гэрээг байгуулахад “Таван толгой түлш” ХХК-ны байгууллагын дансанд “Чингис” банкаар дамжуулан 2,000,000 төгрөгийг барьцаа болгон байршуулсан байсан юм. Тийм болохоор байгууллагад хүсэлт гаргаж дахин ийм зөрчил гаргахгүй талаар хүсэлт гарган дахин түлшний нийлүүлэлтийг авч эхэлсэн юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сараас эхлэн дахин нийлүүлэлтийн хэвийн хэмжээнд нийлүүлж эхэлсэн үүнээс хойш үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулж байгаад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дахин тооцоо нийлэхэд нийт өр төлбөр 10,142,585 төгрөгийн тооцоо гарсан юм. Үүнээс болж “Таван толгой түлш” ХХК-наас түлш нийлүүлэлтийг бүрэн зогсоож надад байгууллагаас олгох цалин урамшуулал болон барьцааны мөнгийг тооцож тооцоог нийлж 10,142,585 төгрөгийн өр төлбөрөөс 3,838,809 төгрөгийн өр төлбөрийг суутгаж үлдэгдэл өр төлбөр нь 6,493,582 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би анх тухайн сайжруулсан шахмал түлшийг зарж борлуулах цэгийг ажиллуулж эхэлснээс хойш үйл ажиллагааг явуулж байхдаа орлогын мөнгийг нь тухай бүртээ тухайн хашааны түрээсийн төлбөр, болон цахилгаан бусад урсгал зардалд болон тухайн ажпыг эхлэхээс өмнө авсан байсан банкны хэрэглээний зээлийн эргэн төлөлт зэрэгт хувьдаа ашигласан байснаас болж тухайн өр төлбөр гаргасан юм... Би тухайн орлогын мөнгө болох 10,142,585 төгрөгийг тухай бүрт тушаах ёстой байсан орлогын мөнгөнөөс нь бага багаар байгууллагын орлогын мөнгөнөөс авч урсгал зардал болон хашааны түрээсийн мөнгө болон өөрийн хувийн банкны хэрэглээний зээлийн эргэн төлөлт, гэрийнхээ хоол хүнсний зардал зэрэгт зарцуулж дуусгасан байгаа....Би нягтлан бодогчийн бүртгэлээр тооцоогоо нийлэхэд 10,142,585 төгрөгийн төлбөр тооцоо гарсан юм. Тийм болохоор гарсан төлбөр тооцоог хүлээж байна...” гэх / хх-ийн 38-41х/,
Хохирогч Т.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүрэгт 5,141,024 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өр төлбөр үүссэн. Өр төлбөрөө шахаж дуусгаад барьцаа 2,000,000 төгрөгтөө ойртоод ирэхэд манай менежер нягтлан нартай холбогдон дахин түлш буулгахаар болсон. Дахин түлш буулгахаар болоод сарын хугацаа өнгөрсөн ч өр төлбөр нь дахин өссөн тул түлшийг хаасан. Хохирол барагдуулах хүсэлтэй байна...” гэв.
Хохирогч Т.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Агийн зүгээс манай байгууллагын нягтлантай нэгдсэн тооцоог хийж 10,142,585 төгрөгөөс өөрийн цалин, урамшуулал болон барьцааны мөнгийг бодуулж өөрийн хүсэлтийг гаргаж, өр төлбөрөөс нийт 3,838,809 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барагдуулсан байгаа. Одоо үлдэгдэл өр нь өөрт нь байгаа тооцооны баталгааны хуудсаар тооцогдсон 6,493,582 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ гэрээт борлуулагчийн хувьд бол А.Ариун-Эрдэнэ гэдэг хүн бол өөрөө уг сайжруулсан шахмал түлшийг худалдаалах цэгийг ажиллуулдаггүй, С.А гэх хүн манай байгууллагын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг салбарыг ажиллуулдаг хүн давхар ажиллуулдаг. А.Ариун-Эрдэнэ гэдэг хүн бол энэ хүний хүүхэд учир нэр дээр гэрээ байгуулж эрх олж авсан байсан. Уг цэгийн хувьд 2019 оны 8 дугаар сараас эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулаад 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тооцоог гаргахад нийт 5,171,000 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Тэгээд тэрнээс уг цэгт сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийг манай байгууллагаас зогсоосон юм. Үйл ажиллагааг зогсоосноос хойш борлуулагч С.Агийн зүгээс өр төлбөрөөс удаа дараагийн гүйлгээг хийснээс өр төлбөр нь 2,080,950 төгрөг үлдэхэд нь анх гэрээ байгуулж орохдоо манай байгуулагад барьцаа болгож 2,000,000 төгрөгийг байршуулж байж орж байсан болохоор уг барьцаа мөнгөндөө хүрч байгаа гэж бодоод, борлуулагчийн зүгээс”... дахиж ийм асуудал гаргахгүй...” гэж байсан болохоор 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нийлүүлэлтийг хийгээд явсан юм. Тэгээд тухайн үед би бол хяналтын нярав болохоор уг цэгт борлуулагч С.Атай байнга уулзаж тооцоог нийлж тооллого тооцоог хийж явахдаа надад өнөөдөр тушаасан мөнгөний баримт гэж харуулаад явдаг байсан болохоор болж байгаа юм гэж бодоод нийлүүлэлт хэвийн явагдаж байсан гэдэг нь болохоор татан авалтыг хийж байсан гэсэн үг юм. Тэгээд сар бүрийн эцэст тооллого хийгээд өр төлбөрыг гаргаж ирэхээр С.Агийн хувьд төлбөр нэмэгдээд байсан. Тэгээд өөрт нь хэлэхээр одоо хийнэ л гэдэг байсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эцсийн төлбөр тооцоог гаргаж нийт 10,142,585 төгрөгийн өр төлбөр гарсан учир уг цэгт нийлүүлэлтийг хийхээ больсон юм. Одоогоор борлуулагч С.Агийн шахмал түлш худалдаалах цэгт нийлүүлэлт хийхгүйгээр үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байгаа...” гэх /хх-ийн 20,21х/,
Гэрч Л.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн дунд 2018 оны Засгийн газрын А/62 дугаар тогтоолоор батлагдсан сайжруулсан шахмал түлшийг Нийслэл хотод “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулж, уг түлшийг борлуулах цэгүүдийн өдөр бүрт тасралтгүйгээр ямар нэгэн үнийн хөөрөгдөл хомсдолгүйгээр хэвийн зарагдаж, иргэдийн гар дээр очих үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага юм. Манай байгууллагын зүгээс нэр бүхий хүмүүсээс “Таван толгой түлш” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг зөрчиж тухайн байгууллагад орлогыг тушаагаагүйгээс болж тус цэг нь хаагдаж, тухайн цэгээс айл өрхүүдэд очих ёстой түлш иргэдэд хүрээгүйгээс шалтгаалж түлшний хомсдол бий болж, иргэдийн дунд түлш тасалдсан, хомсдсон гэдэг яриа гардаг учраас “Таван толгой түлш” ХХК-иас оруулсан шалгалтын дүнгээр аль аль цэг нь орлогын мөнгийг тушаагаагүйгээс болж цэг нь ажиллахаа больсон шалтгаан нөхцлийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм....уг өр төлбөртэй иргэд бол “Таван толгой түлш” ХХК-ний орлогын мөнгө учраас уг байгууллага нь холбогдох албан тушаалтанг оролцуулах байх гэж бодож байна...” гэх /хх-ийн 22х/,
Гэрч Т.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрээний 4.5 дахь заалтад зааснаар буюу өдөрт борлуулсан сайжруулсан шахмал түлшний тооцоог тогтоож өгсөн ажлын цагт багтаан тушаах бөгөөд хариуцсан няравтай / Галбадрах 88008143/ 7 хоногт 2 удаа тооцоо нийлж байх гэж заасны дагуу төлбөр тооцоог тушаана гэж заасан байгаа. Манай байгууллагаас түрээслэгч нарт түлшийг нийлүүлж төлбөр тооцоог 7 хоногт 2 удаа хийж, тооцооны нярав нь байгууллагын санхүүтэй нийлж байх юм гэсэн журамтай...” гэх /хх-ийн 24х/,
Гэрч А.Ариун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж С.А нь 2019 оны 8 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Таван толгой түлш” ХХК-ний шахмал түлш борлуулах цэгийг ажиллуулж байсан юм. Тэгээд тухайн байгуллагаас нэг хүн дээр давхардуулж, гэрээ хийхгүй гэсэн гээд ээж намайг өөрийнхөө нэр дээр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 96 тоот хашааг түрээслэн тэр хаяг дээр миний нэр дээр гэрээ байгуулан үйл ажилагааг нь ээж С.А нь өөрөө ажиллуулж үйл ажиллагааг нь хариуцдаг байсан юм. Тухайн БЦ-249 дугаартай гэрээ борлуулах цэг нь манай ээжийн өөрийнх нь нэр дээр гэрээтэй түлш борлуулах цэгийн замын эсрэг талд байдаг болохоор өөр хоёр цэгийнхээ хооронд ганцаараа ажилладаг юм. Би тухайн үед “Монголиан Вояж” нэртэй амралтын газарт тогоочоор ажиллаж байсан юм. Тийм болохоор би тухайн үед ажилд оролцоогүй. Гэрээ нь л миний нэр дээр байдаг байсан. Ээж С.А нь тооцоо нийлэх, бүтээгдэхүүн хүлээн авах ажлыг өөрөө хийдэг байсан.Тухайн тооцооны баталгааны хуудас дээрх гар бичмэл гарын үсэг нь манай ээж С.А нь тухайн байгууллагатай тооцоо нийлэхдээ миний нэрийг бичдэг байсан юм. Энэ талаар би өөрөө мэдэж байсан. Яагаад гэвэл миний нэр дээр гэрээ байгуулсан болохоор миний нэрийг ээж бичээд дардасаа дардаг гэж байсан...” гэх /хх-ийн 24х/,
Гэрч Б.Гүнрэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн БЦ/249 дугаартай хэрэглэгч, гэрээт борлуулагчийн хувьд гэрээг А.Ариун-Эрдэнэ хийсэн боловч бүхийл ажиллагааг түүний ээж болох С.А нь гардаж хариуцаж явуулдаг, тооцоо нийлэх, бараа материал зэргийг хүлээн авч зарж борлуулахыг нь С.А нь хариуцдаг юм. Дээрх баталгааны хуудаснууд дээрх гарын үсэг өөр өөр зурсныг би нэг их тоогоогүй юм. Манай байгуллагаас өгсөн албан ёсны дугаар бүхий дардсыг дарж баталгаажуулдаг болохоор гарын үсгийг өөр өөр зурахад ач холбогдол өгөөгүй. Сүүлийн тооцооны хуудас дээр гарын үсэг зураагүй нь “...тооцоо гаргаад С.А ирж нийлэхээс өмнө байгууллагыг төлөөлж хэрэг дээр хохирогчоор явж байгаа хяналтын нярав Т.Галбадрах нь шаардлагатай баримт бичиг...” гээд аваад явсан юм. Тэрнээс хойш С.А нь ирж тооцоо нийлж гарын үсэг зурсан байгаа...” гэх /хх-ийн 33х/,
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/278 дугаартай албан бичиг /хх-ийн 09х/,
Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ № БЦ/249 /хх-ийн 54/,
Түрээсийн гэрээ /хх-ийн 60/,
Э.Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, жагсаалтын хамт /хх-ийн 81-91х/,
Хохирогч С.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн цэгт барьцаа байршуулсан хөрөнгийг хасаад 8,544,590 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Жин, оёдлын машин, утас зэрэгт утсыг үйлдвэрээс өгч байсан. Жин оёдлын машин зэргийг өмнө нь түүхий нүүрс худалдан борлуулж байсан цэгүүдэд хэрэглэдэг байсан эд зүйл тул шинээр өгөөгүй. Манайхтай 9 дүгээр сараас 11 дүгээр сард ажиллахдаа энэ хохирлыг учруулсан. Үүнээс хойш дэлгүүрийн ажиллуулдаг байсан. Түүний орлогоос мөн бага багаар хохирол барагдуулж байсан ...” гэв.
Хохирогч С.Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай Таван толгой ХХК-ний борлуулагч Сэрчинсүрэн овогтой А гэдэг эмэгтэй 2019 оны 9 дүгээр сараас гэрээ хийж ажил эхэлсэн тэгээд 11 дүгээр сарын 17-оос хойш мөнгөө багаар тушааж явсаар байгаад мөнгө дутаасан. Тэгээд манай компаниас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс түлш буулгахыг зогсоосон түүнээс хойш одоо болтол манай компанид 9,727,874 төгрөгийн хохирол учруулаад байгаа юм...." гэх /хх-ийн 111х/,
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/278 дугаартай албан бичиг /хх-ийн 107х/,
Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ № БЦ/251 /хх-ийн 119-122х/,
Тооцооны баримтын жагсаалт /хх-ийн 123-144х/,
Хас банкны дансны хуулга /хх-ийн 183-196х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.А нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 04 дүгээр гудамжны 96 тоотод 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 10,142,585 төгрөг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17-23 тоотыг түрээслэн 2019 оны 9-11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “ Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 12,330,300 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, бусдад нийт 22,472,885 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл болон 1.7 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Шүүгдэгч нь хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм асуудалд орсон талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотловол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй. Гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэрэг үйлдхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдлыг тогтоолгүй мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг харж явуулсан. Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээг гэрээт ажилтан С.А байгуулсан. Гэрээний харилцаанаас үүссэн маргаан байвал хэрхэн шийдвэрлэх талаар гэрээнд дурдсан байсан. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг биш иргэний маргаан гэж үзэж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж хохирол учирсан. Гэм буруугүй гэж үзэж байгаа тул цагаатгаж өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.А нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 04 дүгээр гудамжны 96 тоотод 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 10,142,585 төгрөг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17-23 тоотыг түрээслэн 2019 оны 9-11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “ Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа тус газраас итгэмжлэн хариуцуулсан буюу нийлүүлсэн сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулсан орлогоос 12,330,300 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, бусдад нийт 22,472,885 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх, шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч С.Жавхлан “...Сүхбаатар дүүрэг дэхь “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулалтын цэгт С.Агийн барьцаа байршуулсан хөрөнгийг хасаад 8,544,590 төгрөгийн нэхэмжилж байна...” гэх
Хохирогч Т.Галбадрах “... Чингэлтэй дүүрэг дэхь “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт борлуулалтын цэгт 5,141,024 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хохирол барагдуулж авах хүсэлтэй байна ... гэх тул шүүгдэгч С.Агаас нийт 13,685,610 төгрөгийг гаргуулж хохирогч С.Жавхланд 8,544,590 төгрөг, хохирогч Т.Галбадрахад 5,141,020 төгрөгийг олгож, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овгийн Сэрчинсүрэнгийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад 640 /зургаан зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Агаас хохирогч Хохирогч Хан-Уул дүүргийн 11-р хороо, 4-4 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүнжээгийн Жавхлан /ШЖ81010879/-д 8,544,590 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-327 тоотод оршин суух Цагаан махранз овогт Тулгын Галбадрах /УЗ92031516/-д 5,141,020 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД