Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.А,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д.А-т холбогдох 2028000000116 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д.А, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Бг 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2 удаа алгадсан, мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад 7 дугаар баг Оюутын 7-13 тоотод нүүрэн тус газар нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гурвантэс суманд байхдаа нийлж архи уугаад маргалдсан. Гадуур явж, шөнө ирж агсам тавьсан гэдэг худлаа. Нийлээд архи уусан. Маргалдаад 2 удаа алгадсан. Шүдээ янзлуулах гээд аймагт ирэхэд корона гээд 7 хоног хөл хорио тогтоогоод буцаж чадаагүй. 05 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр хамт архи уугаад мөнгөний хэрүүл хийж муудсан. Би нэг удаа цохисон гэв.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би А гэх хүнтэй гэр бүл болж амьдраад 8 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. А хамт амьдрах хугацаандаа ер нь их ууртай, намайг хэл үгээр доромжилдог, урьд нь 2017 оны өвөл 12 сард байх /яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна/ Гурвантэс сумын төвд гэртээ байхдаа ойр зуурын юм ярьж байгаад намайг элдвээр хэлж доромжлоод чи муу Ханхонгор суманд байхдаа тэндхийн эрчүүдийг нь дуусгасан гэсэн муу банзал янхан гэж доромжлоод байхаар нь би өмнөөс нь хэрэлдсэн чинь уурлаад галын хажууд байсан гал хутгачихаад гаргаад тавьсан байсан халуун дэгээ төмрөөр миний зүүн гарын мөрний хажуу тал руу цохисноос болж миний мөрөн дээр түлэгдсэн байсан тухайн үедээ би сумын цагдаад хэлээд Атай хамтдаа очиж уулзаж эв зүйгээ олоод би гуйж байгаад шалгуулалгүй өнгөрөөж байсан. Түүнээс хойш А намайг зодох нь гайгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр архи уугаад байхаар нь би боль гэсэн чинь гэрээсээ зугтаж яваад архи уучихаад шөнө нь согтуу ирчихээд үглээд байхаар нь би архи уулаа чи архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн байж архи уулаа гэж хэлсэн чинь өмнөөс уурлаад чамд хамаагүй гээд миний хацар руу гараараа 2 удаа алгадсан. Би юм хэлээгүй унтацгаасан. Маргааш нь буюу 03 сарын 08-ны өглөө босоод шартаж үхлээ гээд гарч явж архи авчирч уучихаад аймаг руу явчихсан.  Тэр өдөр нь А манай хүүхдийн найз хүүхэнтэй нь утсаар ярьж намайг араар тавьж байсан нь баригдсан юм. Түүнээс хойш гайгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн төвд ирсэн байж байхдаа машинд байсан шившлэгтэй өргөлд хэрэглэдэг архи алга болчихоор нь би нөхрөөс асуусан чинь уурлаад уухад яадаг юм гээд миний хацар нүүр рүү цохиж зодсон тухайн үедээ миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Би цагдаад хэлж шалгуулаагүй өнгөрөөсөн. Түүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А бид хоёр найзууд болох Ц, Г, Б, А гэх хүмүүстэй нийлж ууланд явж баяр тэмдэглэж байгаад аймагт шөнө 01 цагийн үед ирсэн.  Дундсайханы 3-11 тоотод Цгийн гэрт очсон тэндээ бид нар мах идэж архи пиво ууцгаагаад жаахан сууцгаасан. Удалгүй явах болоод А бид хоёр тэр айлаас гараад гадаа хашаанд нь А намайг өмсөж байсан цамцаараа шавхарч цохичихоод машинаа унаад гараад явчихсан түүнээс хойш уулзаагүй байна гэжээ.../хх-09-10/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг манай нөхөр А миний биед учруулсан. 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой аймгийн төвд оюутын 7-13 тоотод А архи уусан байх үедээ намайг зодож миний нүүр рүү алгадаж хацар хөхрүүлсэн, нүд рүү гараа зангидаж байгаад цохьсоноос болж үүссэн гэмтлүүд байгаа юм. Тухайн үедээ би эмнэлэгт үзүүлээгүй...05 сарын 30-ны шөнө бол А миний нүүр рүү өмсөж байсан ноосон цамцаараа нэг удаа шавхарсан тухайн үед гэмтэл учирсан зүйл болоогүй харин тухайн үед би согтуу байсан болохоор өөрөө толгойгоороо хашаа мөргөснөөс болж толгойн зүүн дээд талд жаахан хавдсан байсан юм гэжээ. /хх-11-12/,

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Б ирж үзүүлэхэд зүүн нүдний дээд болон доод зовхи хацрыг хамарсан 6-7 см хөх шар өнгийн цус хуралттай, хавантай байсан энэ нь уг гэмтэл тухайн хүний биед учирснаас хойш удаан хугацаа өнгөрч эдгэрч буй шинж илэрхийлсэн юм гэжээ /хх-19/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай дүгнэлтэд: Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэгээс 7-10 орчим хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-16/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Өмнөговь аймаг Даланзадгад сум Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-32/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Д.А миний бие эхнэр Будсүрэнтэй гэр бүлийн маргаанаас болж гараар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Бтэй эвлэрсэн. Нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоол /хх-51/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-52-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Аын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Аын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Бг 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2 удаа алгадсан, мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад 7 дугаар баг Оюутын 7-13 тоотод нүүрэн тус газар нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр архи уугаад байхаар нь би боль гэсэн чинь гэрээсээ зугтаж яваад архи уучихаад шөнө нь согтуу ирчихээд үглээд байхаар нь би архи уулаа чи архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн байж архи уулаа гэж хэлсэн чинь өмнөөс уурлаад чамд хамаагүй гээд миний хацар руу гараараа 2 удаа алгадсан...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн төвд ирсэн байж байхдаа машинд байсан шившлэгтэй өргөлд хэрэглэдэг архи алга болчихоор нь би нөхрөөс асуусан чинь уурлаад уухад яадаг юм гээд миний хацар нүүр рүү цохиж зодсон... гэх мэдүүлэг /хх-09-10/, хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг манай нөхөр А миний биед учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой аймгийн төвд оюутын 7-13 тоотод А архи уусан байх үедээ намайг зодож миний нүүр рүү алгадаж хацар хөхрүүлсэн, нүд рүү гараа зангидаж байгаа цохьсоноос болж үүссэн гэмтлүүд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-11-12/, шинжээч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Б ирж үзүүлэхэд зүүн нүдний дээд болон доод зовхи хацрыг хамарсан 6-7 см хөх шар өнгийн цус хуралттай, хавантай байсан энэ нь уг гэмтэл тухайн хүний биед учирснаас хойш удаан хугацаа өнгөрч эдгэрч буй шинж илэрхийлсэн юм гэх мэдүүлэг /хх-19/,  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай: Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэгээс 7-10 орчим хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16/, шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Д.А нь Б.Бтэй  2012 оноос гэр бүл болсон болох нь хохирогч Б.Бгийн “Би А гэх хүнтэй гэр бүл болж амьдраад 8 жил болж байна.” гэх мэдүүлэг /хх-9-10/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Бтэй архины асуудлаас болж маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Д.А миний бие эхнэр Будсүрэнтэй гэр бүлийн маргаанаас болж гараар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Бтэй эвлэрсэн. Нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-50/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Д.А нь прокуророос санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Бгийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.А нь хувийн байдлын тухайд 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймаг Даланзадгад сум Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-32/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Улсын яллагч шүүгдэгч Д.Ат 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.А 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгч Д.Ааас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ