| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0495/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 548
2020 07 08 2020/ШЦТ/548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хишигбаярын Зд холбогдох эрүүгийн 1911 02857 0593 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 6-160 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хишигбаярын З /РД:_____/,
Шүүгдэгч Х.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.З нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” барьцаалан зээлдүүлэх газар зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 12-28-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан 3,718,200 төгрөгийг завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Х.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 сарын 27-ны өдрөөс “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн ажилтанаар ороод ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 10 сарын 12-ны өдөр манай захирал Жавхлантөгс гадаад улс руу буюу Япон улс руу явах гээд надад байгууллагыг хариуцуулан үлдээсэн. Надад анх үлдээсэн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний талаар би одоо сайн санахгүй байна, гэхдээ шүүх шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэнд тусгасан эд зүйлийг би хүлээн зөвшөөрч байна. Тэгээд би 2019 оны 10 сарын 12-27-ны хооронд ажиллах хугацаандаа байгууллагаас мөнгө дутаасан. Тэгээд би энэ талаар би өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд дараа нь захирал Жавхлантөгс өөрөө цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Би тухайн үед Нарантуул захаас хувь хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор л өдрийн хүүтэй байсан болохоор орлогын мөнгөнөөс авч өрөө барагдуулсан юм. Тэгээд уг мөнгө нь хуримтлагдсаар байгаад ийм хэмжээний хохирол учруулсан юмаа....” гэх / хх-ийн 181-182х/,
Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 14-15/,
Х.Згийн эзэмшлийн Хаан банкны 5622209829 тоот харилцах дансны лавлагаа /хх-ийн 102-113х/,
“Аккаунт Траст Аудит” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20/Ш/01 дугаартай “...Х.З нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,718,200 төгрөг дутагдуулсан болох нь тооцооллоос харагдаж байна...” гэсэн дүгнэлт /хх-129-130х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай дүгнэлтэд:
“...өрийн үлдэгдэл 3,718,200 төгрөг...” гэх /хх-159-164х/,
Хохирогч С.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Х.З өөрөө манайд ажиллах санал тавиад байсан учраас би зөвшөөрөөд бид хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулаад ломбарданд ажиллуулахаар болсон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ ирээд амарч байхад өглөөний 10 цаг 30 минутын орчимд над руу цагдаагаас ярьсан бөгөөд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна, танайд Х.З гэх залуу ажилладаг уу гэж асуусан. Би тухайн үед ажилладаг гэж хариулсан бөгөөд тухайн үед тэрхүү цагдаа нь надад энэ З гэх залуу танайд ажиллаж байх хугацаандаа мөнгө, төгрөг авсан гэдгээ хүлээгээд цагдаад ирж мэдэгдээд байна гэж хэлсэн. Би тухайн үед ярьсан зүйлийг ойлгоогүй бөгөөд ажил руугаа ирээд кассанд байгаа мөнгө болон тооцооны хар дэвтэртээ үзтэл мөнгөн дүнгээс 3,940,700 төгрөг дутсан байсан. Мөн түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Х.З нь мөнгөн дүнгээр 3,940,700 төгрөг кассаас дутаад байгаа ба З хэлэхдээ уг мөнгөөр ууж, идсэн хэмээн хэлээд байгаа...” гэх /хх-ийн 22-23х/,
Гэрч Б.Нямдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...З нь манай барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш манай байгууллагын тооцоо зөрөөд эхэлсэн ба барьцаанд байгаа эд зүйлийг падантай тулган үзтэл зөрүү гарч эхэлсэн ба 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш барьцаанд авсан эд зүйлийг нь үзтэл “Айпад” 400,000 төгрөгөөр барьцаанд авсан баримт үйлдсэн боловч тус “айпад” нь байхгүй, мөнгө нь хаашаа орсон нь тодорхойгүй, “Самсунг эс-9” плас маркийн гар утасны хуулбар утас 450,000 төгрөгөөр бодож өөрийн танилаасаа барьцаанд авсан байсан...” гэх /хх-ийн 31-32х/,
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 186х/,
Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 177х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.З нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.З нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдав.
Шүүх, шүүгдэгч Х.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэмт хэргээ өөрөө илчлэн ирсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Х.З нь гэмт хэргийн улмаас хохирогч Х.Жавхлантөгсөд 1,200,000 төгрөг төлсөн. 2,518,200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 560,000 төгрөг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлөөгүй байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүднээс шүүх хуралдааныг завсарлуулж 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч С.Жавхлантөгсийн ХААН банкны 5034384683 дугаар дансанд 2,518,200 төгрөг,
2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохоор БЗ,СБ,ЧД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 дугаар дансанд 560,000 төгрөг байршуулж, хохирол барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийн гэм бурууг сайн дураараа илчилсэн, мөн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хишигбаярын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Х.Згоос байршуулсан нийт 560.000 /таван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж, Шүүхийн Шинжилгээний үндэсний Хүрээлэнд олгосугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД