Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 564

 

 

                                                           

 

 

 

 

 

 

     2020         07           16                                  2020/ШЦТ/564

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жантекей тайлах овогт Байбатшагийн Бахитжанд холбогдох эрүүгийн 2003 00000 0196 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, Баян-Өлгий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар баг, Бугат гэх газарт оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 40 дүгээр байр 1-45 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жантекей тайлах овогт Байбатша Б, /РД: ____/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний замд “Хос шивээт” ХХК-ний эзэмшлийн “Хьюндэй Соната” маркийн 77-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9-д заасан гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно”, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Болдтөгс жолоочтой “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас нь мөргөж, зорчиж явсан зорчигч О.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бат-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,995,000 төгрөгийн шууд, 2,346,200 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 04-р сарын 30-ны шөнө 03-04 цагийн орчим би өөрийнхөө эзэмшлийн “Хьюндэй Соната 6” маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодоод, жолоочийн урд талын суудалд найз Диндар, хойд талын суудал эрэгтэй хүнийг  И мартын ойролцоогоос 10-р хороолол хүргэж өгөх гээд Цэцэг төвийн уулзварын Төв шуудан талаасаа 10-р хороолол руу явах гээд гэрлэн дохио шар гэрэл асаатай байхаар нь чигээрээ явж байтал гэнэт уулзварын хойд талаас цагаан өнгийн Аква маркийн автомашин урдуур орж ирээд мөргүүлсэн. Осол болсноос болж би, Диндар, таксидаж явсан эрэгтэй нар бэртэл, гэмтэл аваагүй.Харин цагаан өнгийн аква маркийн автомашинд сууж явсан 5 хүний Б.Бат-Эрдэнэ гэх залуу хүндэвтэр гэмтсэн. Болдтөгс, Мөнгөнсүх нар хөнгөн гэмтэл авсан ...” гэх /хх-ийн 104-106х/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 02-13х/,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би ажлынхаа жолооч Болдтөгсийн цагаан өнгийн “Аква” автомашины жолоочийн хажуу талын урд суудлын яг ард талд би сууж явсан. Би гар утсаараа юм үзээд явж байсан тул яг аль чиглэлээс автомашин хаашаа явсанг хараагүй гэнэт “машин мөргөлөө” гээд хамт явсан залуучууд орлилдоод унасан. Би тэгээд зүүн тал руу хартал машин ирж байгаа харагдсан тэгээд л тэр автомашин миний сууж явсан талаас ирээд мөргөсөн. Миний нүүр рүү цонхны шил үсрээд байсан. Тэгээд л би ухаан балартсан нэг мэдэхэд Мөнгөнсүх, Мөнхбат хоёрын нэг нь машинаас буучихсан толгойгоо барьчихсан тонгойгоод сууж байсан. Тэр хоёрын нэгэнд л “намайг татаарай, машинаас гаргаадах” гэсэн, Мөнгөнсүх, Мөнхбат хоёр хоёулаа машинаас намайг гаргаж зам дээр хэвтүүлсэн. Авто ослоос болж умдаг яс, аарцагны яс, нурууны яс доод хэсгээрээ хугарч дунд чөмөгний дээд яс гэмтсэн. Би гэмтлийн эмнэлэгт 1 хоночихоод 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтээд одоог хүртэл хэвтэж эмчлүүлж байна. Эмчийн ярьснаар 6 сар хэвтэрт байна гэсэн” гэх /хх-ийн 25-26х/,

Гэрч М.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэцэг төвийн уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл асчихсан байхаар нь гэрлэн дохион дээр зогсож байгаа харагдсан. Би гар утсаа оролдож явсан тул сайн анзаарч хараагүй, тэгсэн гэнэт тас хийх чимээ гарсан. Манай машины зүүн талаас Соната-6 маркийн автомашин замын гол хэсэгт мөргөсөн” гэх /хх-ийн 32-33х/,

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Болдтөгс “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Цэцэг төвийн гэрлэн дохио ногоон гэрэл асаад уулзвар нэвтрээд замын гол хэсэгт явж байтал Соната-6 маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашин Төв шуудан талаасаа ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлээр хурдтай улаан гэрлээр орж ирээд манай сууж явсан машины баруун талын хэсгийг ирээд мөргөсөн” гэх /хх-ийн 34х/,

Гэрч Ц.Болдтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 03 цаг 10 минутын орчим би “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Цэцэг төвийн гэрлэн дохио ногоон гэрэл асаад уулзвар нэвтрээд замын гол хэсэгт явж байтал “Соната-6” маркийн 77-95 УНП улсын дугаартай автомашин Төв шуудан талаасаа ертөнцийн зүгээр баруун тийш уулзвараар улаан гэрлээр орж ирээд миний машины зүүн талын багана 2 хаалга хэсгээр ирж мөргөсөн, би автомашиндаа надаас гадна 4 ажлынхаа хүнтэй явсан. Авто ослоос болж Бат-Эрдэнэ гэх ахын аарцаг яс хугарсан байгаа, Мөнгөнсүхийн цээжин хэсэг нь хөндүүр байгаа, Билгүүн, Мөнхбат нар яаж гэмтсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Би авто ослоос болж баруун гуя хэсэг нь хавдаад хүзүү хөшөөд байгаа. Зүүн талын хоёр хаалга, баганын хамт чихэгдсэн, урд карлан хэсэг нь хонхойсон. Гэрлэн дохио асахаар нь хөдлөөд явж байсан тул ойролцоогоор 20-25 км/цаг хурдтай явсан” гэх /хх-ийн 36-37х/,

Гэрч А.Диндар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уулзвар руу дөхөж ирэхэд ногоон гэрэл асаалттай байсан, тэгээд арагшаа эргэж тамхи өгөөд буцаж суугаад утсаараа оролдож байсан болохоор ямар гэрлээр уулзвар нэвтрэн орсныг мэдэхгүй байна” гэх /хх-ийн 39х/,

Иргэний нэхэмжлэгч Г.Баярсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үнэлгээнд заагдсан үнэлгээний хөлсөө авбал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 40х/,

Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим, ажилласан түүх, /хх-ийн 50-51х/,  

“Вендо” автомашин техникийн үнэлгээний тайланд: “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай автомашинд 1,995,000 төгрөгийн шууд, 2,346,200 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх /хх-ийн 87х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5229 дугаартай дүгнэлтэд:

“Б.Бат- Эрдэнэ-н биед баруун умдаг ясны доод салааны хугарал, зүүн умдаг ясны дээд. доод салааны хугарал, зүүн сүүжний тогооны урд багана, сүүжний тогооны урд ирмэг дайрсан хугарал, зүүн суудал яс хугарал, ууцны 1,2-р нугалмын хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 66х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5255 дугаартай дүгнэлтэд:

“О.Мөнгөнсүхийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 60х/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 270 дугаартай дүгнэлтэд:

“Соната-6 маркийн 77-95 УНП дугаартай автомашиныг жолоодож явсан Байбатша овогтой Бахитжан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно”, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. гэх /хх-ийн 71-72х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний замд “Хос шивээт” ХХК-ний эзэмшлийн “Хьюндэй Соната” маркийн 77-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9-д заасан гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно”, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Болдтөгс жолоочтой “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас нь мөргөж, зорчиж явсан зорчигч О.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бат-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота Аква” маркийн 82-07 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,995,000 төгрөгийн шууд, 2,346,200 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Баас эмчилгээний төлбөрт 2,000,000 төгрөг авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй гэх /хх-ийн 122х/ гэх, иргэний нэхэмжлэгч Г.Баярсамбууд хохирол төлсөн гэх улсын яллагчийн дүгнэлтийг тус тус хүлээн авч шүүгдэгч Б.Бахитжаныг хохирол төлбөр барагдуулсан гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Бат-Эрдэнэд хүндэвтэр гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жантекей тайлах овогт Байбатша Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бахы+тжаныг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргасугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД