Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2017/00007

 

 

 

 

 

 

 

 

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жаргалант Амуу Тариа” ХХК-д холбогдох

“Гэрээний үүргийн гүйцэтгэлд 101.490.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч “Жаргалант Амуу Тариа” ХХК-ийн захирал Г.Оюунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим” ХХК-ний захирал Гантөгс миний бие 2015 оны 06 сарын 09-ны өдөр “Жаргалант Амуу тариа”  ХХК-ийн захирал Г.Оюунбаяртай харилцан тохиролцож №6 тоот гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Тебу 60, Зингер, Овсюген экспрэс, Спрут экстра нэрийн ургамал хамгааллын бодисыг “Жаргалант Амуу тариа” ХХК-д нийлүүлж нийт 84.960.000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “Шим” ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж “Жаргалант Амуу Тариа” ХХК-аас урьдчилгаа төлбөрт нийт үнийн 20 хувь болох 17.300.000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 80 хувь буюу 67.660.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргээд байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон ч бодитой үр дүнд хүрээгүй учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйд нийцэхээр байна.

Иймд “Жаргалант Амуу Тариа” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 сарын 09-ны өдрийн №6 тоот Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 67.660.000 төгрөг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.Б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 322.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 33.830.000 төгрөг нийт 101.490.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр “Шим” ХХК нь “Жаргалант Амуу Тариа” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд ургамал хамгаалах бодис 4 нэр төрлийн бодисыг “Жаргалант аму тариа” ХХК-д худалдсан. Тухай гэрээгээр 84.960.000 төгрөгний бодис худалдсан. Гэрээг байгуулахдаа нийт төлбөрийн 20 хувь буюу 17.300.000 төгрөг төлж, үлдэгдэл 70 хувь буюу 67.660.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон. “Шим” ХХК гэрээнд заасан ургамал хамгаалах бодисыг “Жаргалант Амуу Тариа” ХХК-д нийлүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 01-нд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө төлөөч гэсэн шаардлага хүргүүлэхээр төлбөрийг чадваргүй гэсэн хариу өгдөг. Ингэж явсаар 2016 оны 9 сар хүрсэн. Гэрээний үлдэгдэл 67.660.000 төгрөг, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.1.б заалтан дээр хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 33.830.000 төгрөг болж нэхэмжилж байна. Яагаад 33.830.000 төгрөг болсон гэхээр 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс, 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл 320 гаруй хоног байгаа. Ингээд алданги тооцохоор 33.830.000 төгрөгөөс давсан. Иргэний хуульд заасны дагуу алдангиа үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алданги 33.830.000 төгрөгөөр тооцсон. Ингээд үндсэн төлбөр 67.660.000 төгрөг, алданги 33.830.000 төгрөг нийт 101.490.000 төгрөгийг “Жаргалант Амуу тариа” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Жаргалант Амуу тариа” ХХК, захирал Г.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2015 оны 06 сард “Шим” ХХК-тай нийт 84.960.000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын бодис авахаар гэрээ байгуулан 20 хувийн урьдчилгаа төлөн одоогийн байдлаар 67.660.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно.

2016 онд цаг агаарын давагдашгүй хүчин зүйл үүссэн /ган болсон/, Монгол улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдан, тариаланчид хүнд байдалд орсон билээ. Манай компани ч ургац алдан, бусдаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

Бид “Шим” ХХК-ний удирдлагад энэ байдлаа тайлбарлан, удаа дараа холбогдож байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2016 оны ургацын дараа өгөхөөр аман байдлаар тохиролцоод байсан. Энэ 2016 онд бид ургацаа бүрэн аваад гурилын үйлдвэрүүдэд тушаагаад байгаа бөгөөд гурилын үйлдвэрээс мөнгөө авмагц энэ үлдэгдэл төлбөр болох 67.660.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.

Манай компани 2015 онд их хэмжээний алдагдалд орсноос болж бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ба “Шим” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг төлөхөд бэлэн байна. Гагцхүү “Шим” ХХК-иас нэхэмжилж байгаа алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Шим” ХХК-ийн нэхэмжлэлийг ойлгож байна. Ургамал хамгаалах бодис авсан нь үнэн. Аливаа гэрээн дээр давагдашгүй хүчин зүйл гэж байх ёстой. 2015 оны 11 дүгээр сарын 01-нд үндсэн төлбөрөө төлөх ёстой байсан ч ургац алдаж төлбөрөө төлж чадаагүй. Хөдөө Аж ахуй яамнаас тариаланчдад урамшууллын мөнгө олгоно гэсэн боловч олгоогүй болохоор мөнгө төлж чадаагүй. Тэгээд “Шим” ХХК-тай утсаар болон очиж уулзаж 2016 оны ургац дээрээс төлбөрөө төлье гэж харилцан тохиролцож явж байсан. Бид бол алданги, торгууль авах зорилготой байгаа гэж ойлгож байна. Бизнес эрхлэгчийн эрх ашгийн хамгаалдаг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хүртэл бичиг гаргаж өгсөн. Бид хөдөө орон нутагт олон ажлын байр гаргаж өгсөн. 2015 онд нийт санхүүгийн баланс 2016 гаруй төгрөгний алдагдалтай ажилласан. 2016 оны ургацаас төлбөрөө төлж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ургамал хамгаалах бодис авсан төлбөрийг төлөх боломжтой, алданги төлөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар баримтлан хариуцагч “Жаргалант Амуу Тариа” ХХК-иас үндсэн төлбөр 67.660.000 төгрөг, алданги 33.830.000 төгрөг, нийт 101.490.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 665.400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 665.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийздвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 11-ны өдрийн 151/ШЗ2016/03160 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн биелэлт энэ хуулийн 120.2-т заасаг хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Жаргалант Амуу Тариа” ХХК-ийн захирал Г.Оюунбаяр давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Шим” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “Жаргалант Амуу Тариа” ХХК нь харилцан  тохиролцож Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Тебу 60, Зингер, Овсген экспрес, Спрут экстра зэрэг нэрийн ургамал хамгааллын бодисыг 84.960.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 20% болох 17.300.000 төгрөгийг төлж ургамал хамгааллын бодис авсан.

Гэтэл 2015 онд давагдашгүй хүчин зүйл болох гангын улмаас ургац алдаж, үлдэгдэл төлбөр болох 67.660.000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Бид нэхэмжлэгч талд удаа дараа утсаар болон биеэр очин үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан бөгөөд 2016 оны ургацаас төлөхөөр ам хэлцлээр тохирсон боловч 2016 оны ургацын төлбөр орж ирээгүй байхад нэхэмжлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тийм учраас гэрээ хэлцлийн дагуу үндсэн төлбөр болох 67.660.000 төгрөгийг зөвшөөрч, алданги болох 33.830.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2015 онд тус компани нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац хураан авч чадаагүй бөгөөд түүнийг нотолсон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байсаар байтал түүнийг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд 33.830.000 төгрөгийн алданги оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Шим ХХК нь зохигчдын хооронд 2015 оны 06 сарын 09-ны өдөр байгуулагдсан ургамал хамгааллын бодисыг худалдах, худалдан авах тухай гэрээ №6-г үндэслэн хариуцагч Жаргалант Амуу Тариа ХХК-иас гэрээний үндсэн үүрэг 67 660 000 төгрөг, алданги 33 830 000 төгрөг, нийт 101 490 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг 67 660 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 33 830 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд нийцээгүй байна. Талууд гэрээний зүйлийн үнийг төлөхдөө Шим ХХК-д 2 удаа хэсэгчлэн тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон явдал нь тэдний хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл биш бөгөөд худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх журмыг тохирсон агуулгатай байна.

Харин худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлснөөр хүү тооцсон, ийнхүү хүү тооцсоноор үнэ нэмэгдсэн нь зээлээр худалдах худалдан гэрээний үндсэн шинж юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний зүйлийн үнийг өөрчлөөгүй, хэвээр байгаа нь худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч талын зүгээс ирүүлсэн нотлох баримт болох худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай гэрчилгээг үнэлэхгүй орхих буюу гэрээнд энэ талаараа тусгах ёстой гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл талууд 2015 оны 6 сард буюу гэрээ байгуулах үед мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал болох ган болсон гэдгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнээс харагдаж байх бөгөөд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй бөгөөд энд заагдсан талуудад худалдагч Шим ХХК, худалдан авагч Жаргалант Амуу Тариа ХХК адилхан хамаарна.

Гэрээний үндсэн төлбөр 67 660 000 төгрөгийг төлөх асуудал дээр зохигчид маргаагүй, харин алдангийг төлөх эсэх асуудал дээр маргасан бөгөөд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Талуудын хооронд гэрээний үүргийн биелэлтийг хангах талаар 2016 оны 5 сард бичгээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ мэдэгдэлдээ гэрээний төлбөр 67 660 000 төгрөгийг 2016 оны 06 сарын 20-ны дотор төлөх, энэ хугацаанд дээрх төлбөрийг төлөхгүй бол алданги төлүүлэх тухай шаардаж, үүний дагуу төлбөрийн тооцооны баримтыг үйлдэж баталгаажуулж ирүүлсэн байна.

Энэхүү баримтуудаар Жаргалант Амуу Тариа ХХК нь 67 660 000 төгрөгийн өртэй гэдгийг баталгаажуулсан байхад, шүүхээс эдгээрийг хэрэгт хамааралтай байх талаас нь үнэлээгүй байна.

Бичгийн нотлох баримтаас үзэхэд үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байжээ гэж үзэх боломжтой бөгөөд энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоох зохицуулалтанд хамаарч байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь 2016 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 2016 оны 09 сарын 21-нд буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 90 хоногийн хугацаа байна.

Иймд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогджээ.

2016 оны 06 сарын 20-ноос 2016 оны 09 сарын 21 хүртэл 90 хоног хугацаа хэтрүүлсний алдангийггүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,5 хувиар тооцож үзэхэд анзын хэмжээ илт их байх тул хэргийн нөхцөл байдал болон үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн бодит шалтгаан нөхцөл зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг багасгах боломжтой гэж үзэн 10 000 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулахаар тогтов.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Жаргалант Амуу Тариа ХХК-аас 77 660 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шим ХХК-д олгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыгудирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-т зааснаар хариуцагч Жаргалант Амуу Тариа ХХК-иас үндсэн төлбөр 67 660 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 77 660 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шим ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 830 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хариуцагчаас 665 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг ...хариуцагчаас 546 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Жаргалант Амуу тариа ХХК-д олгохыг дурдсугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР

            ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

           Ш.ТӨМӨРБААТАР