Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0070

 

М.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамж, Увс аймгийг Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 124/2021/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.У-ээс Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Дотоод аудитын хороонд тус тус холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамж, Увс аймгийг Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн “Увс аймгийг Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-үүгийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.У-г Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 3 дахь заалтаар: Нэхэмжлэгч М.У-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэлт хийлгэсний дараа захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх ёстой байтал нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэлт хийлгээгүй нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэл гардуулан өгсөн.

3.2. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу санал, тайлбарыг нь бичгээр авч сонсох ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн гэж тайлбарласан байна. Хэлбэрийн төдий мэдэгдэл гэж Захиргааны ерөнхий хуульд байдаггүй. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Увс аймаг дахь Эрүү, иргэний анхан, давж заалдах шатны шүүхээс Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолыг үндэслэж Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Б.Г-д ял халдаасан байдаг.

3.3. М.У-ийн ажлын байрны тодорхойлолтын удирдлагаар ханган ажиллах гол зорилтод шууд хамааралтай ажил байдаг. Дээрх үйлдлүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогддог.

3.4. Үндсэн хууль, бусад холбогдох хуулийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөний нотолгоо бол улсын байцаагчийн акт, тэмдэглэл юм. Худалдан авах, орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн барилгын зураг төсөвт магадлал хийгдээгүй байхад Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.4-д заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулж, барилгын зөвшөөрөл олгуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд Худалдан авах, орон нутгийн өмчийн газрын даргын хяналт сулаас мэдсэн ч мэдээгүй юм шиг харалган байсны улмаас хууль бус худалдан авалт, сонгон шалгаруулалтын улмаас 3 хэрэгт 12 хүн холбогдож, 3 шатны шүүхээр ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол, магадлал нотлох баримтаар авагдсан байдаг. М.У Худалдан авах, орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байх үеийн холбогдолтой 25 гомдолд 31 хүнд холбогдох хэрэг одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1 Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.У-г “Дотоод аудитын хорооны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон” хэмээн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалаас халсан байна.

2.2. Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр “...Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан ... маргаан бүхий актад Биеийн тамир, спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалттай холбогдуулан сахилгын зөрчил гаргасан талаар дурдсан байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актад дурдаагүй үндэслэлүүдийн талаар тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.3. Хэдийгээр маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Увс аймгийн Дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр “...Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг баталсан захирамжид санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга нарыг бүрэлдэхүүнд заагаагүй, иргэдийн төлөөлөгч А.Ч-ыг томилсон шийдвэр байхгүй байхад дотоод аудитын хуралдаанд оролцож тогтоолд гарын үсэг зурсан нь хууль бус болсон байна” хэмээн хүчин төгөлдөр ирцтэй хуралдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байх боловч уг тогтоол хүчингүй болсноор маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдэхгүй тул анхан шатны шүүх актын үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болон төрийн албан хаагчийн хориглох үйл ажиллагааг нэхэмжлэгч М.У зөрчсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай.

2.4. Тодруулбал, хэрэгт авагдсан сонсох ажиллагааны мэдэгдэлд[1] нэхэмжлэгч М.У-г Барилгын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн хэмээгээд 5 алдаа зөрчил нь тогтоогдсон талаар дурдсан байхад энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй байна.

2.5. Нөгөөтэйгүүр хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан байх боловч энэ нь бий болсон бодит нөхцөл байдлыг үгүйсгэхгүй тул хэргийн үйл баримт, актын хууль зүйн үндэслэлийг харьцуулан үзэж, акт нь зорилгодоо болон бодит нөхцөл байдалд нийцсэн эсэхийг дүгнэж, шийдвэрлэсний үндсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах учиртай.

2.6. Гэтэл анхан шатны шүүх “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан” хэмээн дан ганц хариуцагчийн шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын зөрчилд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

2.7. Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаарх болон уг орон нутгийн өмчид хохирол учруулсан асуудалд нэхэмжлэгч М.У хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

2.8. Нэгэнт маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 87 дугаар талд,