Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 26

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.О-н нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 

АД,,, регистрийн дугаараар бүртгэж, иргэний үнэмлэх олгож өгөхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 1956 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн, би 1965-1975 онуудад Ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 1975-1977 онд Төв аймгийн Баянчандманы ТМС-ийн Трактор комбайнчийн ангид суралцаж төгссөн. 1978-1981 онд цэргийн алба хаасан. Миний регистрийн дугаар 1956.08.20 гэсэн он сараар бичигдэж АД56082017 гэсэн регистрийн дугаар олгогдсон, цахим үнэмлэхийн өмнө авсан /цэнхэр/ иргэний үнэмлэх ч мөн дээрхи он сар өдрөөр байгаа.

Гэтэл цахим үнэмлэх авах үед миний иргэний бүртгэлийн мэдээлэл болох ХААТР маягтуудад төрсөн он зөрүүтэй бичигдсэнээс регистрийн дугаар 2 олгогдсон харагдаж байгаа ба иргэний баримтын Архивын санд төрсний бүртгэл хадгалагдаагүй байгаа. Үүнээс шалтгаалан цахим үнэмлэх олгогдохгүй, ямар ч иргэний бүртгэлгүй болж хохироод байна.

Миний төрсөн дүү Д.С 1959 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн бөгөөд хэрэв би 1958 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн бол төрсөн дүү маань надаас 6 сарын дүү байдал харагдаж байгаа болно. ХААТР маягтуудыг буруу зөрүүтэй бичсэний улмаас 2 өөр оноор регистр олгогдсон асуудлыг шийдүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хүсэлт, өргөдөл гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Надад олгосон регистрийн дугаарыг 1956, 1958 гэсэн 2 оноор ХААТР маягтад бичсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иймд Д.О надад олгосон АД,,, регистрийн дугаараар бүртгэж, иргэний үнэмлэх олгож өгөхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Д.О-н хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Д.О нь өнөөдрийн байдлаар иргэний цахим үнэмлэхээ авч чадахгүй байдалд хүрээд байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн газрын ХААТР маягтад 2 өөр регистрийн дугаар бичигдсэнтэй холбоотой юм. Д.О нь 2004 онд АД,,, дугаартай регистрээр бүртгүүлж цэнхэр үнэмлэхээ авсан байдаг. Үүнээс өмнө нь улаан паспорттай байх үед мөн 1956 онд төрсөн гэсэн бүртгэлтэй байсан гэдэг. Гэхдээ одоогоор улаан пасспорт нь өөрт нь байхгүй байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст хадгадагдаж байгаа, 1988 онд регистрийн дугаар олгох үед бичигдсэн ХААТР маягтад Д.О-г 1958 онд төрсөн гэж бичигдсэн байгаа. Харин 2004 онд цэнхэр үнэмлэх олгох үед бичигдсэн ХААТР маягт нь 1956 онд төрсөн гэж 2 өөр зөрүүтэй бичигдсэнээс болж Д.О-н эрх, ашиг нь зөрчигдөөд байгаа. Монгол Улсын иргэн нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдээд нэг л регистрийн дугаартай байх ёстой. Гэтэл Д.О-н регистрийн дугаар 2 өөр байгаа учраас эрх, ашиг нь зөрчигдөөд байгаа. Энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагад хандахад Д.О-н төрсний бүртгэл цахим санд суугдаагүй байна гэдэг үндэслэлээр цахим үнэмлэх олгохгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.О-д 2 регистрийн дугаар давхардуулан олгосон асуудал нь Д.О-н буруутай үйлдэл биш, төрийн байгууллагын ажилтны буруутай үйлдэл юм. Тийм учраас Д.О гэдэг хүн нь 1956 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байгаа учраас АД,,, гэсэн регистрийн дугаараар бүртгэж, цахим үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв. 

 

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус хэлтэст хандан нас тогтоолгохоор өргөдөл гаргасан. Өргөдөлд тухай иргэн нь 1956 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өндөр-Улаан суманд төрсөн, гэтэл иргэний үнэмлэх нь 1958 оноор явж байгаа тухай дурдсан байсан. Иргэний бүртгэлийн архивт Д.О-г 1958 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн ХААТР-1 маягт, мөн АД,, регистрийн дугаараар 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн ХААТР-1 маягт, АД,, рөгистрийн дугаараар 2004 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн ХААТР-21 маягт байгаа бөгөөд төрсний бүртгэл архиваас олдохгүй байна.

 Д.О нь Улсын бүртгэлийн цахим санд АД,, регистрийн дугаараар бүртгэлтэй байна. Архивт байгаа ХААТР маягтуудаас үзэхэд Д.О нь 1956 онд төгсөн нь тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.О-н нэхэмжлэлтэй танилцаад Улсын бүртгэлийн архиваас Д.О-г 1956 онд төрсөн гэдгийг нотлох хангалттай нотлох баримт олдохгүй, ганцхан ХААТР-21 маягт байсан. Мөн Өндөр-Улаан сумын төрөлтийн журнал 1956 оноос хойших байхгүй, төв архиваас Д.О-г 1956 онд төрсөн талаарх лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан боловч мөн л баримт гараагүй. Тийм учраас Д.О гэдэг хүн 1956 онд төрсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.О-с А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “А,,, регистрийн дугаараар бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Маргааны үйл баримтаас дурдвал: Иргэн Д.О-с А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан АД56082018 регистрийн дугаараар бүртгэж, иргэний үнэмлэх авахаар хүсэлт гаргажээ.

А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай албан бичигт: Иргэн Д.О танаа “...Таны тус хэлтэст хандан гаргасан өргөдлийг хянан үзэхэд иргэний бүртгэлийн архивт хуучин үнэмлэх, регистрийн дугаар олгогдсон ХААТР маягтууд байгаа боловч төрсөн он зөрүүтэй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэснээр уг маргаан үүсжээ. /1х.х-н 5/

Шүүх нэхэмжлэгч Д.Он нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  2004 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21/Б/ дүгээр маягтад АД,,, регистрийн дугаартай Д.О АХ серитэй 449074 дугаартай иргэний үнэмлэх, 1982 оны гэрлэлтийг 09 дүгээр гэрчилгээг үндэслэн цэнхэр иргэний үнэмлэхийг олгожээ.

2004 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олгосон АР2457535 дугаартай Монгол улсын иргэний үнэмлэх /цэнхэр/-д Т овогтой Д-гийн О-г А аймгийн Өндөр-Улаан суманд 1956 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар АД,,, гэх, /хх-6х/,

Түүнчлэн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31/Б/ маягтад АД,, регистрийн дугаартай Д-гийн О-н зүүн, баруун гарын хурууны хээ авчээ. /х.х-н 41-42/

Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03-2/2904 дугаартай лавлагаанд “...Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 18 дугаар хуудсанд: А аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн оршин суугч: Өрхийн тэргүүн Д-гийн О, эрэгтэй, 1956 оны 8 сар төрсөн....” гэх /хх-60х/,

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.О-н төрсөн ах Д.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Бид эхээсээ арван нэгүүлээ. Хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй төрсөн. Би 1952 онд төрсөн, миний дүү Б.О 1956 оны 8 дугаар сард төрсөн. Бид хоёрын хооронд дүү Б.Ж гэдэг хүн 1954 онд төрсөн. Миний дүү Д.О 1979 онд цэрэгт яваад 1982 онд халагдаж ирсэн. Тухайн үед 22-23 настай байхдаа явж байсан байх. Яг сайн санахгүй байна. Би ч гэсэн 20 нас гарч цэрэгт явж байсан. Тракторын жолооч нарыг тухайн үед цэрэгт явуулдаггүй байсан. Тийм учраас Д.О хожуу цэрэгт явсан” гэжээ. /х.х-136х/,

Гэрч Н.Ж-н мэдүүлэгт “ Би 1972 онд Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад Д.О манай ажилд орсон. 1979 онд цэрэгт бид хоёр цуг яваад 1982 онд цэргээс халагдсан” гэж, /х.х-н 111-112/

Цэргийн алба хаасан эсэхийг тодруулахад Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 8 дугаарс арын 10-ны өдрийн 05/5511 албан бичигт: “Д-гийн О Архангай аймгаас НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0166 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 20-нд халагджээ” гэж, /х.х-н 128-129/

Түүнчлэн А аймгийн Өндөр-Улаан сумын 8 жилийн  дунд сургуулийн 6а  ангид суралцаж байсан дүнгийн жагсаалтын  21-т Д.О /3/2/2/ муу гэсэн дүнгийн хүснэгт, Өөдлөн дэвжихийн ерөөлтэй Өндөр-Улаан сургуулийн 80 жилийн номын 8-р ангийн төгсөгчид хэсэгт 1975 оны 8а  ангийн 1 дүгээр эгнээний 11-т Д.О-н нэр бичигдсэн байна.  /х.х-н 103/

Дээрхи Өндөр-Улаан сумын 8 жилийн  дунд сургуульд сурч байсан эсэх талаар гэрч Д.Д-гийн мэдүүлэгт: “Д.О нь манай сургуульд сурч байсан. Д.О ангийнхаа хүүхдүүдээс насаар ах байсан. Би 1976 онд сургууль төгсөж байсан. Д.О 1975 онд сургууль төгссөн. Д.О нь ах дүү олуулаа” гэж, /х.х-н 105-107/

Гэрч Б.Э-н мэдүүлэгт “Д.О-н эцэг Д, эхийг нь Б гэж хүмүүс байсан. Манайхаар айл саахалт юм.  1956 онд төрсөн яагаад гэвэл  манай дүү Б- тэй нас чацуу,  дайхыг нь нэг өдөр авч байсан. Манай дүү 1956 онд төрсөн юм. Одоо  дүү маань Швед улсад амьдарч байгаа” гэж, /х.х-н 113-115/

Шүүх гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан АР2457538 дугаартай Монгол улсын иргэний үнэмлэх, түүний гарын үсгийн бичвэр, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.О нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт 1956 онд төрсөн, АД,,, регистрийн дугаар авсан болох нь тогтоогдож байна.

 Түүнчлэн Улсын бүртгэлийн хэлсийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаанд: Д-гийн О-н төрсөн дүү Д-гийн С нь 1959 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй гэжээ. /хх-138х/,

2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбарт Боржигон овогт Д-гийн С нь 1959 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ШГ,,, гэжээ, /хх-10х/,

Мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж байсан маягт-1 Д-гийн О, эрэгтэй, 1958 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн гэжээ, /хх-35х/,

Нэхэмжлэгч Д.О нь 1958 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн бөгөөд түүний дүү Д.С нь 1959 оны 02 дугаар сарын 22-нд төрсөнг дээрхи нотлох баримтуудаар харьцуулан дүгнэхэд ах, дүү хоёр 6 сар 2 хоногийн зөрүүтэй байна. 

Улмаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 28 дугаар зүйлийн 28.1, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмын 1.3-д зааснаар нэхэмжлэгч Д-гийн О нь 1958 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр АД,, регистрийн дугаараар 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн ХААТР-1 маягт болон 2004 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21/Б/ дүгээр маягтад АД,,, регистрийн дугаартай АХ серитэй 449074 дугаартай иргэний үнэмлэх Д-гийн О гэж бичигдсэн нь Монгол Улсын иргэн хүчин төгөлдөр зөвхөн нэг регистрийн дугаартай байна гэсэн хуулийн заалттай зөрчигдөж байна.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т овогтой Д-гийн О нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1956 онд төрсөн болох нь холбогдох нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арван есдүгээр зүйл 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”; гэж тусгажээ.

  

Иймд хариуцагч тал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар “ үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж... хуульд заасан журмын дагуу хөтлөх...” ; Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хамгаалах...” гэсэн үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй байна. 

 

Мөн Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “ Журам батлах тухай” А/193 дугаар тушаалын хавсралт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх 14.4-д “...Улсын бүртгэлийн төв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ...” ,  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмын 1.1-д “Регистрийн дугаарыг шинээр олгох, олгогдсон дугаарыг өөрчилж дахин олгох, хүчингүй болгоход энэхүү журмыг мөрдөн” 1.3-д “Монгол Улсын иргэн хүчин төгөлдөр зөвхөн нэг регистрийн дугаартай байна”, 3.1-д “Регистрийн дугаарыг дараах тохиолдолд өөрчилж дахин олгосон: 3.1.4-д “регистрийн дугаарыг давхардуулан олгосон”  3.6, 5.1, 7.1;  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3  дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Д-гийн О нь 1956 онд төрсөн бөгөөд АД56082018 регистрийн дугаараар иргэний төрсний бүртгэлд бүртгэж, баримт бичгийг дахин олгох нь хууль зүйн үндэслэлтэй зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүд тус тус  удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, нэхэмжлэгч Д.О-г АД,,, регистрийн дугаараар бүртгэж, иргэний үнэмлэх олгохийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.      

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Б.ОДОНТУЯА