Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 0464

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С.Сд холбогдох эрүүгийн 2002001730124 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт С.С /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.С нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Д аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

-улмаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын ...тоот гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 198.6858 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн 0.4409 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4х, 5-8х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11х/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13х/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-26х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33х/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 353 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 38-39х/, шүүгдэгч С.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/ зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Д аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, улмаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын ...тоот гэртээ  уг “өвс” гэх нэршилтэй 198.6858 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн 0.4409 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4х, 5-8х/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11х/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13х/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хар өнгийн үүргэвч, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн даавуу, 4 ширхэг мөнгөлөг цаас, хуйлсан 10-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, ягаан өнгийн даавуун уут, улаан өнгийн хуванцар иштэй цайны шүүр, төмөр иштэй цайны шүүр зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Сонгуулийн биед үзлэг хийж хураасан эд зүйлс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур, хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 122г, цэвэр жин нь 112г, “2" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29г, цэвэр жин нь 21.6778 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 72г, цэвэр жин нь 65,0080г, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин 0,4409г, цэвэр жин 0,1582г тус тус байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-26х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Сонгууль 2020.03.13 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/  илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33х/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 353 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын: “...С.С нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.С нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.С нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. С.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.С нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. С.С нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.С нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт одоогоор үгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/

Шүүгдэгч С.Сийн өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  Д аймаг руу явж уг бодисыг түүж авчирсан. Харин шавар гэх  бодисыг интернетээс  бичлэг үзэж байгаад түүсэн өвсөөрөө хийсэн юм. Би уг өвсийг өөрөө хэрэглэсэн, зарж борлуулаагүй, ойролцоогоор 30-иас илүү удаа хэрэглэсэн байх, амралтын өдрөөр хэрэглэдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.С нь хэрэгт хураагдсан мансууруулах бодисыг Д аймаг руу очиж түүж авсан, жалганд хатаасан, өөрөө 30-иас илүү удаа хэрэглэсэн, өвс нэршилтэй мансууруулах бодисоос шавар гэх нэршилтэй бодис гаргаж авсан, хадгалсан талаараа тодорхой мэдүүлсэн,  мөн түүний амьдардаг орон байранд болон биед үзлэг хийсэн үзлэгийн үед хураагдсан эд мөрийн баримт болох мансууруулах бодисыг өөрийн үзэмжээр урвалд оруулж хувирган шавар нэршилтэй бодис гаргаж авахдаа ашигласан гэх нотолсон баримтууд тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдагт оршино.

Сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, илгээх, тээвэрлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоомжид заасан байдаг тул эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авах, түүж бэлтгэх, биедээ болон орон байр, агуулах сав, бусад байдлаар байлгасныг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч С.Сийг хориглосон Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөтэй бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, 198.6858 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн 0.4409 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрөө хэрэглэснээс өөр бусдад өгч хор уршиг учруулаагүй, мөн удахгүй аав болох гэж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж, өөр арга хэмжээ авч өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус төрлийн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж болон хор уршгийн шинж чанарыг ихээр агуулсан, уг гэмт хэрэгтэй Монгол улс төдийгүй дэлхий даяар тэмцэж байгаа нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 4-т дурдсан эд зүйлүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, AQ6055176 гэсэн серийн дугаартай хуйлсан 100-тийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АО0853456 гэсэн серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг “Монголбанк”-д хүргүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Сийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

         ТОГТООХ нь:

1. С овогт С.Сийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 4-т дурдсан “хар өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар ууттай уутны хамт 122 грамм өвс мэт зүйл 1 ширхэг, зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 29 грамм өвс мэт зүйл 1 ширхэг, Зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 72 грамм өвс мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн даавуун уут 1 ширхэг, улаан өнгийн хуванцар иштэй цайны төмөр шүүлтүүр 1 ширхэг, төмөр иштэй цайны шүүлтүүр 1 ширхэг, уутны хамт 0,4 грамм “Шавар” гэх нэршилтэй бодис, мөнгөлөг цаас 4 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, AQ6055176 гэсэн серийн дугаартай хуйлсан 100-тийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АО0853456 гэсэн серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг “Монголбанк”-д хүргүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Сийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ