Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2016/00239/И |
Дугаар | 130/ШШ2016/00348 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2016/00348
2016 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2016/00348 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөкен-Уул, 17 гудамж, 08 тоотод оршин суудаг, утас 0000000, 0000000, РД:БЮ0000000 М овогт С А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг С ХХК /захирал С.Ш/-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн С ХХК нь Ус сувгийн товчоо нэртэй байхад 1992 оны 7 дугаар сараас эхлэн тус байгууллагад шугамын слесарийн ажилд томилогдож ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Нийтийн ах ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирлын 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалаар машинистийн ажилд томилогдсон юм. С.А би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж Нийтийн ах ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч өргөмжлөл хүртэж байсан юм. Гэтэл ажил олгогч С ХХК-ний захирал С.Ш нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн миний 11 жил тасралтгүй хийж ирсэн машинстийн ажлыг өгөлгүй, танд өөр хөнгөн ажил өгнө гэж хэлээд ажиллуулаагүй юм. Ингээд С.Ш нь сүүлийн хоёр жил буюу 2014, 2015 онд өөр ажил олж өгнө гээд намайг хуурч мэхэлж байгаад гомдолтой байна. Би хуучин ажилдаа эргэн орох, эсвэл өөр ажил олж өгөхийг хүсэж олдон удаа С.Ш даргад очиж байсан. С.А надад өнөөдөр хүртэл ажил олгогч машинистийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг албан ёсоор өгөөгүй юм. Ямар утгатай тушаал гарсныг огт мэдэхгүй байна. Гэхдээ байгууллагын зарим ажилтан нараас сонсоход С.А намайг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тушаал гарсан гэж дуудсан. Иймд С.А намайг С ХХК-нд өмнө эрхэлж байсан ажил буюу машинистийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би С ХХК-нд 1992 оны 7 дугаар сарын 01-нээс эхэлж тасралтгүй 23 ажил ажилласан. Энэ ажиллах хугацаанд 6 жил слесарь, 4 жил машинст, үлдсэн 12 жилд цэвэр усны станцад ээлжийн машинст гэсэн албан тушаалтай ажиллаж ирсэн. 2014 оны 01 дүгээр сараас С ХХК-ний захирал С.Ш нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн шалтгаанаар ажлаас халах шийдвэр гаргаж өгсөн. Тэр хугацаанд 2013 оны 4 дүгээр сараас эхэлж төслийн ажил хий гээд төслийн ажил дээр ажиллуулж байсан. Тухайн үед ажлаас гарах үед цалингийн зээлтэй байсан учраас удаа дараа С ХХК-ний захирал С.Ш дээр очиж Ажилд минь оруулж өгөөч гээд гуйж ярьж байсан. Ажлын орон тоо гарахгүй байна гээд намайг хууран мэхэлж 2 жил болж байна. Бараг улирал болгон очиж С.Ш дарга дээр очиж уулзаж байсан. Намайг ямар шалтгаанаар хуучин ажилдаа томилохгүй байгаа талаар мэдэхгүй байна. Түрүүн тайлбартаа 01 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гаргаж өгсөн гэсэн. Энэ тушаалыг хуурамч гэж бодож байгаа. Би энэ тушаалыг огт аваагүй, хараагүй. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад тушаал өгсөн бол би ажлаас халагдсан гэдгээ мэдэх ёстой байсан. Нийгмийн даатгалын газарт 23 жил татвар төлж байсан. 23 жил татвар төлж байхдаа хэрэв ажлаас гарсан бол ажилгүйдлийн тэтгэмж гэж авах ёстой. Яагаад гэвэл миний хувийн амьдралд асар их хэмжээний цалингийн зээлтэй байсан. 2 жилийн хугацаанд С.Ш даргатай уулзаад дахиад ажлын байраар хангах байх гэж бодоод цалингийн зээлээ хаахын тулд Улаанбаатар хотод энэ тэнд ажиллаад байсан. Ирэх болгонд С.Ш даргад Би одоо ингээд явж байна. Одоо яах уу?. Цалингийн зээлтэй. Ажил байхгүй байна. Амьдрал хүндэрлээ гээд байнга очиж уулзаж байсан. Ерөнхийдөө 1 дүгээр сарын 07-нд гарсан гэсэн тушаалыг огт үзээгүй. Энэ тушаалыг шүүхэд нотлох баримтаар өгөхдөө гаргаж ирсэн. Байгууллагын ня-бо намайг цалингийн зээлтэй гэдгийг мэддэг. Энэ дээр яах уу, ядаж ажилгүйдлийн тэтгэмжээ аваад цалингийн зээлийнхээ 1,2 сарыг төлмөөр байна гэж хоёулаа ярьсан. Тэгээд хоёулаа ажлаас гарсан тушаал төлөвлөөд дарга дээр орсон. 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Нуртуган нийгмийн даатгалын дэвтэр дээр тэмдэглэгээ хийгээд тамга, тэмдэг дээр С.Ш дарга дээр орсон.Тэгэхэд С.Ш дарга би ийм тушаал гаргахгүй, чамайг байж бай гэсэн шүү дээ. Чамайг төслийн ажилд авах гэж байна. Чи урьд нь бас төслийн ажилд ажиллаж байсан учраас 2 сар байж бай гэсэн. Энэ тушаалыг би чамд гаргаж өгөхгүй гэсэн. Энэ нь нийгмийн даатгалын дэвтэр дээр Н гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй нотлогдсон байгаа. Өдий хүртэл ажилгүй, амьдрал бүрхэг байна. Хэрэв 2014 оны 01 дүгээр сарын 07-нд тушаалыг надад өгсөн бол шүүхэд хандах байсан. Ийм боломжуудын нээж өгөөгүй өдий хүртэл явж ирсэн. С.Ш дарга намайг ажилд оруулахгүй байгаа үндэслэлийн талаар тодорхой шалтгаанаа хэлэхгүй байна. Би тус компанид тогтвортой ажилласан. Тэргүүний ажилтан гэж авч байсан. Үндсэн ажилтан гэж явж байсан. Ер нь хамт олонтойгоо 21 жил ажиллаад болж байсан. С.Ш дарга ирээд хамтарч ажиллах гэж хэлчхээд тушаал ч өгөхгүй, ажил ч олгохгүй байхаар хэцүү байдалд ордог юм байна. Иймд намайг С ХХК-ний хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ний захирал С.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: С.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Учир нь, С.А нь манай байгууллагад олон жил ажиллаж байсан нь үнэн боловч түүнийг ажлын байранд удаа дараа архи ууж согтуурсан тул бид холбогдох хууль болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д зааснаар аргагүй эрхэнд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 тоот тушаалаар С.Аийг үндсэн ажил нь болох бохир усны слесарын үүрэгт ажлаас халсан юм. Тэрээр урьд нь олон удаа хөдөлмөрийн сахилга алдаж арга хэмжээ авагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...үүнээс хойш ажлын байранд архи уух юм бол гомдолгүй болно гэж амлалт авч байсан боловч түүний дараа хэд хэдэн удаа ажлын байранд архи ууж согтуурч байсан тул бид түүнийг ажлаас халахаас аргагүй болсон юм. Манай байгууллагын слесарууд нэг ч минут өөрийн ээлжинд байхдаа ажлын байрнаас чөлөө, зөвшөөрөлгүй холдохгүй байх зарчимтай онцгой обьектэд багтаадаг юм. Хэн нэгэн согтуу слесарийн хар гайгаар усны шугам сүлжээнээс ус алдах зэрэг гэмтэл, аваар гарах юм бол улс болон хувь хүмүүст нөхөж болзошгүй хохирол гарахад хүргэдгээрээ онцлогтой байдаг. С.Аийг бид эндээс 2 жилийн өмнө буюу 2014 оны 01 дүгээр сард ажлаас халж өөрт нь мэдэгдэж тушаалыг гардуулсан юм. Түүнээс захирлын 08 тоот тушаалыг нуух үндэслэл бидэнд байхгүй. Харин С.А нь уг 08 тоот тушаалыг авч явсны дараа надтай ирж уулзаад өөр ажил байвал авч ажиллуулах боломж байгаа талаар амаар хүсэлт гаргаж байсан ба бид Хэрэв танд тохирох ажлын орон тоо гарах юм бол тухайн үед хамт олон, удирдлагын хэмжээнд ярьж байж шийдэх болно гэж хариу өгсөн болно. Захирлын 08 тоот тушаалыг одоо хүртэл аваагүй, ажлаас халагдсаныг одоо хүртэл мэдээгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй худал зүйл юм гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэлийн нэг хувийн хүлээж аваад тухайн төрийн байгууллагын хуулийн зөвлөх учраас С.Аийг энэ ажлаас яагаад халагдсан, цаашид энэ хүнийг ажиллуулах боломж байгаа эсэхийг нэг бүрчлэн судалж эрх бүхий албан тушаалтантай уулзсан. Нэгдүгээр яагаад халсан юм вэ гэхээр удаа дараа архи уусан. Хоёрдугаарт 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би үүнээс хойш архи уусан байвал ямар ч гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Үүнээс хойш байнга архи уугаад байсан учир эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээнд заасан ёсоор ажлын байран дээр архи уусан байвал ажлаас халах үндэслэл болно гэдгээр ажлаас халжээ. Нэхэмжлэгч нь ажлаас халсныг мэдээгүй гэсэн. Тэр үеэс эхэлж мэдсэн нь тэр үед тушаалыг өгсөн байна лээ. Тэр үед өгсөн мөртлөө гарын үсэг зуруулсан бичиг нь олдохгүй байгаа. Та нар өгөөгүй юм байна гэж хэлсэн чинь тухайн сард энэ хүний цалин гараагүй. Нэгэнт арга хэмжээ авагдсан учраас урамшуулал, цалинг нь хасаад үлдсэн цалин авсан цалин энэ байна гэсэн тушаал гарсан. Аливаа хүн ажил хийж байгаа учраас цалин авах ёстой байдаг. Энэ хүн мэдээгүй бол миний цалин хаана байна вэ гээд маргааш өдрөөс нь эхэлж очих, мэдэх, хуулийн байгууллагад хандах учиртай байсан. Түүнээс хойш энэ хүн очиж яриагүй. Сүүлд нь энэ хүн машинстийн ажилд орно гэсэн байдаг. Урьд нь аав нь болох Сосор гэдэг хүн слесарийн ажлыг хийж байгаад өөрсдөө зохицоод слесарийн ажлыг хийжээ. Тушаал нь слесарийн ажлаас халсан тушаал байсан. Нэхэмжлэлийн шаардлага болон саяны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа намайг машинстын ажилд тавьж өгөөч гэсэн. С ХХК нь онцгой обьектийн газарт ордог. Тухайн машинстууд, слесарууд ажил дээр байнга байх, ажил дээрээ архи уухгүй байх хатуу шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол өвлийн цагт хөлдөх, ус алдах, орон сууц хөлдөх, сувагт ямар нэгэн асуудал гарч болзошгүй байдаг. Тэр хүмүүсийн хэлж байгаагаар судлаад үзэхэд А тухайн үед сайн ажиллаж байжээ. Энэ хүний ажиллаж байсныг үнэлж бусад ажилчдын адилаар урамшуулж, ажлыг өндөрөөр үнэлж байжээ. Өөрөө амлалт бичиж өгсний дараа ажил дээр дахин согтуу байсныг нь байгууллагын нягтлан гэрт нь хүргэж өгөөд даргад битгий харагдаарай гээд явсан. Хэд хоногийн дараа дахин архи уусан асуудал гаргасан учраас тэр үед ганцхан Аийг биш, өөр бас хэдэн хүмүүсийг ажлаас халсан байдаг. Энэ хүн ажлаас халагдаагүй гэж хэлдэг. Гэтэл ажлаас халагдсанаа дараагийн сард цалин, урамшуулал гараагүй гэдгээр мэдэх ёстой. Үүнээс хойш 2 жил болчихсон. Тухайн үед ажлаас гарснаа мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Намайг яагаад ямар учраас ажлаас гаргасныг одоо хүртэл мэдэхгүй гэж хэлж байна. Ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасан, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээнд заасан ёсоор энэ хүнийг ажлаас халсан. Дараа нь энэ хүнийг ажилдаа аваач гэсэн. Гэтэл одоогоор ямар нэгэн орон тоо байхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээж авах боломж байхгүй байна гэж хуулийн зөвлөхийн хувьд ийм тайлбарыг хэлмээр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь, нэхэмжлэгч С.Аийг машинистийн үүрэгт ажилд 2003 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн томилсон болох нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ний захирлын 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Хариуцагч ажил олгогч С ХХК-ний нэхэмжлэгч С.Атэй байгуулсан 21 дугаартай Хөдөлмөрийн гэрээний ар талд нь 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээг нэг жилийн хугацаатай сунгасан гэж бичээд С.А гарын үсэг зураад баталгаажуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан ННД№0000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нэхэмжлэгч С.А нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С ХХК-нд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан бол 2014 оны 4-8 дугаар саруудад хамгаалалтын албанд ажилд орж, шимтгэлээ төлж байсан ба энэ талаар талууд маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч С.А нь С ХХК-нд ажиллаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт амжилт гарган 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №1234 дугаартай Нийтийн ах ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын өргөмжлөлөөр, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр НААҮ-ний С ХХК-ний захиргаанаас Өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсныг талууд хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ний захирлын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус компаний дотоод журмын 23.1.3-ыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргаж, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бохир усны слесарь ажилтай нэхэмжлэгч С.Аийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн байна.
Нэхэмжлэгч С.А нь урьд өмнө ажлын цагаар удаа дараа архи ууж ажлын байраа эзгүй орхиж, ажлын хариуцлага алдаж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж нэг сарын /8-р/ цалинг 20% буруулж сануулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ний захирлын 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 54 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаал, мөн нэхэмжлэгч С.А 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр С ХХК-ний захиргаанд ажлын байранд архи уусан учир захиргааны эцсийн арга хэмжээ авахуулсан, үүнээс хойш ажлын байранд архи уусан бол гомдолгүй гэж амлалт үүрэг авч бичсэн гарын баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн С ХХК-ний захирлын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай Ажлаас халах тухай тушаалын хувийг аваагүй, тушаал гарсныг мэдээгүй гэх боловч шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.А нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс С ХХК-нд үүрэгт ажлаа хийгээгүй ажлаас халагдсан гэдгийг мэдэж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй, өөр газарт ажилд орж ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЮ000000000 М овогт С А Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК