Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 52

 

УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2016000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын   02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Н овгийн Б-н Б.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг дэвсгэр “Үүрд бургас” гэх нэртэй газар А-Д-тай “малаа өвөлжөө рүү бэлчээлээ” гэж маргалдан хохирогч А.Д-н толгойн тус газар модон шилбүүрээр цохиж биед тархины доргилт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг дэвсгэр “Үүрд бургас” гэх нэртэй газар А-Д-тай “малаа өвөлжөө рүү бэлчээлээ” гэж маргалдан хохирогч А.Д-н толгойн тус газар модон шилбүүрээр цохиж биед тархины доргилт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би өвөлжөөн дээрээ хөр гаргаад байж байсан. Бууцан дээр айлын мал байсан чинь А.Д-н мал байсан. Тэгээд туугаад явж байхад А.Д өмнөөс мотоцикльтой ирсэн. Ноднин, уржинан гээд хоёр жил идүүллээ одоо наад малаа ав, өвс ногоо муу байна гэхэд юун сүртэй юм бэ, муу цагаан өвс гэхээр нь тэрнээс болоод хоёр ороолгосон ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Миний өөрийн малд барьдаг шилбүүр ... Мод нь хүрсэн байсан ... Хохиролд 215.000 төгрөг өгсөн ... Би буруугаа хүлээж байгаа. Авгай хүүхдүүд эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр хотоос ирж байгаа учир үнийн дүнг багасгаж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч А.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай мал Б-н өвөлжөө рүү явсан байсан. Би малаа явсныг мэдээд авах гээд араас нь очиж явтал Б зайдан морьтой өмнөөс манай малыг туугаад ирж байсан. Тэгээд мэнд мэдэлцээд намайг малаа авсангүй пизда чинь гээд морин дээрээсээ буулгүй барьж явсан шилбүүрийн модоороо 3-4 удаа толгойны зүүн тал руу цохисон. Цохиод авахаар нь би мотоциклиосоо буугаад дахиад цохих гэхээр нь шилбүүрийн модыг нь булааж аваад “нэг муу өвснөөс болж хүн алах нээ буугаад ир” гэхэд Б морьноосоо буугаагүй намайг дахиад манай өвөлжөө рүү малаа оруулвал ална шүү гээд уурлаж байсан ... Толгойны зүүн тал руу шилжүүрийн модоор 3-4 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ26-28/,

Гэрч С.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед миний гар утас дуугарсан юм. Тэгсэн чинь манай бэр Ш над руу залгаад утсаа аваад ярьсан чинь Д-г Б зайдан морь унаж ирээд шилбүүрийн модоор толгой руу нь 3-4 удаа цохисон байна гэж надад хэлсэн юм... Тэгээд юу болсон талаар асуусан чинь Б зайдан морь унаад ирэхээр нь мэнд усаа мэдсэн чинь шууд намайг шилбүүрийн модоор цохисон гэж хэлсэн... Ил харагдаж байсан зүйл байхгүй, толгой дүүрч өвдөөд байна. Зүүн талын нүд угаараа хатгаж өвдөөд байна гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,

Гэрч О.Ш-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр хониндоо явна гээд 10 цаг өнгөрч байхад мотоциклио унаад явсан юм. Тэгээд удалгүй хүрээд ирсэн. Гэртээ орж ирээд манай малыг Б туугаад явж байна гэхээр нь би тэгээд юу гэж байна гэсэн чинь мэнд усаа мэдээд байж байтал миний толгой руу шилбүүрийн модоороо цохисон гэж надад хэлсэн юм... Толгой өвдөөд байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ31/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай “... 1. Иргэн Д-н биед тархины доргилт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ34-35/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.5 метрийн урттай шилбүүрийг устгаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 215.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.5 метрийн урттай шилбүүрийг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 215.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА