Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Хохирогч Д.С, Ч.Х

Шүүгдэгч Ц.О

Шинжээч Т.Алтайбаатар

Гэрч Ж.Б, Б.Ө /цахимаар/, Ц.Б, М.Э, С.А, Т.Д, С.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.О-д холбогдох 2016000120022 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Ж овгийн Ц-н О.

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Сайрын хашаат гэх газар байрлах С.Ц-н гэрийн гадаа талийгаач С.Ц-г агсам тавьлаа гэх шалтгаанаар гараараа цохиж, өшиглөж биед нь баруун хөмсгөнд шарх, дух, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.О-н 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Сайрын хашаат гэх газар байрлах С.Ц-н гэрийн гадаа талийгаач С.Ц-г агсам тавьлаа гэх шалтгаанаар гараараа цохиж, өшиглөж биед нь баруун хөмсгөнд шарх, дух, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.О гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2020 оны 01 сарын 05-ны өдөр Ө ах намайг цалинжуулна надтай хамт яваад мал аваадах гээд дагуулж явсан. 05-ны өдөр Д ах, Ө ахтай хамт дээшээ яваад замдаа айлаар орж тамхи өгөөд М.Э ахынд очсон. М.Э ахынд Т.Д ах машинд унтаж үлдээд бид хоёр ороод нэг 0.5 литртэй архи, чихэр, тамхи шинэ жилийн юм гэж Ө ах М.Э ахад өгсөн. Тэрийг задлаад уугаад суусан. Би дээд сайрт нь бие засаж байхад хоёр танихгүй хүн мотоцикльтой ирсэн. Тэгээд тэр хэд нэмж хоёр шил архи, нийт 3 шил архи уусан. Тэгээд талийгаач намайг ахын дүү манай эхнэртэй хамт яваад мал хураалцчихаад ир гэхээр нь би эхнэртэй нь хамт явж малыг нь хураагаад галыг нь түлчихээд ирсэн. Ирэхэд тэр хэд архиа уугаад сууж байсан. Тэгээд ирсэн байсан хүн явсан. Би орон дээр хоол идчихээд хэвтэж байхад гадаа машин ассан Тэгээд юу болов гээд гараад ирэхэд талийгаас Б.Ө-г унтаж байхад нь карманаас нь түлхүүр нь аваад машин асаасан байсан. Яагаад машин асаачихав гэхэд эхнэр нь бригад руу архинд явна гээд байна яах уу гэхээр нь түлхүүрийг нь аваач гэхэд миний үгэнд орохгүй байна. Та хэдэд архи байгаа юм уу гэхээр нь айлд авч очиж өгнө гэсэн нэг шил архи байгаа гэсэн. Тэрийгээ өгчих маргаашаас аваад өгье гэсэн. Тэгээд архи байна гээд талийгаачийн эхнэр очиж хэлээд машин тэргээ унтраалгаад тэр архийг М.Э талийгаач ах хоёр хувааж уусан. Тэр хоёрыг уугаад сууж байхад Т.Д ах машинаас орж ирсэн. Тэгээд тэр архийг уучихаад сууж байхад талийгаачийн эхнэр нь эгчийн дүү эрүүл байгаа юм чинь доошоо хүргээд өгчих, хоёр хүүхэд хэцүүдлээ гэсэн чинь Б.Ө ах орон дээрээс ахын дүү хүний машин барьж явж болохгүй гэхэд машины эзэн болох Т.Д ах миний дүү эрүүл байгаа юм чинь хүргээд өг гэсэн. Талийгаач би мотоцикльтойгоо явна гээд гарсан. Гараад мотоциклио унагачихаад босгож чадахгүй байсан. Би мотоциклийг нь босгоод доошоо аваад явсан. Доошоо явж байх замд талийгаачийн эхнэр “зогсоорой эгчийн дүү хаалгаж онгойлгож байна шүү” гэхээр нь зогсоод тэр гурав машинаас буугаад би машинаас буугаагүй байсан. Тэгээд гадаа орилоод байхаар нь би буухад “бүгдийг нь ална” миний хутга хаана байна гээд хайгаад байсан. Тэгээд бид хэд суулгаад явж байхад дахиад зогс гэж хэлээд тэр дотор өшиглөөд тонгочоод байсан. Би дахиад зогссон. Хувцсаа тайлаад би та нарыг буудаж ална хөндий цээжээр нь нэвт буудна, тунгалаг үнхүүлнэ гээд орилоод байсан. Талийгаачийг М.Э, Т.Д хоёр гарнаас нь чирж суулгаад хойд талд хоёр талд нь суугаад талийгаачийн эхнэр урд суугаад гэрийн гадаа  ирсэн. Тэр гурав түрүүлээд орсон. Тэгээд араас нь ороход талийгаач буу барьсан байсан. Т.Д ах энэ буу цэнэглэх гээд байна ахын дүү аваарай гэж хэлсэн. Тэгээд эхнэрт нь өгөх гэсэн чинь эхнэр нь байхгүй байсан. Би гадаа гараад эгчээ гээд орилоход айн гэхээр нь би араас нь очоод бууг нь өгсөн. Эргээд ороод ирсэн чинь телевизороо авч шидээд, авдар руугаа өшиглөөд гэрлийн утас тасраад гэрэл унтарсан. Тэгээд Т.Д ах нам дарсан сууж байхад талийгаачийн эхнэр орж ирээд гэр орноо тараагаад яаж байгаа юм бэ, энэ чигээрээ байж байг маргааш өөрт нь үзүүлнэ. Чи яасан арчаагүй юм бэ гэхэд чамайг ална шүү жингэр минь гээд гэр тойрч хөөсөн. Тэгэхэд Т.Д, М.Э хоёр барьж аваад гадаа гарахад дээгүүрх хувцсаа, гутлаа тайлж шидээд орилсноо гэр рүү гүйж ороод  гартаа нэг гялтганасан юм бариад гарч ирээд бүгдийг чинь хутгалж ална гээд дайрахад Т.Д ах зугтаасан. Над руу дайрахаар нь би зугтаасан боловч би харанхуй байсан учир хаашаа явахаа мэдэхгүй би баригдаад бид хоёр ноцолдсон. Харанхуй үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Баръя гэхээр талийгаач нүцгэн байсан учир баригдахгүй байсан. Бид хоёр дээр доороо ороод ноцолдоод би дээр нь гарсан байсан чинь талийгаачийн эхнэр ирээд Ц-ээ болиоч чи наад жоохон хүүхэд чинь яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр  нь би хаячхаад босоод явах гэтэл араас Ц-н хүүхдийг буудаж ална гэхээр нь би эргэж очоод мөр хавьцаа нь жийж унагаагаад дарсан. Тэгэхэд М.Э, Т.Д хоёр ирээд талийгаачийг салгаж аваад гарсан. Би талийгаачийн эхнэрээс гэрлээ өгөөч би машиныхаа түлхүүрийг хаячиж гээд эхний унасан газраа байж байсан. Тэгээд түлхүүрээ аваад ард юм дуугарахаар нь эргээд харахад гэрийн хаалга онгойлгоод бүгдийг нь буудаж ална гээд дээшээ гараад явж байсан. Араас нь М.Э, Т.Д хоёр гараад ирэхээр нь наадах чинь буудна гэж байна. Араас нь яваарай гэхэд тэр хоёр араас нь гүйсэн. Би машинаа унаад яваад өгсөн. Машин гэрийн үүдээр гараад явж байгаа. Бас Ж.Б-н гэрийн үүдээр гараад явж байгаа. Би талийгаачийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Буруугаа хүлээж байна ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.С-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 01 сарын 31-ний орой буюу төв ёолкны орой бид хоёр Сайран хашаатад очсон. Ах дүүсээрээ нийлээд ёолк тэмдэглэнэ гэсэн.  Тэгэхэд манай хүү байхгүй байсан. Хайчсан юм бэ гэхэд Д аваад архинд явсан гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байж байхад орой 10 цагийн үед хоёулаа нэлээд халамцуу ирсэн. Би М.Эт хэлсэн наад хүн чинь ганцаараа малаа маллаад, эхнэр нь сумын төв дээр хүүхдүүдээ хараад байж байсан. Ёолк болоод сургууль цэцэрлэг амраад очсон байсан. Наад хүн чинь архи хөөцөлдөж уухгүй, олдох юм бол уудаг.  Чи ганц бие сайхан залуу хөрөнгө мөнгөтэй уудаг л юм байж. Наад хүн чинь амьдралтай хүн. Хүний мал маллаж байгаа. Би чамд эцгийн ороор эцэг болж хэлье архинаас хол бай гэхэд за ойлголоо гэж хэлсэн. Тэгээд манай хүүгийн унааг унаад гэрээдээ явсан. Маргааш өглөө нь хүмүүс бараг босоогүй байхад манай хүүг дуудаж гараад хүргэж өгөх юм болоод  явсан. Манай хүү ирээд бригадын төвөөс архи  нууж авч ирсэн байна. Тэрийг нь хүргэж өгчихөөд ирлээ гэж хэлсэн. Бид хоёр тэнд 4 хоносон. Манай том хүүгийнх ойрхон саахалт байсан. Тэр хэд аймаг руу элэг цөсөө үзүүлнэ гэж хэлээд явсан. Тэр хойгуур бид хоёр байж байсан. 05-ны өдөр 02 цагийн орчим гарах гэж байхад М.Э хээр морьтой ирсэн. Тэгэхээр нь чи одоо архидан согтуурах ажлаа одоо боль, чамд би эцгийн чинь оронд эцэг ээжийн чинь оронд ээж болох хүн байна. Архидан согтуурхаа боль, наад хүн чинь нялх хүүхэдтэй ганцаараа малаа малладаг. Би чамд хэлээд байна эцсийн эцэст янз бүрийн юм болбол хоёулаа янзын юм болно шүү, чи их сэжигтэй санагдаж байна шүү, чи одоо болио гэхэд гараад яваад өгсөн. Тэгээд манай талийгаач араас нь гараад явсан. Тэгээд манай хүү орж ирээд энэ муу чинь даварцан байна. Б архинд яваадхая гэж байна.  Үүнтэй би таарахгүй байна, энэ өвөлжин би архинд нь явлаа улам давраад байх юм гэсэн. За чи больчих цаадах чинь ганц бие хөрөнгө чинээтэй хүн, чи бид хоёр шиг юм хөлийг нь даахгүй. Чи хоёр нялх хүүхдээ бод, эхнэрээ бод гэсэн. Хүний хэдэн мал дүүгийнх нь 200 малт, миний 60 гаруй мал нийт 1000 гаруй малтай байсан. Чи боль гэсэн чинь би дахиж архи уухгүй та хоёр одоо яв гэсэн. Бид хоёрыг өндөр хамар өөд гаргаж өгөөд манай эхнэр хонинд явж байгаа, хоёр хүүхэд Ж.Батзоригийнд хоцорсон гэж хэлээд явсан. Тэрний дараа энэ хэд сумын төвөөс ирсэн байгаа юм. ***-ийг хашраая архинд явж өгөхгүй байна. Эцэг эх нь ирээд явсан. Үүнийг явдаг болгоё та нар архи аваад ир гэж захиалсан гэж бодож байгаа. Гол эх үүсвэрийг нь тавьсан хүн нь М.Э гэж үзэж байгаа. Хуульд 2-оос дээш хүн үйлдсэн бол бүлэг хэрэг гэж үзнэ. Гэтэл энэ хүмүүс хамжиж зодож үхлийн шалтгаанд хүргэчихээд зарим нь гэрч гээд нэг нь хүлээсэн болоод зогсож байгаа. Баривчилж байна гээд нэг машинд авч ирээд, маргааш нь ачаад явахдаа бүгдийг нь хамт авч яваад сумын төв дээр хорихдоо бүгдийг нь нэг байшинд хориод энэ хүмүүст боломж олгосон. Тэгээд гаргаад мөрдөн байцаалтын шатанд тусгаарлаж байцаасан зүйл байхгүй. Үүнд их гомдолтой байгаа. Гэрч гээд зогсож байгаа хүмүүсийг гайхаад байгаа. Гэрч биш бүлэг алуурчид. Миний хүүгийн согтолтыг зэргийг тогтоочихоод хамт уусан хүмүүсийн согтолтын зэргийг тогтоож өгөөгүй. Энэ талаар хавтаст хэрэгт байхгүй. Бүлэглээд хүн алчихаад байж байхад нэг нь ингээд зогсож байна. Чи машиныхаа түлхүүрийг олсон байж яагаад тэр гэрлийг хээр хаясан юм бэ? Д гэдэг хүн миний хүүгийн аминд хүрэх эх суурийг тавьсан. Нэг нь хэргээ хүлээсэн болж бусад нь гэрч болж байгаад маш сонин байна. Тэрний урд жил 900 гаруй малтай байж байгаад өнгөрдөг намар том машинд малаа тууж ирж наймаалаад үлдсэн 600 гаруй мал байх ёстой. Гэтэл үлдсэн мал нь 77 хонь, 230 ширхэг ямаа үлдсэн байна. Би 7, 8 хоноод Ж.Б-т үлдээчихээд ирсэн. Буцаж очоод тоолоход ийм л мал үлдсэн байгаа юм. Эхнэрт нь хэлсэн чи хүнээрээ ч хохироод, хөрөнгөөрөө ч хохирч байна. 322 толгой малтай үлдсэн байна. Малын чинь тал байдаггүй. Манай бэр нэрээ муухан бичмэглэдэг. Ө гэдэг станагаар очиж мал ачсан. Дараа нь өөрийн машиныг асаалгаж авч явж байгаад банкыг цөмлөөд үлдээсэн байсан. Дараа очоод харахад банк нь  2, 3 хуруу орохоор цоорсон байсан. Би Ө-тэй явж байгаад банкаа цоолсон гэж хэлж байсан. Мэдэгдэж байгаа нь тэр, мэдэгдэхгүй хэд байгаа юм бэ? Д энэ хоёр дарамталж архи авахуулсаар байгаад малыг нь алдуулсан байдаг юм уу, би үүнийг санал гомдлоо гаргасан. Надад мөрдөн байцаалтаар шалгаад хариу мэдэгдсэн зүйл байхгүй. Би хүүгээ оршуулахад  6, 7 лам авч ирж ном уншуулсан гэх мэт 14.700000 төгрөгийн зардал гарсан. Энэ хохирлыг хэн барагдуулах байдаг юм.  Ийм учраас энэ хүмүүст маш их гомдолтой байна. Бүгдийг тодруулж чадсангүй гэж бодож байна. Яагаад нүцгэлээд байсан юм бэ? энэ хүн болохоор өөрөө тайчаад нүцгэлээд байсан гэж хэлдэг. Санаатай миний хүүгийн амийг хорлоод, хээр санаатай хаясан. Ганц гэрэлтүүлэг гэрлийг нь хээр санаатай хаясан.  Нэгэнт бүлэг алуурчдыг үгсэн хуйвалдах боломжийг олгож гэрч гээд зогсож байгаад үнэхээр сонин санагдаж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж ядарсан надад туслах арга байдаг байлгүй. Хэцүү байна. Бид хөрөнгийн ч алдаад, хүнээ ч алдаад, 0-6 насны хоёр хүүхэдтэй. Би өөрөө нас дээр гарсан. Тэжээгчийн алсан юм чинь үлдсэнийг нь тэжээх гэж алсан байлгүй. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Хөнгөн зэргийн гэмтэл дээр үнэн гомдолтой байна. Үгсэн хуйвалдах боломжийн олгоогүй бол үнэн зөвөөр нь ярих байсан байх. Нэг нь хэргээ үүрээд ялаас мултрах гээд байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.Х-н шүүх хуралдаанд өгсөн “...Миний хүү ажлаа хийгээд гэртээ ажил амьдралаа залгуулаад явж байсан. Би Д-г утсаар дуудаад эцэг эх хоёр нь байж байгаад явсан. Одоо чөлөөтэй боллоо гэх байдлаар дуудаад бүлэг алуурчид очоод алсан гэж бодож байна. Миний хүү өөрөө боогоод үхэх зүрх зоригтой ч хүн биш. Бүлтийсэн хоёр үрээ бодохоор үхэх ямар ч аргагүй. Цохилуур дээр цохиж унагаад хашаанаас сойлт маягаар хийгээд бүсийг нь тээглүүлээд хаясан байсан. Барсаа цагдаа хэлж байсан. Энэ хүний хүүхэн хэлний уг руу маш  их боолт орсон байна гэж хэлсэн. Энэ хүүхэд машинаа асаагаад явсан гэж байна. Хүний юмыг эзэмшээд явж байх хэн юм бэ, хүний гэрэл гэгээг алчихаад эргүүлээд өгчиж болохгүй хүнийг гэрэл гэгээгүй үлдээгээд гэрлийг нь хонины бэлчээрт хаясан байсанг хонины хүн олсон байсан. Та нар яагаад миний хүүг алав. Ямар зорилготой юм бэ? миний хүү намайг очиход цагдаагийн хамгаалалттай, эмч аваад миний хүү амьд байгаа болов уу гээд очсон. Тэгэхэд миний хүүгийн цээжин биед эрүүл юм байгаагүй. Хүрэн цоохор юм байсан.  Яагаад ганц хүн дээр бүлэг хүмүүс очоод алав. Зарим нь унаагаар, зарим нь архиар нь хангадаг. Хүний юмыг хулгай хийж аваагүй, яагаад өс хонзон санав. Хуулийн байгууллага үнэн зөвийн тогтоож өгнө үү. Миний хоёр хүүхдийг яагаад өрөвдөж болдоггүй юм бэ? нэгээс бусад нь бүгд гэр бүлгүй хүүхэдгүй хүмүүс очиж алсан байгаа юм. Манай бэр шээсний газраар хайгаад гэрэлтүүлэг хэсгийг нь энэ аваад алга хийсэн.  Тэгээд эцсийн эцэст хайж хайгаад орж ирээд шээх гээд гарсан хүн чинь байхгүй байна. Чи хайлцаадах гэхэд сая хотонд хонь үргэсэн шүү гэж хэлсэн байгаа юм. Намайг айлд тэрлэг бүс хоёрыг нь хүргэж өгөх гээд явах хооронд Д гэрийн араас гарч ирсэн. О машинаа асаагаад явсан. Д манайд баруун орон дээр унтаж байсан гэж хэлдэг. Ө харин унтаж байсан гэсэн. Би энэ хэрэгт оролцоогүй шүү Х эгч минь гэж хэлж байсан. Би тэр хүүхдийг архи авч ирж өгсөн гэж нотолж байгаа. Тэгэхэд энэ гурав гөлийчихөөд байж байсан. Манай хэлтсийн төлөөлөгч олон нийттэй очсон. Бид нарыг очиход энэ байхгүй байсан. Тэгээд олон нийтийгээ аваад ир гээд явуулсан. Энэ тэнд очоод унтсан хүн болоод хэвтэж байсан байх. Бид нараа хүнээ алдаад зогсож байхад орилсон баахан хүн бариад авсан гэж байна. Би цэцэг шиг хүүгээ хүнд алуулчихаад инээгээд  уулзахгүй нь мэдээж. Энэ хэдийг би алсан гэж бодож байгаа. Тийм том юманд хүн боогоод үхэх үү. Дотуур хувцсыг нь хашааны үүдээр тараагаад хаясан байсан. Би очоод харамссан. 6 настай хүүхэд нь Д баахан хүнтэй ирээд миний аавыг алсан гэж хэлж байгаа юм. Энэ хүмүүс хутга бариад хөөсөн гэж байгаа юм. Гэтэл тэр айлд хутга байгаагүй. Телевизорын суурь бариад гарсан байгаа юм. Бүгд хамжиж алчихаад зарим нь гэрч болоод нэг рүүгээ бүх хэргээ чихчихээд байж байдаг  юм. Хууль гэдэг чинь үнэн зөвөөрөө байдаг юм байгаа биз дээ. Миний хүүд энэ хүмүүс архи авч очиж өгөөгүй бол амьд сэрүүн байх байсан. Хавар ноолуураараа жийп машин авна гэж бид нарт ярьж байсан. Тэр хүний амьдралыг яах юм бэ, хоёр хүүхэд нь мотоциклтой хүн ирсэн ч машинтай хүн ирсэн ч гарч хардаг болсон.  Энэ хүмүүс архи өгч ямар ч хүнтэй харьцах харьцаагүй болгож байгаад чихийг нь сэт цохисон байсан. Д гэдэг хүн хэргийн түлхүүр  хүмүүсийг уриалан дуудсан. Жинхэнэ удирдагч нь Д байгаа юм. Тэр Д яагаад хийсэн хэргийн ялыг хүлээдэггүй юм бэ? дараа нь бүгдийг нь авч ирж хийгээд үгийг нь нэгтгэдэг. Хуулиар эрхийг нь хамгаалуулаад нэг нэг өрөөнд хийхгүй. Гэтэл манай сумын цагдаа авч ирээд нэг доор хийсэн. Хээр авч очиж ялаа шумууланд өгөхөөсөө наана ухаангүй байсан. Манай бэрээс очоод хуулийнхан очоод баахан мэдүүлэг авцан тэрүүгээр хууль шийдэгдэх гээд байдаг. Тэр хүн одоо ярихаараа Д гэрийн араас гараад ирж байсан. Тэгээд хажууд нь байсан хүмүүс юу ч мэдээгүй. Тэр бүлийнх нь юу ч мэдээгүй. Та нар даанч яаваа гэж байгаа. Ёстой эд нарыг хэн ингээд алчихна гэж санах вэ гэж байгаа. Миний хүүг энэ хүмүүс алсан. Харин яаж алсан байдаг юм. Тэд нараас хүүгийнхээ амийг яаж нэхэх вэ манай өмгөөлөгч нэхэлцэх байх гэж бодож байна. Бие чичрээд зарим зүйлийг ярьж чадахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч М.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Намайг хонио хариулаад ирэхэд талийгаач эхнэртэйгээ манайд ирсэн байсан. Манайд гал түлээд боорцог хайраад байж байхад энэ хүмүүс ирсэн. Орой 4, 5 цагийн үед ирсэн. Манайд архи уусан. Талийгаачийг согтохоор нь Д-н машинаар доошоо гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд замдаа явж байгаад авгайтайгаа муудсан. Юунаас болж муудсан талаар мэдэхгүй байна. Гэртээ очоод агсам тавиад гэрийнхээ юмыг авч шидээд буу гаргаж ирсэн. Дээд талын айл З-нд би байсан. Тэр юу яахыг би сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байгаад яваал амиа алдсан байсан ... Талийгаач энэ хоёр дээр доороо орж ноцолдсон. Би салгасан ... Ц.О-г хөөгөөд Ц.О унасан. Тэгээд хоорондоо өнхрөлдөж ноцолдсон тэгээд салгасан ... Талийгаачийн шанаан дээр нь хоёр шалбархай байсан ... Жоохон цус гарсан байсанг би ус хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч Б.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 3,     4-ний өдөр би Ц.О, Д бид хэд авга ахынд очсон. Авга ахынд очиход талийгаач эхнэртэйгээ боорцог хийгээд байж байсан. Гэрт орж ирэхэд О бид хоёр орж ирээд цаг орчмын дараа Д ах орж ирсэн. Шинэ он гараад авга ахындаа очоогүй байж байгаад 0.5 литртэй 3 шил архи авч очсон. Тэрийг гэрт очиход талийгаач эхнэрийн хамтаар авга ах гурав байсан. Тэгээд байж байгаад авга ахынд гаднаас 2 хүн орж ирсэн. 2 шил архийг ууж дуусгаад талийгаачийнх руу Ц.О тэр хэд доошоо машинтай явсан ... Ц.О-д битгий яв гэж хэлсэн. Машин тэрэг ууланд барих хэцүү гэхэд доод сайраар явахын бол бартаа байхгүй. Чи хүргэж өгчихөөд ир гэж талийгаач хэлсэн. Миний нойр булчирхай өвдөөд 2 эм уусан учир унтаад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч Ж.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Талигаач нүүр ам нь шалбарсан, нүд нь хөхөрсөн, хөл нүцгэн цээж нүцгэн орж ирсэн. Намайг арай дэндүү зодсон байна гэж хэлсэн ... Өөр юм хэлээгүй. Би цусыг нь угаагаад манай эхнэр шархан дээр нь юм нааж өгсөн ... М.Э угаалцсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч Т.Д-н шүүх хуралдаанд өгсөн “...Ц.О, Б.Ө бид гурав хөдөө очсон. 01 сарын 05-ны үдээш хойш М.Э-д очсон. Тэгэхэд би замдаа унтаад очсон. М.Э-д ороход талийгаач авгайтайгаа ирсэн байсан гэсэн. Намайг сэрэхэд нилээд аажуу болсон байсан. Талийгаач энэ хэд архи уусан байсан. Гэр рүүгээ явах гэсэн чинь мотоциклио унагаагаад явж чадахгүй байна гэхээр нь би  Ц.О-р машин бариулаад би хажууд нь суугаад бид хэд явсан. Замдаа машин тэрэгнээс үсэрч хариах гээд байхаар нь Э бид хоёр талийгаачийн хоёр талд нь суугаад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод, гэртээ ороод гэрэл чийдэн унтраад гэрийнхээ юмыг авч шидээд байхаар нь аваад гарсан ... Гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд бүлнэ гээд саарал юм гартаа барьсан байсан. Тэгээд болиорой миний дүү гэсэн чинь миний дээгүүр өнгөрсөн ... Би гэрт нь хэвтэж байсан. Хонь үргэх шиг боллоо гэхэд эхнэр нь гараад ирээч гэсэн дээр том хад байгаа. Дээгүүр яваад хай гэж хэлсэн ... Салгасны дараа М.Э түрүүлж ороод шүүс, нүүрэн дээрх цусыг нь арилгаж өгсөн. Би сайн хараагүй ... Авгайтай л уурлаад байгаа юм уу гэрэл чийдэн нь унтраад буу интэр болсон байсан ... Отгоотой давхралдаад машины цаагуур орсон. Би сайн харж чадаагүй би босч очоод салгаад гэрт нь оруулсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч Ц.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...01 сарын 05-ны өдөр би үдээш хойш М.Э-нд байж Б.Ө, Т.Д, Ц.О нар ирсэн. Ө нь нилээд согтуу, Д ард нь унтаж байсан. О Ө хоёр бууж ирсэн. Ахдаа нэг юм авч ирсэн гээд М.Э-д өгсөн. Тэрийг хувааж уучихаад байж байхад Ц.О гаднаас тал архи оруулж авч ирж өгсөн. Би О-той хамт хонь хураачихаад ирэхэд талийгаач нилээд согтсон байсан. Талийгаач бригад явна гэхээр нь би яах юм бэ бригад явж хэрэггүй гэхэд Ц.О нэг шил архи байсан гээд өгсөн. Тэндээсээ уучихаад Д ахын машинтай доошоо явж байсан чинь би зам мэддэг, би өөрөө мэднэ гэсэн. Талийгаач доошоо буугаад би доошоо алхана гэж хэлээд алхсан. Суучих гэж хэлээд суулгаж яваад гэртээ оруулсан. Хоёр хүүхэд Ж.Б-нд унтаж байхаар нь Ж.Б-н руу явсан байсан. Хоёр хүүхдээ аваад ирэхэд гэр дүүрэн зодоон болж байсан. Хоёр хүүхэд айгад байхаар нь буцаад хоёр хүүхдээ авч явчихаад эргээ ирэхэд гадаа зодоон болж байсан. Би М.Э Д ах хоёрыг хүн аллаа аваач гэхэд нэг нь зүгээр зогсож байсан нөгөө нь ууцаар хатгаж байна гэж хэлээд сууж байсан. Эргэж очиж Ж.Б-г авч ирээд талийгаачийг дээш нь авч очиж нүүр гарыг нь угаалгаад буцаж доор ирсэн ... Гадаа О тэр хоёр зодолдож байсан ...  Чи холд тэгэхгүй бол чамайг ч гэсэн ална шүү гээд байсан ... Манай нөхрийн нүүр нь улаан нялга болсон байсан ... Намайг талийгаачийн нүүр угаалгаад ирэхэд байж байсан. Тэгээд гэрэл аваад машины түлхүүрээ хайгаад байж байсан. Би нүүр гарыг нь угаалгачихаад дээл гутлыг нь өгчихөөд ирхэд хэн ч байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “... Хуйхан доор цус хуралт зулгарал гэмтэл үүсээгүй. Энэ нь гэрэл зургаар орсон байгаа учир гэрэл зургаас харж болно ... зүүн чих сэтрээгүй, зулгаралт үүссэн байгаа ... Сэтрэлт гэдэг нь шарх үүснэ. Зулгаралт гэдэг нь арьс хуулархыг хэлдэг. Арьс нь хуулраад дээд талдаа байгаа. Үүнийг зулгаралт гэж хэлдэг. Сэтэрсэн шарх гэдэг тусдаа ... Хүнд зэргийн согтолттой хүн өөрийгөө удирдах чадваргүй, ухамсарт ухаангүй болно, тухайн үед хийсэн үйлдлээ санах чадваргүй болно гэсэн үг ... Би хэргийн газар өөрөө очсон. Тэгэхэд чулуутай газар байсан. Зулгаралт гэдэг нь ямар нэгэн үрэлтийн улмаас үүсч байгааг хэлдэг. Цохилтын улмаас цус хуралт үүсдэг....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэлээс/,

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Жийп машинтай хүмүүс талийгаачийн гадаа ирж байсан. Талийгаач эхнэртэйгээ мөн Д, Д /Э/, О нар ирж байсан ... Талийгаач О-той муудалцаад барьцалдаж аваад байсан. О талийгаачийг хавирч унагаагаад цээж орчим руу нь хэд хэдэн удаа өшиглөж байхыг би харсан. Би очиж талийгаачийг салгаж аваад гэр лүүгээ дагуулаад явсан... Манай гэрт ороход талийгаачийн нүүрэнд 2  талын шанаа, баруун нүдний хөмсөг орчим шалбарч цус гарсан, зүүн нүд нь хөхөрсөн байсан. Нүүр гарыг нь угаалгаад шалбарсан хэсгүүд дээр нь 00-н цаас нааж өгсөн ... Толинд өөрийнхөө царайг харчихаад Отгоо намайг арай дэндүү зодчихжээ арай бишээ гээд дахин дахин хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ44-45/,

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Талийгаач агсам тавиад эхэлсэн. Тэгсэн гар лүүгээ ороод нэг юм барьж гарч ирээд гартаа барьсан зүйлээрээ Д-г цохих гэтэл Д бултах гэж байгаад өөрөө газарт унасан. Тэгээд талийгаач О-г цохих гээд ухасхийсэн бөгөөд О бултах гэж байгаад мөн адил газарт унасан. Тэгээд талийгаач О-г дарж аваад цохиод байхаар нь би тэр хоёрыг салгасан юм. Тэгэхэд талийгаач хувцсаа тайлаад агсам тавиад “ална” гэж орилж байгаад гэнэт Зоригийн гэрийн зүгт гүйсэн. Би араас нь гүйгээд З-н гэр лүү ороход талийгаач буу аваад эргэх үед нь би бууг нь булааж аваад талийгаачийг тайвшруулаад байж байтал О машинаа уунаад явсан ... О талийгаач хоёр хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Талийгаач л агсамнаж дайраад байсан ... Дээр доороо ороод байж байсан. Биеийн аль хэсэг рүү нь цохисон талаар би мэдэхгүй байна. Намайг салгахад О нь нэг удаа өшиглөсөн. Яг хаашаа нь өшиглөснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ62-63/,

Гэрч Т.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Талийгаач гэрийнхээ хойморт байсан зурагтыг аваад шидсэн. Тэгээд би бариад авсан. Тэгээд гайгүй болчихоод гадаа зогсож байснаа буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Тэгсэн чинь нэг юм бариад гараад ирсэн. Гарч ирээд талийгаач гараараа хоёр тийш нь саваад байсан. Тэгэхээр нь над руу далайгаад хүрээд ирэхээр нь би бултаад зугтах гэсэн хажуу тийшээ уначихсан... Тэгээд би гэр лүү нь талийгаачийг тэврээд оруулсан ... Тэгсэн чинь талийгаач хөл нүцгэн гараад гүйчихсэн. Тэгээд араас нь Д явсан. Тэгээд талийгаачийг Б-нд буу барьчихсан байж байхад нь болиулсан гэж байсан... Би Б-нд байхад нь араас нь очсон. Гэрт нь ороход бүгд тайвширчихсан байж байсан. Тэгээд нүүр амыг нь угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ68-69/,

Гэрч Л.Б-н мөрдөн байцалтад өгсөн “... Б орж ирээд манай нөхөр Б-г дуудаад талийгаачийг салгаад аваатах, миний үгэнд орохгүй байна гэсэн. Манай нөхөр гараад явсан удаагүй талийгаачийг аваад ирсэн. Талийгаач манайд орж ирэхэд нүүр нүд нь шарх сорив, цус болсон байдалтай орж ирээд манай гэрт байсан бууг барьж авах гэсэн. Араас нь Д, Б нар орж ирээд Д манай нөхөр хоёр боль гээд буу бариулаагүй, буу барьж болохгүй зүгээр бай гээд нүүр гарыг нь угаалгасан. Талийгаач цээж нүцгэн, хөл нүцгэн орж ирсэн. Нүүрээ угаачихаад толинд царайгаа хараад намайг О дэндүү зодчихжээ, Ц-ний хүүхдийг ална гээд байсан ... Би нүүрний шалбарсан хэсгүүд дээр нь 00-н цаас нааж өгсөн. Нүүрэнд нь 2 шанаа, хацар зэрэгт нь шалбарсан байсан. Нэг нүд хөхөрсөн байсан, хөмсөгнөөс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ74-75/, 

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... Талийгаачийн толгойн баруун хэсэгт овойж товойсон гэмтэл байхгүй байсан. Харин нүүр болон чих, дух зэрэгт зулгаралт гэмтэл байсан. Шинжилгээнд оролцсон талийгаачийн ар гэрийн гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн надад ямар нэгэн зүйл хэлээгүй, шинжилгээний явцад асууж тодруулах зүйл байна уу гэхэд тухайн 2 оролцогч байхгүй гэсэн. Шинжилгээ хийхийн өмнө талийгаачийн ар гэрийнхэн толгойн хэсгээс нь их цус гоожсон гэсэн тул би толгойд нь нарийн үзлэг шинжилгээ хийсэн. Гадна талаас болон задлан шинжилгээгээр толгой тархийг үзэхэд ямар нэгэн гэмтэл байгаагүй... Баруун хөмсгөнд байх шарх нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, биед учирсан бусад зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь буюу цус хуралт  гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Талийгаачийн цогцосноос цус авч согтолтын зэргийг тогтооход хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байдаг ... Талийгаач дүүжлэлтийн улмаас нас барсан нь хүзүүнд байх дарагдлын ором, уушигны болон зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, баруун бамбай болон баруун жолоо булчингийн цус хуралт, дээд уруулын дотор салстад цэгчилсэн цус харвалт илэрсэн. Мөн эд эсийн шинжилгээнд их бага тархинд судас нэвчсэн цус харвалт, уушгинд цулцан дахь цус харвалт, хүзүүнээс авсан арьсанд өөхлөгт голомтлог цус харвалт зэргээр дүүжилж нас барсан нь илэрч байна...” гэсэн мэдүүлэг /ХХ133-135/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаачийн биед хүзүүнд ором, баруун хөмсгөнд шарх, дух, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт, баруун багалага, баруун суга, зүүн сарвуу, зүүн ташааны толгой, зүүн дээд, доод зовхи баруун хөлний тавхай, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хүзүүнд байх дарагдлын ором гэмтэл нь зөөлөн уяа мэт зүйлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Хүзүүнд байх дарагдлын ором гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Баруун хөмсгөнд байх шарх гэмтэл болон зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. 5. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэж нас барсан байна...” гэсэн дүгнэлт /ХХ117-121/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ7-8/, түүний гэрэл зургийн үзүүлэлт /9-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ15-16/, гэрэл зургийн үзүүлэлт                     /ХХ17-22/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.О-г прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч нарын зүгээс талийгаачийн биед учирсан гэмтлийг дутуу тогтоосон буюу зүүн чинхий ард уйланхай мэт зүйл байсныг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байна гэсэн нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад 2 удаа болон шүүх хуралдаанд өгсөн тогтвортой мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Д.С, Ч.Х нар нь “...тухайн хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж байна...”, “...Миний хүүг энэ хүмүүс алсан. Харин яаж алсан байдаг юм.”, “...Энхдэлгэр нь захиалж алуулсан..” гэж байгаа боловч талийгаач С.Ц-г Ц.О-с өөр хүн зодоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-н талийгаачийн эрүү мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нэмж, гэрч, шинжээчийг оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 100.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.О-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгтэй хамт ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг гэх CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ц-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 100.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.О-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгтэй хамт ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг гэх CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА