Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

     2020         07           09                                       2020/ШЦТ/477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ш,

шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч .............  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ....... овогт Т-н Ж-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2...............6 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн “Фэйсбүүк” цахим сүлжээг ашиглан ..............  нэртэй хаягаар 12 настай Э рүү садар самууныг сурталчилсан кино дүрс бичлэг илгээж, бичлэгийг үзсэний дараа нүцгэн биений бичлэг явуулахыг шаардаж, бичлэгийг цахим сүлжээнд тараах, танил хүмүүст үзүүлнэ гэдэг байдлаар айлган сүрдүүлэн заналхийлж 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 5........ дугаарын дансаараа 20.000 төгрөг авч, мөн дахин мөнгө, гар утсыг өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн “Фэйсбүүк” цахим сүлжээг ашиглан “..............  нэртэй хаягаар 12 настай  Э рүү садар самууныг сурталчилсан кино дүрс бичлэг илгээж, бичлэгийг үзсэний дараа нүцгэн биений бичлэг явуулахыг шаардаж, бичлэгийг цахим сүлжээнд тараах, танил хүмүүст үзүүлнэ гэдэг байдлаар айлган сүрдүүлэн заналхийлж 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны .................  дугаарын дансаараа 20.000 төгрөг авч, мөн дахин мөнгө, гар утсыг өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь:

 

1. Шүүгдэгч Т.Ж шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ш шүүх хуралдаанд: “Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охиноо энэ хүнтэй холбогдсон байна гэдгийг мэдсэн. Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө, шөнө 3-4 цагийн үед манай охин утсаараа оролдож байсан. Би тухайн үед утсаараа тоглож байгаа юм байна гэж ойлгосон. Манай охин надаас 17-нд дансны дугаараа өгөөч гэхээр нь өгтөл миний дансанд 20.000 төгрөгийн орлого орсон. Охиноосоо асуутал маргааш би ангийнхантайгаа “Хүннү Молл” орж кино үзэх гэсэн юм гэж хэлсэн. Би дандаа охиноо хүргэж өгөөд очиж авдаг байсан учир хэнтэй, яаж явах гэж байгаа юм бэ гэж асуутал найзуудтайгаа явна гээд худлаа яриад байх шиг байсан. Тэр орой манай охин дэлгүүр ороод ирье гээд гарсан. 10-аад минутын дараа орж ирэхгүй байхаар нь гарах гэж байтал ээж нь орой 9 цагийн үед ажлаа тараад ирсэн. Ээж нь орцны үүдэнд хүнтэй юм бичээд зогсож байна гэж хэлсэн. ............... гэсэн хаягаас их зүйл бичсэн байсан. Тэгээд чатыг нь хартал явуулсан чатаа устгасан байсан. Энэ талаар охиноосоо асуутал том хүний бичлэг явуулсан гэж хэлсэн. Тэгээд анх тухайн хэргийг мэдсэн. Чи энэ бичлэгийг үзлээ би ангийнханд чинь тараана надад 50.000 төгрөг өг гэж хэлсэн байсан. 2-3 өдөр чат бичиж дарамталсан байсан. Чатаар бэлхүүснээс доошоо зургаа явуул гээд дарамтлаад манай охин айснаасаа болоод явуулсан байсан. 01 дүгээр сарын 17-ны өдрөөс би охиныхоо өмнөөс чат бичиж эхэлсэн. Тэгтэл 30.000 төгрөг явуул, 70.000 төгрөг явуул гэсэн. Тэгээд би дансыг нь авах гээд би мөнгөгүй байна. Би чадах хэмжээгээрээ мөнгө явуулъя гэж хэлсэн. Над руу видео бичлэгээр залгаад байхаар нь мэдчихэж магадгүй гэж бодоод аваагүй. Намайг ямар утас барьдаг вэ гэхэд нь “Ай Фоне” 6 гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь надад утсаа авчирч өг утасныхаа Ай ди түгжээгийн гаргаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь ахаа би автобусанд сууж мэдэхгүй гэтэл 3 дугаар сургуулийн автобусны буудлыг хүнээс асуугаад автобусанд суугаад ир гэж хэлсэн. Очиж байх замд дансандаа байгаа мөнгөө аваад ирээрэй гэж хэлсэн. Цагдаагийн ерөнхий газар миний багийн найз байдаг. Тэр найзыгаа болон охиноо дагуулаад очсон. Би данс болон овог нэрээр нь хайгаад зургийг нь олсон байсан. Тэгтэл манай найз иймэрхүү хүүхдүүд цахим тоглоомын газар байж магадгүй гэж хэлээд 3 дугаар сургуулийн СU-гийн хажуу талын цахим тоглоомын газар ороод энд тийм залуу сууж байна. Машинаа хол тавиад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сургуулийн автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн ард талд зогсож байсан. Би эхнэрийнхээ дүүтэй, найзтайгаа очиж барьж авсан. Би тухайн үйлдлийг таслан зогсоогүй байсан бол 12 настай охиныг дуудаж аваачаад юу болох байсныг мэдэхгүй. Би гомдолтой байна” гэв.

 

3. Насанд хүрээгүй хохирогч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 4 дүгээр ангийн сурагч байхад манай найз .................... эгч нь надад фэйсбүүк хаяг нээж өгсөн бөгөөд тэрнээс хойш би тогтмол фэйсбүүк хаягаа ашиглаж байгаа. Би өдөрт 2 цаг орчим хугацааг фэйсбүүк хуудсанд өнгөрүүлдэг бөгөөд ихэвчлэн найзууд руугаа юм бичих зэргээр өнгөрөөдөг юм................ гэсэн хаяг ашигладаг юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчим фэйсбүүкт юм сонирхоод үзээд сууж байтал гөлөг, муурны өхөөрдөм бичлэг байсан бөгөөд доор нь сэтгэгдэл үлдээх гэсэн хэсэгт “яасан хөөрсөн юм” гэж бичтэл ................... нэртэй хаягнаас миний хувийн чат руу “би танай хамаатны ах байна, ээжийн чинь талын хүн байна” гэсэн зүйл бичсэн байсан. Би тэрийг уншаад ямар нэгэн хариу бичээгүй. Тэгсэн чинь над руу нэг доор 6-7 бичлэг явуулахаар нь юу юм бол гэж бодоод сонирхоод ороод нээж үзтэл том хүний нүцгэн байдалтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгүүд байхаар нь шууд гараад тэр хүнийг блок буюу дахиж над руу хандах боломжгүй болгосон. Тэгсэн чинь .................  нэртэй хаягнаас “миний сая бичлэг явуулсан хаягын блокыг гарга, үгүй бол би чиний аав, ээжид чинь хэлнэ, ангийн найзууд руу чинь ийм бичлэг үзсэн гэж хэлнэ гэж хэлэхээр нь би гайхаад нөгөө ................. нэртэй хаягын блокыг гаргаж над руу хандах боломжтой болгосон. Тэгтэл над руу чиний сая үзсэн бичлэгүүдийг чинь найзууд руу чинь явуулчих уу гэж хэлэхээр нь би яах юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэгвэл чи над руу мөнгө шилжүүл гэж хэлээд данс явуулсан. Хэд дугаартай данс байсан эсэхийг цээжээр санахгүй байна. Дансны дугаар явуулаад ийшээ 30.000 төгрөг шилжүүл гэхээр нь ахаа надад тийм их мөнгө байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь тэгвэл 25.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би хариу за гэж бичсэн. Аав, ээждээ хэлэхээс айгаад аавын төрсөн дүү ................  рүү мессеж бичээд ангийнхатайгаа хамт кино үзэх гэж байна гэж худлаа хэлээд аавын тухайн үед надад өгөөд ашиглуулдаг байсан хаан банкны ...............  дугаарын дансыг өгөөд 20.000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд мөнгийг нөгөө ахын өгсөн данс руу Буянт-Ухаа 2 хорооллын шинээр ашиглалтанд орсон бэлэн мөнгөний машин руу очоод 2020 оны ............ дүгээр сарын ...........  орой 22:07 цагт 20.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд буцаад өөрийн амьдардаг байрны орцонд нөгөө ах руу 20.000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлээд утсаараа мессеж бичээд зогсож байтал гаднаас ээж ............. орж ирээд “чи наанаа юу хийгээд зогсож байгаа юм, хэн рүү юу бичээд байгаа юм бэ” гэж хэлээд миний утсыг булааж аваад нөгөө ахтай чаталсан чатыг хараад болсон асуудлыг мэдсэн. Нөгөө ах надад дахиад мөнөг шилжүүл гэхээр нь өөр мөнгө байхгүй гэж хэлсэн. 80.000 төгрөг шилжүүл гэхээр нь байхгүй гэтэл тэгвэл утсаа өг ямар утастай юм гэхээр нь Айфоне 6 загварын гар утастай гэж хэлсэн чинь маргааш наад утсаа өг гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Аав, ээж хоёр мэдсэний дараа нөгөө ах над руу интернетээр зөндөө олон удаа залгаад байсан бөгөөд аав маргааш нэг мөсөн цагдаад мэдэгдье гэж хэлээд нөгөө хүний дуудлагыг авахуулаагүй. Би эхлээд өөрийнхөө царайг харуулсан нэг зураг явуулсан. Бичлэг явуулахгүй бол чамайг ийм бичлэг үзсэн гэдгийг ангийн чинь хүүхдүүд рүү явуулна шүү гэж айлгаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-23/,

 

4. Гэрч П.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Э-г тухайн залуу порно бичлэг явуулсан чи үзсэн, одоо найз нөхөд ангийн найзууд руу чинь явуулна, гялс мөнгө явуул гэж сүрдүүлсэн. Тэгээд чи өөрийн шалдан нүцгэн бичлэгээ явуул гээд 3-4 бичлэг манай охин Ш. тухайн залуугийн фэйсбүүк ............  гэсэн хаяг руу явуулсан байсан. Мөнгө явуул гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед 20.000 төгрөг ..............  гэсэн данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

 

5. Гэрч ...............  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний том охин, Э 12 настай. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой яг цагийг нь сайн санахгүй байна ажлаасаа тараад гэртээ ирж явсан бөгөөд орцонд ортол  гэрийн үүдэнд байсан бөгөөд намайг хараад гүйгээд явчих шиг болсон. Тэгэхээр нь дуудаж ирүүлээд гэртээ оруулаад утсаараа оролдоод зогсож байсан болохоор юу хийж байсан эсэхийг нь мэдэхээр утсыг нь авах гэтэл өгөхгүй байсан бөгөөд хэсэг байж байгаад өгсөн. Доторх чатуудыг нь уншиж үзтэл “................ ” гэсэн хаяг руу 20К хийсэн шүү гэж бичсэн, нөгөөдөх нь заза утсыг чинь авахаа болилоо гэж хариу бичсэн байсан. Тэгэхээр нь юун хүн бэ, юун мөнгө вэ гэж асуусан.  тэр хүнтэй харьцсан ихэнх чатаа устгасан байсан. Сүүлийн хэдэн өдөр ерөөсөө утаснаасаа салахгүй, шөнө унтахгүй биеэ засах өрөөнд утсаараа оролдоод байхаар нь тоглоод байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд нөгөө чатыг үргэлжлүүлээд уншихад яг одоо 80.000 төгрөг хий, үгүй бол чиний бичлэг юмнуудыг чинь ангийн чинь найзууд руу чинь явуулна гэж хэлээд, манай охины явуулсан зураг, бичлэгийг өөр рүү нь буцаагаад явуулж байсан. Тэрнээс хойш манай нөхөр нөгөө хүн рүү нь охины өмнөөс чат бичиж байгаад маргааш нь барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

 

6. Яллагдагчаар Т.Жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед байх фэйсбүүкт 16-20 насны танилцах групп нэртэй группт нэг охин танилцах хүн байна уу гэсэн зар тавьсан байхаар нь тэр зар руу нь лайк буюу таалагдсан үнэлэмж дараад тэр хүний хувийн фэйсбүүк рүү чат буюу танилцах зурвас илгээсэн. Танилцах уу гэсэн чинь танилцсан. Хоёулаа чатаар хэсэг харьцсан. Тэгж байгаад би тэр охинд зургаа явуул гэж хэлсэн чинь цээжин биений зургаа явуулсан. Тэгэхээр нь чи нүцгэлээд бичлэгээ явуул гэж хэлсэн. Тэрнээс өмнө би тэр охин руу хэд хэдэн порно бичлэг өөрийн утаснаасаа явуулсан. Миний явуулсан бичлэгүүдийг нөгөө охин үзсэн болох нь надад харагддаг. Чат дээр “seen” гэсэн үг гарч байвал нөгөө хүн чатаар илгээсэн зүйл хүлээн аваад уншсан гэсэн үг. Би тэр охинд порно бичлэг үзсэн одоо чиний бичлэг үзсэнийг ангийн чинь бүх хүүхдүүдэд харуулна, фэйсбүүкээр тараана гэсэн чинь тэр охин намайг блок буюу өөртэй нь харьцах боломжгүй болгочихсон. Би тэр охины фэйсбүүк хаягийг санахгүй байна, харин би ............... гэсэн хаягтай байсан юм. Намайг блок хийчихээр нь би ............  гэсэн фэйсбүүкийн хоёр дахь хаягаараа ороод чи яагаад намагй блок хийж байгаа юм бэ одоо блок гаргаадах тэгэхгүй бол чиний нүцгэн бичлэгийг фэйсбүүк рүү чинь цацлаа шүү гэж чат бичсэн. Тэгсэн чинь нөгөө охин блок гаргаад би “.............” гэсэн хаягнаас чи одоо 30.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Нөгөө охин надад 20.000 төгрөг байна гэхээр нь би өөрийн хаан банкны ................ дугаарын дансаа явуулсан чинь орой хэдэнцаг байсныг мэдэхгүй байгаа надад 20.000 төгрөг орж ирсэн бөгөөд нөгөө охин надад 20.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би тэр охинд дахиад 80.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн чинь надад өөр мөнгө байхгүй шүү дээ ахаа гээд байхаар нь тэгвэл утсаа өг гэж хэлсэн. Чи ямар загварын утастай юм гэж асуутал Айфоне 5 гэж хэлсэн. Тэрийг өг гэж хэлээд маргааш нь авахаар болсон. Маргааш өдөр нь би тэр охин руу видео калл буюу интернэтээр залгахад авахгүй мөртлөө мессеж бичээд одоод очлоо гэж хэлсэн. Зуун айлын тэнд 3 дугаар сургуулийн Хаан банк дээр хүрүээд ир гэсэн чинь удалгүй ирчихлээ гэсэн мессеж явуулахаар нь би ..............  нэртэй писи тоглоомын газарт сууж байсан бөгөөд гараад очтол нэг ах намайг барьж аваад цагдаа дээр ирсэн. Би тэр охинд нүцгэн бичлэгийг чинь тараана, ангийн чинь хүүхдүүдэд хэлнэ гэж хэлээд эхлээд 20.000 төгрөг авсан, дараа нь утсаа авчирч өгө гэж хэлээд утсыг нь авах гэж байснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 59-61/,

 

          7. Шүүгдэгч Т.Жийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 32-39/,

 

          8. Шүүгдэгч Т.Жийн “Хаан банкны депозит дансны хуулга” /хх-н 7-14/,

 

          9. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Шын “Хаан банкны депозит дансны хуулга” /хх-н 67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Жийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйл “Заналхийлэх” гэмт хэрэг нь “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” бол гэмт хэрэгт тооцохоор харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилүүлэн өгөхийг шаардаж ...сүрдүүлсэн” бол гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай  ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргээс “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийг авах, эрх шилжүүлэхийг шаардаж” байгаагаараа тус гэмт хэргээс ялгаатай байхаар хууль тогтоогч хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчийг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгө авах, эрх шилжүүлэхийг шаардахгүй бөгөөд зөвхөн “тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаарддаг” тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Ж нь насанд хүрээгүй хохирогчийн бичлэгийг тараана, бичлэг үзсэнийг нь ангийн хүүхдүүд болон эцэг эхэд нь хэлнэ гэж сүрдүүлж, улмаар насанд хүрээгүй хохирогчоос мөнгө, эд зүйл нэхэн 20.000 төгрөг шилжүүлэн авсан мөн дахин гар утсаа өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж насанд хүрээгүй хохирогчийн ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

            Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Ж нь “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Т.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулах санал гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Т.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдийн эсрэг, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч гомдолтой зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 03 жил 6 сар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Т.Жид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Т.Жид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ловон овогт Түмэндэмбэрэлийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ловон овогт Түмэндэмбэрэлийн Жийг 03 жил, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жид оногдуулсан 03 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Жийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Т.Жид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

      7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг

эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Жид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       

 

ДАРГАЛАГЧ

  •