Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01029

 

 “Ү” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр магадлалтай

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Будрагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ү” ХХК нь Ц.Б-тэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 1702 тоот дугаар гэрээг цуцалж, үндсэн зээл 4 999 813 төгрөг, түүний хүү 5 524 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 059 960 төгрөг, нийт 11 584 566 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэсэгчлэн нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх нэхэмжилсэн дээр 579 978 төгрөг нэмэгдсэн. Түүний зөрүү 18 049 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн. Иймд хариуцагч Ц.Б-гээс 12 164 544 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлээ хангахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1702 тоот зээлийн гэрээг байгуулаад, 6 сарын хугацаатай 6 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 2-3 сая төгрөгийг өгсөн, гэтэл нэхэмжилж байгаа үндсэн зээл нь 4 000 000 төгрөг түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа. Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн зээлийн гэрээг 3 хүн байгуулсан байхад ганцхан Ц.Б-гээс нэхэмжлээд байгаа. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зээлийн хүүг бууруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулж “Ү” ХХК /РД:5001226/-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10 дугаар гудамж, 419 тоот хаягт байршилтай Ү-2206008626 тоот гэрчилгээний дугаартай, 68,5 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г-2206002685 тоот гэрчилгээний дугаартай 471 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-гээс 218 352 төгрөгийг гаргуулж “Ү” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.10.02-нд төлсөн 200 303 төгрөг, 2017.11.23-нд төлсөн 18 049 төгрөг нийт 218 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй, анхан шатны шүүх Б.Дүүдээ, Р.Батзул нараас хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулаагүй мэтээр дүгнэжээ.

Гэтэл бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа л хариуцагчаар Ц.Б-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд заасан эрхийнхээ дагуу тодорхойлсон, тийм ч учраас шүүх Ц.Б-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэж, улмаар Ц.Б-гээс зээлийн мөнгө гаргуулж шийдвэрлэсэн. Бид Б.Дүүдээ, Р.Батзул нарыг угаасаа хамтран хариуцагчаар татаагүй, зүгээр шүүхэд мэдээлэл өгөх зорилгоор л нэхэмжлэл дээрээ тусгасан. Энэ нь ч бидний шүүхэд өгсөн нэхэмжлэл дээрээс маш тодорхой харагдаж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үүнийг яагаад ойлгохгүй байгааг бид ойлгохгүй байна.

Давж заалдах шатны шүүх гэрч асуугаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлээ тайлбарласан. Гэтэл энэ талаар хариуцагч тал ямар нэг гомдол гаргаагүй. Энэ нь хариуцагчид гэрч асуулгах шаардлага байгаагүйг нотолж байна.

“Ү” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй гэжээ. Гэтэл бид хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ шүүхэд өгсөн, уг гэрчилгээнд бидний явуулдаг үйл ажиллагааны чиглэлийг “зээлийн үйл ажиллагаа” гэж тодорхой бичсэн байхаас гадна нэхэмжлэгч болон хариуцагч нар “Ү” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаагүй. Тэгээд ч талуудын хооронд байгуулсан гэрээнүүд дээр манай банк бус санхүүгийн байгууллагын тамга дарагдсан байгаа.

Хэрэв хэрэг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэгдэх тохиолдолд бид шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь хариуцагчид улам л хохиролтой нөхцөл байдлыг үүсгэнэ гэдгийг эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Будрагчаагийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг Р.Батзул авч хэрэглэсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд нь Р.Батзулыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан /хх-37/, нэхэмжлэгч нь Б.Дүүдээ, Б.Батзул нарыг хариуцагчаар татаагүй /хх-1/, нэхэмжлэгч “Ү” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй /хх-4/ болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс “...хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй...”, “... Б.Дүүдээ, Р.Батзул нараас нэхэмжлэгч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй...”, “...нэхэмжлэгчийн барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хэрэгт авагдаагүй...” гэх үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтад нийцээгүй, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Будрагчаагийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 352 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД