Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 27

 

                                           

        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би,

Нэхэмжлэгч: Б.Э 

Хариуцагч: А аймгийн Ч сумын Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Ч сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэхэмжлэгч Б.Э-гийн  “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Э миний бие нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдуулж “Б овогтой Э миний биеийг А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилсон шийдвэрийг Ч сумын Засаг даргаар гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг минь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Э-гээс А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдуулан “Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Ч сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл  гаргасныг тус шүүх 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийг “Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Ч сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Б.Э-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлан, баримт үйлдсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-г “Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Ч сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Б.Э-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                   ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ