Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Эд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Энхбаяр, Н.Энхжаргал

            Хохирогчийн өмгөөлөгч                                 Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                   Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын эсэргүүцэлийг үндэслэн, Г.Эд холбогдох 201603000114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,, Архангай аймгийн ,суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн Э /РД:,,/

 

Г.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Г-Т” ХХК-ний явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа шунахайн сэдэлтээр “Г Т” ХХК-ний 19.058.799 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Эд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Гийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж; Шүүгдэгч Бэсүд овогт Гийн Эг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгаас хохиролд 19.258.799 /арван есөн сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун ерэн ес/ төгрөг гаргуулж, хохирогч “Г Т” ХХК-нд олгож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 хавтас материалыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж; Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.”

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянавал: Г.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Г-Т” ХХК-ний явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа шунахайн сэдэлтээр “Г Т” ХХК-ний 19.058.799 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас Г.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2017 оны 07 сарын 21-ний өдөр 90 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Эд холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Г.Эг албан тушаалын байдлаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Г.Эгийн томилогдон ажиллаж байсан “Г Т” ХХК-ийн “явуулын борлуулагч” гэх албан тушаал нь Эрүүгийн хуульд заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтны зэрэглэлд хамаарахгүй, тухайн гэмт хэргийн “албан тушаалтан” гэх субъект биш гэж дүгнэн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Эг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г Т” ХХК-д явуулын борлуулагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан тус ХХК-ийн ерөнхий захирал Ш.Лхагвын “Ажилд томилох тухай” тушаал, Г.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Хэрэгт авагдсан тус ХХК-ийн явуулын борлуулагчийн ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолтод “бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлогыг байгууллагын санхүү, нягтлан бодогч нарт тушаах”-аар журамлажээ.

Гэмт хэргийн улмаас “”Г Т” ХХК-ийн бараа бүтээглэхүүн худалдсаны орлого болох 19.058.799 төгрөгийг шүүгдэгч Г.Э нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг байгууллагад тушаах үүрэг бүхий явуулын борлуулагчийн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Эгийн ажиллаж байсан явуулын борлуулагч гэх “албан тушаал” нь Эрүүгийн хуульд заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтны зэрэглэлд хамаарахгүй гэж дүгнэжээ. 2015 оны Эрүүгийн хуульд аж ахуйн нэгжийн албан тушаалтны зэрэглэлийг хуульчлан журамлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Түүнчлэн тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн атлаа тухайн этгээдэд хэн хяналт тавих талаар дурдаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Иймд Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 “Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 ”Хохирлын асуудал дээр Г.Эг анх ажил хүлээж авахад хэдэн төгрөгийн дутагдалтай ажил хүлээж авсныг нотлох баримт байхгүй. Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа мөн тодорхойлж өгч чадаагүй. Үүнийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

”Компаний захирал аливаа албан хаагч нартай албан тушаалтан гээд хөдөлмөрийн гэрээ байгуулахаар албан тушаалтан болчихдог юм биш. Хуульд хэнийг албан тушаалтан гэж ойлгохыг зааж өгсөн байгаа. Эрүүгийн хууль болон бусад хуульд хувийн эрх зүйн албан тушаалтан гэж тэрийг хэлнэ, энийг хэлнэ гэсэн заалт байхгүй. Өмнөх саналаа дэмжиж байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Шүүгдэгчийн өмгөөлөгч албан тушаалтан гэдгийг Авлигатай тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн тайлбар гаргаж байна. Бид нийтийн эрх зүйн албан тушаалтан яриад байгаа юм уу, хувийн эрх зүйн албан тушаалтан яриад байгаа юм уу. Тэрийг ялгаж салгах ёстой. Г.Э нь хувийн эрх зүйн субьектийн албан тушаалтан юм. Худалдагч ч гэсэн албан тушаалтан шүү дээ. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлтээ гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр шинжээч дүгнэлтээ тайлбарласан. Г.Э анх ажилд орохдоо Ган-Эрдэнэ гэдэг хүний оронд ажилд ороод Ган-Эрдэнээс бараа, материалыг хүлээж авсан байдаг. Тэгэхдээ 475.761.000 төгрөгийн барааг хүлээж аваад 4.827.120 төгрөгийн бараа дутагдуулсан болох нь тогтоогдсон. Үүнийг шинжээчийн дүгнэлтэд хүртэл тусгасан байгаа. Г.Э өөрөө хэдэн төгрөгийн бараа дутагдуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн. Би Г.Эг ял эдлүүлээд явуулна гэж тайлбар гаргаагүй. Шүүхээс тогтоосон хохирол төлөх 2 жилийн хугацааг багасгаж өгөхийг хохирогч байгууллага хүсэлт гаргасныг тавьж байна. Үүнийг шүүх шийдвэрлэх боломжтой. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Эд холбогдох хэрэгт бичсэн  прокурор Н.Цогтбаярын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Эг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Г-Т” ХХК-ний явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа шунахайн сэдэлтээр “Г Т” ХХК-ний 19.058.799 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, Г.Эд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Гийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.

Прокурор яллагдагч Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч яллах дүгнэлтэд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох албан тушаалын байдлаа ашигласан гэх шинжийг тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн алдааг засуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Прокурорын эсэргүүцлийн шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн атлаа тухайн этгээдэд хэн хяналт тавих талаар дурдаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

   ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

                                                                 Н.ЭНХМАА