Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00379

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00379

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, утас 0000000, РД:БЭ0000000 Ж овогт Б Е нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б, утас 00000000/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үндсэн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны эхэнд Өлгий сумын 6 дугаар багийн газар нутагт шинээр хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, шинэ бүтэц орон тоогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд миний бие байнгын ажлын байранд цэцэрлэгийн бүлгийн багшаар 2016 оны 3 дугаар сарын 01-нд орж ажилласан юм. Тухайн үед эрхлэгч Б.Б гурван сараар хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээний хугацаа дуусахаар сунгах болно гэж хэлсэн байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж тушаал гаргасан юм. Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй бөгөөд ямар нэгэн ажил албандаа дутагдал гаргаагүй, мэдлэг чадвараа дайчлан сайн ажиллаж байсан. Эрхлэгч Б нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчин намайг ажлаас халж хохироож байгаад нь гомдолтой байна. Мөн цэцэрлэггүй ажиллагаа явуулсан хоёр сарын хугацаанд салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт, шийдвэр гараагүй юм. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа жил, албан тушаалдаа тэнцээгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тайлбар ч байдаг юм. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн газар нутагт 2016 оны эхэнд шинээр хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон. Энэ цэцэрлэгт шинэ бүтэц, орон тоогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Е нь байнгын ажлын байранд бүлгийн багшаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ажилд орсон байдаг. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч Б нь Етэй 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн сунгахаар болж гарын үсэг зуруулж тохирсон байдаг. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах тушаал гаргасан. Уг нь Е нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, ямар нэгэн ажлын дутагдал гаргаагүй. Харин ч мэдлэг боловсролоо дайчлан санаачилгатай ажилласан байдаг. Ед Мэргэжлийн хяналт газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг танилцуулж мэдэгдэх хуудас өгсөн байсан. Ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан нь учир дутагдалтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.2-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэж заасан. Гэтэл эрхлэгч нь байнгын ажлын байранд тодорхой үндэслэл, шаардлага, шалтгаангүйгээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж үндэслэлгүй ажлаас халсан тул Бжан Еийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 он гараад хүүхдийн 16 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж би тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон юм. Уг цэцэрлэгт ажиллах мэргэжлийн багш нар болон түгээмэл мэргэжилтнүүдийг /манаач, тогооч, галч/ аймгийн удирдлагуудаас шинээр байгуулагдсан бүх цэцэрлэгүүдэд багш ажилчдыг хуваарилж өгсөн ба тэднийг ажилд авсан тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон Боловсрол соёлын газрын дарга нарын албан бичиг, зохих хуулийн заалтуудыг үндэслэн Б.Еийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 19 дугаар тушаал гарган тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллуулан хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Б.Е нь Сургуулийн Өмнөх Боловсролын мэргэжлийн бус хүн учраас уг ажлыг авч явах чадвар суух эсэхийг туршиж үзэх зорилгоор хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө аймгийн мэргэжлийн хяналтын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 04-09- 006/119-р дүгнэлт гарч Б.Еийг бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй, харин туслах багшаар ажиллуулах бололцоотой гэж дүгнэсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол соёлын газраас Б.Еийг ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардсан. Эрх бүхий байгууллагын дүгнэлт гарч, удаа дараа шаардсан учраас миний бие аргагүйн эрхэнд Б.Етэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 24 дугаар тушаал гарган дуусгавар болгосон. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын өмнө Б.Ед мэдэгдсэн. Миний би Б.Е хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь Еийг шинээр байгуулагдсан цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүлгийн багшаар авч ажиллуулан хугацаатай гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Учир нь Мэргэжлийн хяналтын газрын боловсрол хариуцсан улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0409006/119 тоот дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшийн ажилд ажиллах бололцоо байхгүй байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан учраас энэ дүгнэлтийг үндэслээд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хувьд энэ хүн сургуулийн өмнөх боловсролын бүлгийн үндсэн багшийн ажлыг хийж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг удирдлага болгож энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Нэгэнт багшийн ажилд авч ажиллуулж болохгүй тул 9 дүгээр сард шинээр нэг бүлэг нэмэгдэнэ. Түүнийг туслах багшаар, эсвэл сав угаагчаар ажиллуулах саналыг удаа дараа тавьсан боловч үүнийг Е хүлээн зөвшөөрөөгүй. Заавал үндсэн бүлгийн багшаар ажиллана. Шүүхэд хандана гэсэн. Энэ санал болгосон ажилд одоо хүртэл оролгүй байж байгаа. Боловсролын дипломгүй, үнэмлэхгүй гэдэг шалтгаанаар ажлаас халж болохгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Тэгэхээр энд хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг тодотгол бий. Тэгэхээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг зөрчиж бүлгийн багшийн ажилд авсан гэсэн дүгнэлт гарсан учраас Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Тийм учраас Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн үндсэн багшаар авч ажиллуулах боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь, нэхэмжлэгч Б.Еийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар авч ажиллуулан, 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай тушаалаар, мөн хоёр талын гарын үсэг зурж баталгаажуулсан Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгох тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-ын тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Етэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлаж, дуусгавар болгосон байна.

Үүнээс нэхэмжлэгч Б.Е нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг хариуцагчийн тушаалдаа үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Е төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. /Уг дүгнэлтийн огноог 2016 оныг 2014 он гэж бичигдсэнийг техникийн алдаа гэж дүгнэв/

Нэхэмжлэгч Б.Е нь Англи-Орос хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөж 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэл судлаач Дээд Сургуулийн №0000000 дугаартай бакалаврын диплом, мөн 2014 онд Монгол, Казах хэлний үгийн өргөлт сэдвээр дипломын зохиол бичиж хамгаалан Ховд Их сургуулийн дугаар Е0 00000Боловсрол судлалын ухааны Магистрын диплом, мөн Баян-Өлгий аймаг дахь Тус дэм сургалтын төвийн мэргэжлийн анхан шатны сургалт, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх сургалтад 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 19-ний хугацаанд хамрагдаж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Цэцэрлэгийн туслах багш мэргэжлийн төрлөөр Дугаар 0045338 Чадамжийн гэрчилгээ авч байсан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Е төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэсэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-ийг, мөн Цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтын В тавигдах шаардлагад заасан Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй байх нь чухал шаардлагатай гэснийг тус тус зөрчиж байна.

Нэхэмжлэгч Б.Е нь цэцэрлэгийн үндсэн бүлэгт багшлах эрхгүй, багшаар ажиллах эрхийн шалгалт өгөөгүй нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-ыг, мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 тушаалаар баталсан сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багшид багшлах, эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 4-р бүлгийн 4.2-р заалтыг тус тус зөрчиж байна.

Уг журамд зааснаар багш мэргэжлээр шинээр төгсөгч, боловсролын байгууллагад гурваас дээш жил ажиллаагүй багш Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл-өөс зохион байгуулах шалгалтад тэнцсэнээр боловсролын байгууллагад нэг жилийн хугацаатай ажиллах эрхтэй болно гэсэн байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-д цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа багш Б.Е төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэсэн заалтыг зөрчсөн ба зөвхөн цэцэрлэгийн туслах багшаар ажиллах боломжтой гэсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Е төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-ийг зөрчиж байгаа тул Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн үндсэн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЭ0000000 Ж овогт Б Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үндсэн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Е нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК