Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

   2020         06         04                                       2020/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

Улсын яллагч: Х.Эрдэнэтуяа,

Хохирогч: Б.Б, түүний өмгөөлөгч ............

Шүүгдэгч: Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .......... овогт Б-н Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Л нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............  караоке-с гарч явахдаа шатан дээр иргэн Б.Быг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..............  караокеноос гарч явахдаа шатан дээр иргэн Б.Быг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Шүүгдэгч Б.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын

шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  1. Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирол 128.000

төгрөгөө нэхэмжилж байна гэв.

3. Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр ........... найз ........, түүний эхнэр ........... нарын хамт Хан-Уул дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” караоке-д орж 1 шил архи уусан. Тэгээд шөнийн 00 цагийн үед манай найз ...........  тамхи татахаар гарахаар нь би жоохон байж байгаад араас нь гарсан. Тус караокений 2 давхарын шатаар буух гээд хаалгаар гартал миний баруун талын хөмсөг рүү 27-28 настай, ...........цамц өмссөн, шар царайтай, хамар нь бага зэрэг сорвитой залуу шууд л шалтгаангүй цохисон. Би тэндээ унаад жоохон байж байгаад эхнэр дээрээ очоод хүнд пивоны шилээр цохиулчихлаа гэж хэлсэн. Тухайн залуу миний зүүн талын хөмсөг рүү пивоны шилээр цохиж миний зүүн талын хөмсөгийг сэтэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: “...Б.Б нь намайг цохисон хүнийг би танина. Намайг цохисон хүн шар царайтай 173-175 см, зүүн хөмсөг нь хуучин сорвитой 20 гаран настай залуу байсан гэж хэлээд 4 гэсэн дугаар барьж байгаа залууг буюу Б.Лийг зааж энэ намайг цохисон хүн мөн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 23-25/

 

5. Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө найз .............., .............. нарын хамт Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” гэх нэртэй караоке-д пиво ууж байгаад шөнийн 00 цагийн үед тус караокеноос гарах гэж байтал манай найз ............ караокеноос гарахаасаа өмнө 1 ширхэг шилтэй пиво аваад задлуулаад хаалга руу гарахаар алхсан. Бид нар тус караоке-ны хаалгаар гараад шатаар доошоо буухаар алхаж байтал ............. бие засаадахъя гэж бид хоёрт хэлээд пиво бариад буцаад караоке руу алхахаар нь ............ бид хоёр гараад гадаа хүлээж байтал ...........гүйгээд гарч ирсэн. ........... гүйж гарч ирэх үедээ шатнаас унасан мөн ууж байсан пиво нь байхгүй болчихсон байсан. ....Хамгийн сүүлд тус караокеноос гарахаас өмнө ............... пиво худалдаж авсан. Тэр пивоноос нь .................. бид хоёр хувааж уусан. Гэхдээ караокеноос гарах үед хамгийн сүүлд тэр пивыг ............ бариад бид 2 араас нь гарсан. Бид хоёр гадаа гараад байж байтал........... араас гүйж гарч ирсэн. Гарч ирэх үедээ гадаа шатанд бүдэрч унаад гүйгээрэй гэж хэлэхээр нь би яасан бэ гэж асуутал би ууж байсан пивоныхоо шилийг шидээд хагалчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

 

6. Гэрч .............  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай найз .............., ............ нар намайг Хан-Уул дүүргийн ..........дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” караоке-д хүрээд ир гэхээр нь би тэнд очсон. Тэгээд бид нар тус караоке-д 0.5 литрийн “Чингис” нэртэй 1 шил архи, 4-5 пиво ууж байгаад тэндээс шөнийн 00 цагийн үед гарахаар болоод гарах гэж байтал манай найз ............. тус караокеноос гарахаасаа өмнө 1 шилтэй пиво аваад задлуулаад хаалга руу эхлээд ..........., дараа ................ араас нь би алхаад тус караокены хаалгаар гараад шатаар доош буухаар алхаж байтал ............ бие засаадахъя гэж .............бид хоёрт хэлээд пивоо бариад буцаад караоке руу алхахаар нь ........... бид хоёр гадаа гараад хүлээж байтал ............ гарч ирсэн. .................караокеноос буцаж гарч ирэхдээ гартаа пиво бариагүй гарч ирсэн. ................. караокеноос гарахын өмнө худалдагчаас 1 шил, шилтэй пиво худалдаж авсан. Бид нартай хувааж уусан эсэхийг би сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар шатаар буухаар алхаж байхад Л пивоны шилийг шат руу шидчих үү гээд шидэх гэж байхад нь би шилтэй пивоноос нь бариад болиулчихаад түрүүлээд шатаар ............ хамт буусан. Харин Л пивоны шилээ бариад тэндээ үлдсэн. Л надад хэлэхдээ би бие засчихаад буулаа гэж хэлээд 2 давхараас 1 давхар руу буудаг шатны голд 2 давхар руу өгсөөд үлдсэн....Бид гурав тухайн өдөр нэлээн халцгаасан байсан. Намайг тэр хоёр дээр очих үед тэр хоёр 1 шил 0.5 литрийн архи уусан байсан. Би тэгээд тэр хоёртой 4-5 шилтэй пиво хамт уусан”...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

 

7. Шинжээчийн 70 тоот дүгнэлтэд: “...Б.Бын биед баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

8. Шинжээч эмч .............  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.... Мохоо зүйл гэдэг нь хурц ир үзүүртэй, хими биологийн хүчин зүйлээс бусад зүйлийг хэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

 

9. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “   23 цаг 58 минут 29 секундэд “Дурсамж” караокены гарах хаалгаар Б.Л баруун гартаа шилтэй пиво барьчихсан араас нь ........., .............. араас ............... гарч байв. ...Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 00 цаг 01 минут 01 секундэд шат руу алхаад 00 цаг 01 минут 05 секундэд хаалгаар гараад пивоны шилэнд цохиулаад газар унаж байх тул...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-17/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/-аар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

          Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№70/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Л нь Хан-Уул дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........... ” караокеноос гарч явахдаа шатан дээр иргэн Б.Быг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Лийн хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №70 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн баримт гарган өгсөн/ хх-ийн 73/ байх бөгөөд хохирогч Б.Б нь 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгөөр “Натур” эмнэлэгт компьютер томографт харуулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Лоос 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бод олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй зэргийг харгалзаж, шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Лид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ..... овогт Б..... Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... овогт Б-н Лийг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.Лид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лоос 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Бод олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Б.Лид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН