Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00409

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00409

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт А Г хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.А оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 онд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт мөн оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сувилагчаар орж ажиллаж эхэлсэн. Эхлээд тус тасагт хүний оронд түр ажиллаж байсан бөгөөд 1981 оны 9 дүгээр сараас тус тасагт хүүхдийн хэсгийн сувилагчаар бүр томилогдсон билээ. 1983 оны 4 дүгээр сарын 01-нд тус тасгийн хүүхдийн ээлжийн сувилагч С нь нялх хүүхэдтэй болсон тул түүний хүсэлтийн дагуу 8 цагийн ажилтай хэсгийн сувилагч миний оронд С томилж, түүний оронд 24 цагийн ээлжийн сувилагчаар намайг томилж зохицуулан ажиллуулсан юм. Ингээд энэ тушаалаар миний бие хүүхдийн ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 тоот тушаалаар шинээр зохион байгуулагдсан өрхийн хэсгийн сувилагчаар шилжүүлэн ажиллуулсан юм.

Тухайн үед анх ажилд орсон тухай тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч түр томилогдсон тушаалыг бүр томилогдсон мэтээр бичээд намайг хэсгийн сувилагчаар бүр томилогдсон тушаалыг орхигдуулжээ. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нийгмийн даатгалын байгууллагаас анх ажилд бүр томилогдсон тушаалыг олохыг шаардсан. Аймгийн Архивын тасгаас шүүж үзэхэд олдоогүй. Тийм учраас ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгохын тулд энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Иймд миний 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийт 10 жил 6 сар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт сувилагчаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Г хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч А.Г нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай, Зарим сувилагч нарыг зохицуулан ажиллуулах тухай А.Гыг сувилагчаар түр томилсон тушаал,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 79 дугаартай, Асрагч, сувилагч авч ажиллуулах ба амбулаторийн хэсгийн эмч томилох тухай А.Гыг Хүүхдийн тасгийн ээлжийн сувилагчаар томилсон тушаал,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай, Тамирчдыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай А.Гыг тэмцээнд оролцох болсон тул долоо хоногийн хугацаагаар ажлаас нь түр чөлөөлсөн тушаал,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1984 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай, Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах ба цалингүй тэтгэмжид нэмэгдэл чөлөө олгох тухай А.Гт нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай, Зарим ажилчдыг зохицуулан ажиллуулах ба цалингүй тэтгэмжид нэмэгдэл чөлөө олгох тухай А.Гт чөлөө олгосон тушаал,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай, Хөдөлгөөнт цалингийн тухай А.Гт цалингийн 8 хувийн нэмэгдэл олгосон тушаал,

-Хамт ажиллаж байсан О.О/РД:БЭ0000000/, Х.З /РД:БЭ00000000/, З.С /Б0000000/ нарын тодорхойлолтууд,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай, Өрхийн эмч ажиллуулах тухай А.Гыг өрхийн хэсгийн сувилагчаар томилсон тушаал зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагч А.Г нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Г нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК