Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00418

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00418

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух, БИ0000000 регистрийн дугаартай, Х овогт Б К хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.К, гэрч Т.С, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах тогоочоор 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.К шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Бексолтан овогтой К тус аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 03-р сарын 20-ны өдрийг хүртэл сургуулийн гал тогоонд туслах тогоочоор тасралтгүй 5 жил 5 сар ажилласан билээ. Гэхдээ сургуулийн захирлын анх надыг ажилд авсан тушаалд сургуулийн дотуур байрны жижүүр гэж ташаа бичсэн байна лээ. Би жижүүр огт хийж байгаагүй юм. Ажлаас чөлөөлөхдөө анхны тушаалыг харж байгаад бас л дотуур байрны жижүүр гэж бичихсэн байна. Бид 1989 оны 03-р сарын 20-нд Цэнгэл сумын иргэн Т овогтой З нөхөрт гараад түүнээс хойш ажил хийж байгаагүй болно. Би хүүхэд төрүүлэн өсгөсөн юм. Тэтгэвэр тогтоолгоход материалаа бэлтгэж байгаа юм. Сагсай сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор ажиллахад надад хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй юм шиг байна лээ. Лав надад өгч байгаагүй юм. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн Сагсай сумын 8 жилийн дунд сургуульд миний 1983 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 03-р сарын 20-ны өдрийг хүртэл сургуулийн гал тогоонд туслах тогоочоор тасралтгүй 5 жил 5 сар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Б.К нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах тогоочоор 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тус сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч, цэвэрлэгч зэрэг ажлыг тус тус хийж байсан тул миний тус сургуулийн гал тогоонд болон дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өг гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн болно.

Иймд хүсэлт гаргагч Б.К нь Сагсай сумын сургуулийн гал тогоонд болон дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар, Үүнд:

-2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 322 дугаартай архивын лавлагаа-д: Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын Г-д холбогдох 1983 оны 46 дугаар, 1989 оны 13 дугаар тушаалыг хуулбарлан хүргүүлэв гэсэн ба,

-уг архивын тасгаас хуулбарлаж олгосон Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилчин томилох тухай 46 дугаар тушаалд: Аймгийн Ардын Депудатын хорооны гүйцэтгэх захиргааны 5/1923 тоотоор зөвшөөрөгдсөн дотуур байрны жижүүрийн орон тоонд 10 дугаар сарын 20-ноос Г, 11 дүгээр сарын 01-нээс М тус тус ажиллуулсугай. Жижүүр Г, М нарын цалинг зохих зааврын дагуу төсвийн нийт дүнд багтаан гаргахыг санхүүд /ня-бо Көкенд/ зөвшөөрсүгэй. Сургуулийн захирал ш.Дулат гэж гарын үсэг зурсан байдал,

-мөн архиваас хуулбарлаж олгосон Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд түр томилох тухай 13 дугаар тушаалд: Сургуулийн дотуур байрны жижүүр Гийн оронд Т 3 дугаар сарын 01-нээс 3 дугаар сарын 20-ны хүртэл 19 хоног, тогооч Б оронд 3 дугаар сарын 06-наас 3 дугаар сарын 17-ны хүртэл Т-ыг 11 хоног, тогооч С оронд Г 3 дугаар сарын 14-нээс 16-ны дуустал 3 хоног цэвэрлэгч М оронд С 02 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 09-ний хүртэл 14 хоног, цэвэрлэгч Д өвчтэй учир 02 дугаар сарын 21-нээс 24-ний хүртэл Г 3 хоног, цэвэрлэгч А оронд 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 02-ны хүртэл 6 хоног тус тус түр ажиллуулсугай. Хүний оронд түр томилогдсон Т, Т, Г, С, Г нарын ажилласан хугацааны цалинг төсөвт зааснаар бодож олгохыг ня-бо /К/ зөвшөөрсүгэй гэсэн байдал,

-2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Т.М 34 дугаар албан бичигт: Б овогтой Г /К/ нь 1983 оны 10 дугаар сарын 20-ноос 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус сургуулийн дотуур байранд туслах тогоочоор ажиллаж байсныг сургуулийн архивд байгаа захирлын тушаал, түүхийн дэвтэр зэрэг баримт бичгүүдийг үндэслэн тодорхойлов. 1983-1989 оны санхүүгийн баримт бичгүүд сургуулийн архиваас олдохгүй байгаа ба зөвхөн 1988 оны 5, 6 дугаар сарын санхүүгийн баримт дотор байгаа цалингийн картаар тухайн үед ажиллаж байсан нь батлагдаж байна. Б.К нь 1988 оны 5-6 дугаар сард сар бүр 199 төгрөг 40 мөнгөний цалин авч байсан байна гэх тодорхойлолт,

- 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1985-1986 оны хичээлийн жилд улсаас батлагдсан орно тоо гэдгийг 15 дугаарт Б.К дотуур байрны хүмүүжүүлэгч гэх бичилт,

- 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1988-1989 оны хичээлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн талаар тайланд: ... тогооч А.Б декрат авч оронд Б.Гн /К/ ... гэх бичилт,

-2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1988 оны 5 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтэд К ажилласан хоног 13, сарын цалин 100 төгрөг, хүлээн авсан хүний гарын үсэг гэдэг дээр К гэж бичсэн байдал,

-2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1988 оны 6 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтэд К, албан тушаалтан цэвэрлэгч, ажилласан хоног 23, сарын цалин 200 төгрөг, хүлээн авсан хүний гарын үсэг гэдэг дээр К гэж бичсэн байдал,

-Хамт ажиллаж байсан гэх БИ000000 регистрийн дугаартай Т.С, БИ0000000 регистрийн дугаартай Ж.М, БИ00000000 регистрийн дугаартай Б.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Б.Гн нь тус сургуулийн гал тогоонд 1983 оноос 1989 он хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

Хамт ажиллаж байсан гэх Т.С шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1988 оноос 2012 он хүртэл ажиллаж байсан. Би ирэхэд К нь туслах тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед бид нарыг сэлбэж ажиллуулдаг байсан К нь гал тогоонд туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. 1988 оны үед Д гэх хүн сургуулийн захирлаар 3 жил ажиллаж Казахстан улс руу нүүгээд явсан ба дараа нь Болат захирал болсон гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.К нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоо болон дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны хүртэл туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилчин томилох тухай 46 дугаар тушаал, мөн сургуулийн захирлын 1989 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд түр томилох тухай 13 дугаар тушаал, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1988-1989 оны хичээлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн талаар тайлан, хамт ажилласан гэх Т.С, Ж.М, Б.Т нарын тодорхойлолт, аймгийн архивын лавлагаа зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн нэрийг К, Г, Гн гэж дуудлагаар янз бүрээр бичигдсэнийг БИ0000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхэд бичсэнээр К гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БИ0000000 регистрийн дугаартай, Х овогт Б К нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоо болон дотуур байранд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны хүртэл туслах тогооч, дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.К улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ