Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2016/01798/и |
Дугаар | 622 |
Огноо | 2017-03-03 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 622
Д.Одонгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Одонгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.Одонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2015/03418 дугаар захирамжаар 205 922 126 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга дэд хурандаа Ц.Бямбасүрэнгийн өгсөн хариуг эс зөвшөөрч байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны зөрчиж үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй болно.
Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байр, 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Д.Одонгоос 205 922 126 төгрөгийг гаргуулж АБТС ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Одонд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 10/1 дүгээр байрны 4 тоот 170 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/140 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авч үнийн санал үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас авахад өмчлөгч 4 өрөө орон сууцыг 580 000 000 төгрөг гэж, төлбөр авагч АБТС ББСБ нь 300 000 000 төгрөг гэж үнийн санал өгч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Одонд гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнээс 4 өрөө орон сууцыг 70 хувь болох 232 820 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 5 дугаар 13-ны өдөр оруулах мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1498 дугаартай албан бичгийг Д.Одонд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн.
Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Үүний дараа зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутамын хэвлэл Үндэсний шуудан сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/19973 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааны комиссын хуралд хүрэлцэн ирэх мэдэгдлийг хүргүүлжээ. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг Д.Одонд хүргүүлсэн. Дуудлага худалдааны тогтоол нь үнэлгээнээс шууд хамааралтай гардаг. Үнэлгээ нь хуульд заасны дагуу 70 хувь, 50 хувиар тогтоогдож гардаг. Тогтоол нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.Одонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхгы дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Одон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга дэд хурандаа Ц.Бямбасүрэнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй гэх хариуг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Одон нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2015/19486 дугаар захирамжаар Д.Одонгоос 205 922 126 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
/Хэргийн 35-37 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Одонгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 10/1 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах, 170 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 140/02 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.
/хэргийн 52-53, 58 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд өмчлөгч болон төлбөр төлөгч Д.Одон 680 000 000 төгрөгөөр, төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК нь 300 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК нь өмчлөгч болон төлбөр төлөгч Д.Одонгийн үнэлгээг зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.
/хэргийн 65-67 дугаар тал/
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 111 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж, шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 332 600 000 төгрөгөөр тодорхойлжээ.
/хэргийн 69-81 дүгээр тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 332 600 000 төгрөгийн 70 хувь буюу 232 820 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/39905 тоот мэдэгдлийг, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/307 тоот тогтоолыг тус тус төлбөр төлөгчид хүргүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Өнөөдөр сонины 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 005 дугаарт хоёр дахь дуудлага худалдааны зарыг хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх орон сууцыг 332 600 000 төгрөгийн 50 хувь буюу 166 300 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1498 тоот албан бичгээр мэдэгдэж нэхэмжлэгч гарын үсэг зурж хүлээн авснаас гадна шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэлээр давхар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд нийцээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Одонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ