Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0089

 

З.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/69 дүгээр тушаалыг биелүүлж, тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Ц.М, хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 125/2021/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Б-ээс Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг биелүүлж, тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Ховд аймгийн Мал эмнэлгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах баталгааг зөрчиж, надад “хүлээж бай” гэх итгэл хүлээлгэсээр өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлөөр хангалгүй, хууль ёсны эрх ашгийг минь зөрчсөн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй.

3.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.5-д “төрийн жинхэнэ албан хаагч өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргах эрхтэй” гэж зааснаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах талаар байгууллагын удирдлага Д.Т-тэй тохиролцож, Б/69 дүгээр тушаал гарсан. Ингэхдээ Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нар утсаар харилцан ярилцаж тохироод тушаалыг гаргаж, Д.Б тэр үүднээсээ “ажилд удахгүй авна хүлээж бай” гэсэн хариуг надад өгсөн болов уу. Энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Т-н мэдүүлгээр нотлогдож байгаа.

3.3. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Т, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Б нар холбогдож ярилцаад шилжин ажиллуулах тухай тушаал гарсан бөгөөд хоорондоо албан бичгээр харьцаж байсан нь харагддаг. Хэрэв тийм бус бол Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б/69 дүгээр тушаалыг аваад тэр даруй хүлээн авах боломжгүй талаар Мал эмнэлгийн ерөнхий газар руу хариу хүргүүлэх байтал өнөөдрийг хүртэл надад итгэл хүлээлгэж байгаагаар нотлогдох бус уу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Б-ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлжээ.

2.2. Нэхэмжлэгчээс энэхүү тушаалтай маргаагүй бөгөөд харин “уг тушаалыг үндэслэн тохирох албан тушаалд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах”, 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

2.4. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийг шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг заасан ба “ажлын зайлшгүй шаардлагатай байх”, “төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх” шаардлагыг нэгэн зэрэг хангасны эцэст “хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон”-ы үндсэн дээр төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргахаар байна.

2.5. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгч З.Б-ийг тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн атлаа яг ямар албан тушаалд томилуулахаар шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

2.6. Хоёр байгууллагын удирдлагууд зохих журмын дагуу харилцан тохиролцсон эсэх талаар баримтгүй, дан ганц нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг үндэслэн нэхэмжлэгч З.Б-ийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт тохирох албан тушаалд томилохыг шууд даалгах үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр тохирох албан тушаал гэж ямар албан тушаалыг ойлгож байгаа нь ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ хууль, тогтоомж болоод зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон акт хуульд заасан журмын дагуу хэрэгжих учиртай.

2.8. Анхан шатны шүүх маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.9. Харин нэхэмжлэгч нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр дээрх акттай маргахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН