Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

                                                                   109/ШШ2018/0028

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, ахлах аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Н.Сг, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оноос 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.М намайг үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа иргэдээс хууль бусаар төлбөр хураамж авч төсөвт төвлөрүүлээгүйтэй холбоотой 24.090.000 төгрөгийн зөрчил илэрсэн гэж А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, ахлах аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б нараас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/04/128 дугаартай актыг тавьсан. Уг актыг миний бие дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн 4.4-т заасан шалгалт эхлэхийн өмнө удирдлага болон холбогдох хүмүүс /шалгуулж байгаа надад/-тэй уулзаж шалгалтын зорилго, чиглэлийг танилцуулна гэсний дагуу танилцуулаагүй. Тус удирдамжийн 3.3.1-т заасан хяналт, шалгалтыг явуулахдаа удирдамжийн хүрээнд ажиллаагүй. Удирдамжийн 4.3-т заасан буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 22 хоногт багтаан хийж гүйцэтгэнэ гэсэн хугацаандаа шалгаагүй, хугацаа хэтрүүлэн шалгасан.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 16 дугаартай удирдамжид заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оноос 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ёстой байсан. Гэтэл 2010 оноос 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Иймд А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн  үндэслэлтэй. А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128 дугаар акт нь агуулгын хувьд алдаатай, зарчмын хувьд алдаатай акт гаргасан. Учир нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2010-2017 онд нийт 2409 иргэнд гадаад паспорт олгосон байдаг. Тодруулбал, 2010 онд 101, 2011 онд 94, 2012 онд 103, 2013 онд 99, 2014 онд 198, 2015 онд 341, 2016 онд 635, 2017 онд 838, нийт 2409 иргэн гадаад паспорт захиалж авсан. Хяналт, шалгалтын явцад улсын байцаагч нар Ц.М-г эдгээр хүмүүсээс 10000 төгрөг илүү авсан гээд акт тогтоосон. Өөрөөр хэлбэл 2409 иргэн бүрээс 10000 төгрөг авсан гэж үржүүлээд 24090000 төгрөгийн акт тогтоосон. Гэвч хариуцагч нараас 2409 иргэн бүрээс 10000 авсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, 2409 иргэнээс бүгдээс нь асуугаад 10000 төгрөг илүү авсан гэдгийг нотолсон бол ямар ч маргаан байхгүй байсан. Гэтэл нэг гомдол гарсны дагуу хэдэн жилийн өмнө нь гадаад паспорт захиалсан бүх хүмүүсийг хамруулаад 24090000 төгрөгийн акт тавьсан нь үндэслэлгүй. Мөн Захиргааны акт гаргахдаа урьдчилан сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ нь өөрөө хууль бус. Ийм учраас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, ахлах аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... тус албаны 2017 оны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийг хяналт шалгалт эхлэхээс 1 хоногийн өмнө Улсын бүртгэлийн хэлтсийн даргад дотоод аудитор Д.Б биечлэн танилцуулсан. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга удирдамжийг хүлээн авч хэлтсийн даргын зөвлөлийн хуралд танилцуулах замаар удирдлагын түвшинд бүрэн танилцуулснаар хяналт шалгалтын ажил эхэлсэн. 

Хяналт шалгалтын удирдамжийн 3.3.1, 2.1-д “санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Г.С-с Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.М-г гадаад паспортаас нэмэлт 10000 төгрөг авдаг асуудлыг шалгуулах талаар санал хүсэлт тавьсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр бичгээр тайлбар гаргуулж авсан. Мөн Улсын бүртгэлийн ажилтан Ж.Ө-с манай албанд өргөдөл ирүүлсэн болно.

Удирдамжийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс ажлын 22 хоногт хийж гүйцэтгэхээр заасан боловч албаны даргын зөвлөлийн хурлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шалгалтын явц байдалтай холбоотой асуудлаар 6 удаа, албаны хуралд 1 удаа тухай бүр улсын байцаагчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого удаа дараа хийсэн асуудал болон нягтлан бодогч нь үндсэн ажлаа хийж байгаагүйгээс бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай тооцоо нийлэх шаардлага гарсан, олон нэр төрлийн үнэт цаас хэрэглэдэг хэрнээ улсын бүртгэгчдийн үнэт цаасны тооцоог нэг ч удаа бодож байгаагүй, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг явагдсан цаг хугацаанд нь бүрэн хөтлөөгүй, энэ байдлыг удирдлагаас хянаж үүрэг чиглэл өгч байгаагүй, эдгээр нөхцөл байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол ирүүлсэн зэргээс шалтгаалж, удирдамжийн хугацааг сунгасан бөгөөд нэмэлтээр 2 улсын байцаагчийг ажиллуулсан.

Албаны даргын зөвлөлийн 2017 оны 16 дугаар хурлын шийдвэрт 2010 оноос хойшхи хугацааг хамруулж, акт тогтоохоор шийдвэрлэсэн, мөн өргөдөл хүсэлтэд 2010 оноос хойш гэж дурьдсан учраас уг хугацааг хамруулсан болно. Иргэд, байгууллагын өргөдөл хүсэлтээр хийгдэх хяналт шалгалтын хүрээнд аудитор, улсын байцаагч тус өргөдөлд дурдсан асуудлыг цаг хугацаанд нь иж бүрэн байдлаар авч хянан шалгаж, үнэлгээ дүгнэлт өгч шийдвэрлэх эрх үүрэгтэй.

А аймгийн Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын явц болон Ц.М-н амаар болон бичгээр гаргасан хүсэлтүүд, тухайн байгууллагын албан тушаалтны ажлын хариуцлага, ёс зүйгээс шалтгаалсан зөрчилтэй асуудал, хяналт шалгалтын танилцуулга, улсын байцаагчийн актыг зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцүүлж, баталгаажсан дүнг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 114 дүгээр албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Шалгалтын явцад зөрчилт үйлдэл илэрсэн цагаас эхлэн асуудлыг тухай бүр Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчид танилцуулж, шаардлагатай баримт материалыг шаардаж байсан бөгөөд улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/04/128 дугаар актыг албаны даргын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хурлаар, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар тус тус Ц.М-г өөрийг нь байлцуулан танилцуулсан болно.

Авлигын эсрэг тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан чиг үүргийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.М-тэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт мэдээлж, хуулийн дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн болно. Иймд улсын байцаагчийн акт бүрэн үндэслэлтэй тогтоогдсон, хариуцагч Ц.М нь хяналт шалгалтын явцад өөрийн үйлдэл, үг хэллэгээрээ удаа дараа хүлээн зөвшөөрч, үндэслэлгүй илүү төлбөр хураамж авсан болохоо илэрхийлж, анхан шатны журнал, бүртгэлээр нотлогдож байгаа тул хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Мөн иргэдээс тодруулахад нэмэлт төлбөр авсан байдаг бөгөөд яаралтайгаар гараагүй. Анхан шатны журналын мөнгөн дүн хэсэгт мөнгөн дүнг бичиж гарын үсэг зуруулаагүй, Ц.М-н тайлбарласнаар журналд залхуураад дутуу бүртгэсэн гэж тайлбарласан, Ерөнхий газрын гадаад паспортын хүнд бэлэн мөнгийг дугтуйнд нь хийж явуулдаг гэх боловч энэ нь эцсийн байдлаар бичиг хэргийн ажилтан дугтуйнд хийж, Монгол шуудан компанид хүргэж өгдөг бөгөөд бичиг хэргийн ажилтан мөнгө дугтуйнд явуулсан удаа байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ерөнхий газрын гадаад паспорт хариуцсан ажилтан бэлнээр мөнгө авах сонирхолтойдоо авахуулсан гэх боловч мөнгө шилжүүлсэн баримт байхгүй.

Манай албаны улсын байцаагч нараас үйлдсэн Улсын бүртгэлийн хэлтэстэй холбоотой хяналт шалгалтын танилцуулга, удирдамж, акт, албан шаардлага, дүгнэлт зөвлөмжийг албаны даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаар хурлын шийдвэрийн дагуу 2 хувь үйлдэн, 1 хувийг албаны бичиг хэрэгт, нөгөө хувийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.М-с А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, ахлах аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б нарт холбогдуулан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл  гаргасныг тус шүүх 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар актаар: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ц.М нь үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа иргэдээс хууль бусаар төлбөр хураамж авч төсөвт төвлөрүүлээгүйтэй холбоотой 24.090.000 төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж, энэ нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хоригдоно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд саналаас татгалзах”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно”, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/348 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.2-д “Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглахыг хоригдоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 24.090.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, уг төлбөрийг Ц.М-р төлүүлэн төсвийн орлого болгох тухай акт гаргасан байна. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... маргаан бүхий 17/04/128 дугаартай актаар тогтоосон 24.090.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар 17/04/128 дугаар актыг гаргахдаа тус хэлтсээс 2010-2017 онуудад гадаад паспорт захиалсан 2409 иргэн бүрээс 10.000 төгрөг авсан гэж үндэслэлгүйгээр дүгнэн, 24.090.000 төгрөгийн төлбөр тогтоосон нь хууль бус. Хяналт шалгалтын явцад болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудад хууль бусаар бэлнээр 10.000 авсан талаар нэг ч баримт байхгүй, актад дурдсан зөрчлийг баримтаар тогтоогоогүй. Мөн маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй. Миний бие албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа иргэдээс хууль бус төлбөр хураамж авч байгаагүй тул дээрх актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж;

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... тус албаны 2017 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад тухайн байгууллага санхүүгийн сахилга муутай, нягтлан нь ажлаа хийгээгүй байсны улмаас шалгалтын хугацааг сунгасан байдаг. Шалгалтын өмнө болон шалгалтын явцад тус хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.М-г хууль бусаар иргэдээс бэлэн мөнгө авдаг талаар гомдол, санал ирж байсан. Ц.М нь 2010 оноос гадаад паспорт олголтыг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад паспорт яаралтайгаар захиалсан иргэдээс бэлнээр 10.000 төгрөгийг нэмж аваад, ерөнхий газрын гадаад паспорт хариуцсан ажилтанд өгсөн гэх боловч мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Бидний зүгээс ерөнхий газрын хүнийхээ нэрийг мэдэгдэхийг шаардсан боловч энэ талаар огт мэдэгдээгүй.

 Үндэсний энгийн гадаад паспорт захиалсан иргэдээс тайлбар тодруулга авахад нийт дөчин гурван мянган төгрөгөөр авсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд хугацааны хувьд 20-30 хоногийн хугацаанд ирсэн. Яаралтай үйлчилгээний данс нь Голомт банкинд байдаг учраас эндээс тушаалгах боломжгүй байдаг гэсэн тайлбар өгсөн нь банк хоорондын гүйлгээ 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сая хүртэлх гүйлгээ шууд ордог, үүнээс өмнөх хугацааных нь 24 цагт багтаж тухайн хүлээн авагч байгууллагын дансанд ордог бөгөөд Төрийн банкны яаралтай үйлчилгээний 106000018204 тоот данстай байдаг. Ц.М-н зөрчил нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон, өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

I. Хяналт, шалгалтыг явуулсан үйл явц нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх тухайд: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралтаар  Улсын бүртгэлийн хэлтсийн 2014-2016 оны үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийхээр баталж, тус албаны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт” 16 дугаар удирдамжаар  А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 он, 2016 он, 2017 оны эхний хагас жилийн удирдлага зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг Ахлах аудитор, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б нар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 22 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр тогтоосон байна. 

Санхүүгийн хяналт, шалгалтын явцад тус албаны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар зөвлөлийн хурлаар ... улсын бүртгэлийн хэлтсийн хяналт, шалгалтын дүнгээр нягтлан бодогчийн зүгээс үнэт цаасны тооцоог бодоогүй, шаардсан баримт, судалгааг гаргаж өгөөгүй байсантай холбоотой ажил удааширч байгаа тул удирдамжийн хугацааг сунгах ... удирдамжийн хугацаа 2015-2017 оны байгаа боловч асуудал дагуулсан гадаад паспортын асуудлыг 2010 оноос татаж үзэх, бүртгэлийг маягтын дагуу хөтлөөгүй, журналд мөнгөн дүн тавиагүй байгаа учраас 2010 оноос хойш актыг тогтоохоор шийдвэрлэжээ. 

Дээрх шалгалтын хамрах хүрээ, дуусах хугацааг зөвлөлийн хурлын шийдвэрээр сунгасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5  дугаар зүйлийн  5.7.-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.” гэж заасантай нийцээгүй шийдвэр болжээ.

Учир нь хяналт, шалгалтын удирдамжинд заасан шалгалтын хамрах хүрээг “2015-2017 оны эхний хагас жил гэснийг 2010-2017 оны эхний хагас жил гэж”, хяналт, шалгалт дуусах хугацааг “2018 оны 10 дугаар сарын 28-ний өдөр гэснийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж” өөрчилсөн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Иймд төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

II. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үндэсний энгийн гадаад паспорт авахаар захиалга өгсөн иргэдийн бүртгэлийг гаргуулж, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010-2017 оны гадаад паспорт захиалсан иргэдийн анхан шатны баримт, холбогдох материалд үзлэг хийсэн бөгөөд 2010 онд  тус хэлтсээс 101 иргэн гадаад паспорт захиалсан гэх боловч анхан шатны баримтууд архивт хадгалагдаагүй, 2011 онд  103 иргэн, 2012 онд  94 иргэн, 2013 онд  99 иргэн, 2014 онд  198 иргэн, 2015  онд 341 иргэн, 2016 онд  635 иргэн, 2017 оны эхний хагас жилд  838 иргэн буюу нийт 2409 иргэн гадаад паспорт захиалсан гэж бүртгэсэн байна.

Хариуцагч нараас дээрх 2409 иргэн нь нэхэмжлэгч Ц.М-г үндэсний гадаад паспорт олголтыг хариуцан ажиллаж байх хугацаанд гадаад паспорт шинээр захиалсан, хяналт шалгалтын явцад иргэн Г.С-н  “ ... Ц.М нь 2010 оноос ... гадаад паспортын захиалга авахдаа үндсэн үнэ болох 33.000 төгрөгнөөс гадна 10.000 төгрөг авдаг ... ямар учиртай 10.000 төгрөг авдаг талаар асуухад төвийн гадаад паспорт хариуцсан хүмүүсдээ өгдөг гэж байсан ...” гэх; иргэн Ж.Ө-н “... Ц.М нь 2009 оноос хойш гадаад паспорт захиалахдаа иргэнээс 10.000 төгрөг илүү өвч мөнгийг гар дээрээ аваад, төрийн банкад үндсэн мөнгийг тушаагаад илүү 10.000 төгрөгөө өөрөө авч гар дээрээ хэрэглэдэг ...” гэх гомдлыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.М-г 2010-2017 оны эхний хагас жилд үндэсний гадаад паспорт захиалсан иргэдээс бэлнээр 10.000 төгрөг хууль бусаар авсан гэж 24.090.000 төгрөгийн нөхөн төлбөр бүхий 17/04/128 дугаар улсын байцаагчийн акт тогтоожээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл. “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх”, 10 дугаар зүйлийн 10.9.10. “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11. “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйл. “Нөхцөл байдлыг тогтоох”, 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл улсын байцаагч нь хяналт шалгалтыг хийхдээ хууль тогтоомжийг чанд сахиж, гаргаж байгаа захиргааны актын үндэслэлд дурдсан үйл баримтын талаар нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь үнэлэж, үндэслэл бүхий захиргааны актыг гаргаж, тухайн актынхаа үнэн зөвийг хариуцах эрх зүйн зохицуулалттай байна.

Гэтэл маргаан бүхий А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/04/128 дугаар улсын байцаагчийн актын тухайд хариуцагч нар нь захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт хангалттай цуглуулалгүйгээр захиргааны актыг гаргасан нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Тодруулбал: Иргэн Г.С, Ж.Өл нараас ирүүлсэн гомдлыг үндэслэн, гомдол мэдээлэлд дурдагдсан асуудлыг давхар шалгаж, нотлолгүйгээр нэхэмжлэгч Ц.М-г 2010-2017 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг хариуцан ажиллах хугацаандаа паспорт захиалсан иргэн бүрээс 10.000 төгрөг бэлнээр авсан гэж үзэж, 24090000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааныг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв. 

III. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан эсэх тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4 дүгээр зүйлийн 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйл. “Сонсох ажиллагааг явуулах”, 27 дугаар зүйлийн 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ:”, 27.5. “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 29 дүгээр зүйл. “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтууаас үзвэл захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахаас өмнө тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, энэ талаар хувийн хэрэг хөтлөх хуулийн зохицуулалттай.

Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг сонсох ажиллагааг явуулж, хувийн хэргийг хөтөлсөн болох нь тогтоогдоогүй тул дээрх ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох хууль, тогтоомжид заасан нөхцөл, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.М-с А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, ахлах аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Б, дотоод аудитор Д.Б нарт холбогдуулан гаргасан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7., 10.9.10., Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/04/128 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ