| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00310/И |
| Дугаар | 130/ШШ2016/00446 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2016/00446
| 2016 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 130/ШШ2016/00446 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг, Ж ХХК /захирал Т.Т/,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 01 дүгээр багт оршин суух, Самен төре жангир овогт Тн А нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Т.Т, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ж ХХК-ний захирал Т.Т, барилгын инженер Т.А нараас Цагааннуурын Улаанбайшинтын боомтод Авто тээврийн улсын байцаагч,тээвэр зохицуулагчийн ажиллах,амрах байрны барилгын ажлын өртөг болох 39,995,000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 онд Зам,тээврийн яамнаас тус аймгийн Цагааннуурын Улаанбайшинтын боомтод Авто тээврийн улсын байцаагч,тээвэр зохицуулагчийн ажиллах,амрах байрны барилгыг барих 41,000,000 /дөчин нэгэн сая/ төгрөгийн өртөгтэй тендер зарласан ба уг тендерийн ажлыг Т.Т захиралтай Ж ХХК 39,995,000 /гучин есөн сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөгийн үнээр гүйцэтгэгчээр шалгаран авч, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиалагч нь болох Зам тээврийн яамтай №АТ2012-07/79 тоот гэрээ байгуулжээ. Гэрээнд уг ажлыг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулна гэж заасан байна. Хуулийн дагуу барилга байгууламжийг бүрэн хийж дууссаны дараа Улсын комисс хүлээн авч улсын комиссын акт гарах ёстой билээ. Гэвч тухайн үед фотошоп ашиглан уг 2 барилга байгууламжийг бүрэн дууссан гэж хуурамч зураг, баримт бичиг үйлдэн 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын №04-07-035/92 тоот акт гарч аймгийн тээвэр, автозамын газарт 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэвч Ж ХХК зөвхөн ажиллах байрыг хагас дутуу барьж дуусгасан ба амрах байрны суурийг нь хийж дутуу орхижээ. Үлдсэн дутуу ажлыг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж дуусгахыг Улсын комиссоос шийдвэрлэсэн байна. Эдгээр дутуу баригдсан барилгын объект нь аймгийн тээвэр,авто замын газрын харьяанд байсан ба 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тус байгууллагыг татан буулгаж аймгийн Авто тээврийн төвд нэгтгэснээр уг барилга байгууламж тус төвийн мэдэлд шилжсэн юм. Ж ХХК-ний захирал Т.Т уг гэрээтэй ажлыг Ж ХХК-ний барилгын инженер Т.Атай 2013 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж дур мэдэн шилжүүлсэн байна. Гэвч инженер Т.А нь одоо хүртэл дутуу орхигдсон ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй болно. Барилгын инженер Т.Аын амрах байрны 17,073,583 төгрөгийн, ажлын байрны 19,867,787 төгрөгийн өртөгтэй гаргаж өгсөн ажлын тайланг манай байгууллагад аймгийн Цагдаагийн газраас өгсөн болно. Барилгын инженер Т.А тендерийн нийт санхүүжилтийг бүрэн авсан ч одоо хүртэл ажилчдын амрах байрны барилгын ажлыг бүрэн хийгээгүй ба бидэнд өгсөн гүйцэтгэлийн тайланг байгууллага хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд уг ажлыг гэрээний дагуу гүйцэтгэгчээр хариуцаж авсан Ж ХХК-ний захирал Т.Т, барилгын инженер Т.А нараас Авто тээврийн улсын байцаагч,тээвэр зохицуулагчийн ажиллах,амрах байрны барилгын ажлын өртөг болох 39,995,000 төгрөгийг гаргуулж өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн захирал Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шаардлагын тухай тодорхой дурдаж бичсэн бөгөөд үүнээс гадна хариуцагч талаас асууж тодруулах хэд хэдэн асуулт байгаа. Цагааннуурын Улаанбайшинтын хилийн боомтод байгууллагын албан хаагч нарын ажиллах, амрах байрыг Зам тээврийн яамны хөрөнгөөр 2012 оноос эхлүүлж бариулсан. Тухайн үед энэ нь манай Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн ажлын чиглэлд уг ажил байгаагүй. Учир нь тухайн үед уг ажлыг Баян-Өлгий аймгийн Тээвэр автозамын газар хариуцаж байсан бөгөөд захиалагч байгууллага нь Зам тээврийн яам байсан юм. Тухайн үед Тээвэр автозамын газар нь Засаг даргын дэргэдэх агентлаг байсан бөгөөд үүнээс хойш 2-3 жилийн дараа татан буугдаж, манай Автотээврийн төвтэй нэгтгэсэнтэй холбогдуулан байгууллагын албан хаагчид болон улсын байцаагч нарын ажиллах нөхцөлийг хангах үүднээс өмнө баригдаагүй үлдсэн барилгыг бариулах үүргийг хүлээх ёстой. Тухайн үед Цагааннуурын Улаанбайшинтын хилийн боомтод баригдах ёстой барилгын санхүүжилтэд 39 сая төгрөг авчхаад 1 барилгыг нь хагас дутуу барьж, нөгөө барилгын нь огт барихгүйгээр суурийг нь тавьж үлдээсэн байдаг. Иймд нэхэмжлэгч талаас нэгэнт дутуу, баригдаагүй үлдсэн барилгыг бариулж, ашиглалтад оруулна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэгэнт төрийн төсвөөс гаргаж, салхинд хийсгэсэн 39995000 төгрөгийг холбогдох этгээд болох Ж ХХК-ас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ж ХХК-ний захирал Т.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2012 оны 7 дугаар сарын 30-ны үед Цагааннуур боомтод барилга баригдах тухай сонсож, Аймгийн Тээвэр, авто замын газарт очиж, уг барилгыг бариулахаар барилгын компаниудаас материал авч байгаа тухай мэдэж Зам, тээврийн яаманд манай компаниас материал явуулсан юм. Уг явуулсан материалын хариу Аймгийн тээвэр авто замын газарт 2012 оны 10 дугаар сарын 30-нд ирсэн ба уг бичиг Цагааннуур боомтод баригдах Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгыг манай Ж ХХК-аар бариулахыг зөвшөөрсөн байна. Уг зөвшөөрөлд барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-нд эхэлж, 2012 оны 12 дугаар сарын 15-нд дуусгахаар заасан байна. Барилга баригдах Цагааннуурын боомт нь манай аймгийн хэмжээнд хамгийн хүйтэн газар бөгөөд цас эрт орж, эрт хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай газар учир өвлийн нөхцөлд барилга эхэлж барих боломжгүй, цаг агаар хүйтэрч байна. Манай компани барих боломжгүй байна. Хавар цаг агаар дулаарахаар хийе гэж тэр үед Тээвэр, авто замын газрын дарга байсан А.Сад хэлсэн юм. А.С одоо жилийн эцэс болж, он дуусгах гэж байна уг барилгад хуваарилагдсан мөнгө төгрөг хаагдчихна. Он дуусахаас өмнө барилгыг эхлүүлнэ танайх хийж амжихгүй бол өөр хүмүүсээр хийлгэн гэж, Барилгын инженер мэргэжилтэн Т.А тэргүүтэй хүмүүсээр уг барилгыг бариулахаар болсон. Ингээд Т.А Цагааннуурын боомтод Атво тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгыг нэг сарын дотор барьж өгнө гэж барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан юм. Т.А өөрийн мөнгө төгрөгөөр барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж, Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын амрах байрны барилгын суурь цутгах ажлыг бүрэн дуусгаж, барилгад 8-10 үе тоосгон өрлөгийн ажлыг хийсний дараа цаг агаар хүйтэрч, цас орж барилгын ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болж барилгын ажлыг хавар цаг агаар дулаарахаар хийхээр зогсоосон байна. Үүний дараа Т.А барилгын ажлыг өөрийн мөнгө төгрөгөөр эхлүүлэн хийсэн учир барилгын санхүүжилтийг хөөцөлдөж эхэлсэн ба барилга барих зөвшөөрөл нь манай компанийн нэр дээр байсан учир манай Ж ХХК-ний нэрээр бичиг баримтыг явуулдаг байсан. Т.А барилгын ажлыг хавар цаг агаар дулаарахаар бүрэн дуусгаж өгөхөөр барилгын захиалагч байгууллага болох аймгийн Тээвэр, авто замын газрын хүмүүс болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нартай хэлэлцэн, барилга хүлээн авах актад гарын үсэг зуруулан, барилгын эхний санхүүжилт болох 36607798 /гучин зургаан сая, зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 28-нд манай Ж ХХК-ийн дансанд оруулж ирсэн. 2013 оны 4 дүгээр сард Т.А Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгын санхүүжилтийг бид оруулж ирсэн цаг агаар дулаарсан бид барилгын ажлыг үргэлжлүүлэн хийнэ, та данснаасаа барилгын санхүүжилтийн мөнгийг гаргаж өг гэж хэлсэн. Ингээд би уг барилгын гүйцэтгэгч барилгын инженер Т.Атай Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөх, гурван жилийн хугацаанд гарсан засварыг өөрөө хариуцан хийх гэрээ байгуулан нотариатаар батлуулан гэрээ хийж, Тээвэр авто замын газраас Цагааннуур боомтод Авто тээврийн улсын байцаагч тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгад хашаа татахаар төсөв хийлгэн манай дансанд шилжүүлсэн 959000 /есөн зуун тавин есөн мянган/ төгрөг, Зам, тээврийн яамнаас шилжүүлсэн 36,607,798 /гучин зурган сая зургаан зуун долоон мянга, долоон зуун ерэн найман/ төгрөгөөс 30,000,000 /гучин сая/ төгрөг бүгд 30,959,000 /гучин сая есөн зуун тавин есөн мянган/ төгрөгийг уг барилгын гүйцэтгэгч Т.Аад хүлээлгэж өгөв. Уг санхүүжилтийг авсны дараа Т.А Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгыг дуусгаж, амрах байрны барилгыг барилгүй дутуу орхиж, холбоо тасарч, утсаа авахгүй алга болсон ингээд аргаа бараад цагдаад хандсан. Цагдаагийн газар Алтай сумаас олж авчраад шалгаж, Т.А авсан мөнгийг хувьдаа ашиглаагүй байна санхүүжилт нь хүрэхгүй болж ажлаа зогсоосон байна үлдсэн санхүүжилтийг нь өгөх нь зөв гэсэн тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан учир манай дансанд үлдсэн 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг Т.Аад хүлээлгэн өгөв. Ингээд манай дансанд ирсэн бүх санхүүжилтийг авсны дараа Т.А Ж ХХК-ийн дансанд ирсэн бүх мөнгийг хүлээж авлаа, одоо Ж ХХК тооцоогүй, Цагааннуурын боомт дахь барилгад ямар ч хамааралгүй болно. Үлдсэн дутуу баригдсан амрах байрны барилгыг би өөрөө хариуцан барьж ашиглалтад хүлээлгэж өгнө. Ингээд Т.А бүгд 37,559,000 /гучин долоон сая таван зуун тавин есөн мянган/ төгрөгийн санхүүжилтийг авсан болно. Т.А үүний дараа ч үлдсэн амрах байрны барилгыг дуусгаагүй, санхүүжилт хүрэхгүй байна гэж барилгыг дуусгаагүй учир би үүний дараа аймгийн шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах шүүхэд хандсан эвлэрүүлэн зуучлах шүүхээс Т.А 2015 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл аймгийн Авто тээврийн төвд Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгын тайлан гарган өгч, тооцоо хийж асуудлыг дуусгах шийдвэр гаргасан юм. Т.А уг шийдвэрийг ч биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Т.А үүргээ биелүүлээгүй учир прокурорт шилжүүлсэн байна. Ингээд сүүлд Т.А барилгын ажлын гүйцэтгэлийн тайлан гарган өгсөн боловч Авто тээврийн газар уг тайлан гүйцэтгэлийг хүлээж аваагүй байна. Уг барилгын ажлыг Т.Атай гэрээ хийж шилжүүлэх болсон шалтгаан: 1. Барилга угсралтын ажлыг мэргэжлийн барилгын инженер хариуцаж бариулах ёстой. Т.А барилгын инженерийн мэргэжилтэй.
2.Т.А Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын амрах байрны барилгыг өөрийн хөрөнгө мөнгөөр эхэлж барьсан.
3.Т.Аын барьсан барилгыг өөр хүн үргэлжлүүлэн барих боломжгүй, гүйцэтгэлийн ажилд мөнгө төгрөгийн маргаан гарах болсон.
4.Барилгын чанар, барилгын суурь, фундаментаас эхэлдэг. Барилгын чанар байдлыг эхэлж барьсан хүн хариуцах ёстой зэрэг байдлаас болж би барилгыг бариулж буй инженер Т.Атай барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх тухай гэрээ хийж, шилжүүлсэн юм. Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах,амрах байрны барилгын ажлыг эхнээс нь хариуцан авч бариулж байгаа хүн зөвхөн Т.А өөр ямар ч хүн уг барилгын ажилд нэг ч тоосго тавиагүй уг барилгын санхүүжилт болох 37,559,000 /гучин долоон сая таван зуун тавин есөн/ төгрөгийг хүлээж авч зарцуулж байгаа хүн зөвхөн Т.А юм. Иймд Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч,тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгуудыг хариуцагч, гүйцэтгэгч Т.Ааар бүрэн гүйцэд бариулан ашиглалтад хүлээлгэн өгөх шийдвэр гаргаж өгөхийг эрхэм шүүгчээс хүсье. Дээр дурдсан Зам тээврийн яамнаас 36,607,798 /гучин зургаан сая, зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн найман/ төгрөг, аймгийн Тээвэр, авто замын газраас 984000 /есөн зуун наян дөрвөн мянган/ төгрөгийн 959000 /есөн зуун тавин есөн мянган/ төгрөгийг Т.А, 25000 /хорин таван мянган/ төгрөгийг хашааны төсөв хийсэн төсөвчин Б.Е авсан болно гэжээ.
Хариуцагч Ж ХХК-ний захирал Т.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ асуудлыг эхнээс нь хэлэхэд 2013 оны 7 дугаар сарын эхний үеэс Цагааннуур Улаанбайшинтын боомтод барилга баригдана гэдгийг сонсоод Баян-Өлгий аймгийн Тээвэр автозамын газраар дамжуулан материалаа бүрдүүлж явуулсан. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай Ж ХХК-иар барилга бариулж болно гэсэн хариу ирсэн. Уг бичигт барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлж, 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгах ёстой гэж заасан байсан. Гэхдээ Цагааннуурын боомт өвлийн улиралд цаг агаар нь хүйтэрч, барилгын ажил явуулах боломжгүй болдог учраас би тухайн үед өвлийн улиралд барилга барих боломжгүй учраас уг барилгын ажлыг дараа оны 4 дүгээр сарын үед хийж гүйцэтгэнэ. Өвлийн улиралд 11, 12 дугаар сард барилга барих боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгэхэд захиалагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Тээвэр, автозамын газрын дарга А.С нь 2012 онд багтааж заавал Цагааннуурын боомтод баригдах барилгын ажлыг дуусгах шаардлагатай байна. Учир нь одоогоор уг барилга барихад зориулагдсан төсвийн мөнгө 42 сая төгрөг дансанд байгаа бөгөөд удахгүй 2012 он дуусах гэж байна. Энэ ондоо багтааж барилга барих мөнгийг авахгүй бол төсөв хаагдана. Та энэ ондоо багтааж барилга барих ажлыг хийж чадахгүй бол би өөр хүнээр хийлгэнэ. Танд энэ тухай гомдол санал байна уу? гэж асуухаар нь би Надад энэ тухай ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Баян-Өлгий аймгийн Тээвэр автозамын газрын дарга А.С нь уг Цагааннуурын боомтод баригдах барилгын ажлыг Т.Ааар хийлгэхээр болж, Т.А нь 2012 оны 12 дугаар сарын үед өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг хийж эхэлсэн. Тэгэхэд Т.А нь 2012 оны 11 дүгээр сарын үед 20 гаруй хоног барилгын ажлыг хийсэн боловч цаг агаар хүйтэрсэн болохоор барилгын ажлыг зогсоож буцсан. Тухайн үед Т.А нь өөрийн хөрөнгөөр Цагааннуурын боомтод барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн болохоор би түүний барилга барих санхүүжилт авахад нь тусалж, хөөцөлдөхөд 2013 оны 3 дугаар сарын үед манай компанийн дансанд барилга барих санхүүжилтийн мөнгө орж ирсэн. Тэгэхэд Т.А нь надад хүрэлцэн ирээд Миний барьж байгаа барилгын санхүүжилт таны компанийн дансанд орж ирсэн байна. Би уг мөнгийг авч барилгын ажлыг дуусгамаар байна. Би өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг эхлүүлж, суурийг нь суутгаж, өрлөгийг нь хийж гүйцэтгэхэд нийт 10 сая гаруй төгрөг зарцуулсан гэж хэлэхээр нь Т.А өөрөө барилгын инженер мэргэжилтэй хүн учраас би гэрээ байгуулж, дансанд орж ирсэн мөнгийг шилжүүлж өгсөн. Гэтэл Т.А нь уг барилгын ажлыг үргэлжлүүлж хийсэн боловч бүрэн дуусгахгүйгээр дутуу хаяад ор сураггүй явсан болохоор би энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгэхэд Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж, санхүүжилтэд ирсэн мөнгийг Т.А нь барилга барихад зарцуулсан боловч санхүүжилтийн мөнгө хүрээгүй болохоор барилгын ажлыг бүрэн дуусгаагүй гэж үзээд улмаар уг асуудлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан юм. Тухайн үед манай компанийн дансанд үлдсэн 6,6 сая төгрөгийг Т.Аад өгсөн юм. Тэгэхэд Т.А нь санхүүжилтэд ирсэн бүх мөнгийг авч, энэ асуудалд Ж ХХК хамааралгүй, Цагааннуурын боомтод баригдах барилгыг хариуцаж бариулах болно гэж баримт бичиж өгсөн бөгөөд уг баримтын нэг хувийг Тээвэр автозамын газарт өгсөн. Үүнээс хойш дахин санхүүжилтийн мөнгө хүрээгүй үү, яасныг мэдэхгүй, ямар ч байсан Т.А нь барилгыг барьж дуусгахгүй дутуу орхисон. Тэгж байхад манай Ж ХХК-ийг барилга дутуу барьсан учраас тендерт оролцуулахгүй гэж хэлэхээр нь би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, Т.А нь Цагааннуурын боомтод баригдсан барилгын тайлан, тооцоог гаргаж өгөхөөр болж, бид хоёр хоорондоо эвлэрсэн. Улмаар Т.А бид хоёрын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг Автотээврийн төвийн дарга Х.Хд аваачиж өгсөн. Улмаар Т.А нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх журмаар тайлангаа гаргуулж авсан гэж хэлж байсан. Дараагийн асуудал Ж ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг төлж өгөх боломжгүй. Учир нь тухайн үед уг барилгын ажлыг захиалагч байгууллага нь болох Тээвэр автозамын газар нь иргэн Т.Аыг дуудаж аваад барилгын ажлыг хийлгэсэн. Хариуцагч Т.А нь Ж ХХК-ас тустай хүн бөгөөд Ж ХХК-ийн зүгээс Цагааннуур, Улаанбайшинтын боомтод баригдах барилгад 1 тоосго ч тавиагүй. Тухайн үед уг барилга барих санхүүжилтэд ирсэн мөнгийг иргэн Т.Аад бүрэн хүлээлгэж өгсөн. Нэгэнт Ж ХХК нь ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг төлж өгөх боломжгүй. Дараагийн асуудал нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн дарга Х.Х нь нийт 39995000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад ч гэсэн Зам тээврийн яамнаас 36607000 төгрөг, Баян-Өлгий аймгийн Тээвэр автозамын газраас 984000 төгрөг, нийт 37,6 сая төгрөг ирсэн. Би бүх санхүүжилтэд ирсэн мөнгийг холбогдох хүнд нь хүлээлгэж өгсөн учраас энэ асуудалд Ж ХХК огт хамааралгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод авто тээврийн улсын байцаагч,тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилга байгууламж барих ажлыг анх Өлгий сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ж ХХК нь 2012 онд барихаар шууд гэрээ байгуулсан боловч уг компани нь уг барилгыг тухай үед барьж чадаагүй байжээ. Ингээд хувиараа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилгын мэргэжлийн инженер Т.А би Баяннуур суманд барилга барьж байх үед 2012 оны 11 дүгээр сарын үед Улаанбаатар хотоос ирсэн Зам тээврийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар,тус аймгийн тээвэр зохицуулалтын албаны дарга А.С, Т.А намайг Цагааннуурын боомтод дуудан уулзаж уг боомтод баригдах барилга байгууламжийг барьж өгөхийг хүссэн юм. Би уг уулзалтад өөрийн хувийн автомашинаар 7 хүний хамт очсон билээ. Ингээд надад тухайн үед Д.Б болон А.С нар нь Тээвэр автозамын газрын байцаагчийн ажлын байранд 20,000,000 төгрөг, авто тээврийн ажилтан нарын амрах байранд 39,995,000 төгрөг өгөхөөр болж газар дээр нь тохирсон болно. Ингээд би хоёр даргын уг саналыг хүлээн авч уг барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2012 оны 11 дүгээр сараас эхлэн барьж амрах байранд 51 хань өрлөг хийсэн болно. Гэтэл барилгын ажлыг тухайн үед цаг агаарын байдал болон санхүүжилт орж ирээгүй учраас түр зогсоож, улмаар 2013 оны 08 дугаар сард 17,382,900 төгрөгөөр барьж дууссан юм.
Ингээд уг барилгын дотор талд хэрэглэх цахилгаан утас, шохой, хөөс, хулдаас, тээврийн шүрпт, хадаас зэрэг зүйлүүдийг авто тээврийн улсын байцаагч Батханд ажилтан нарын хөдөлмөрийн зохих хэмжээний хөлстэй хамт өгсөн болно. Улсын байцаагч Батхан нь үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтад өгсөн болно. Одоо ажлын байрыг өнөө хүртэл ашиглаж байгаа болно. Харин барилгын нөгөө хэсэг болох ажилтан нарын амрах байрны санхүүжилт дутуу ирсэн учраас тухайн үед улсын комиссод өгч чадаагүй болно. Тус амрах байранд шаардлагатай болох хөөсөн блок, цемент,хаалга,нуруу болон банкны эд зүйлийг тэнд хүргэж хадгалж байсан болно. Ингээд нийт ажлын байранд 17,382,900 төгрөг, хоёр айлын орон сууцанд 13,295,00 төгрөг нийт 30,682,900 төгрөг гарган түр зогсоосон болно. Тэгээд миний бие захиалагч байгууллагаас тухай барилга байгууламж төсөв Ж ХХК-ар дамжуулан 30,959,00 төгрөг орж ирсэн болно. Ингээд миний уг ажлын байр болон амрах байранд зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээ нь Ж ХХК-ар дамжиж орж ирсэн 30,959,000 төгрөгтэй балансалсан болно. Ж ХХК-ийн захирал Т.Т тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Тунгышбай-д Т.А нь залилан мэхэлж манай компанийн мөнгийг үрэн таран хийж, бодит байдалд барилгыг бариагүй хэмээн асуудлыг шалгаж өгөхийг хүсэж гомдол гаргасан билээ. Тус аймгийн Цагдаагийн газраас уг асуудлыг 2013 оны 09 дүгээр сарын үед газар дээр нь очиж шалгаж үзсэний үндсэн дээр харин Т.Аад 9,995,000 төгрөг дутуу өгсөн өг гэж шаардлага тавьсан болно. Энэ асуудлыг тухайн үед Ж ХХК-ийн захирал Т.Т хүлээн зөвшөөрч намайг хохиролгүй болгоно гэж амлаж байсан юм. Т.Т нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. Уг мөнгийг ажилтан нарын цалин хөлсөнд өгсөн болно. Ингээд цаг, агаарын байдлаас болж 2013 онд ажилтан нарын амрах байрыг бүрэн гүйцэд ашиглалтад өгч ирж чадаагүй юм. Энэ асуудалд санхүүжилт цаг тухайн үед орж ирээгүй буюу он дамжсан учраас /доллар болон юань ханш эрс өссөн тул/ уг барилгыг цаашид барих боломжгүй болсон юм.Түүнчлэн уг барилгын зураг төсөв нь Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтод барих Тээвэр автозамын газрын байцаагчийн ажлын байр болон амрах байр-ны зураг төсөв зохиогдоогүй санхүүжилт хүрэлцэхгүй учраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей-д тайлбар болон хүсэлт гаргасан юм. Энэ асуудлыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Мандат гэдэг хүн сайн мэдэж байгаа. Дараа нь Ж ХХК-ний захирал Санырау Кербез овогт Түгелтайн Т Ааас 37,559,000 төгрөг гаргаж өгнө үү гэж нэхэмжилсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 26-нд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээнд өргөдөл гаргагч Т.Т нэхэмжилж байгаа 37,559,000 төгрөгөө уригдсан тал Т.Ааас нэхэмжлэхгүй байхаар тохирч дараа нь 2015 оны 6 дугаар сарын 29-нд Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж гарч, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан юм. Үүнд уригдсан тал Т.А нь Цагааннуурын боомтод байрлах автотээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах хоёр байрны барилгын ажлын тайланг Баян-Өлгий аймаг дахь салбарт гарган өгч, тооцоо хийх асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон. Өргөдөл гаргагч Т.Т нэхэмжилж байгаа 37559000 төгрөгөө уригдсан тал Т.А-аас нэхэмжлэхгүй байхаар тохирсон дараа нь мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргаж өгнө үү гэж автотээврийн төвөөс хүсэлт ирүүлсэн байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус төвийн инженер К.С, ня-бо Ж.А, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Х нар газар дээр нь дүгнэлт гаргасан. /дүгнэлтийг хавсаргав./ Автотээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарт гүйцэтгэл болон ажлын явцын тайланг өгсөн болно гэжээ.
Хариуцагч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оны 11 дүгээр сарын үед Тээвэр, автозамын газрын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж эхэлсэн боловч санхүүжилт ирээгүй. Уг Тээвэр, автозамын газрын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгын ажлын нийт өртөг нь 41 сая байтал надад 30959000 төгрөг өгсөн юм. Тухайн үед барилга барихад санхүүжилтийн мөнгө хүрээгүй учраас ажил зогссон. Улмаар 2013 оны 8 дугаар сарын үед Ж ХХК-ийн захирал Т.Т нь тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Тунгышбайд гомдол гаргаж, намайг шалгуулсан. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас уг асуудлыг 2013 оны 9 дүгээр сарын үед шалгаж, Ж ХХК-ны захирал Т.Т нь надад 9995000 төгрөг дутуу өгсөн гэдгийг тогтоосон. Тухайн үед Ж ХХК-ны захирал Т.Т нь надад 9995000 төгрөг өгч, хохиролгүй болгоно гэж амлалт өгч байсан юм. Улмаар Ж ХХК-ны захирал Т.Т нь надад 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би нийт авсан 30959000 төгрөгөөр Тээвэр, автозамын газрын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгын ажлыг хийж гүйцэтгээд мөнгө хүрээгүй учраас барилгын ажлыг түр зогсоосон. Улмаар 2016 оны ажлын тайланд Тээвэр, автозамын газрын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах байранд 17967000 төгрөг, амрах байранд 17073000 төгрөг, нийт өртөг нь 30941000 төгрөг гарсан юм. Дараа нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид болох Х, А, С нарт тус аймгийн Автотээврийн төвийн дарга Х.Х нь энэ асуудлыг шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан байна. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х, А, С нар нь Тээвэр, автозамын газрын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны зураг, төслийг гаргуулан батлуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Нэгэнт тендер зарлаж, ажил гүйцэтгүүлэхээр болсон бол санхүүжилтийн мөнгийг 2 долоо хоногийн дотор ажил гүйцэтгэгчийн дансанд хийж өгөх ёстой байтал санхүүжилтийн мөнгийг шилжүүлэхгүй цаг хугацаа алдагдуулсан учраас барилга барихад шаардагдах материал ирэхгүй, цаг хугацаа алдагдаж, ажил зогссон гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн нэхэмжлэлтэй Ж ХХК-ний захирал Т.Т, барилгын инженер Т.А нараас Цагааннуурын Улаанбайшинтын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгын ажлын өртөг болох 39,995,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, мөн хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь: Үүнд:
1. Хариуцагч Ж ХХК-ийн захирал Т.Т нь Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамд 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байр барих ажлыг 3995000 /гучин есөн сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөгөөр гэрээний баримт бичгийн дагуу гүйцэтгэхээр санал болгосноор 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь 4/3974 дугаар албан бичгээр Ж ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдсэн байна.
Үүний дагуу Ж ХХК-ийн захирал Т.Т, Монгол Улсын Зам, тээврийн яамтай 2012 оны 12 дугаар сарын 05-ны /2012.10.05/ өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байр барих ажлын Захиалагч, Гүйцэтгэгчийн хороонд №АТ/2012-07/79 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажил гүйцэтгэгч Ж ХХК нь уг ажлыг 3995000 /гучин есөн сая есөн зуун ерин тав мянган/ төгрөгөөр тохирч, ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлэж, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулахаар болж гэрээ байгуулсан байна.
Иймд Захиалагч Зам тээврийн яам болон ажил гүйцэтгэгч Ж ХХК-ийн захирал Т.Т нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Дээрх байдлаас дүгнэхэд зохигч нарын хооронд байгуулсан №АТ/2012-07/79 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын эрх тэгш бие даасан байдал болон гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэж байгуулсан гэрээ байна гэж дүгнэлээ.
2. Хариуцагч Ж ХХК-ийн захирал Т.Т нь би уг гэрээнээс татгалзсан ба барилгын инженер Т.Аыг аймгийн Тээвэр, авто замын газрын дарга байсан асан А.С, нэхэмжлэгч Х.Х, Зам тээврийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар нар нь дуудаж уг барилга байгууламжийг барьж өгөхийг хүссэнээр барилгын инженер Т.А нь уг барилгыг барихаар болж зөвшөөрснөөр энэхүү маргааны хариуцагч тул нь уг барилгын хариуцагчаас намайг чөлөөлж өгнө үү гэжээ.
Гэтэл барилгын инженер Т.А болон захиалагч Зам тээврийн яам хооронд ажил гүйцэтгэхээр байгуулсан талаарх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй хариуцагч Ж ХХК-ний захирал Т.Т болон Т.А нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх 01 дугаар гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээгээр Т.А нь Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны 2 барилгыг хашаатай нь хамт 2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхэлж 5 дугаар сарын 20-нд хийж дуусгах, барилгын угсралтын ажлыг зураг төсвийн дагуу чанартай гүйцэтгэгж захиалагч болон комисст хүлээлгэн өгөх, Барилгын тухай хуулийн дагуу барилга обьектэд 3 жилийн чанарын баталгаа гарган энэ хугацаанд засвар болон доглдол гарвал өөрөө хариуцан хийхээр, захиалагч Ж ХХК-ийн захирал Т.Т нь барилгын ажилд хэрэгцээт мөнгө төгрөгийг цаг хугацаанд гарган өгч байх, Барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, Барилгын ажлыг чанаргүй хийсэн болон дутуу хийсэн тохиолдолд санхүүжилтээс татгалзах эрх, үүрэгтэйгээр гэрээ байгуулсан байна.
Гэвч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан тул хариуцагч Т.А нь Ж ХХК-ийн захирал Т.Тын хувьд туслан гүйцэтгэгч байна.
Гэтэл захиалагч Зам тээврийн яам болон Т.А нарын хооронд байгуулсан ямар нэгэн Ажил гүйцэтгэх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй ба 2012 оны 12 дугаар сарын 05-ны /2012.10.05/ өдрийн №АТ/2012-07/79 дугаартай захиалагч Зам тээврийн яам болон Ж ХХК-ийн захирал Т.Т нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна, Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулага/ 40 дүгээр зүйлийн 40.1.18-д барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах гэж тус тус зааснаар Ж ХХК-ийн захирал Т.Т нь захиалагч Зам тээврийн яамын өмнө хариуцахаар хуульчилсан байх тул Ж ХХК-ийн захирал Т.Т нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байр барих ажлыг ерөнхийлөн гүйцэтгэгч буюу хариуцагч мөн байна.
3. Туслан гүйцэтгэгч Т.А нь аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах мөн амрах байрны барилгыг Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод баригдахаар гаргасан зураг төслөөр барьсан, тухайн барилгыг барих зураг, төсөл гаргуулж батлуулаагүйн улмаас тухайн барилгын ажлын гүйцэтгэлийг шалгах боломжгүй болсон нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04-07035/428 дугаар Барилгын тухай Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Хизатбекийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд захиалагч Зам тээврийн яам болон ажил гүйцэтгэгч Ж ХХК нь хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 15 дугаар зүйлийн 15.1-д Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй гэдгийг хуульчилсан байна.
Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах, 15.1.2-т барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах 15.1.3-д барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, ашиглалтад оруулах зардлыг хариуцах, 15.1.6-д барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх эрх үүргээ захиалагч Зам тээврийн яам нь биелүүлээгүйн улмаас аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах байрыг улсын комисс хүлээж авахгүй, тухайн барилгын ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргах боломжгүй болсон байна.
Захиалагч Зам тээврийн яам болон ажил гүйцэтгэгч Ж ХХК нь хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний үнэ буюу нийт 39950000 төгрөгийн төсвийн өртөгт зураг төсөл, техникийн хяналтын зардал гэх мэт зардал нь багтаж байгаа эсэх нь тодорхой бус, уг зардлыг захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хэн нь хариуцах эсэхийг гэрээнээдээ тусгаагүй байна.
Барилгын ажил гүйцэтгэгч Ж ХХК-ийн захирал Т.Т нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.2-д Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно, захиалагч Зам тээврийн яам нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Барилгын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 37 дугаар зүйлийн Захиалагч, 39 дүгээр зүйлд Барилгын ажил гүйцэтгэгч нарын чиг үүргийг тус тус заасан ба захиалагч болон ажил гүйцэтгэгч нарын дээрх зөрчсөн эрх, үүргийг мөн адил хуульчилсан байна.
4. 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгын эхний гүйцэтгэлийг тухайн үеийн аймгийн тээвэр авто замын газрын дарга асан А.С, тус газрын ня-бо Т.Ж, ажил гүйцэтгэгч Ж ХХК-ийн захирал Т.Т, туслан гүйцэтгэгч Б.А нарын бүрэлдэхүүнтэй уг барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх хугацаа болон санхүүжилтийн тухай хэлэлцэж Барилгын ажлыг цаг агаар дулаармагц үргэлжлүүлэн хийж бүрэн дуусгах ашиглалтанд хүлээгэн өгөх, барилгын ажилд зарцуулагдах хөрөнгө мөнгийг гүйцэтгэгч компанийн дансанд байршуулж хэрэгцээт материалыг авч бэлтгэж байхаар тохиролцож шийдвэрлэсэнээ тэмдэглэлээр баталгаажуулсан байна.
Үүний дагуу ажил гүйцэтгэгч Ж ХХК-ийн захирал Т.Т нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр Зам тээврийн яам-д уг барилгын ажлыг цаг агаар дулаармагц үргэлжлүүлэн ямар нэгэн маргаангүйгээр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөө баталж, уг барилгын суурийн ажил дуусач өрлөгийн ажил 30% хийгдсэн тул гэрээний үнэ болох 39995000 төгрөг манай дансанд байршуулж өгнө үү гэж хүссэнээр захиалагч Зам тээврийн яамнаас 36607798 /гучин зургаан сая, зургаан зуун долоон мянга, долоон зуун ерин найман/ төгрөг, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвөөс 959000 /есөн зуун тавин еөсөн мянган/ төгрөг, нийт 37566798 /гучин долоон сая таван зуун жаран зургаан мянга долоон зуун ерин найман/ төгрөгийг Ж ХХК-ийн дансаар дамжуулан туслан гүйцэтгэгч Т.А нь авсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, уг мөнгийг хүлээж авсан тухай гарын баримт, ХААН банкны 2013 оны 4 дүгээр сарын 02, 04 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 25-ны өдрүүдийн орлогын баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Ж ХХК-ийн захирал Т.Т болон Т.А /туслан гүйцэтгэгч/ нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх 01 дугаар гэрээний дагуу туслан гүйцэтгэгч Т.А нь дээрхи Ж ХХК-ийн дансаар дамжуулан нийт хүлээж авсан 37566798 /гучин долоон сая таван зуун жаран зургаан мянга долоон зуун ерин найман мянган/ төгрөгөөр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах байрыг барьж дуусаж, амрах байрны барилгын ажил 20-50%-ийн гүйцэтгэлтэй байгаа болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04-07035/428 дугаар Барилгын тухай Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Х дүгнэлт, уг авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах байрны гүйцэтгэлийн болон амрах байрны барилгын ажлын явцын тайлан зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтаас үзэхэд тухайн барилгыг Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод баригдахаар гаргасан зураг төслөөр баригдаж төсөв мөнгө нь хүрэлцээгүйн улмаас зогссон байх ба Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д Гэрээ байгуулах үед уьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсөвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ Ж ХХК-ийн захирал Т.Т болон туслан гүйцэтгэгч нар тухайн үед биелүүлээгүй байна.
Захиалагч Зам тээврийн яам нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй ба мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба захиалагч байгууллага болон ажил гүйцэтгэгч нарын хооронд ажил гүйцэтгэсэн үр шимийг хасаж тооцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан ба захиалагч зам тээврийн яам нь гэрээний үнийн дүн болох 39995000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Ж ХХК-ийн захриал Т.Т, туслан гүйцэтгэгч Т.А нараас нэхэмжилсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь дээрхи нотлох баримтаас дүгнэхэд захиалагч болон ажил гүйцэтгэгч нар нь Иргэний хууль болон Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээ тус тус зөрчсөн байх ба үүний улмаас учирсан бодит хохирлын үнийн дүн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан Ж ХХК-ийн захирал Т.Т, Т.А нараас Баян-Өлгий аймгийн Цагааннуур Улаанбайшинтын боомтод баригдах авто тээврийн хяналтын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны санхүүжилт нь болох 39,995000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ