| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00377/И |
| Дугаар | 130/ШШ2016/00547 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2016/00547
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2016/00547 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, утас 000000000, РД:БЮ0000000, Б овогт Шн Игийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г, утас 0000000000000/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.И, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г, гэрч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 5828343 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 321888 төгрөг, мөн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 48 хоногийн ээлжийн амралтын олговор 1384953 төгрөг, мөн Нийгмийн Даатгалын Шимтгэлийн мөнгө 587744 төгрөг, нийтдээ 8122928 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ш.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвд эдийн засгийн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байтал төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс эхэлж хууль бус тушаал гаргаж намайг цагийн багш болгосноор би 2016 оны 6 дугаар сарын 08-ний хүртэл ажилгүй байсан юм. Миний үндсэн цалин 560865 төгрөг бөгөөд 2015 оны 9 дүгээр сард 22 ажиллаж үндсэн цалин 560805, зэрэг дэвийн 10%-ийн нэмэгдэл 56087 төгрөг, анги удирдсан багшийн нэмэгдэл 13440 төгрөг, кабинетийн нэмэгдэл 13440 төгрөг бүгд 643832 төгрөг авах ёстой юм. Би 2015 оны 12 дугаар сар дуустал дээрх ижил 643832 төгрөг авах ёстой. Харин 2016 оны 1 дүгээр сард 21 хоног ажиллаж үндсэн цалин 560865 төгрөг, зэрэг дэвийн 10%-ийн нэмэгдэл 56087 төгрөг бүгд 616952 төгрөг авах ёстой юм. 2016 оны 5 дугаар сар дуустал дээрх байдлаар бүгд 616652 төгрөг, 6 сард 6 хоног ажиллаж үндсэн цалин 152963 төгрөг, зэрэг дэвийн 10 %-ийн нэмэгдэл 15296 төгрөг бүгд 168260 төгрөг авах ёстой юм. Би 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сар дуустал үндсэн цалин 5200748 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 520075 төгрөг, анги удирдсаны мөнгө 53760 төгрөг, кабинетийн нэмэгдэл 53760 төгрөг бүгд 5828343 төгрөг авах ёстой. Би 48 хоног амрах ёстой бөгөөд дундаж цалин 28853 төгрөг, амралтын мөнгө 1384953 төгрөг надад олгох ёстой. Харин 2016 оны 8 сард би 12 хоног ажиллаж дундаж цалин 292625 төгрөг, зэрэг дэвийн 10 %-ийн нэмэгдэл 29263 төгрөг бүгд 321888 төгрөг авах ёстой. Ажилгүй байсан хугацаанд НДШ-д 587744 төгрөг төлөх болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс миний 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар дуусталх хугацааны цалин, нэмэгдлүүд бүгд 5828343 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1384953 төгрөг, 2016 оны 8 сард 12 хоног ажилласны мөнгө 321888 төгрөг, НДШимтгэл 587744 төгрөг бүгд 8122928 төгрөг надад гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Ш.И шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 9, 10 дугаар сард цагийн багшаар ажилласан. Хамгийн түрүүнд эдийн засгийн 234 цаг өгсөн. 9 дүгээр сард 20 цагийн хичээл ороод 80 000 төгрөгийн цалин авсан 10 дугаар сард 56 цагийн хичээл ороод 224 000 төгрөгийн цалин авсан. Нийтдээ 9 дүгээр сард өгсөн 234 цагаас 76 цагийн хичээлийг орсон. Тэгээд яамнаас албан бичиг ирсэн гээд нийт 10 ангийг нийлүүлж 5 анги болгоод үлдсэн 158 цагийг өөр нэг эдийн засгийн багшид авч өгсөн. Тэгээд надад ажлаас халсан тушаал ч байхгүй, юу ч байхгүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ажилд эгүүлэн тогтоогдсон. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр надад мэдэгдэл явуулсан. Үүнд сургуулийн захирлын шийдвэрээр нийгмийн ухааны хичээлийн эдийн засгийн бүлгийн дараах нь цагийг заалгахаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарь гаргасан гээд энэ мэдэгдлийг өөрсдөө 25-ны өдөр шийдээд надад 29-ны өдөр хүргүүлсэн. Нийгмийн ухааны хичээлийн эдийн засгийн бүлэг гэдэг бол манай сургуулийн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд байхгүй учраас энэ мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан. Яагаад гэвэл би шүүхэд хандсан байсан. Хоёрдугаарт сургалтын төлөвлөгөөнд байхгүй байсан. Би 9 дүгээр сарын 01-нээс хүрэхгүй хэдэн цагуудыг нийгмийн хичээлийн цагаас авч болох уу гэхэд мэргэжлийн бус хүнд тэгж хичээлийн цаг өгөхгүй гэсэн. Тэгээд энэ хэдхэн цагаас болоод сургууль ч гэсэн, суралцагчид ч гэсэн, багш нар ч гэсэн хохироогүй. Уг цагийг нийгэм, газар зүйн багш Ж, А нарт хуваагаад өгсөн. Үүний хөлсийг сургалтын албанаас дотоод журмын дагуу зохицуулалт хийгээд олгосон байна. Би нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилсэн. Хичээлийн жил маань 6 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгож дуусдаг. Тэгээд ажлын 5,6 хоног буюу 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилладаг. Энэ хугацааны цалинг бас нэхэмжилж байгаа. Урьд нь би анги дааж, кабинет хариуцаж, зэрэг дэвийн нэмэгдэл авч байсан. Намайг 9 дүгээр сарын 01-нээс цагийн багш болгохоос гадна анги даасан, кабинетийн мөнгө, зэрэг дэвийн нэмэгдлийг өгөөгүй. Би 2 дугаар курс хүртэл анги даасан. 3 дугаар курсийнхэн хагас жил сураад 12 дугаар сард төгсөх ёстой байсан. Тэгээд би 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх анги даалт, кабинетийн мөнгийг авах ёстой байсан. Жил болгон зэрэг дэвийн мөнгийг авах ёстой байсан. 6 дугаар сарын 08-наас хойш амралт гэж тооцоод 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 48 хоногийн амралтын мөнгийг авах ёстой. Багш нар 8 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон. Надад тушаал гаргахдаа 9 дүгээр сарын 01-нээс орно гэж гаргасан. Тийм учраас 8 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилсэн. Нийтдээ 8122928 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.И нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Цагийн багшаар томилох тухай 73 тоот тушаалаар Эдийн засгийн хичээлийн үндсэн багш-ын ажлаас цагийн багшаар шилжүүлэн томилсон бөгөөд тухайн өдрөөс хойш хичээл тасалж, ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Хэрэв Ш.И нь тухайн өдрөөс эхлэн цагийн багшийн ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байсан бол хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах боломжтой байсан бөгөөд ажил олгогчийн заасан ажил, үүргийг гүйцэтгээгүй, өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй ажилтанд ажил олгогч цалин хөлс нөхөж олгох үүрэг хүлээхгүй болно. Ш.И нь 2015-2016 оны хичээлийн жилд 220 цаг хуваарилагдсан ба 9 дүгээр сард 20 цаг, 10 дугаар сард 56 цагийн хичээлийг зааж, үлдсэн 144 цагийн хичээлийг өөрийн буруугаас гүйцэтгээгүй болох нь МСҮТ-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Цагийн багш томилох тухай 72 тоот тушаал, сургалтын менежерийн тайлбар, сургалтын албаны менежерийн мэдэгдэл, ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ш.И нь 2015 оны 9 дүгээр сард 88000 төгрөг, 10 дугаар сард 224000 төгрөгийн цалин хөлс авсан байна. Тус сургалтын төв нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Журам батлах тухай А/198/215 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 5.3-т заасны дагуу 1 цагийг 4000 төгрөгөөр тооцож олгохоор тогтоосон болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ид 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан 9 сар 6 хоногийн үндсэн багшийн цалин 5208027 төгрөг /560865х9 сар=5047785, 560865:21=26707х6=160242төгрөг нийт-5208027 төгрөг/ , үүнээс цагийн багшийн цалингийн зөрүү 888000 төгрөгийг хасахад түүнд нөхөн олгох олговор 4320027 төгрөг байна. Харин зэрэг дэв, анги удирдсан багш, кабинетийн нэмэгдэл зэрэг нэмэгдлийн мөнгийг нөхөн олгох хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэгч Ш.И-гийн ажилгүй байсан хугацааны цалинг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дээрх үндэслэлүүдээр тооцож олгохыг хүсье гэжээ
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Ш.Игийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн талаар шүүхэд хоёр удаа тайлбар өгсөн. Тэрэн дээр нэмж дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч Ш.И нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн цагийн багш томилох тухай 13 тушаалаар эдийн засгийн хичээлийн үндсэн багшаас цагийн багшийн ажилд шилжүүлэн томилсон. Түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн тушаалаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгч Ш.И нь хуваарилж өгсөн хичээлийг заагаагүй. Сургуулийн удирдлага, сургалтын албанаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг хүлээж авч биелүүлээгүй. Мэдэгдлийг хүлээж аваагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 2015 оны 9,10 дугаар сард 78 цагийн хичээл зааж 312 000 төгрөгийн цалин хөлс авсан. Үлдсэн 142 цагийг өөрийн буруугаас болж заагаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.5-д заасныг үндэслэн заавал зохих 142 хичээлийн цагийн мөнгө болох 568000 төгрөгийг нөхөн олгохоос татгалзаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсэн заасан ба түүний үндсэн цалин 560845 төгрөг ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нь 4320000 төгрөг байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №73 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г нь нэхэмжлэгч Ш.Иг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлж цагийн багшаар томилон хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.
Нэхэмжлэгч Ш.Иг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эдийн засгийн багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай Шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001\хт2016\00506 дугаартай Тогтоолоор тус тус нотлогдож байна.
Шүүхийн дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б\53 тушаалаар нэхэмжлэгч Ш.Иг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эдийн засгийн хичээлийн үндсэн багшийн ажилд эгүүлэн томилж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулахаар тогтоосон байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.И 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулах нь зүйтэй байна
Нэхэмжлэгч Ш.Игийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажилд нь ажиллуулахаар тогтоосон 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг тооцвол 11 сар 03 хоног байна. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 хоног, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар багшид ажлын 33 хоногийн ээлжийн амралтын нэмэгдэл бүгд ажлын 48 хоногийн ээлжийн амралтыг Ш.И нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл биечлэн эдэлсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ш.И нь ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор авах ёстой байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч Ш.Игийн НДД№А0333560 /633646/ Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр 2015 оны 8 сард 381922 төгрөг, 7 сард 1616604 төгрөг, 6 сард 480248 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 826258 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч Ш.Игийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны олговрыг тус Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн тооцох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Ш.И нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогч Х.Б гаргаж өгсөн тооцог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй зөвшөөрсөн болно.
Иймээс хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 625 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Игийн ажилгүй байсан хугацааны олговор 2015 оны 9 дүгээр сард ажлын 3 хоногт 87795 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалин бүгд 1931496 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх, 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэлх цалин 3341020 төгрөг, амралтын олговор 48 хоногт 1384953 төгрөг бүгд 6745264 төгрөг байна. Үүнээс 2015 оны 9 дүгээр сард авсан цалин 88000 төгрөг, 10 дугаар сард авсан цалин 224000 төгрөгийг тус тус хасаж тооцоод нийт ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор нийт 6433264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1689664 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ш.Игийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгаж, нэхэмжлэгч Ш.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144917 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 117882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ид олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор нийт 6433264 /зургаан сая дөрвөн зуун гучин гурван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бахат-Ахтай овогт Шн Ид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1689664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч Б овогт Шн Игийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144917 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 117882 /нэг зуун арван долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК