Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Гантулга

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 1914002520418 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дуг аар сарын 30-ны өдөр Увс аймаг Баруунтүрүүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид жагсаалын дарга ажилтай, овогт Б.М

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн агуулахад захирагч буюу салаан захирагч Т.Сабыржанд хүч хэрэглэн халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн онцгой байдалын газрын зааланд анги дотроо тэмцээн зохиож тэгээд Т.Сабыржаныг хүний оронд ороод тоглоодох гэсэн чинь тоглохгүй гээд гараад явсан. Тэгээд маргааш нь анги нэгдэж байхад би нэг хамт олон байж чи яах гэж тэгж байдаг гээд цээж рүү нь түлхсэн чинь Т.Сабыржан хойшоо сандал дээр суусан. Т.Сабыржан намайг тэврээд авахаар нь би гарыг нь тавиулах гээд эргэхдээ тохойгоороо эрүү орчим нь цохьсон жавж нь дотор зулгарсан байсан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Тэгээд Б.Өсөхбаяр орж ирээд боль та 2 хуралдаа ор гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 70-72/

Хохирогч Т.Сабыржаны мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багт байх Цэргийн ангийн байран дээр 09 цагийн орчимд агуулах дотор ротын ахлагч Б.Мын хамт ороход намайг зодсон нь үнэн. Тухайн үед Б.М бид 2-оос өөр хүн байгаагүй. Намайг зодуулсны дараа Б.Өсөхбаяр орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /

Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн орчим Цэргийн ангийн байранд манай хурал болох гэж байсан . Би агуулах руу ороход тэнд салаан захирагч Т.Сабыржан, ротын ахлагч Б.М нар байсан. Т.Сабыржаны амнаас цус гарчихсан тэр хоёр юм яриад сууж байсан би хурал боллоо гаръя гэж хэлээд тэндээс хамт гарч хуралдаа суусан. Тухайн хуралд Т.Сабыржан орж ирээгүй миний араас Б.М орж ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 94-96/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 188 дугаар шинжээчийн

  1. Т.Сабыржаны биед тархи доргилт, чихэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Т.Сабыржаны биед 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 22-24, /, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 60-61 /, шүүгдэгчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн яаралтай тусламжийн тодорхойлолт /хх-ийн 13-15/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 77-81/, шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх- ийн 75/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 90/, гэрлэлтийн бүртгэлийн лавалгаа /хх-ийн 91/, депозит дансны хуулгууд /86-89/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д

....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.  ,

гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д   Мөрдөгч, прокурор нотлох баримтыг

тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад

Шүүгдэгч Б.Мыг үйлдлийг цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан дарга, захирагчаа эсэргүүцэж хүч хэрэглэж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн агуулахад захирагч буюу салаан захирагч Т.Сабыржанд хүч хэрэглэн халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Мын... анги дотроо тэмцээн зохиож Т.Сабыржаныг хүний оронд ороод тоглоодох гэсэн чинь тоглохгүй гээд гараад явсан,..маргааш нь анги нэгдэж байхад би нэг хамт олон байж чи яах гэж тэгж байдаг гээд цээж рүү нь түлхсэн чинь Т.Сабыржан хойшоо сандал дээр суусан, Т.Сабыржан намайг тэврээд авахаар нь би гарыг нь тавиулах гээд эргэхдээ тохойгоороо эрүү орчим нь цохьсон. ” гэх мэдүүлэг / хх-ийн 70-72/

хохирогч Т.Сабыржаны... Цэргийн ангийн байрны агуулах дотор ротын ахлагч Б.Мын хамт ороход намайг зодсон  ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /

гэрч Б.Өсөхбаярын...би агуулах руу ороход тэнд салаан захирагч Т.Сабыржан, ротын ахлагч Б.М нар байсан,.  Т.Сабыржаны амнаас цус

гарчихсан тэр хоёр юм яриад сууж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 94-96/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 188 дугаар шинжээчийн , Т.Сабыржаны биед тархи доргилт,

чихэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаад тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугийн сэдэлтийг яллах дүгнэлтэд бичсэнээр шүүгдэгч Б.Мын үйлдлийг цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан дарга, захирагчаа эсэргүүцэж хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй харин хувийн тодорхой сэдэлттэй, таарамжгүй харилцаанаас үүссэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь анхнаасаа цэргийн албаны үйл ажиллагааг

хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан дарга, захирагчаа эсэргүүцэж хүч хэрэглэж үйлдлийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл, тодорхой иргэний эсрэг чиглэж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч үйлдсэн, өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт , хохирогчийн зүй бус үйлдэлд нь дургүйцэн цохьсон талаар шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон холбогдсон хэргийн талаар илэрхийлж байгаа байр, суурь, холбогдсон хэрэгтээ өгч байгаа гэм буруугийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “ хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн

28.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн

11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Т.Сабыржан, шүүгдэгч Б.М нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Б.М нь хохирогчийн нүүр лүү нь цохиж гэмтэл үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Сабыржаныг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, чихэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 11-12/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Т.Сабыржаны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Б.М нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б. Мөнхбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.Сабыржанд баримтгүйгээр 400000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч Т.Сабыржан нь Б.Мын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тухайн хэрэг учрал нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно... гэж хуульчилсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № 349 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “ гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ”.. гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, , хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал / бага насны 2 хүүхэдтэй, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид жагсаалын дарга ажилтай

/ , хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч овогт Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч овогт Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мыг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Б.М хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  7. Шүүгдэгч Б.Мын эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Ууганбаярт буцаан олгосугай.
  8. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.БАЙГАЛМАА