Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 407

 

 

    2020         06           17                                  2020/ШЦТ/407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т  овогт Б  Б д холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 0-р гудамж 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т  овогт Б  Б  /РД:000000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрийн гадаа иргэн Д.Э буулгахдаа түүний мартаж буусан “Самсунг галакси эс 8” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд“...Б.Б гаас хар өнгөтэй, Самсунг эс-8 гар утас 1 ширхгийг хураан авсан...” талаар /хх-ийн 4-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...хар өнгийн Самсунг эс-8 маркийн гар утасыг Д.Э хүлээлгэн өгсөн...” талаар /хх-ийн 5-р хуудас/,

 

Хохирогч Д.Э  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8-р, 9-р хуудас/,

 

Гэрч  Г.А  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б гийн  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 25-26-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 27, 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, жолоочийн үнэмлэх /хх-ийн 29-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 30, 32-р хуудас/, асап сангийн лавлагаа /хх-ийн 33-38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүрийн гадаа хохирогч Д.Э автомашинд нь орхисон “Самсунг галакси эс 8” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан болох нь:

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд “...Б.Б гаас Самсунг эс-8 гар утас хураан авсан...” талаар /хх-ийн 4-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд“...Самсунг эс-8 маркийн гар утсыг хохирогч Д.Э хүлээлгэн өгсөн...” талаар /хх-ийн 5-р хуудас/,

 

Хохирогч Д.Э   мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд “Brown” нэртэй баарнаас 22 цагийн үед гараад такси бариад гэр рүүгээ явсан. Би Нисэхийн тойргийн хойно байдаг “Миний сүлжээ” дэлгүүр рүү орох гэтэл таксины жолооч намайг утсаа үлдээгээд ор гэхээр нь би үгүй ороод АТМ-с мөнгө аваад өгье гэтэл таксины жолооч намайг утсаа үлдээгээд ор гэхээр нь би гар утсаа үлдээгээд орсон. Дэлгүүр ороод картаар тооцоо хийх гэтэл карт байхгүй байсан. Би картаа утасныхаа гэрэнд хийдэг. Тэгээд утсаа авах гээд гартал таксины жолооч миний утсыг аваад явсан байсан. Би  гар утсаа буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р, 9-р хуудас/,

 

Гэрч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр би нөхөртэйгөө хамт таксинд явж байхад Содон хорооллын дэргэдээс 2 хүн гар өргөхөөр нь авсан. Нисэхийн тойрог өнгөрөөд тэр хоёр залуу дэлгүүр оръё гэхээр нь Миний дэлгүүрийн гадна зогссон. ............би нөхөртөө “таксины мөнгөний төлөө хүнд зодуулах юм шиг байна явъя” гээд бид хоёр явсан. Тэгсэн ард нэг утас дуугараад байхаар нь хартал Самсунг Эс-8 маркийн гар утас байсан. Маргааш нь манай нөхөр нөгөө гар утсыг барьчихсан байхаар нь би хамаагүй хүний юм барьж болж байгаа юм уу буцааж өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “... “Самсунг галакси эс 8” загварын гар утас зах зээлийн үнэлгээгээр нийт 362.000 төгрөг...” /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын замын баруун талд зам дээр 2 согтуу хүн гар өргөж суугаад Нисэхийн тойрог өнгөрөөд дэлгүүр оръё гэсэн. Тэр хоёр залуугийн нэг нь “таксины мөнгө өгчих бууя” гэтэл нөгөө залуу нь “мөнгө байхгүй” гэсэн. Тэгвэл АТМ орж мөнгө аваад дэлгүүр орчхоод гараад ирье” гэсэн. Тэр хоёр залуу дэлгүүр орсон. Тухайн үед манай эхнэр “хоёулаа ингэж байгаад хүнд зодуулах юм шиг байна явъя” гэхээр нь гэр рүүгээ явж байтал машины ард нэг утас дуугараад байхаар нь автал 5-6 дуудлага ирсэн байсан. Намайг авсны дараа 2 удаа залгахаар нь би аваагүй. Би  21-р хороололд байдаг утас засварын газар очиж кодыг нь гаргуулаад 9 хоног барьж ашигласан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-24, 25-26р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э 362.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Б д гар утасыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч хавтас хэргийн 9 дүгээр талд “...Би хохирлоо барагдуулж, өөрийнхөө гар утсыг буцаан авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

       

             Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч Б.Б г “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б д ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т  овогт Б  Б г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР