Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00388/И |
Дугаар | 130/ШШ2016/00573 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2016/00573
2016 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 130/ШШ2016/00573 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Сын Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С овогт Ан Сы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн А.С, прокурор Х.Өн, иргэдийн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор 23200000 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн Хар уул гэсэн газарт аав, ээж, ах, эгч дүү нарын хамт амьдардаг. Ам бүл 6. Намайг иргэн Н.Аийн амь бие аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй, мөн хүчиндэх гэмт хэргийг үл мэдээлсэн гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар сэжигтнээр тооцож, дараа нь яллагдагчаар татаж удаа дараагийн залхаан цээрлүүлсэн байцаалтын дараа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгдэгчийн ширээнд суулгаснаар сэтгэл санаа болон нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон болно.
Намайг анх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Е нь гэрт амарч байхад минь Цагдаагийн газарт албадан дуудаж ирүүлээд тайлбар авсан. Ингэхдээ намайг онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр үзэж тодруулбал намайг янханаар минь дуудаж зүй бусаар харьцаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Тухайн үед би болсон үйл явдлын талаар үнэнээр ярьж, гэм буруугүй болохоо хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг чи худлаа ярьж хэнийг хуураад байгаа юм бэ, би чамд тийм хүүхэд шиг харагдаж байна уу, хэзээ үнэнээ хэлнэ тэр хүртэл явна шүү. Сайн бодоорой доо гэх мэтээр загнаж зүй бусаар харьцаж хилс хэрэгт холбогдуулж шалгасан.
Тухайн үед би Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь сургуулийн төгсөх курс /000 дүгээр курс/-т суралцаж байсан болохоор хичээл номдоо анхаарал төвлөрч чадахгүй, нойр хоолондоо муудаж, найз нөхдийн дунд нэр хүнд унах, нутгийн оршин суугчдаас итгэлгүй болж харьцаанд сэв суух явдал бий болсон. Одоо Цэнгэл сумын удирдлага, нутгийн уугуул оршин суугчдаас надад итгэх итгэлгүй болж сэжигтэй байдлаар хандаж надад үнэхээр хэцүү байсан. Одоо ч гэсэн мөн ялгаагүй найз нөхөд, хамаатан садны дунд нэр хүндгүй болчхоод хэцүү байна.
Тийм учраас би олны дундаас хол байхын тулд Улаанбаатар хотод очиж, тэнд нэг хэсэгтээ амьдарч байгаад ирсэн. Миний бие хэдийгээр шүүхээс цагаатгагдсан ч гэсэн зарим хүмүүс одоо болтол намайг гэмт хэрэгтэн мэтээр үзэж, гадуурхах явдал мэр сэр гарч байгаа болно. Ялангуяа миний бие энэ жил дөнгөж 23 нас хүрсэн, дээрээс нь гэрлээгүй учраас энэхүү байдлаар хүнтэй уулзаж ярилцахад маш их хэцүү байна. Тийм учраас төрөөс сэтгэл санааны хохирол төлүүлэх, мөн нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг маш ихээр хүсч байна.
Миний бие тухайн үед мөрдөн байцаагчид хандаж гэм буруугүй болохоо удаа дараа тайлбарлан хэлж байсан боловч намайг худал ярьж байна гэж үзэж надад огт итгээгүй бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр шүүх хүртэл авчирч шүүгдэгчийн сандалд суулгасан юм.
Нэр хугарахаар яс хугар гэсэн зүйр үг байдаг даа. Нэгэнт хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар тухайн үед хоёр өмгөөлөгч хөлсөлж авч байсан. Ингэхдээ тэд нарын тус бүрт нь 2000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгөхөөр болж тохиролцож Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэд миний зөрчигдсөн эрх ашгийг минь төрийн эрх бүхий байгууллагын өмнө хамгаалахын тулд тууштай ажиллаж, 3 шатны шүүхээр явж өмгөөлөл хийсний үр дүнд миний бие шүүхийн эцсийн шийдвэрээр цагаатгагдсан юм. Тийм учраас өмгөөлөгчид төлсөн хөлс болох 4000000 төгрөгийг хохиролд тооцож байна.
Дээр дурдсанчлан би хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж, улмаар сэтгэл санаагаар маш их хохирол авч, ажил хөдөлмөргүй, цалингүй хохирсон ба нэр төр минь иргэдийн дунд унаж, эдийн бус гэм хор учирч, давхар хохирсон. Нэр төр, алдар хүнд минь гутаагдсаныг сэргээж, сэтгэл санааны хохирол болох эдийн бус хохирлыг тооцох хэмжээ, норм. стандарт, тариф байхгүй тул сэтгэл санааны хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 19200000 төгрөгөөр тооцож байна.
Иймд гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор /эдийн болон эдийн бус/ болох нийт 23200000 төгрөгийг Засгийн газрын нөөц сан /Төр/-гаас гаргуулж, мөн гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Цэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Сарыглар овогт Сын Ц нь 2014 оны 12 дугаар сард анх эрүүгийн 201404000315 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөд явж байгаад мөн оны 11 дүгээр сарын 14-ний, 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдаж шүүхээс хэрэг нь таслагдаж байсан. ямар хэрэгт шалгагдсан юм вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-т заасан гэмт хэрэгт шалгагдсан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг үл мэдээлсэн, бусдыг аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед өөрийгөө гэм буруугүй болохыг сэжигтнээр тооцогдож байхдаа, яллагдагчаар татагдаж байхдаа мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа мэдүүлж байсан боловч прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Улмаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны, 9 дүгээр сарын 03-ны өдрийн давж заалдах шатны, 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд цагаатгагдсан. Нэгэнт цагаатгагдсан учраас өөртөө учирсан хохирлыг арилгуулах эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-т зааснаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй эрхтэй гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх дөрвөн тохиолдолд үүсэхээр хуульчилж өгсөн байдаг. Түүний хувьд энэхүү зүйл заалтын дотроос цагаатгасан шүүхийн тогтоол гарсан гэсэн үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх хуулийн дагуу үүссэн. Энэхүү хохирлыг эдийн болон эдийн бус журмаар төлүүлэх журамтай байдаг. Дээр дурдсанчлан С.Ц нь хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр шалгагдаж 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гадагшаа явж болохгүй гэсэн батлан даалт бичиж түүний сэтгэл санаагаар хохирсон. Түүнчлэн түүний нэр төр иргэдийн дунд унаж давхар хохирол учирсан. Одоо ч гэсэн иргэдийн дунд нэр төр нь гутаагдсан, унасан байдалтай явж байгаа. Энэхүү байдлаас зугтахын тулд одоогийн байдлаар Улаанбаатар хотод оршин сууж байгаа болно. Сэтгэл санааны хохирлыг тооцсон дүрэм журам, стандарт байдаггүй. Тийм учраас сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон. Анхны шүүх хуралдаан нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон.
Энэ өдрөөс Улсын Дээд Шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт ажлын 100 хоног байгаа. Энэхүү ажлын 100 хоногт энэ хүн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөд гадагшаа явж болохгүй байсан явдлыг хөдөлмөр эрхлээгүй гэж үзээд үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлээд 19 200 000 төгрөг тооцоолсон. Мөн энэхүү хэрэгт анх шалгагдаад гэм буруугүй гэдгээ хэлсээр байгаад мөрдөн байцаагч, прокуророос холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Тийм учраас өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь хохиролд тооцогдох ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-т зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь нөхөн төлүүлэх хохирол хамаарч байгаа. Энэ талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Үүнийг нотлох баримт шинжлүүлэн судлахдаа судлуулах болно. Энэхүү хохирлыг төлүүлэх хууль зүйн үндэслэл байгаа учраас өмгөөлөгчид төлсөн 4 сая төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд эдийн болон эдийн бус хохирол нийлээд 23200000 төгрөг болж байгаа. Хэрэгт шалгагдаад явж байхдаа Цэнгэл сумаас Өлгий сум, Өлгий сумаас Цэнгэл явж байсан зардлуудаа тооцоолоогүй. Мөн бусад хохирлууд мэр сэр гарч байсан. Мөн эрүүл мэндээр хохирсон асуудал байсан. Тухайн үед С.Ц нь нотлох баримтаа бүрдүүлээгүй явж байснаас өнөөдөр нотлох баримтаа нөхөн бүрдүүлэх боломжгүй болоод сэтгэл санааны хохирлоо тооцуулаад явж байгаа. Нийтдээ 23,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж хохиролгүй болгож, мөн гутаагдсан нэр төрийг сэргээж өгнө үү. Нэр төр нь гутаагдсан талаар нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан асуудал байхгүй. Гэхдээ иргэдийн дунд энэхүү асуудал яваад байсан. Үүнээс болж ажил олдоогүй. Тэгээд аргагүй эрхэнд Улаанбаатар хотод явсан асуудал байгаа. Интернетээс Google.mn сайтаас хайж үзэхэд Цд холбогдох 4 илэрц гарч ирсэн. Энэ илэрц нь анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Анх хэрэг шүүхэд ирж байхад өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаад мөрдөн байцаалтад буцаалгасан захирамжийг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс хянасан. Энэхүү шүүхийн шийдвэр тэр чигээрээ нийтлэгдсэн байдаг юм байна. Бусад шийдвэрийн хувьд С.Ц холбогдогч гэсэн утгаар одоо хүртэл явж байгаа гэв.
Төрийг төлөөлж оролцож байгаа прокурор Х.Ө-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сы нэхэмжлэлтэй С.Ц нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн Харуул гэсэн газарт аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг байсан. Түүнийг иргэн Аийн амь нас нь аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлээгүй, мөн хүчиндэх гэмт хэргийг үл мэдээлсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 170.1, 246 дугаар зүйлийн 246.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж улмаар сэжигтнээр тооцож, дараа нь яллагдагчаар татаж байцааж байсан. Холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнийг цагаатгасан байдаг. С.Ц нь мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчид төлсөн хөлс 4 сая төгрөг, энэхүү хилс хэрэгт шалгагдсаны улмаас нэр төр, алдар хүнд нь гутаагдсаныг сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд эдийн бус хохирлыг 19 200 000 төгрөгөөр тооцож нийтдээ 23 200 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна. С.Цг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 170.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан боловч анхан шатны шүүхээс цагаатгасан. Энэхүү шийдвэрийг давж заалдах болон дээд шүүхээр хэвээр баталсан болох нь иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Харин С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох явцад өмгөөллийн хөлс 4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэхүү 4 сая төгрөгийг хүлээж авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөллийн өөрийнх нь хувийн дансанд хийсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Бид нар энэ нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж мэдээгүй байсан, анхны хэрэг байсан болохоор алдаа гаргасан гэж тайлбар хэлж байгаа боловч энэ байдлыг үндэслэж 4 сая төгрөгийг гаргуулах боломжгүй. Харин С.Цгийн сэтгэл санаа, түүнд учирсан хохирол гээд 19 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь А.Сы өөрийнх нь үзэл бодлоор тооцож гаргасан тооцоо байна. Энэ тооцоог ямар байдлаар, яаж тооцсоныг сая шүүх хуралдаан дээр асуусан. Үүнийг шүүх үнэлэн шийдвэрлэхдээ холбогдох хэрэг нь ангиллын хувьд хүндэвтэр хэрэг юм. Энэ хэрэгт холбогдуулан С.Цг тухайн үед ямар нэгэн байдлаар цагдан хорьж, мөрдөж байсан нь тогтоогдоогүй. Түүний нэр төр, алдар хүндийг ямар байдлаар гутаагдсанаа нотолж чадаагүй. Энэхүү байдлыг эрүү болон иргэний хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгч дотоод итгэлээр үнэлэн тооцох нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Ц нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 23200000 гаргуулж, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг хүсжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Цг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн сэжигтнээр тооцох тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байна. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн яллах дүгнэлтээр С.Ц нь гэмт хэргийг үл мэдээлсэн, А аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллагдахаар тогтоож, Сум дундын 2 дугаар шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор С.Цд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. Энэхүү шийтгэх тогтоол нь дээд шатны шүүхүүдээр хянагдаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан байх тул С.Ц нь хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.
Нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4000000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хууль зүйн зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг харилцан тохиролцсоноор төлөхөөр тусгасан байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэрэгт байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал эрүүгийн хэрэгт авагдсан гэрээнд өмгөөллийн Өлгий ХХН-ийн тамга дарагдаагүй байх ба өмгөөллийн хөлсний урьдчилгаа 2000000 төгрөг хүлээж авсан талаар тусгагдаагүй байна. Өмгөөллийн Өлгий адвокат ХХН-ийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2000000 төгрөг хүлээж авсан тухай, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2000000 төгрөг хүлээж авсан тухай баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Энэхүү баримтууд нь эрүүгийн хэрэгт авагдаагүй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна гэж заасан байхад өмгөөллийн хөлсийг дансанд хийгээгүй, нэхэмжлэгч өмгөөлөгч нар нь өмгөөллийн хөлсийг авсан өгсөн болж гарын үсэг зурсан нь эргэлзээтэй ба энэхүү байдал хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчид сэтгэл санааны болон эдийн бус хохиролд хохирол 19200000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж, улмаар сэтгэл санаагаар маш их хохирол авч, ажил хөдөлмөргүй, цалингүй хохирсон ба нэр төр минь иргэдийн дунд унаж, эдийн бус гэм хор учирч хохирсон гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч С.Цгийн холбогдсон гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй ба хэргийн болон С.Цгийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ байдлын талаар нотлох баримт байхгүй байгаа тул сэтгэл санааны хохирол гаргуулах боломжгүй байна.
Мөн С.Цгийн нэр төр, алдар хүнд ямар байдлаар гутаагдсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүний нэр төр, алдар хүнийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.4, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 23200000 төгрөг гаргуулах болон гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг тухай Сын Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК
К.БҮЛДИРГЕН