| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0108/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/000 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/000
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн 1814003090045 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй
Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Шүүхийн 1999 оны оны 12 дугаар сарын 28-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн1 жилийн хугацаагаар хойшилсон,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Шүүхийн 2013 оны оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. овогт Б.Т
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Ц.Ганбаатартай зээлийн гэрээ байгуулан бог мал худалдан авч өгнө гэж зохиомол байдал зориуд бий болгож 3600000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн
... надад Ц.Ганбаатар нийт 35000000 төгрөгийг шилжүүлсэн,1000000 төгрөгийг Б.Алтаншагай ах руу өгсөн байсан ба түүнийг замын зардал болон бусад зардалд ашигласан. Ц.Ганбаатар нь надад 42000000 төгрөг өгсөн гэж байгаа боловч бэлэн өгсөн нь 35000000 төгрөг дансаар өгсөн... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 01-03 /,
Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Алтаншагай өөрийнхөө данснаас Улаанбаатар хотод байхдаа 15000000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж байсан ба шалтгаан болохоор ямаа худалдан авч тэдгээрийг нядлаад махыг нь зарж борлуулахаар тохирсон. Би түүнд 3 сарын хугацаатай 15 000 000 төгрөг ээлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр надад 200 000 төгрөгийн ашиг дээр нь 15000 000 төгрөгийг буцаагаад өгсөн. Тэгж өгөх гээд ирэхдээ өөрийнхөө төрсөн дүү Б.Т, хүргэн Тулгаа гэх залуугийн хамт ирсэн. Тэгээд бид дөрөв ярьж Б.Т, Б.Алтаншагай нар нь надад Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 500 гаран тооны ямаа бэлэн байгаа гэж хэлсэн...би тэр хоёртой яг тэр суманд 500 гаран тооны ямаа байгаа эсэхийг мэдэхээр өөрөө цуг ирэх шийдвэрийг гаргасан. Тэгээд Б.Алтаншагай Тулгаа бид гурав ирсэн, Б.Т бид нараас 2 хоногийн өмнө түрүүлээд явсан байсан. Б.айванжаргал бид нарыг Улаанбаатар хотоос гарахаас өмнө Ганбаа ах хурдан ирээрэй улсууд ямаагаа зарах гээд хүлээгээд байна гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаанд суманд очиход Б.Т бид нарыг хүлээн авсан юм...Би тухайн үед цахим үнэмлэхгүй байсан учир өөрийнхөө ХААН банкны 5020763086 дугаарын данснаас Б.Тын данс руу 35000000 төгрөгийг шилжүүлсэн,...түүнээс хойш Б.Алтаншагай руу би 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг руу явж очъё гэж хэлэхэд надад тэг тэг гэж хэлээд утсаа тасалсны дараагаар надад 99630987 дугаарын утаснаас 88924275 энэ дугаар луу залга нөгөө улсууд ямаагаа авна гэж байна бүгд худлаа чиний мөнгийг алт руу оруулсан гэж гэсэн утгатай илгээмж ирсэн. 88924275 дугаарын утас руу залгаж Б. Тайванжаргалтай ярихад ямаа аваагүй байгаа таны мөнгийг би алт руу оруулсан гэж хэлсэн. Би таныг ямар ч гэсэн хохиролгүй болгоно 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт хүрээд ир гэж хэлсэн, би Баянхонгор аймагт ирсэн надад 42 000 000 төгрөгийн хохирол учирсан. Би тэр хоёртой зээлийн гэрээ хийсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 /,
Гэрч М.Цэвэгжавын мөрдөн байцаалтад өгсөн
... Манайх тухайн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт отроор явж байхад Ц.Ганбаатар Б.Т, Б.Алтаншагай, Золзаяа бас нэг залуугийн хамт ирээд манайхаас 130 тооны ямааг авахаар тохирсон надтай Б.Т Б.Аптаншагай хоёр гэрээ хийсэн... миний ХААН банкны дансыг аваад явсан, тэр өдөр нь 5 дахь өдөр байсан ба тэд нар нэг дэх өдөр мөнгийг чинь хийнэ гэж хэлсэн боловч мөнгө огт хийгээгүй. Тухайн үед 130 тооны ямааны нэгийг 70 000 төгрөгөөр худалдан авахаар яригдсан... би Б.Т руу залгаад ямааны мөнгө юу болсон талаар асуухад мөнгө төгрөг орж ирээгүй байна байж байгаарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,
Гэрч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн үед тэд нар Бууцагаан сумын малчдаас ямаа цуглуулах гэж явна гэж хэлээд надаас ямаа авахаар болоод тус өдөр урьдчилгаа гэж Б.Т данснаасаа 3000000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь болохоор удахгүй хэд хоногоос өгнө гэж явсан. Мөнгийг нь өгсөн ямаагаа хавар цуглуулна гэж байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Б.Таас үлдэгдэл мөнгийг нэхэхэд танай ямаа чинь жижигхэн байна үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэж хэлсэн. Ямаа чинь жижигхэн байна мөнгөө буцааж авъя гээд Б.Т хэлэхээр нь би мөнгийг нь буцаагаад өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Гэрч П.Хоролгаравын мөрдөн байцаалтад өгсөн
... Манай хүүхдүүдэд 42000000 төгрөгийг Ц.Ганбаатар өгөөд түүнд ямаа цуглуулахаар өгсөн. Ер нь надад нарийн дэлгэрэнгүй юмыг хэлдэггүй. Миний мэдэхийн лав ямаа цуглуулсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,
Гэрч Т.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн
... тухайн үед тэд нар нэг ямааг 70000 төгрөгөөр 100 ямааг нийтэд нь 7000 000 төгрөгөөр худалдан авахаар болоод надад 5000000 төгрөгийг тус өдөр бэлнээр өгсөн, үлдэгдэл 2000000 төгрөгийг сүлд яг ямаагаа авах үеэр өгөлцөж авалцахаар тохиролцсон. Ямааг болохоор тус өдрөөс 10 хоногийн дараа ирж авах талаар хэлж байсан. Тэгээд тус өдрийн дараагаар 10-аад хоногийн дараа байх Б.Т манайд ирээд ямааг туранхай байна авахаа болилоо гэж хэлээд надаас 5000000 төгрөгийг бэлнээр авч явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,
Гэрч Б.Алтаншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Анх айлуудад очоод зарим нэг айлуудад ямааны мөнгийг нь өгч байсан. Тэгсэн тэдгээр мөнгөнүүдийг Б.Т буцаагаад авсан байсан. Би бол оролцоогүй юм. Б.Т Ц.Ганбаатарын мөнгийг нь уурхайд оруулсан байгаа удахгүй гаргаад өгчихнө гэхээр нь би болчих байх гэж бодоод Ц.Ганбаатарт худлаа хэлдэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/,
Гэрч Э.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манайхаас 100 ямаа авна гэж тохирсон нэг ямаа 70000 төгрөгөөр авна гэж байсан. Уг нь нийт 7000000 төгрөг өгөх байсан миний данс руу 3000000 төгрөг хийсэн. Тэр өдрөө манайхаас мөнгө эргүүлээд авчихсан. Манайх ямаагаа өгөөгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83/,
Хаан банкны хохирогч Ц.Ганбаатарын эзэмшлийн 5020763086 дугаарын данснаас шүүгдэгч Б.Тын эзэмшлийн 5020998008 дугаарын дансанд 35000000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтын хуулбар... /1-р хх-ийн 86/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шинжээчийн ..AOPU 6656 маркийн гар утас нэг ширхэг 250000 төгрөг... гэх дүгнэлт /2-р хх-ийн 5/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6-7/ эрэн сурвалжилах зарлан мэдээлсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-75, 115-123, 133-159/, эвлэрлийн гэрээ, зээлийн гэрээ мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 81-88/, дипозит дансны хуулга /1-р хх-ийн168-177, 184-186, 209/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 181/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 180/, үүрэн холбооны дугаарын орсон гарсан ярианы дуудлага /1-р хх 187-206/, шүүгдэгч Б.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 2-р хх-ийн 12-14/ эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-х хх-ийн 17-19/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Ц.Ганбаатартай зээлийн гэрээ байгуулан бог мал худалдан авч өгнө гэж зохиомол байдал зориуд бий болгож 3600000 төгрөг залилан авсан болох нь
Шүүгдэгч Б.Тын... надад Ц.Ганбаатар нийт 35000000 төгрөгийг шилжүүлсэн, 1000000 төгрөгийг Б.Алтаншагай ах руу өгсөн байсан ба түүнийг замын зардал болон бусад зардалд ашигласан, Ц.Ганбаатар нь надад 42000000 төгрөг өгсөн гэж байгаа боловч бэлэн өгсөн нь 35000000 төгрөг дансаар өгсөн... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 01-03 /,
Хохирогч Ц.Ганбаатарын...би цахим үнэмлэхгүй байсан учир өөрийнхөө ХААН банкны 5020763086 дугаарын данснаас Б.Тын данс руу 35000 000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 /
Гэрч М.Цэвэгжавын... миний ХААН банкны дансыг аваад явсан,...нэг дэх өдөр мөнгийг чинь хийнэ гэж хэлсэн боловч мөнгө огт хийгээгүй,... 130 тооны ямааны нэгийг 70000 төгрөгөөр худалдан авахаар яригдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,
Гэрч Д.Золзаяагийн... надаас ямаа авахаар болоод тус өдөр урьдчилгаа гэж Б.Т данснаасаа 3000000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...,Ямаа чинь жижигхэн байна мөнгөө буцааж авъя гэхээр нь би мөнгийг нь буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Гэрч П.Хоролгаравын... Манай хүүхдүүдэд 42000000 төгрөгийг Ц.Ганбаатар өгөөд ямаа цуглуулахаар өгсөн, ...ямаа цуглуулсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,
Гэрч Т.Ганболдын ... тухайн үед тэд нар нэг ямааг 70 000 төгрөгөөр 100 ямааг нийтэд нь 7 000 000 төгрөгөөр худалдан авахаар болоод надад 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг сүлд яг ямаагаа авах үеэр өгөлцөж авалцахаар тохиролцсон,... 10-аад хоногийн дараа Б.Т манайд ирээд ямааг туранхай авахаа болилоо гэж хэлээд надаас 5 000 000 төгрөгийг бэлнээр авч явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,
Гэрч Б.Алтаншагайгийн... айлуудад ямааны мөнгийг нь өгч байсан,... мөнгөнүүдийг Б.Т буцаагаад авсан байсан, би бол оролцоогүй, Б.Т мөнгийг нь уурхайд оруулсан байгаа удахгүй гаргаад өгчихнө гэхээр нь би Ц.Ганбаатарт худлаа хэлдэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/,
Гэрч Э.Болормаагийн... Манайхаас 100 ямаа авна гэж тохирсон нэг ямаа 70000 төгрөгөөр авна нийт 7 000 000 төгрөг өгөх байсан, миний данс руу 3 000 000 төгрөг хийсэн, мөнгөө эргүүлээд авчихсан манайх ямаагаа өгөөгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83/,
Хаан банкны хохирогч Ц.Ганбаатарын эзэмшлийн 5020763086 дугаарын данснаас яллагдагч Б.Тын эзэмшлийн 5020998008 дугаарын дансанд 35 000 000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтын хуулбар... /1-р хх-ийн 86/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шинжээчийн ...,AOPU 6656 маркийн гар утас нэг ширхэг 250000 төгрөг... гэх дүгнэлт /2-р хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ц.Ганбаатарт бог мал худалдан авч өгнө гэж худал хэлж, хохирогч Ц.Ганбаатараас 36000000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид бог мал худалдан авах боломжтой гэж итгүүлэн түүнээс 36000000 төгрөгийн авсан, 36000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилан мэхлэх гэж үзэж, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Б.Тын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бог мал худалдан авах нэрээр өөрийн ХААН банкны 5020998008 данс руу хохирогч Ц.Ганбаатарын ХААН банкны 5020763086 дугаарын данснаар 35000 000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Б.Тыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Тыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаар шийтгэх нь үр нөлөөтэй буюу шүүгдэгч Б.Тын үйлдэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгийн хүсэлт гаргасан боловч ямар хөрөнгө, орлогоор яаж төлөх талаар хүсэлтдээ тодорхой бичигдээгүй байгаа нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Б.Таас 36000000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ганбаатарт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Тын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 49 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Тыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Тын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 49 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Таас 36000000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ганбаатарт олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 21 -ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.