| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0061/Э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 417
2020 06 22 2020/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б М холбогдох эрүүгийн 1810015840000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б М /РД:0000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ө ” ХХК-нд борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа:
2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 111.530 төгрөгний барааг,
2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацааны тооллогоор 484.015 төгрөгийн барааг,
2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг тус тус байгууллагад тушаалгүй завшиж, “Ө ” ХХК-нд нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Эрүүгийн 1810015840000 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-54, 221, 229-р хуудас, 2-р хавтас 19, 101-р хуудас/,
Гэрч П.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-42, 110, 228-р хуудас/,
Гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,
Гэрч Я.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №152 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 58-67-р хуудас/,
Шинжээч Ц.Оюунтуулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 230-233-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №181 дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 107-109-р хуудас/,
Шинжээч Ж.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-113-р хуудас/,
“Шинэ Бланс” ХХК-ийн ажлын тайлан /хх-ийн 1-р хавтас 29-38-р хуудас/,
“Ө ” ХХК-тай холбоотой баримтууд:
- Тооллогын комисс томилох тушаал /хх-ийн 1-р хавтас 39, 212-213-р хуудас/,
- “Ө ” ХХК Б.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 1-р хавтас 13-25-р хуудас/,
- Б.М д холбогдох тушаалууд /хх-ийн 1-р хавтас 26-28, 144-р хуудас/,
- “Ө ” ХХК-ийн цалин хөлс тооцож, олгох журам /хх-ийн 1-р хавтас 128-131-р хуудас/,
- компаний дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 132-133-р хуудас/,
- Зарлагын падаан /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,
- цагийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 138, 211-р хуудас/,
- тооллогын комиссын протокол /хх-ийн 1-р хавтас 142-143-р хуудас, 2-р хавтас 89-90-р хуудас/
- Б.М д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тушаал /хх-ийн 1-р хавтас 209-210-р хуудас, 2-р хавтас 91-р хуудас/,
- цалингийн цэс /хх-ийн 1-р хавтас 245-250-р хуудас, 2-р хавтас 1-16-р хуудас/,
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82, 220-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 10-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 11-12-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 85-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/, гэрч Г.С мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/, гэрч Х.П мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/, хүү М.Т амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 1-р хавтас 122-124-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 150-152-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ө ” ХХК-нд борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа:
2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 111.530 төгрөгний барааг,
2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацааны тооллогоор 484.015 төгрөгийн барааг,
2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг тус тус байгууллагад тушаалгүй завшиж, “Ө ” ХХК-нд нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М ... Б.М тэй 2018 оны 4 дүгээр сард тооллого хийхэд бэлнээр 82.000 төгрөг, бараагаар 111.000 төгрөгний дутагдал гаргаад дутагдлаа хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлж байсан боловч удалгүй 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяад явчихаар нь залгаж асуухад хүүхдээ хараад хөдөө байна, очихгүй гэсэн. Тухайн үед ажлаа болон бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьж байсан ч ирээгүй. Тэгээд ажилдаа ирэхгүй болохоор нь байгууллагаас комисс гаргаж М хэрэглэж байсан борлуулалтын автомашинд үзлэг хийж бараа материалыг тоолж хүлээн аваад тооцоо гаргахад гэмтэлтэй бараа 176.650 төгрөг болон өр дутагдал нэмэгдээд 1.767.825 төгрөг болсон. Уг дутагдлыг “Шинэ бланс” ХК-ний аудитын шалгалтаар давхар тогтоосон. ...М хамгийн сүүлийн цалин болох 2018 оны 5 дугаар сарын цалин болох 488.085 төгрөгийг хасч тооцсон. 488.085 төгрөгөнд цалин, ээлжийн амралт давхар бодогдсон. Барьцаа мөнгө нь 300.000 төгрөг байгаа. Харин борлуулалтын урамшуулал тооцогдоогүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр 1.888.085 төгрөгийг дутааж завшсан гэж гарсан боловч үүнээс ээлжийн амралтын мөнгө 488.085 төгрөг, барьцаа 300.000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...“Цоглог” хүнсний дэлгүүрээс нийт 176.650 төгрөгийн гэмтэлтэй болон хугацаа дууссан бараа байсныг дүгнэлтээр 98.230 төгрөгийн тооцоо гаргасан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-54, 221, 229-р хуудас, 2-р хавтас 19, 101-р хуудас/,
Гэрч П.О ... Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс худалдааны төлөөлөгчөөр туршилтийн хугацаанд 3 сар ажиллаад үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулагч, жолоочоор ажиллаж эхэлсэн. М 2018 оны 4 дүгээр сарын ажлын тайлан мэдээг шалгахад 600.000 гаруй төгрөгийн дутагдал гарахаар нь санхүүгийн тооллого хийхэд 1.373.310 төгрөгний дутагдал гарсан. Тэгээд М уулзахад “цалингаасаа суутгуулаад үргэлжлүүлэн ажлаа хийж байя” гэхээр нь ажиллуулсан. Ажиллаж байх хугацаандаа барааны мөнгөнөөс дутуу оруулаад байхаар нь санхүүгийн албанаас мөнгөө бүрэн төлөх шаардлага тавихад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаа хаяад явчихсан. Дахин тооллого хийхэд 1.674.230 төгрөгний бараа дутагдуулж 157.710 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан борлуулах боломжгүй болгосон байгаа. Ингээд нийтдээ “Шинэ бланс” аудитын байгууллагаар санхүүгийн тайлан гаргуулахад 2.676.290 төгрөгний дутагдал гаргасан. Тэгээд М уулзахаар гэрийнх нь хаягаар хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Эхнэр Н нь ярихад “хөдөө явчихсан байгаа, би мэдэхгүй” гээд утсаа салгасан. Дахин залгахад утсаа авахгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Борлуулагч байгууллагаас бараа авахдаа захиалгаа өгч, захиалсан бараагаа ачилтын хуудсанд бүртгүүлснээр тухайн бараагаа хүлээн аваад худалдан борлуулсны дараа бэлэн мөнгийг байгууллагын дансанд өдөр бүр тушааж тооцоо нийлж тулгаж явдаг. ...ажлаа хаяж явах хүртэлх хугацаанд 2.676.290 төгрөгийн хохирол учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-42, 110, 228-р хуудас/,
Гэрч Б.М ... Б.М тэй байгууллагын зүгээс холбоо барьж чадахгүй болохоор нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын захирлын тушаалаар тооллогын комисс байгуулагдаж Б.М унаж явсан автомашинд байсан бараа бүтээгдэхүүнийг тооллого хийж зурагжуулсан баримтжуулж хугацаа дууссан, эвдэрч хэмхэрч дахин ашиглах боломжгүй барааг тусад нь тавьж гэрэл зургаар баталгаажуулж авсан. Чухам хэдэн төгрөгний бараа материал тоолж авсан нь тооллогын комиссын тэмдэглэл бусад баримтуудад тусгагдсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,
Гэрч Я.М ...Б.М 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түгээлтээр явж байгаад машинаа бааз дээрээ үлдээгээд бүх юмнуудаа задгай хаяад яваад өгсөн. Тэрнээс хойш М ажилдаа ирэхгүй болохоор нь байгууллагаар тооллогын комисс гарч машинд байсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. М ажил хэргийн хүрээнд харьцаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №152 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээгээр “Ө ” ХХК-д жолооч борлуулагчаар ажиллаж байсан Б.М нь 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд шинжилгээнд ирүүлсэн материалын тооллогын бүртгэл, ачилтын хуудас, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл дутагдлын тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд нийт 1.767.825 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Үүнээс анхан шатны баримтгүй 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөг болон тооллогоор илэрсэн гэмтэлтэй гэх 176.650 төгрөгийн барааны шинж чанар, гэмтлийн шалтгааныг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /хх-ийн 1-р хавтас 58-67-р хуудас/,
Шинжээч Ц.Оюунтуулын ...2018 оны 4 дүгээр сарын 30-ны тооллогын дутагдал нь 111.530 төгрөг, 2018 оны 5 дугар сарын 14-ний өдрийн тооллогын дутагдал 810.815 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 03-ныг дуустал хугацааны борлуулалтын орлогын дутагдал 82.570 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-нийг дуустал хугацааны борлуулалтын орлогын дутагдал 584.940 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний хоорондох хугацааны гэмтэлтэй бараа /тооллогоор илэрсэн/ 176.650 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөг нийт зөрчил дутагдал 1.767.825 төгрөг болж байгааг дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгасан байгаа. 2018 оны 4 дүгээр сарын тооллогын дутагдлыг бөөний үнэ бүртгэлд тусгасан үнээр 111.530 төгрөгөөр тооцсон. 157.710 төгрөг нь жижиглэнгийн үнээр тооцогдсон дутагдал юм. Бүртгэлд тусгасан үнэ, жижиглэнгийн үнийн зөрүү 46.110 төгрөг байгаа. Энэ 46.110 төгрөгийг хасч 1.766.825 төгрөг болж байгаа юм. Хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд байгаа проро өдрийн хоол 24 ширхэг 228.000 төгрөгний бараа баримтаас, хавтаст хэргийн 119 дугаар хуудсанд байх хөөсөн чихэр 98.800 төгрөгний падаан шинжилгээнд хамрагдаагүй баримтууд байна. Тэгэхээр проро өглөөний хоол PR1002 кодтой 10 ширхэг, PR1003 кодтой өглөөний хоол 10 ширхэг, US1007 кодтой хөөсөн чихэр 12 ширхэг 22.800 төгрөг, PR1002, PR1003 кодтой барааны үнэ 190.000 төгрөг бүгд 212.800 төгрөг нь Өмнөговь аймгаас хугацаа дууссан бараа тогтоогдвол хасагдаж тооцогдохоор байна. Хавтаст хэргийн 118, 119 дугаар хуудсанд байгаа 2 падааны дүн 326.800 төгрөгнөөс 212.800 хасагдахаас үлдэгдэл 114.000 төгрөгийг хасч тооцхоор байна. Шинжилгээгээр хасагдсан 46.180 төгрөг, 833,325 төгрөгийг хасагдсан дүн нь жижиглэнгийн үнэ бүртгэлд тусгагдсан худалдах үнийн зөрүү бөгөөд эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирлыг тогтоодог болноо. Эдийн засгийн шинжилгээ нь тооллогын бүртгэл, ачилтын хуудас, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл дутагдлын тайлан хариуцагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудыг үндэслэн шинжилгээ хийсэн. Хавтаст хэргийн 118, 119 дугаар хуудсанд авагдсан падаан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн он сартай байна. Шинжилгээгээр 2018 оны 4 болон 5-р сарын санхүүгийн баримтуудаар тогтоосон. /хх-ийн 1-р хавтас 230-233-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №181 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээгээр нийт 1.767.825 төгрөгний барааны дутагдал тооцогдсон. Үүнээс 167.650 төгрөгний барааг гэмтэлтэй гэж тайлагнасан боловч гэмтэлтэй бараа гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөгийн анхан шатны баримт байгаагүй болно. /хх-ийн 2-р хавтас 107-109-р хуудас/,
Шинжээч Ж.Бадамсүрэнгийн ...Өмнө нь гаргасан шинжээч Ц.Оюунтуулын гаргасан 152 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Б.М нь 1.767.852 төгрөгийн дутагдал гаргасан нь баримтаар тогтоогдсон. Харин дээрх дутагдсан гэх үнийн дүнгийн 176.650 төгрөгийн бараа нь чанарын шаардлага хангаагүй, актлагдсан гэх тул энэ талаарх баримтыг цуглуулсан актлагдсан нь тогтоогдвол дээрх дутагдсан үнийн дүнгээс хасагдаж тооцогдох юм. Утасны төлбөр гэх 1.320 төгрөг нь баримтгүй байсан ба баримт нь байхгүй тохиолдолд дээрх дутагдсан үнийн дүнгээс хасагдаж тооцогдоно. Өөрөөр хэлбэл дээрх 2 үнийн дүн нь 1.757.825 төгрөгт орж тооцогдсон гэж ойлгож болно...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-113-р хуудас/,
- Тооллогын комисс томилох тушаал /хх-ийн 1-р хавтас 39, 212-213-р хуудас/,
- Б.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 1-р хавтас 13-25-р хуудас/,
- Зарлагын падаан /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,
- цагийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 138, 211-р хуудас/,
- тооллогын комиссын протокол /хх-ийн 1-р хавтас 142-143-р хуудас, 2-р хавтас 89-90-р хуудас/
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Би Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гутал оффест байрлах хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ө ” ХХК-нд борлуулагч, жолооч буюу худалдааны төлөөлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй байхад намайг бараа дутаасан гэж үзээд байх юм. Би байгууллагаас авсан барааг цааш нь борлуулалт хийчихсэн байхад цаад байгууллагаас хугацаа дууссан барааг буцаадаг. Уг хугацаа дууссан барааг байгууллагад өгөх гэхэд авахгүй би өөр дээрээ өр болгож бичүүлээд цалингаас төлж барагдуулдаг байсан. “Ө ” ХХК нь намайг 2.676.290 төгрөгний бараа материал дутаасан гэж гомдол гаргасан байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 1.767.825 төгрөгний дутагдал гаргасан гэж үзсэн ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82, 220-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.М нь “Ө ” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа болон борлуулалтын орлогоос нийт 1.263.055 төгрөг завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.М бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Ө ” ХХК-д 574.970 төгрөг төлж, үлдэх 688.085 төгрөгийг тус компаниас аваагүй цалин хөлснөөс суутгуулан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхээс “Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б овогт Б М бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 1.263.055 төгрөг “Ө ” ХХК-нд төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР