Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 402

 

    2020          06            16                                    2020/ШЦТ/402                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтөлж,  

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г , түүний төлөөлөгч Б.П /ҮД: 0818/,

гэрч Д.О ,

шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Ч.А /ҮД:2602/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б  Д холбогдох эрүүгийн 1910019850000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Номин карт банк бус санхүүгийн байгууллагын захирал Б.Б 62.000 ам.долларыг 2680 төгрөгийн ханшаар тооцон авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн Хаан банк дахь 0000000000 ам.долларын дансаар шилжүүлэн авч Номин карт банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Б.Б 62.000 доллар зарахаар авсан. Гэтэл аавын дүү Д.О  эгч “маргааш өгье” гэхээр нь 62.000 ам долларыг өгсөн. Гэтэл Д.О  эгч дээрх 62.000 долларыг буцааж өгөөгүй. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ хэрэгт О  шалгуулмаар байна. Би 141.160.000 төгрөгийг төлсөн. Д.О  мөнгө өгөөгүй. Би нэг ам.долларыг 2680 төгрөгөөр тооцож аваад 166.160.000 төгрөгийг “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагын дансанд тэр өдөрт нь буцааж хийнэ гэж авсан гэв.

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай Номин карт банк бус санхүүгийн байгууллага зээл олгох, валютын арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Д  нь манай байгууллагатай сүүлийн 5-6 жил хамтарч ажиллаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16.49 минутад Б.Д гийн данс руу 62.000 долларыг шилжүүлсэн ба тэрээр манай байгууллагын Хаан банкны  00000000 данс руу   2680 төгрөгөөр тооцож, 166.160.000 төгрөгийг тэр өдрөө шилжүүлэх байсан. Тухайн өдөр мөнгө орж ирэхгүй байхаар Б.Д гоос асуухад Голомт банкны данснаас шилжүүлсэн банк хооронд гүйлгээ саатаад байна гэсэн. Маргааш нь Б.Д  утсаа аваагүй. Бид урьдын харилцаатай байсан тул 3 хоног хүлээгээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Д  манай байгууллагад 141.160.000 төгрөг төлсөн. Одоо 25.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа гэв.

 

Гэрч Д.О  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “А ” ХХК-ийн захирал ажилтай. Баянзүрх дүүргийн нутагт хаус барьж байгаа. Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө Б.Д д “эгчид нь 200.000.000 төгрөг хэрэгтэй байна. Эгч нь арматур татах гэсэн юм. Маргааш мөнгийг чинь буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө үдийн хойно 17 цагийн орчимд Б.Д гоос 61.000 орчим задгай ам доллар авсан. Би маргааш нь 61.900 ам доллар болгож өгөхөөр тохирсон. Гэвч барилгын ажилд хүндрэл гарсан тул мөнгийг нь буцааж өгч чадаагүй. Энэ асуудал үүссэнээс хойш би Б  уулзаж төлбөрийг барагдуулах гэсэн боловч чадаагүй гэв.

 

Эрүүгийн 1910019850215 дугаартай хавтаст хэргээс:

 

“Номин Карт” Банк бус санхүүгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16-р хуудас/,

Хаан банкны “Номин холдинг” ХХК-ний дансны хуулга, төлбөрийн даалгаварт: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 62.000 ам.доллар 00000000000 данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 17, 18-р хуудас/, 

“Номин карт” Банк бус санхүүгийн байгууллагын валют арилжаа хийсэн баримт: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Номин карт банк бус санхүүгийн байгууллага Б.Д д 62.000 ам долларыг 166.160.000 төгрөгөөр худалдсан валют арилжаа хийсэн баримт  /хх-ийн 19-р хуудас, 71-р хуудас/,

 Шүүгдэгч Б.Д гийн “Хаан банк” дахь 00000000000 дугаартай долларын дансны хуулга: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 49 минутад  62.000 ам долларын орлого орж, мөн өдрийн17 цаг 29 минутад 61.800 ам долларын зарлага гарсан /хх-ийн 20-р хуудас/, 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25, 28-29-р хуудас/

            Монгол банкны валют ханшийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/,

           Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай санал /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Д.О гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 35, 36, 37-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43, 44-45, 46, 47-48, 49-50-р хуудас/,

гэрч П  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/

“Номин карт” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн журам /хх-ийн 54-55-р хуудас/,  

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хуулбарлан хүлээн авсан тухай тэмдэглэл /гэрч Д.О гоос гаргаж өгсөн хохирлын мөнгө барагдуулсан гэх баримт/ /хх-ийн 72-74-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 12 хуудас баримт,                                  

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/  зэргийг шинжлэн судлав.

              

                    Шүүгдэгч Б.Д д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

 

                    Гэм  буруугийн талаар.

               Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Номин карт банк бус санхүүгийн байгууллагын захирал Б.Б 62.000 ам.долларыг 2680 төгрөгийн ханшаар тооцон авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн Хаан банк дахь 00000000000 ам.долларын дансаар шилжүүлэн авч Номин банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний буюу 166.160.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

“Номин Карт” Банк бус санхүүгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16-р хуудас/,

Хаан банкны “Номин холдинг” ХХК-ний дансны хуулга, төлбөрийн даалгаварт: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 62.000 ам.доллар 00000000000 данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 17, 18-р хуудас/, 

“Номин карт” Банк бус санхүүгийн байгууллагын валют арилжаа хийсэн баримт: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Номин карт банк бус санхүүгийн байгууллага Б.Д д 62.000 ам долларыг 166.160.000 төгрөгөөр худалдсан валют арилжаа хийсэн баримт  /хх-ийн 19-р хуудас, 71-р хуудас/,

 Шүүгдэгч Б.Д гийн “Хаан банк” дахь 00000000000 дугаартай долларын дансны хуулга: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 49 минутад  62.000 ам долларын орлого орж, мөн өдрийн17 цаг 29 минутад 61.800 ам долларын зарлага гарсан /хх-ийн 20-р хуудас/,

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Номин Банк бус байгууллагад захирлаар ажилдаг. Манай байгууллага зээл болон вальют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг. Манай байнгын харилцагч Б.Д  2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр надтай утсаар яриад валют арилжаа хийе, ханшийг нь 2680 төгрөгөөр тооцож, 62000 ам.доллар аваад мөнгийг нь өгье гэсэн. Манай байгууллагаас Б.Д гийн Хаан банк дахь 00000000000 дугаартай ам.долларын данс руу 62.000 ам доллар шилжүүлсэн. Б.Д д “доллар шилжүүлчихлээ. Мөнгөө авъя” гэхэд Б.Д  “банк хооронд шилжүүлчихсэн чинь Голомт банкны теллер дансны нэрийг буруу бичиж шилжүүлснээс болоод Хаан банк дахь дансанд орохгүй байна” гэсэн. Тэгээд “өөр мөнгө олдохгүй байна, маргааш өгч болох уу” гэсэн. Бид “болохгүй, чи мөнгө хай” гэж хэлсэн. Б.Д  “мөнгө олдохгүй байна” гэхээр нь тэгвэл “алданги тооцож өг” гэсэн. Б.Д г Голомт банкнаас алдаатай гүйлгээ хийгдсэн гэх бичиг, мөн алдаатай гүйлгээ хийгдсэнээс болоод мөнгө шилжигдээгүй гэх хүсэлтийг гараар бичүүлэхээр болсон. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай санхүүгийн менежер А.А , Б.Д  руу залгаад “мөнгөө авъя” гэхэд “өгнө” гээд дахиж утсаа аваагүй. Санхүүгийн менежер А.А  энэ талаар надад мэдэгдэж би өөрөө Б.Д  руу залгахад утсаа аваад “яг одоо дансаа явуулчих шилжүүлж байна” гэсэн. Би завгүй байсан тул санхүүгийн менежер А.А ээр Б.Д  руу дансны дугаараа явуулсан. Түүнээс хойш Б.Д  дахиж утсаа авахгүй, холбогдож чадаагүй. Би Б.Д гийн ах Х  утсаар ярихад манайхтай арилжаа хийсэн талаар мэдэхгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Д гийн гэрт очиход тэрээр манай компаниас авсан мөнгөө Д.О  гэх хамаатныхаа хүнд өгсөн гэж хэлсэн. Д.О   хүнд өртэй байсан тул өрөндөө өгсөн гэсэн. Ингээд бид мөнгөө авч чадахгүй байна. Манай компани утсаар тохиролцоогоо хийгээд валют арилжаагаа хэлэлцээр хийдэг. Манай байгууллагад нийт 166.160.000 төгрөгийн хохирол учраад байна. Байнгын харилцагч болохоор итгээд өгсөн. Б.Д  нь мөнгөө О  гэх хамаатны эгчдээ өгсөн гэсэн. О  нь өртэй байсан тэгээд өгч чадахгүй байгаа. ... Номин Карт Банк бус санхүүгийн байгууллага нь Б.Д той 10 жилийн өмнөөс валютыг бэлэн мөнгө рүү шилжүүлэх болон бэлэн мөнгийг доллар руу шилжүүлэх ажлуудыг хамтарч ажиллаж байгаа. ... Манай байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20.160.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 21.000.000 төгрөг өгсөн бөгөөд нийт 41.160.000 төгрөг төлөгдсөн. ...Д  нь манай байгууллагын валютыг мөнгө рүү шилжүүлдэг, бэлэн мөнгийг доллар руу шилжүүлдэг хүн байгаа юм. Тухайн 62.000 ам.долларыг зээлсэн асуудал огт байхгүй. Манай байгууллага нь зээл олгох үедээ тухайн хувь хүн болон байгууллагад зээл олгохдоо зээлийн гэрээ байгуулдаг. Харин Д гийн хувьд манай байгууллагатай харилцдаг валютын ченж гэж хэлж болно. ...Хохирлоо бүрэн барагдуулах юм бол манай байгууллагаас гомдол санал байхгүй... гэх  мэдүүлэг /хх-ийн 23-25, 28-29-р хуудас/

            Монгол банкны валют ханшийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/,

          Гэрч Д.О гийн ....Б.Д  нь урт цагааны зах дээр валют арилжааны газар ажилдаг. Би дүү Д гоос хааяа мөнгө зээлээд 2, 3 хоноод буцаагаад өгдөг. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед урт цагааны хавьд бэлнээр 61.800 ам.доллар бэлнээр дүү Д гоос зээлж авсан. Би энэ мөнгийг арматур авахаар таньдаг хүндээ өгсөн. Би дүү Д  руу 16 цагийн үед эгчид нь 200.000.000 сая төгрөг хэрэгтэй байна. 2, 3 хонуулаад өгнө мөнгө байна уу? гэж асуухад Д  “хүнээс асуугаад хэлье” гэж хэлээд удалгүй “болох юм байна, ирээд авчих” гэсэн. Д г хаанаас мөнгө авсныг мэдээгүй. Зээлж байна гэж бодсон. Би нийт 61.800 ам.доллар авсан. “Та шимтгэлтэй нь 62.000 ам.доллар болгож өгөөрэй” гэж хэлсэн. мэдүүлэг /хх-ийн 33-34, 35, 36, 37-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би “Найман шарга” төвийн гадаа хувиараа валют арилжаа хийдэг. Номин карт банк бус санхүүгийн байгууллагатай сүүлийн арваад жил харилцаж байна. Доллар худалдаж аваад цааш нь өөр хүнд зардаг байсан. Би Номин карт банк бус санхүүгийн байгууллагаас 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 1 долларыг 2680 төгрөгөөр худалдаж авна гээд 62.000 ам.долларыг өөрийн данс руу шилжүүлж авсан. Уг долларыг авчихсан байхад эгч О  “доллар хэрэгтэй байна” гэхээр нь 62.000 ам.долларыг бэлнээр өгсөн. Тухайн үед Номин карт банк бус санхүүгийн байгууллагаас авсан 62.000 ам.долларыг монгол мөнгөөр тухайн өдрөө буцааж өгөх ёстой байсан. Эгч О  мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Үүнээс болоод ийм асуудал үүссэн юм. Номин карт банк бус санхүүгийн байгууллагаас цагдаад гомдол гаргасан. Цагдаад шалгагдаж байх хугацаандаа 165.709.260 төгрөг өгөх ёстой байснаас 141.160.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 25.000.000 төгрөгийг өгөх ёстой. Энэ мөнгийг удахгүй өгнө. Би долларыг хямд үнээр худалдаж аваад цааш нь 1 доллар дээр 1 төгрөг нэмж зараад ашиг олох зорилгоор худалдаж авсан. Ямар нэгэн залилж мэхэлж аваагүй. Номин карт банк бус санхүүгийн байгууллагатай 10-аад жил хамтарч ажиллаж байна. Тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч Б.Д гийн өмгөөлөгч О.А нь “...Б.Д  нь Номин карт банк бус санхүүгийн байгууллагыг залилах сэдэлт байгаагүй. Өөртөө ашиглах шунахайн сэдэлт байхгүй. Иргэний шинжтэй гэрээний үүрэгтэй холбоотой асуудал. Энэ хэрэгт Д.О гийн үйлдэл оролцоог шалгаагүй орхигдуулсан тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэв.

       

         Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгсдөг.

 

        Тухайн хэргийн нөхцөлд: Шүүгдэгч Б.Д  нь “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагатай 10 жил хамтарч ажилласан ажил хэргийн холбоо хамааралтай байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж нэг ам долларыг 2680 төгрөгөөр тооцож 62.000 ам долларыг нийт 166.160.000 төгрөгөөр худалдаж авна хэмээн итгүүлж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны дараа “дансаар мөнгийг чинь шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээ алдаатай боллоо” гэх мэтчилэн хохирогчийг хуурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  хуурч мэхлэх, итгэл эвдэх” аргаар үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Д г гэм буруутай гэж дүгнэв.

             

            Шүүгдэгч Б.Д гийн хувьд хохирогчоос 62.000 ам.долларыг арилжаалж 166.160.000 төгрөгийг өгнө гэж  мөнгийг өөртөө зарцуулсан эсэхээс үл хамааран хохирогчоос авсан мөнгийг шилжүүлсэн авснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.  

           Иймд шүүгдэгч Б.Д гийн өмгөөлөгчөөс гаргасан “О ийн үйлдэл оролцоог шалгаагүй орхигдуулсан тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

 

          Хохирол хор уршгийн талаар      

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагад 166.160.00 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 141.160.000 төгрөгийг төлсөн, одоо 25.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д гоос 25.000.000 төгрөгийг гаргуулж Номин карт банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэв.

           

          Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч Б.Д  нь  “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 165.709.260 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч Б.Д  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/ баримтаар тогтоогдсон байна.

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

          Шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 141.160.000 төгрөг төлсөн, одоо төлөгдөөгүй байгаа 25.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Б.Д д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Д д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Б  овогт Б  Д г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д гоос 25.000.000 төгрөгийг гаргуулж “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

            6. Шүүгдэгч Б.Д д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР