Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 403

 

 

2020           06          16                                      2020/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Ц.Ц , Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Г.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хо овогт Ц Ц, Ал овогт Б  Б нарт холбогдох эрүүгийн 2010000140000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хо овогт Ц Ц, /РД:0000000/

 

Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Их гачуурт Их амын 00 оршин суух, тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ал овогт Б  Б , /РД:0000000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б Ц.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “К ” ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн, агуулахад нэвтэрч, 12 кг угаасан ноолуур хулгайлж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

           

Эрүүгийн 2010000140000 дугаартай хавтас хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19-р хуудас/

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х  цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 11-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-38-р хуудас/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-43-р хуудас/,

Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Х-195 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 178-180-р хуудас/,

Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Х-062 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

Гэрч Б.Х  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

Гэрч Т.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

Гэрч Г.Т мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

Гэрч П.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/

Гэрч Д.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/

Гэрч Ш.Т  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-62-р хуудас/

шүүгдэгч Ц.Ц ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,

шүүгдэгч Б. н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд шүүгдэгч Ц.Ц ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/, асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 113-123-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 127-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 128-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 129-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130-132-р хуудас/, шүүгдэгч Б.Б  асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 133-140-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 144-р хуудас/, байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 145-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 146-р хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 148-р хуудас/, шүүгдэгч Ц.Ц ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 165-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 166-167-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Ц.Ц , Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, К  ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн, агуулахад нэвтэрч 12 кг угаасан ноолуур хулгайлж К  ХХК-д 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...цагаан өнгийн суудлын тэрэг хулгай орсон гэх хаалганы баруун талд 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө зогсож байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 03 цаг 59 минутад машин хөдөлж байгаа нь хяналтын камерт буусан байв. Камер шүүгээд биечилсэн сурвалжлага хийхэд цагаан өнгийн Соната 6 маркийн машин байв гэх тэмдэглэл /хх-ийн 36-38-р хуудас/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х  мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “К ” ХХК-ийн ноолуур угаах цехэд манай ажилчин Н  ороход нэг агуулахын цоожийг эвдсэн байсан. Тэгээд диспетчерийг дуудаж ороход нэг том шуудайтай ноолуурын амыг задалсан, ноолуур нь доошоо асгарсан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаа дуудсан юм. Шуудайд нийт 97,6 кг ноолуур байсан. Агуулахад том шуудайтай ноолуур тавихдаа жижиг дагалдах хуудас дээр жинлээд нийт гарсан жинг бичээд тавьдаг. Хулгай орсны дараа 85,6 кг болж 12 кг ноолуур дутсан. Манай компанид 1.952.196 төгрөгийн хохирол учирсан байгаа. Манай компани нэг кг ноолуурыг 100.000 төгрөгөөр худалдаж аваад ангилаад, угаадаг юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,

Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Х-195 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...12 кг угаасан ноолуур нийт 1.320.000 төгрөг”-өөр үнэлжээ. /хх-ийн 178-180-р хуудас/,

 

Гэрч Б.Х  мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К ” ХХК-ий байранд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр ажлаа хүлээн авсан. Тэрнээс хойш 13:00 цагийн үед цахилгаан тасарч орой 16:05 цагт ирсэн. Тухайн үед угаах цехэд цахилгааны гэмтэл гарсан гээд цахилгааны хүмүүс болох мастер С , цахилгаанчин Г.Т , Б , Б  нар 23:00 өнгөрч байхад гэмтлээ завсарлаж дуусаад явцгаасан. Тэр үед Н.Т  нь хол гэртэй гээд узельд амарсан. Туслах жижүүр Э  23 цаг өнгөрч байхад  “аавын бие муудаад байна, явах хэрэгтэй байна” гээд цехийн хаалгыг цоожилчихсон байгаа гээд түлхүүр өгсөн. Өглөө 06 цагийн үед цехийн хаалгыг онгойлгоод узель руу шагайхад харанхуй болохоор нь “гэрлээ асааж, усаа халаа” гэж хэлчхээд явсан. Гэтэл 08 цаг өнгөрч  жижүүрээс буух гэж байхад ноолуур алдсан гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

Гэрч Т.У мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагт тог тасарсан гэж мастер А  мэдэгдсэн. Тухайн өдрийн цахилгаанчин Т  тог тасарсан талаар мэдэгдсэн. Т  гэмтлийн шалтгааныг оношилсон. Бүрэлдэхүүнээр ирж ажилласны хүрээнд 16 цагийн үед тог ирсэн. Дахин 19 цагийн үед тог тасарсан байсан. Цехийн цахилгаан шитийг цэвэрлэнэ бараг 2 цаг орчим болно гэж хэлсэн. 23 цагийн үед Б  ирээд өдөр хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлан гаргаж өгөөд явцгаасан байсан. Жижүүртэй байсан цахилгаанчид үлдсэн. Гадна талын 03 дугаар постын гэрэл ирээгүй байсан болохоор Т  дахиж дуудлага өгөөд 00 цаг өнгөрч байхад 03 постын гэрэл ирсэн. Хүмүүс ажлаа дуусгаад үлдсэн байсан. Өглөө 07 цагийн үед хулгай орсныг мастер мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

 

Шүүгдэгч Ц.Ц  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн машинаар таксинд явж байхдаа Б.Б тай уулзсан. Б.Б “шинэ жил боллоо, мөнгөний хэрэгцээ байна, бас нүүрс түлээний мөнгө хэрэгтэй байна” гэхэд би бас “надад мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Б.Б “К ” ХХК-ийн ноолуур хулгайлж авъя, яаж орж авахыг мэднэ” гэсэн. Б.Б хүнээс ноолуур хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуусан. Тэр хүн ноолуур өгөх гэж байгаа бол орой аваад ирэхгүй юу гэсэн. Орой харанхуй болтол Б.Б бид хоёр таксинд явж байгаад 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03 цагийн үед К  ХХК-ийн үйлдвэрийн баруун талд машинаа тавьчхаад хашааг нь давж ороод том хаалганы доогуур шургаж ороод агуулахын хаалганы цоожийг Б.Б эвдээд бид хоёр орсон. Том шуудайтай ноолуур байсан. Б.Б надад нэг шуудай өгөөд “амыг нь барьж бай” гээд  ноолуурыг авч шуудайнд хийсэн. Бид хоёр шуудайнд хийсэн ноолуураа жинлүүр дээр тавьж жинлэхэд 12 кг болж байна гэсэн. Бид хоёр ноолуураа аваад орж ирсэн газраараа буцаад гараад явсан. Бид хоёр Хархорин захын хажуу талын Барс-2 захын үүдэнд нэг хүнтэй утсаар яриад 640.000 төгрөгөөр зараад 320.000 төгрөгөөр хувааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ц тэй хамт таксинд явж байгаад “шинэ жил дөхсөн, мөнгөний хэрэг гараад байна. Агуулахад ноолуур байгаа авъя” гэхэд Ц.Ц  “тэгье” гэсэн. Бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг К  ХХК-ийн үйлдвэрийн хашааг давж ороод арын хаалганы цоожийг төмрөөр цохиж эвдээд агуулахад байсан шуудайтай ноолуураас уутанд хийж орж ирсэн газраараа буцаад гарсан. Ц.Ц  бид хоёр Хархорин захын хойд талд зар дээрээс дугаар харж байгаад “ноолуур авна” гэсэн хүнд 12 кг ноолуурыг  640.000 төгрөгөөр зарсан. 12 кг жин татсан. Бид хоёр мөнгийг тэнцүү хуваагаад авсан. Би 2010 онд К  ХХК-ийн үйлдвэрт сүлжигчийн туслах хийж байсан. Би ажиллаж байх хугацаандаа агуулахад ноолуур байдаг гэдгийг харж байсан учир уг агуулахад ноолуур байгаа гээд орж хулгай хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бусад гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарын гэм бурууг нотлох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд биш юм.

 

Улсын яллагчаас “…шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарыг “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.Ц , Б.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Гантуяа  хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүгдэгч Ц.Ц , Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, К  ХХК-ийн агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 12 кг угаасан ноолуур хулгайлж К  ХХК-д 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас К  ХХК-д 1.320.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ц.Ц  хохиролд 524.000 төгрөг, шүүгдэгч Б.Б 600.000 төгрөг нийт 1.124.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт  “Ц.Ц  нь эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн зардал мөн өмгөөлөгчийн хөлсийг төлсөн. Иймд хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 196.000 төгрөгийн Б.Б төлнө” гэж тайлбарлаж байгаа боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэм хорыг арилгахад зорилгоор шүүгдэгч Ц.Ц , Б.Б нараас тус бүр 98.000 төгрөгөөр гаргуулан, хохирогчид төлөгдөөгүй үлдсэн 196.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарыг “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гантуяагаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн боловч үйлдэл оролцоог нь харгалзан шүүгдэгч Ц.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үүрэг оролцоо, шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц д 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.  

         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хо овогт Ц Ц, Ал овогт Б  Б нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Баттулгыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц ийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Б.Б нараас тус бүр 98.000 төгрөг гаргуулж К  ХХК-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ц , Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР