Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 47

 

Б.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Насанжаргал,

шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Б.З,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн эсэргүүцлээр Б.Цд холбогдох 201725021486 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт Б.Ц, 1978 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../,

          Б.Ц нь “Шангри-Ла” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” зочид буудлын 710 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Э-тай маргалдан түүний үснээс зулгаах, нүүрэн тус газар нь гар, тохойгоороо цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг бүрэн тогтоогдоогүй байна.

          Хохирогч Э.Э нь “Шангри-Ла” зочид буудалд үйлчилгээний ажилтан /хх-9/, ... үйлчилгээний ахлах ажилтан /хх-13/-аар ажилладаг. Шүүгдэгч Б.Ц нь өрөөний үйлчлэгч хийдэг гэж тус тус мэдүүлсэн байна. Гэтэл хэрэгт гэрчээр асуугдсан Д.Суреш мэдүүлэхдээ ... Э.Э орчуулга хийж байсан. Миний ажигласнаар Б.Ц бусад ахлахуудтай зөрчилдөөн байдаггүй. Э.Энхсайхан нь Б.Цг ажил үүргээ муу гүйцэтгэж байгааг танилцуулдаг байсан /хх-19/, шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалт /хх-21, 35-36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Тухайн үед Э.Энхсайханд “түлэгдсэн гар ханцуйгаа буулгахаар хорсоод байна, зочид байхгүй болохоор шуусан” гэж шалтгаанаа хэлэхэд тэр хамаагүй буулга гээд байсан. Энэ тухайгаа Д.С даргад хэлэхэд “чи заавал даргад хэлдэг хэн юм бэ, би хүн биш юм уу” гэсэн. Э.Э ер нь байнга намайг дээрэлхэж харьцдаг. Ажлын байрны дарамт үзүүлдэг гэж мэдүүлсэн болно. Иймд Э.Э, Б.Ц нар нь дээрх байгууллагад ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, ажил үүргийн хуваарь нь юу болох, тэдгээрийн зан байдлын талаарх тодорхойлолтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Э.Э нь ажил үүргийн хувьд Б.Цд шаардлага тавих эрх бүхий ажилтан мөн эсэх, эсвэл орчуулагч аль нь болох нь ойлгомжгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

          Хохирогч Э.Э нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа ... Б.Ц нь намайг үсдэн дарж, өшиглөж, гартаа барьсан байсан зүйлээрээ толгой руу цохиж танхайрсан /хх-7/, тайлбар өгөхдөө ... үснээс зулгаагаад өшиглөөд зодоод байсан /хх-9/, хохирогчоор байцаахад ...миний үснээс үсдэж аваад, доош нь дараад нааш цааш нь татаад байсан. Миний духны хэсэгт ямар нэг зүйлээр цохих шиг болсон /хх-11-12/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн. Мөн “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо /хх-24/ шинжилгээнд Э.Э-ы хамрын таславч баруун тийш мурийлттай гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э нь шүүгдэгчид зодуулснаас хойш хамар битүүрээд байсан гэж мэдүүлсэн болно. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7595 тоот дүгнэлтийн үзлэг хэсэгт /хх-23/ “... 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн компьютер томографид ... хамрын таславч баруун тийш мурийлттай... Эмч С.Мөнхбаатар гэж дурджээ.” гэж бичигдсэн атлаа Э.Э-ы биед тархи доргилт, дух шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, Э.Э-ы биед учирсан хамрын таславч мурийлт нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй ч гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн эсэх, шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийг зөрчсөн байх тул дахин нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.

          Шинжээч томилсон тогтоолыг шинжээч, оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Насанжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаар захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний дээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хүлээн аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах, эсхүл талуудын гаргасан хүсэлт гомдлоор болон шүүгч өөрийн санаачилгаар асуудлыг урьдчилсан хэлэлцүүлэхээр хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах заалттай байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэний дараа хэргийг анхан шатны журмаар, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруугийн хурлаар хэргийг прокурорт буцаасан. Мөн хохирогч, яллагдагч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлаар гомдол, хүсэлт гаргаагүй байхад шүүгч хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг удирдлага болгосон,

Б.Цд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Б.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогч Э.Э, гэрч Д.С-ийн мэдүүлэг, шинжээчийн 7595 дугаартай дүгнэлт, гэм буруутай эсэхийг хэлэлцсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.Э нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа бөгөөд дээрх гэмт хэрэг нь Б.Ц Э.Э-ны “ханцуйгаа буулгаж гар дээрх шархаа далдал” гэсэн шаардлагыг хүлээн авалгүй маргалдсаны улмаас үүссэн болох нь тогтоогдож байхад хохирогч Э.Э, шүүгдэгч Б.Ц нарын ажил үүргийн хуваарь, Э.Э нь ажил үүргийн хувьд Б.Цд шаардлага тавих ажилтан мөн эсэхийг тогтоох шаардлагагүй, үүнийг тогтоосноор хэргийн зүйлчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх асуудал байхгүй байна. Түүнчлэн хохирогч Э.Э-ы толгойн компьютер томографид ... хамрын таславч баруун тийш мурийлттай... гэж дурдсан гэмтэл нь хуучин, дээрх гэмтэл учрахаас өмнө үүссэн, уг гэмт хэрэгт хамааралгүй гэмтэл учир шинжээч эмч нь дүгнэлтдээ дурдаагүй орхисон байхад шүүгч хамрын таславчийн мурийлт гэмтэл гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүссэн эсэхэд нэмэлт шинжилгээ хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.   

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгчид удаа дараа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлбэл ашигтай талаар хэлэхэд үйлчлүүлэгчийн зүгээс духанд нь цохиогүй, үсдэлцэж зулгаасан асуудал байдаг талаар хэлдэг. Б.Цгийн цамц нь түүний түлэгдсэн шарханд наалдаад байсан учраас зочин байхгүй өрөөнд цамцны хамцуйгаа хойшлуулж ажилласнаас болж уг хэрэг гарсан байдаг. Хохирогч тохойгоороо цохисон гэж мэдүүлдэг хэдий ч өөдөөс нь хараад зогсож байсан хүнийг тохойгоороо цохисон байх боломжгүй юм. Шүүгчийн захирамжид дурдсан мэдүүлгүүд зөрүүтэй байгаа нь үнэн, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй. Учир нь хамрын мурийлт, тархи доргилт гэсэн гэмтлүүд байдаг ба уг гэмтэл нь тухайн өдөр үүссэн эсэхийг тогтооход ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаар  шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж  дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх шүүх хуралдаанаар Б.Цгийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх байтал урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.Э нарын ажил үүргийн хуваарь, зан байдлын тодорхойлолт, бие, биедээ захирагдах албан тушаалтан мөн эсэх талаарх нотлох баримтуудыг хэрэгт хийх, шинжээч томилох тогтоолд оролцогчдоор гарын үсэг зуруулаагүй, хохирогчийн хамрын таславч мурийсан гэх тул нэмэлт шинжилгээ хийлгэх гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байх ба дээрх үндэслэлүүд нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхөөргүй байх тул  заавал мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын бие, биедээ захирагдах албан тушаалтан мөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх бөгөөд шинжээч томилсон тогтоолтой шүүгдэгч, хохирогч нар танилцаж гарын үсгээ зурсан байна. Харин хохирогч Э.Э-ы хамрын таславч мурийсан гэх гэмтэл нь өмнө үүссэн эсэх, энэ хэрэгт хамааралтай эсэх талаар эргэлзээ байвал шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан тодруулах боломжтой байх тул Б.Цд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжтой байна.  

Иймд  прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Ц.ОЧ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН