| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2018/0023/З |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 27
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-р хороолол, 12 дугаар байрны 47 тоотод оршин суух хаягтай О- нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт,шалгалтын улсын ахлах байцаагч Б-, улсын байцаагч О-нарт холбогдох
Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 дугаартай актуудын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг
Хариуцагч О- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж, аль болох өөрийн ажил үүргээ холбогдох дүрэм журамд нийцүүлэн ажиллахын төлөө хичээдэг билээ.
Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2014-2017 оны хугацааг хамруулсан санхүүгийн үйл ажиллагааны баримтанд төлөвлөгөөт хяналт шалгалт явуулсан.
Уг шалгалтаар улсын байцаагч Л.Одончимэгээс хийгдсэн шалгалтын дүн болох 2018.02.27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 актуудаар хэд хэдэн зөрчил тогтоогдсон гээд актад дурдагдсан төлбөр мөнгийг яаралтай төлөхийг байнга шаардаж байгааг бөгөөд улсын байцаагчийн дээр дурдсан актуудын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь шалгалтын үед танилцуулж байсан баримт материал тайлбарыг огт харгалзахгүйгээр уг актаар тогтоосон зөрчил гэж үзсэн нөхцөл байдал, үндэслэл нь хуульд үндэслээгүй, бодит нотлох баримтуудтай нийцэхгүй, нягтлан бодогчийн хувьд санаатай гэм буруутай үйлдэл хийгээгүй болохоо шалгуулж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргаж байгаа.
23-02-18/06 дугаар актын хувьд: Нэг ч өдөр ажлаагүй хүнд цалин олгосон байна гэсэн зөрчлийн тухай манай байгууллагын бичиг хэргийн ажилтан 1 сард ажилаад 2 сард жирэмсний амралтаа авсан. Тэр хүний оронд А.Болорсүх даргын дүү нь ажилд орсон. Хүний нөөцийн ажилтан 9 сард солигдсон. Надад ирүүлсэн цагийн бүртгэлд хянах ёстой албан тушаалтнуудын гарын үсэг бүрэн зурагдсан мөн ажилд авах даргын тушаалтай хамт орж ирсэн. Миний ажил үүргийн хуваарьт ажилд томилох, цагийн баланс гаргах эрх үүрэг байхгүй, Очирбат 2 удаа ажлаас чөлөө авсан талаар надад мэдэгдээгүй, 2 удаагийн чөлөө өгсөн талаар шүүхийн баримтаас олж авсан. Чөлөө өгсөн талаар санхүүгээс нуусан үйлдэл нь Очирбат гэх хүнийг дарга ажилд авсан гэдэг нь харагдаж байна.
23-02-18/07 дугаар актын хувьд: Д.Отгонбаатарын хувьд концертместрээр ажилд түр томилох тухай тушаал, цагийн баланс нь баталгаажсан, албан ёсны тамга тэмдэгтэй баримт надад орж ирснийг би үндэслэж цалин бодсон. Байгууллагын дарга А.Болорсүх мэдүүлэгтээ Д.Отгонбаатар нь ажилласан, байгуулага дээр надтай таарсан гэдгээ хэлсэн. Бүх дасгал сургуулилтанд хөгжмийг бэлэн байдалд байлгах ёстой гэж боддог. Би энэ хүнийг ажлаагүй гэж үзэхгүй, ажлаагүй байж хөгжим нь ажилд орно гэж байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “ Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу надад орж ирсэн баримтанд тамга тэмдэг дарагдсан, шалгах ёстой бүх хүний гарын үсэг зурж баталгаажсан байсан. Би хуурамч баримт ашиглаж байна гэж бодоогүй.
Х.Хашболд, Б.Мөнхтуул нарын хувьд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаартай “хөгжимчнөөр ажилд авах тухай” даргын тушаал надад орж ирсэн. Тухайн үед манай байгууллагад хөгжимчний сул орон тоо байсан. Ажилчдыг ажилд авах нь даргын бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд Захиргааны хурлаар оруулах эсэх нь түүний шийдвэр. Чинзоригийн мэдүүлэгт намайг энэ талаар зайлшгүй мэдэх ёстой, маш сайн мэдэж байгаа гэж мэдүүлсэн байсан. Би тэр талаар мэдэхгүй. Захиргааны хурал хийсэн бол тушаалдаа заавал үндэслэл болгодог. Эдгээр тушаалуудад захиргааны хурлын шийдвэр оруулаагүй байгаа нь байгууллагын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна. Би хуралд суусан тэмдэглэлээ давхар баталгаажуулан ажилладаг. Мөн энэ тушаалын 2-т гэрээ хийдэг хүнийг тодорхой заасан байгаа, энэ нь миний ажил үүргийн хуваарьт байхгүй, байгууллагын дотоод журмын заалтаар албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг тодорхой зааж өгсөн байдаг. Дарга надад таагүй ханддаг учир би байнгын хувийн тэмдэглэл хөтөлдөг байсан.
23-02-18/09 дүгээр актын хувьд: Техас хоолны газраас 2392.5 төгрөгийн, Уулс ноён ХХК-иас 3000.0 төгрөгийн, Ус суваг ХХК-иас 1000.0 төгрөгийн хонь, Комфорт ХХК-ийн өгсөн 2310.0 төгрөгийг тус бүр юунд яаж зарцуулсан талаарх үндсэн баримтгүй, тайланд тусгаагүй, зориулалтын бусаар зарцуулах боломж олгосон гэж буруутгаад байгаа. Байгууллагын 40 жилийн ой болох гээд А.Болорсүх дарга, М.Ерболот нар тухайн байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ хийсэн гэх боловч тэр баримтаа санхүүд өгөөгүй, би тэр талаар мэдээгүй шалгалтын үед шалгалтын өрөөнөөс олж мэдсэн. Гэрээ бол нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар анхан шатны баримт биш. Гэрч нар мэдүүлэгтээ баримтуудаа нягтлан бодогчид өгөөгүй, тэр талаар баримт байхгүй гэдгээ хэлсэн. Акт тавигдсанаас хойш дээрх баримтуудыг М.Ерболотоос шаардаж цуглуул гэж явуулсан. Би тэр гэрээ хийсэн гэх компанийн ажилчдыг танихгүй, А.Болорсүх дарга болон М.Ерболот нарын найз нөхөд гэж ярьж байна. Гэрээг уншиж байхад Уулс хоён ХХК гэрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримтаа 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Техас зоогийн газрын хувьд уг гэрээ нь 2016.09.08-ны өдөр хийсэн байсан. Гэрээнд шинэ жилийн арга хэмжээнд үнэ төлбөргүй хөтлөх гэж байсан. Би мөн мэдээгүй байсан дараа нь шалгалтын өрөөнөөс хараад өөртөө аваад баримтыг цуглуулах үүрэг өгсөн. М.Ерболот надад баримт авчирч өгсөн. Гэрээний 4.6-д гэрээ ажил бүрэн дууссан хойно гэрээг дүгнэнэ гэсэн гэтэл манай талаас гэрээний дүгнэлтэд 2018.03.10-ны өдөр ирсэн байдаг. Ирэхдээ анхан шатны баримтууда авчирч өгсөн. Техас хоолны газраас М.Ерболоттой хамт очиж баримт авахаар тохирсон боловч тэр өдөр М.Ерболот ажилдаа ирээгүй би тэгээд 380-ын тэнд Техас гэж байдаг тэр мөн эсэхийг очиж үзье гээд очтол гэрээний өглөг авлагын талаар байгуулагын дансанд ямар ч үйлчилгээ аваагүй гэж харагдаж байсан. Би М.Ерболотруу залгаад хэлсэн. Тэгээд М.Ерболот 03 сарын 16-ны өдөр дүгнээд надад оруулж ирсэн. 3 сарын 12-ны өдөр хаагдаагүй байснаас 1 өдрийн дотор хаагдаад ороод ирсэн би гайхаад даргаруу залгатал манайд Номадсын албан тоот ирсэн байгаа гэсэн хариу өгсөн. Үүнд 2 байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу 3 сарын 09-ний өдрийн 19:00, 21:00 цагийн заалыг ашиглах хүсэлттэй байгаа ул батагаажуулж өгнө үү гэсэн албан тоот ирсэн надад өгөөгүй, акт тавигдсаны дараа баримтуудаа өгсөн.
Иймд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаар, 23-02-18/07 дугаар, 23-02-18/09 дугаар актуудын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаар актын хувьд: Нэхэмжлэгч өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор тайлбарлаж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 12-т “ Ажлын цагийн нэгдсэн бүртгэлийг харуул хамгаалалтын ажилтан, угтагч бүртгэх ба хүний нөөцийн сенежер, ангийн багш нар тусгайлан давхар бүртгэж, цахим бүртгэл, нэгдсэн бүртгэлтэй тулган нарийвчилан гаргасан цагийн бүртгэлээр цалин бодогдоно”. Мөн 3.13-т “ Ажлын цагийн бүртгэл, ашиглалтын байдалд УСЗ, Хүний нөөцийн менежер хяналт тавина” гэж заасан байна.
Мөн 3-аас дээш өдрийн чөлөөг би олгодог гэж А.Болорсүх дарга мэдүүлэгтээ хэлсэн. Энэ нь даргын эрх хэмжээгээр шийдэгдэж нягтлан бодогчид мэдэгдээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5,6-д зааснаар баталгаажсан баримт орж ирснээр цалин олгогдоно гэж заасан байдаг. О- нь надад зохих албан тушаалтнуудад хянагдсан ирцийн бүртгэл орж ирснээр би цалин боддог гэж тайлбараа хэлдэг тэр баримт нь хэрэгт байгаа. Тэр баримтууд баталгаажсанаар нягтлан бодогч үнэн зөв гэж үзээд цалин олголт хийсэн. Актыг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, ЗГ-ын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3-д заасныг үндэслэл болгоод актыг гаргасан. Гэтэл шүүхэд ирүүлсэн Л.Одончимэгийн тайлбарт нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Б-ын тайлбарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.4 гэсэн актад дурдаагүй үндэслэл болгоогүй хуулийн заалтуудыг дурдсан байдаг. Энэ актад С.Очирбатад цалин бодож буруу шийдвэр гаргасан гэсэн байна. Би үүнийг ойлгохгүй байна. Буруу шийдвэр гэдгийг тогтоочихсон зүйл байдаг гэтэл тийм зүйл байхгүй. Гэрч А.Болорсүхээс С.Очирбат гэх хүн ажилласан юм уу гэж асуухад ажилласан би 2 удаа чөлөө өгсөн нягтлан бодогчоос асуух шаардлагагүй гэдэг. Байцаагчийн акт гарахад үндэслэл болгосон заалт нь тодорхойгүй. Сангийн яамны улсын ахлах байцаагчийн тамга тэмдэгтэй актууд гардаг. Үүнд Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг зөрчсөн байна гээд дээд шатны байгууллага зөрчлийг тогтоосон. О- Дархан-Уул аймгийн аудитын газраас акт тавьсан гээд энэ актыг надруу явуулсан. Сангийн яамнаас акт гаргасан гэж харагдсан. Ард хэсэгтээ санхүү хяналтын улсын байцаагч гээд нэрээ бичсэн байдаг. Ийм зөрчилтэй акт гарсан байхад шүүх хүртэл хүлээж авсан. Шүүхэд хүртэл тодорхойгүй байдлыг үүсгэсэн акт байсан гэж үзэж байна. Сая тухайн байгууллагад очиж үзлэг хийхэд сангийн яамнаас өгсөн чиглэл гэж байх ёстой гэж байна. Гэтэл сангийн яамнаас бүх орон нутагруу яг энэ цаг хугацаанаас сангийн яамны актыг хэрэглэхгүй гэсэн чиглэл өгөгдсөн байна. Үүнээс хойш энэ актыг хэрэглэж байгаа нь журам зөрчсөн байна. Акт нь өөрөө холбогдох журмаа зөрчиж гарсан байна. Байцаагч нар нь журмаа зөрчөөд актандаа тусгаагүй заалтаараа шүүхэд тайлбар гаргаад байгааг хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Сангийн яамнаас Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд зөрчилөө арилгаад эргээд мэдэгдэхийг даалгасан. Би Сангийн яаманд очиж уулзахад шүүхэд үзлэгээр ирсэн баланкын байдалтай байсан. Манайд танилцуулсан акт нь өөрөө Сангийн яамны баримттай, бичиг хэрэгт болохоор Дархан-Уул аймгийн гэж байгаа. Тухайн холбогдох этгээдэд танилцуулсан актын тухайд маргаан бүхий акт болдог. Тэгэхээр 2 актын тухай шүүхээр зөрчигдөж байгаа.
23-02-18/07 дугаар актын хувьд: 3 хуулийн заалт дурддаг. Зөрчил нь өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, нэг ч өдөр ажил хийгээгүй хүнд цалин олгосон нь нягтлан бодогчийн буруу гэж тодорхойлоод захирал нягтлан бодогч 2-т холбогдуулан актын үндэслэлийг гаргасан. Нягтлан бодогчийг 2-р гарын үсэг зурдаг гэж энэ зөрчилд хамааруулаад байна гэж ойлгож байна. Гэтэл энэ актын үндэслэл болгож байгаа хуулийн заалтуудад нягтлан бодох бүртгэлийн тухай нэг ч хуулийн заалт байхгүй боловч хариу тайлбартаа нягтлан бодох бүртгэлийн хуулийг гаргаж тайлбарлаад энэ хуулийн заалтыг зөрчсөн учир бид акт тогтоосон гэж байгаа. Цалин мөнгө бодож олгосон дарга буюу нягтлан бодогч гээд уг нь арай өөр утга агуулгатай байх ёстой, дарга бодож олгоогүй, зөрчилөө тодорхойлж байгаа нь зөрчилтэй, гэрчийн мэдүүлгээр дээрх хүмүүс нь ажлаа хийсэн гээд байгаа боловч хүний нөөцийн ажилтан мэдээгүй гээд байдаг. Гэрч нар эсвэл даргын хамаатнууд цагийн балансад О- хүний нэр нэмж оруулж гарын үсэг зурсан байх гээд байсан учир үнэхээр тэр бичвэр нь О- бичсэн зүйл мөн үү гэдэгт шинжээч томилуулах хүсэлт гаргаж үйлчлүүлэгчийнхээ үнэн зөв мэдүүлэг өч байгаа гэдгийг харуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтад О- эрхийг хасуулах хүсэлт явуулсан байсан. Акт гараад түүнд гомдол гаргах эрхтэй бүх актыг зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй байх эрхтэй байсан боловч нэхэмжлэгч намайг хүчээр зуруулсан гэж өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаасаа өмнө тайлбараа өгөөд байдаг. Б- байцаагч актыг зөвшөөрөхгүй бол тайлбартай гэж бичээд гарын үсгээ зур гэсэн гэдэг. О- гарын үсэгний ард тайлбартай гэж байгаа нь зөвшөөрөхгүй гэсэн үг. Зөвшөөрөхгүй бол тайлбартай гэж бич гэсэн зүйл хаана ч байхгүй. Хариуцагчийн зүгээс гарын үсгээ зур гэж шахаж шаардсан асуудал харагдаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дох заалтаар 483 дугаартай тогтоолын 6.3-д заасныг үндэслэл болгоод байдаг. Энэ нь өөрөө акт маань барих ёстой заалтаа барьж байна уу гэдэгт дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.
23-02-18/09 дүгээр актын хувьд: Шүүхэд өгсөн хагас жилийн баримтыг шалгасан тэмдэглэл гэж байдаг, тэр тэмдэглэлд бичсэн Л.Одончимэг, танилцсан Б- гэсэн тэмдэглэл байгаа. Тэмдэглэлд шалгалтын ажиллагааны явцын тухай бичсэн байсан гэж үзье гэхдээ маргаан бүхий актын талаар хэлэлцэх ёстой. Актад тусгагдсан хуулийн заалт, үндэслэл болгосон баримт бичгийг тусгасан байдлыг ярих ёстой гэж үзэж байна. Маргаан бүхий актад О-ыг ямар зөрчилөөр буруутгаад байгаа талаар тайлбарлагдах ёстой. Тогтоох хэсгийн нэгт А.Болосүх гэж бичээд таслал тавигдаад зориулалтын бусаар зарцуулах боломж олгосон О- гэж байгаа, О-т оногуулаад зарим асуудлыг Цагдаагийн газарт өгч шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Энэ нь О-т хамаатсан зөрчлийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд энэ бүртгэлийг хэрхэн хөтлөх вэ гэсэн аргачлалыг заасан байдаг.
Нэхэмжлэгчийн яриад байгаа үйл ажиллагааны үнийн хэрэглээнд нэг өөр зүйл хариуцагчаас мөн нэг өөр зүйл яриад байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд үнийг бүртгэх ёстой гэж байгаа үүн дээр маргаагүй. Нэхэмжлэгч хуулинд заасан үүргээ биелүүлэх гэхээр санхүүгийн баримт байхгүй учир би яах ёстой вэ гэж тайлбарлаад байгаа. Шүүхэд тодорхой болж байгаа үйл баримт нь цаг хугцаааны хувьд хожуу орж ирсэн. Гэрээ дангаараа баримт биш, гэрээг дүгнэгдсэн баримт байхыг шаарддаг, шинэ жилийн асуудал 9 сард дүгнэгдэхгүй учир хуурамч баримт гэдэг нь тодорхой. Байхгүй байсан баримтыг бүртгээгүй байна гээд акт тогтоосон. Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийн 20.1.4-т хүчин төгөлдөр актыг бүртгэх ёстой гэж заасан байдаг. Баримт бүрэн биш бол дүгнэхгүй гэсэн. Гэрчээс та ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ, та хэн хэнтэй харьцдаг талаар асуусан гэрч энэ баримтуудыг нягтлан бодогчдоо өгөх үүрэгтэй гэдгээ хэлсэн. Үнэхээр мэдээд гарт нь байсаар байхад бүртгэхгүй байгаа үйлдэл нэг өөр, шалгалт хийх явцад энэ баримтууд байсан бол нягтлан бодогчийн буруу, баримт орж ирснээс хойш би тусгасан байхгүй юмыг тусгахгүй гэдгийг О- тайлбарлаад байгаа. Баримтууд нь байхгүй байхад тусгах ёстой гээд байх юм. Гэрч мэдүүлэгтээ би няравыг явуулж авсан гэж хэлсэн гэтэл хариуцагч санхүүгийн хүнийг явуулж авахуулсан гээд байна. Байгууллагын захирал нь өөрөө найзтайгаа тохиролцоод тэр талаараа нягтлан бодогчдоо танилцуулаагүй байхад энэ асуудлыг нягтлан бодогч мэдэж шаардаж авах бодит боломж нь олдохгүй байх. Бодит боломж гэж баримт нь орж ирчихээд байхад бүртгээгүй бол тэр нь бодит боломж. Хариуцагч актдаа тусгаагүй хуулийн заалт яриад байна. Актдаа тусгасан хуулийн заалтаа л ярих ёстой гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Л.Одончимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие Залуучууд театрын 2014-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт хяналт шалтгалтыг хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 Цалингийн зардал төлүүлэх тухай акт: Энэ актад огт ажилаагүй цахилгааны инженер С.Очирбатад олгосон цалинг төлүүлэх шийдвэр гаргасан. Залуучууд театрын нягтлан бодогч ажилтай О- нь цалингийн сангаас гаргах ёсгүй цалинг гаргасан. Бүх анги албадын цагийн бүртгэлийг шалгахад цагийн бүртгэлд Очирбат гэдэг хүний нэр огт байхгүй, инженерийн албаны цаг бүртгэгч, байгууллагын цагийн баланс гаргадаг цахилгааны техникч Энхжаргал нь уг хүнийг огт танихгүй гэсэн тайлбар өгсөн мөн ажилд авсан тушаал, ажлаас чөлөө авсан 2 удаагийн өргөдөл зэргээр нотлогдож байгаа.
Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын 4 дүгээр зүйлийн 1 дэх “ажлын цаг ашиглалтын бүртгэл НХМ ЦХ-1-д цаг бүртгэгчид сарын эцэст хүн нэг бүрийн цаг ашиглалтын тооцоог гаргаж нягтлан бодогчид ирүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 2 дахь ажлын цагийн тооцоо НХМ ЦХ-2-т “ Сарын эцэст цаг бүртгэгч ажлын цагийн тооцоог хүн нэг бүрээр болон цех, тасаг, ээлж, хэсгийн хэмжээнд гаргаж хариуцсан нягтлан бодогчоор шалгуулж хүлээлгэн өгнө. Анхан шатны цагийн бүртгэлийг нягтлан бодогч хянах ёстой. Хариуцсан нягтлан бодогч ажлын цагийн тооцоог ажлын цаг ашиглалтын бүртгэлтэй хүн нэг бүрээр тулган шалгаж хүлээн авсны эцэст, дараагийн шатны цаг ашиглалтын бүртгэлийг олгоно.” заалтыг зөрчин цагийн бүртгэлийг хураан авч хянаж үзээгүй, өөрөө цаг ашиглалтын бүртгэлийг, цагийн тооцооны баримтыг хүлээн авч түүнийг хянаж цалин олгох үүрэггүй гэж байгаа нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь “ Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” заалтыг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх” Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эс үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтанд бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” заалт, 13.6 дахь” Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” заалтуудыг тус тус зөрчсөнд акт тогтоосон. Дарга нягтлан бодогч нар Төсвийн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу хэмнэлттэй байхаар зарцуулах үүргээ хүлээгээгүй Төсвийн тухай хуулийг зөрчсөн байх тул хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон.
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/07 Цалингийн зардал төлүүлэх тухай актаар төлбөр төлөх хугацааг 03 дугаар сарын 30-ны дотор төлөх үүрэг өгсөн байгаа ба энэ хугацаандаа төлөх гэдгийг улсын байцаагч би эрхийнхээ хүрээнд бичсэн байгаа ба цалин хөлснөөс нь илүү гарсан тохиолдолд төлбөр төлөх хугацаа сунгах хүсэлт гаргах үндэслэлтэй гэж зөвлөсөн байгаа түүнээс биш хугацаа болоогүй үед төл гэж шаардаад дарамтлаад байсан удаагүй. Энэ актаар тухайн байгууллагад ажилладаггүй хүмүүст хийсэн ажлых нь хөлсийг гаргаж өгөхдөө хууль зөрчин цалингийн сангаас гаргасан зөрчилтэй. Энэ нь байгууллагад давхар хохирол учруулж байгаа. Тухайлбал: Д.Отгонбаатар гэдэг хүнд 487,6 мянган төгрөг бодож олгосон байгаа. Үүнд: 19 хоногийн цалин, хоол унааны олговор, тухайн цалинтай холбоотойгоор байгууллагаас даах нийгмийн даатгалын шимтгэлийн 11%-ийг нэмж төлсөн зэргээр байгууллагад хохирол учруулсан байгаа зөрчилд нь дарга, нягтлан бодогч нарт хувь тэнцүүлэн төлүүлэх акт тогтоосон.
Мөн дээр дурьдагдсан анхан шатны бүртгэл хөтлөөгүй, шалгаж хүлээн аваагүй, огт ажилаагүй хүнд цалин гаргасан нь мөн л нягтлан бодогч хяналт тавих, анхан шатны баримтыг үндэслэн цалин бодож олгох үүргээ биелүүлээгүй, цагийн бүртгэл хянах үүрэггүй гээд тайлбар өгч байгаа нь хөдөлмөр цалин хөлсний анхан шатны бүртгэл гэж юу байдаг талаар үндсэн ойлголтгүй байгааг харуулж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Удирдлага ямар боломж байна гэж асуухад цалин сангаас гаргах боломжтой гэж удирдлагыг буруу мэдээллээр хангаж байгаа нь нягтлан бодогчийн жинхэнэ алдаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д энэ талаар заасан байдаг. Байгууллагын дарга санхүүгийн талаар мэдлэгэгүй учир нягтлан бодогчоосоо асуудаг. Ингэснээр энэ байгууллага хохиролд орсон. Гэрээт ажлын мөнгийг цалингийн зардлаас гарснаараа үндсээрээ буруу. Хийдэгдэл гарсан учир тэр хүнд цалин өгөөд байгаа. Олон хүмүүсийг хомроглон ажлаас нь халчихаад оронд нь өөр хүний нэрээр цалин өгөөд байгаа нь буруу, төсвийг хэмнэлттэй зарцуулах, төрийн өмчийг хамгаалах эрхтэй. Нягтлан бодогч энэ мөнгийг гаргахгүй гэсэн бол гарын үсэг зурах ёсгүй. Тэр тохиолдолд дарга хариуцах ёстой. Цагийн бүртгэлд яагаад нягтлан бодогч гарын үсэг зур гэж байгаа вэ гэхээр тэр цагийн бүртгэлийг хяна гэж байгаа юм.
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 Зардал төлүүлэх тухай акт: О- манай байгууллагад ирүүлсэн тайлбартаа: Энэхүү акттай холбоотой ажил гүйлгээг байгууллагын дарга А.Болорсүх, маркетингийн менежер М.Ерболот нар бартер буюу үйлчилгээ солилцооны хүрээнд “ хамтран ажиллах гэрээ” хийгддэг.Энэхүү гэрээний хүрээнд гаднаас хандиваар авсан гээд байгаа мөнгө, болон үйлчилгээ нь санхүү албаар дамжаагүй, орлого орж ирээгүй болно.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх “ Төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эс үүсвэр, зээл хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх” тухай төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан зарчмыг хэрэгжүүлнэ.” Заалтыг зөрчин Төсвийн төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөгө болгож, хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэгт 20.1.2 “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” заалтад дарга удирдлагын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажилаагүй байна. Хандивын орлого төсвийн бүрэлдэхүүн учир би тайлан гаргах үүрэгтэй. Иймээс би хандиваар ирсэн мөнгө хөрөнгөнд хяналт тавих, зарцуулалтыг гарган тайланд тусгах үүргээ биелүүлнэ гээд даргаас бичгээр хариу хүлээн авсан байгаа бол даргатай хамтран төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй байх боломжтой.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн орлого зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах” эрхтэй заалттай. Ажлаагүй хүнд цалин олгохыг таслан зогсоох эрх, үүрэг нь нягтлан бодогчид байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаар гарын үсэггүйгээр энэ байгууллагын данснаас 1 төгрөг ч зарцуулах эрх байгууллагын удирдлагад байхгүй. Тийм учраас дарга нягтлан бодогчид хариуцуулсан байгаа. Хандиваар орж ирсэн мөнгийг төсвийн хөрөнгөтэй адилтган үзэж тайланд тусгах, бараа, ажил үйлчилгээ аль ч хэлбэрээр орлого олсон бай түүнийхээ орлого, зарлагын тайлан, балансад тусгах үүрэгтэй. Таван байгууллагатай холбоотой бараагаар авсан орлого, мөнгөөр авсан орлого, буудалд хүн байрлуулсны зардлаа даалгасан гэх мэтээр хөрөнгө, бараа материалын орлого бий.
Тухайлбал: Уулс ноён ХХК-иас 3000.000 төгрөг, Ус суваг ТӨХК-иас 1000,000 төгрөгийг бэлнээр авсан баримтыг акт тогтоосноос хойш гаргаж өөрийн тайлбартаа хавсарган өгсөн байна.
АПУ ХК-иас архи, пиво, ус, ундаа авсан 1356,500 мянган төгрөгийг зарлагын падаан байгаа. Иймд хандиваар мөнгө, материал, үйлчилгээ авсан нь нотлогдож байна. Иймд уг мөнгөний зарцуулалтын тайланг гаргаагүй, үндсэн баримтгүй, зарцуулалтын тайлангүй байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өгсөн байгаа.
Дээрхи хандивын мөнгө ойн хүлээн авалтанд зарцуулагдсан гэж байгаа ч хаана, хэзээ, хэдэн хүн ирж ямар хүлээн авалт хийсэн тайлан үр дүнг тооцоогүй байгаа зөрчил илэрсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулан түүнийгээ бартерийн гэрээ хийсэн гэдэг нь гэрээгээ дүгнэхгүй байх, байгууллагын данс бүртгэлээс гадуур үлдэх хууль эрх зүй байхгүй гэж ойлгож байна. Эцэст нь харахад уг гэрээ нь өөрийн байгууллагын ажилчдыг хөлсөөр ажилуулсан түүнээс олсон орлогоор 40 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан гэх үндэслэлтэй байгаа. Хандив биш ажлын хөлс, заал түрээсэлсэн орлого гэж үзэх харин түүгээрээ зарцуулах бус аймгийн нэмэлт санхүүжилтийн орлого буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоор бүртгэгдэх түүгээрээ зарцуулах эрхгүй орлого гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б-аас шүүхэд гаргасан тайлбартаа: “Шалгалтаар тухайн байгууллагад ажилладаггүй хүмүүст тодорхой хугацаанд цалин, хоол, унааны мөнгө олгож, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг төлсөн болохыг баримтаар тогтоосон. Шалгалтын явцад Залуучууд театрын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч, тухайн ажлаагүй хүмүүсийг хариуцдаг анхан шатны албан тушаалтнуудаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу албан ёсоор тайлбар авч сонсох ажиллагааг явуулсан. Үүнд:
Цалингийн зардлыг төлүүлэх тухай 23-02-18/06, 23-02-18/07 тоот актуудын хувьд Залуучууд театрын хөгжмийн ангийн дарга, хөгжмийн ангийн дарга удирдаач П.Чинзориг нь хөгжимчнөөр Х.Хашболд нь ( хувиараа хамтлагт дуучин ), Б.Мөнхтуул ( Өрхийн эмнэлэгт нягтлан бодогч ажилтай), Д.Отгонбаатар (Улаанбаатар хотын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дууны багш, хормейстрээр ажилладаг 99236147) нарыг ажилаагүй болохыг тайлбартаа тодорхой бичиж өгсөн.
Залуучууд театрын цахилгаанчны орон тоонд ажилаагүй байж цалин авсан С.Очирбатыг ажилаагүй болохыг гэрлийн оператор Р.Энхжаргал амаар тайлбар өгөхөд хүний нөөцийн ажилтан Д.Адилбиш хамт байсан.
Зардлыг төлүүлэх тухай 23-02-18/09 тоот актын тухайд тухайн байгууллагад бусад байгууллага, хувь хүнээс нэмэлт орлого, хандив тусламж өгсөн тохиолдолд төсвийн хөрөнгөнд тооцож, нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэлд тусгаж зохих журмын дагуу зарцуулах үүргээ Залуучууд театрын дарга А.Болорсүх, нягтлан бодогч О- нар биелүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор 3 дугаар, 4 дүгээр зүйлүүдийн зөрчсөн тул акт тогтооосон болно.
Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тухайн байгууллагад шалгалт хийж байх явцад албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай гэмт хэргийн шинжтэй санхүүгийн зөрчил илэрсэн болохоор 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18/18 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дээрх асуудлыг хүргүүлсэн болно.
Улсын ахлах байцаагчийн актанд гарын үсэг зуруулах ажиллагааг Дархан сумын ЗДТГ-ын байрны 14 тоот Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын өрөөнд хийсэн ба Залуучууд театрын дарга А.Болорсүх, нягтлан бодогч О- нар хамт байж байгаад гарын үсгээ зурсан, хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байвал тайлбартай гэж бичээд гарын үсгээ зураарай гэж тайлбарласан ба нэхэмжлэлд дурдсан шиг албадсан зүйл үгүй болно. (дарга А.Болорсүх, нягтлан бодогч О- хоорондоо маргалдаж эхлэхэд болиулсан)
Мөн нягтлан бодогч О-тай уулзах үедээ цагдаа, шүүхийн асуудлаар яриагүй, гүтгэлэгийн шинжтэй илт хүний нэр хүндийг гутаах гэсэн утгатай зүйлийг нэхэмжлэлд дурдсан байна. Дархан-Уул аймгийн Залуучууд театрт хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн нэхэмжлэлд дурдсан төлбөрийн актуудыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн зөрчлийг арилгуулахаар тогтоосон. Санхүүгийн зөрчил нь Залуучууд театрын нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан тооцоогоор тогтоогдсон тул улсын ахлах байцаагч нэг талыг барьсан эсвэл гүтгэсэн шинжтэй акт төлбөрийг тогтоогоогүй бөгөөд 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 актуудын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нягтлан бодогч О- нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн байгууллагад үүссэн санхүүгийн зөрчилтэй гүйлгээг хийхгүй байх эрхтэй төдийгүй мэдээлэх үүргийг хүлээсэн албан тушаалтан юм. Тухайн байгууллагын ажил гүйлгээ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчимд нийцсэн байх ёстой ба төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хууль зөрчиж зарцуулах эрх төрийн ямар ч байгууллагад байхгүй гэжээ.
Гэрч П.Чинзориг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Д.Отгонбаатар гэх хүн нь төгөлдөр хуур хөглөдөг хүн. Одоо Улаанбаатар хотын дуурь бүжгийн эрдмийн театрт концертмистрээр ажилладаг. Энэ хүн 2017 оны 3 дугаар сард манай театрт ажлаагүй. Манай театрт амралтын өдрөөр ирж 6 төгөлдөр хуур хөглөж өгсөн. Нэг төгөлдөр хуурыг 80.000 төгрөгөөр хөглүүлж байсан. Хөгжим хөглөсөн хөлсийг нь өгөхийн тулд цалинруу оруулсан гэж дарга хэлж байсан. 2017 оны 3 сарын ажлын цагийн тодорхойлолт дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн боловч Д.Отгонбаатар гэснийг би бичээгүй, Д.Отгонбаатарын нэрийг нэмээд бичсэн байна. Байгуулагаас цагийн бүртгэлийн маягт өгдөг тэр маягтанд ажилчдынхаа цагийг бүртгээд уран сайхны удирдагч н.Саранчимэгээр хянуулдаг. Н.Саранчимэг байхгүй бол хүний нөөцөд өгдөг. Хүний нөөц баталгаажуулаад нягтлан бодогчид өгдөг. Угаасаа дарга, нягтлан бодогч хоёрын хийж байгаа ажил гэдэг нь ойлгомжтой. Хүний нэр нэмж бичээд байгаа нь сонин байна. Х.Хашболд нь “Хас” хамтлагийн дуучин манай байгууллагын уран бүтээлд хааяа тусалдаг, түүнээс харьяалагддаггүй. Манай үндсэн хөгжимчнөөр ажлаагүй, харин театрын шинэ жилийн үйл ажиллагаан дээр хамтлагаараа ирж дуулсан. Дуулсан хөлсийг нь мөн дарга тушаал гаргаж цалин олгосон гэж тайлбарласан. Б.Мөнхтуул гэдэг хүнийг би мэдэхгүй, хараагүй. Уран бүтээлч хүмүүсээ эхлээд уран сайхны зөвлөлөөр оруулаад дараа нь захиргааны зөвлөлөөр дахин оруулж байж авах авахгүйг шийддэг. Нягтлан бодогч захиргааны зөвлөлийн гишүүн учир шинээр ажилд орж, гарч байгаа хүнийг мэдэхгүй байх боломж байхгүй гэжээ.
Гэрч Р.Энхжаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би инженер техникийн албаны дарга учир инженер техникийн ангийн цагийн балансыг гаргаж өгдөг. Миний бичиж өгсөн цагийн балансын доод талд С.Очирбат гэх хүний нэрийг нэмж бичсэн байсан. С.Очирбат гэх хүн манай байгууллагад огт ажлаагүй, би тэр хүнийг танихгүй. Тухайн үед н.Билгүүн гэх боловсон хүчин байсан. Манай байгууллагын нягтлан бодогч, боловсон хүчин хоёрын нэг нь л С.Очирбатын нэрийг миний гаргасан баланс дээр нэмж бичсэн байх. Би цагийн бүртгэлээ гаргаад боловсон хүчин н.Билгүүн гэдэг хүнд өгдөг байсан гэжээ.
Гэрч А.Болорсүх шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: С.Очирбат гэх хүнийг нягтлан бодогч О-тай ярилцаж байгаад ажилд авсан. Нягтлан бодогч тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчид болон санхүүгийн талаар бүх асуудлыг мэдэж байх ёстой. Д.Отгонбаатарыг мөн нягтлан бодогчтойгоо ярилцаж байгаад 8 төгөлдөр хуураа хөглүүлсэн. Төгөлдөр хуур хөглүүлсний хөлсийг яаж өгөх талаар нягтлан бодогчоос асуухад хэд хоног ажиллах юм чинь тушаал гаргаад ажилд аваад хөлсийг нь өгнө гэж хэлсний дагуу би ажилд авах тушаал гаргасан. О- зөвшөөрөхгүй байсан бол би тушаал гаргахгүй байсан. О- Д.Отгонбаатартай өөрөө уулзаад үнэ хөлсөө тохирсон байсан. Мөнгөтэй холбоотой тушаалыг нягтлан бодогч өөрөө төлөвлөдөг. Өвөл шинэ жилээ хэрхэн тэмдэглэх талаар нягтлан бодогч, маркетингийн менежер нартай хамт сууж байгаад ярилцсан. Тэгсэн маркетингийн менежер манайхан дандаа хүмүүсийг баярлуулж явдаг болохоор нэг удаа өөрсдөө ширээн дээр суугаад баярлацгаая ингэж баярлахад 1 сая төгрөг хэрэг болох байх гэж хэлсэн. Тэгэхээр нь О-аас яаж зохицуулах боломж байна гэж асуухад ер нь бол мөнгө хэцүү байгаа цалингийн сангаас гаргах боломжтой гэж хэлсэн. 2016.09.16-ны өдөр манай байгууллагын 40 жилийн ой болсон. Бүх ажилчдын хурал дээр байгууллагын 40 жилийн ойн арга хэмжээнд зарцуулагдсан санхүүгийн тайлангаа танилцуулсан.
23-02-18/09 дугаар акттай холбоотой мөнгийг манай байгууллага ажилчиддаа зарцуулсан. Архи дарс, хоол, буудлын өрөөний нэг хоногийг нэмэлт санхүүжилтын дансруу оруулаад гаргах боломжгүй гэжээ.
Гэрч М.Ерболот шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд өөрсдөө дуулж, бүжиглэж байхаар гаднаас хөтлөгч, дуучид аваад өөрсдөө суугаад баяраа тэмдэглэе ингэж тэмдэглэхэд 1 сая төгрөгийн зарлага гарна гэхэд А.Болорсүх дарга О-аас энэ мөнгийг зохицуулах ямар боломж байна гэхэд нягтлан бодогч цалин сангаас зохицуулж болно гэж хэлсэн. Байгууллагын 40 жилийн ойтой холбоотой зарцуулагдсан санхүүгийн тайлангаа бүх ажилчдын хурал дээр танилцуулсан. Архи дарс ундааг нэмэлт санхүүжилтын дансруу оруулаад гаргах боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б-, улсын байцаагч О-нар нь Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны 2017 оны төлөвлөгөө, байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан 23-02-17/37 тоот удирдамжийн дагуу Залуучууд театрын 2014-2017 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалтыг хийж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 тоот улсын ахлах байцаагчийн актуудыг гаргажээ.
Нэхэмжлэгч О- нь дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч
хариуцагч нарын дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасныг Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13-2/2948 дугаартай албан бичгээр гомдлын хариуг өгч О- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О- нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч,улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
23-02-18/06 дугаар актаар Залуучууд театрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот тушаалаар С.Очирбатыг цахилгааны инженерээр ажилд авч сарын 492.912 төгрөгийн цалингаар цалинжуулах тушаал гаргаж, тухайн байгууллагад ажлаагүй хүнд цагийн балансанд нэрийг нь оруулж 3.020.459 төгрөгийн цалин бодож олгосон зөрчилд, 23-02-18/07 дугаар актаар Залуучууд театрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 тоот тушаалаар Д.Отгонбаатарыг концертместрээр ажилд авч 19 хоног цалинжуулаад 3 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан тушаалтай, 487.587 төгрөгийн цалин бодож олгосон мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 131 тоот тушаалаар Х.Хашболд, Б.Мөнхтуул нарыг хөгжимчнөөр томилсон тушаал гаргаж, хүн тус бүрт 536.912 төгрөгийн цалин олгосон зөрчлүүдыг гаргасан ньТөрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь “ албаны бус зорилгод төрийн байгууулагын эд хөрөнгө, техник хэрэгслэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээлэл хангамж, болон албаны мэдээллийг ашиглан завших” Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “ төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь” шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх,ажлын байрны ачаалыг нягтруулж орон тоог
бууруулах сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх”- гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр С.Очирбатад 2017 оны 2 сараас 8 дугаар сар хүртэл олгосон цалин хөлс 3.020.459 төгрөг, Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт олгосон бүгд 1.561.411 төгрөгийг буруу шийдвэр гаргасан, цалин бодож олгосон, дарга А.Болорсүх, нягтлан бодогч О- нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Очирбат гэдэг хүнийг байгууллагын даргын дээрх тушаалаар цахилгааны инженерээр ажилд авсан, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар чөлөөлсөн гэх баримтууд байгаа боловч С.Очирбат нь тус байгууллагын инженер техникийн ангид ажлаагүй, харин түүний нэрийг нэмж бичсэн цагийн балансад үндэслэн цалин бодож олгодог байсан нь хэрэгт авагдсан 2017 оны 2,3,4,5,6,7 саруудын ажлын цагийн бүртгэл, баланс, картын цалин, С.Очирбатын цалинтай чөлөө хүссэн 2017 оны 2 дугаар сарын 8, 5 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл, гэрч А.Болорсүхийн”... чөлөө олгох журам байгаагүй болохоор цалинтай чөлөө олгох тушаал гаргаагүй...”, гэрч Р.Энхжаргалын “...инженер техникийн ангийн цагийн балансыг би гаргаж өгдөг С.Очирбат гэдэг хүн манай ангид ажиллаагүй, миний гаргасан цагийн балансын доор С.Очирбат гэж нэрийг нэмж бичсэн байна цагийн бүртгэлээ гаргаад боловсон хүчинд хүлээлгэн өгдөг байсан” гэх мэдүүлэгээр, Мөн Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нартай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэсэн гэрээ байгуулаагүй, Д.Отгонбаатарт төгөлдөр хуур хөглөсний, Х.Хашболдод Залуучууд театрын шинэ жилийн баярын арга хэмжээнд амьд хөгжмийн хамтлаг тоглуулсны хөлсийг гаргаж өгөхдөө тэднийг ажилд авсан тушаал гаргаж, ажлын цагийн тодорхойлолт, цагийн балансад нэрийг нь оруулж цалин олгодог байсан болох нь хэрэгт авагдсан,тушаалууд, ажлын цагийн тодорхойлолт, цагийн баланс, гэрч П.Чинзоригийн “...Д.Отгонбаатар төгөлдөр хуур хөглөдөг манай театрт амралтын өдрөөр ирж 6 төгөлдөр хуур хөглөсөн хөлсийг нь...”, “...Х.Хашболд манай үндсэн хөгжимчнөөр ажилладаггүй, харин театрын шинэ жилийн үйл ажиллагаан дээр Х.Хашболд хамтлагаараа ирж дуулсан, хөлсийг тус тус олгохын тулд тушаал гаргаж, цалин олгосон гэж дарга тайлбарлаж байсан, Б.Мөнхтуул гэдэг хүнийг танихгүй...цагийн бүртгэл дээр хүний нэр нэмж бичээд байгаа нь сонин байна...” гэх, Б.Мөнхтуулийн “...миний бие нь “Гэрэлт амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд 2005 оноос хойш одоог хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна... нөхөр Х.Хашболд ажлын хөлсөө хаан банкны дахь миний нэр дээр байдаг дансаар авсан” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байгаа болно.
Нэхэмжлэгчийн зүгээс С.Очирбат, Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарын ажилд томилсон тушаал орж ирсэн тул эдгээр хүмүүсийг ажлаагүй гэж үзэхгүй, ангийн даргын гаргасан, хүний нөөц хянасан, байгууллагын дарга баталсан анхан шатны баримт болох цагийн бүртгэл, балансыг үндэслэн цалин олгосон, хөдөлмөрийн дотоод журмын гурав. Театрын дотоод үйл ажиллагаа 3.13-т зааснаар би хяналт тавих үүрэг хүлээхгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5-д заасан хүчин төгөлдөр баримтыг үндэслэн цалин олгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6 дугаар сарын 25-ны дөрийн 171/111 тоот, 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ажлын цаг ашиглалтын бүртгэл НХМ ЦХ-1-д”...ажлын цаг ашиглалтын бүртгэлийг сарын эхэнд хариуцсан нягтлан бодогч ажилчин, албан хаагч нэг бүрийн нэрээр нээж, цаг бүртгэгчид хүлээлгэн өгнө... цаг бүртгэгч сарын эцэст хүн нэг бүрийн цаг ашиглалтын тооцоог гаргаж нягтлан бодогчид ирүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 2 дахь ажлын цагийн тооцоо НХМ ЦХ-2-т “ Сарын эцэст цаг бүртгэгч ажлын цагийн тооцоог хүн нэг бүрээр болон цех, тасаг, ээлж, хэсгийн хэмжээнд гаргаж хариуцсан нягтлан бодогчоор шалгуулж хүлээлгэн өгнө. Ажлын цагийн тооцоог үндэслэн цалин хөлсний тооцоог хийх тул цаг бүртгэгчид тоог цэвэр нямбай, засваргүйгээр нөхөн бичсэн байх шаардлагатай. Хариуцсан нягтлан бодогч ажлын цагийн тооцоог ажлын цаг ашиглалтын бүртгэлтэй хүн нэг бүрээр тулган шалгаж хүлээн авсны эцэст, дараагийн шатны цаг ашиглалтын бүртгэлийг олгоно.” Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д” Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 ”Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн хуулийн заалтуудтай нийцээгүйн дээр тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасан ”Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” эрхээ хэрэгжлүүлэлгүй байгууллагын даргын тушаал, С.Очирбат, Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарын нэрийг хэн нэмж бичсэн нь тодорхойгүй ажлын цагийн бүртгэл, балансад үндэслэн тухайн байгууллагад ажлаагүй дээрх хүмүүст цалин бодож олгон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан “үнэн зөв байх зарчмыг баримтлаагүй хуулийн заалтыг зөрчжээ.
Хариуцагч нар нь “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч,улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь” шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх,ажлын байрны ачаалыг нягтруулж орон тоог бууруулах сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх”- гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр С.Очирбатад 2017 оны 2 сараас 8 дугаар сар хүртэл олгосон цалин хөлс 3.020.459 төгрөг, Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт олгосон бүгд 1.561.411 төгрөгийг буруу шийдвэр гаргасан, цалин бодож олгосон, дарга А.Болорсүх, нягтлан бодогч О- нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 дугаар актын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Тус актаар 2016 онд байгууллагынхаа 40 жилийн ойг тохиолдуулан Уулс ноён ХХК-иас авсан 2.281,500 төгрөгийн, Техас хоолны газраас 2.392,500 төгрөгийн, Ус суваг ХХК-иас хүлээн авсан 1,000,000 төгрөгний хонь, АПУ ХХК-иас авсан 1.500,000 төгрөгийн, Комфорт ХХК-иас өгсөн 2.310,000 төгрөгийг юунд зарцуулсан анхан шатны баримтгүй, санхүүгийн тайлан балансад тусгаагүй зөрчил илэрсэн тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д “ төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “ Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:” 14.4.1-д аж ахуйн бүх ажил, гүйлгээ, 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, 14.4.3-т бүх өр төлбөр, 14.4.4-т аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, 14.4.5-д бүх орлого, 14.4.6-д бүх зардал:” гэснийг зөрчсөн байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн “ 15 дугаар зүйлийн 15.1.7-д “ албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж, болон албаны мэдээллийг ашиглан завших”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “ төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.6-д “ улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул тухайн байгууллагын хүлээн авалт , зочид төлөөлөгчдийг буудалд байрлуулсан гэх хандивын 9,484,000 төгрөгийг хандив хүлээн авч хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулсан ахлах менежер М.Ерболот, зарцуулах шийдвэр өгсөн байгууллагын дарга А.Болорсүх, санхүү бүртгэлд тусгаагүй зориулалт бусаар зарцуулах боломж олгосон нягтлан бодогч О- нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 40 жилийн ойн арга хэмжээ 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр болохтой холбогдуулан “Залуучууд” театрын даргын 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар тушаалаар ажлын хэсэг томилсон байх ба уг ажлын хэсгийн “Хандив цуглуулах ажлын дэд хэсэг”-ийг тус байгууллагын дарга А.Болорсүх ахлан, гишүүдэд нь маркетингийн ахлах менежер М.Ерболот, ерөнхий нягтлан бодогч О- нар оролцож хандив цуглуулах ажиллагааг эхлүүлсэн байх бөгөөд маркетингийн ахлах менежер М.Ерболот нь “Намадс Хоспиталити” ХХК /Техас/-тай 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 40 жилийн ойн баярын 55 хүний 2.391.500 төгрөгийн хүндэтгэлийн хүлээн авалтыг тус компани хариуцсан нь 2018 оны 03 дугаар сарын 10 өдрийн гэрээний дүгнэлт, 08/03 дугаар албан бичиг, хүлээн авалтанд үйлчилсэн меню зэргээр, “Ус суваг” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг кассын зарлагаар бэлнээр хүлээн авсан, “АПУ” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 40 жилийн ойн баярын хүлээн авалтыг 1.500.000 төгрөгийг бүтээгдэхүүнээр дэмжин ажиллах болж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дүгнэлтээр 100% гэж дүгнэсэн байхад 1.356.460 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн, “Уулс ноён” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах тухай” гэрээг хариуцагчаас гаргаж өгөөгүй ч гэсэн “Залуу нас” амралтанд 150 хүний байр, хоолны зардалд 2.131.500 мянган төгрөгийг тушаасан,1 автобус 150.000 төгрөгөөр хөлсөлж нийт 2.281.500 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн нь “Залуу нас” амралтын газрын кассын орлогын ордер, “Харилцан туслалцаа буюу бартер, хамтран ажиллах гэрээгээр хийгдсэн ажлын жагсаалт”-аар, ”Алтан хүнс групп” ХХК /Компорт зочид буудал/ тооцоо нийлсэн дансаар “Залуучууд” театр нь 2016 оны 11 дүгээр сарын 11 өдрийг дуустал хугацаанд 2.443.416 мянган төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шалталтын дараа 2018 оны 3 дугаар сарын 5-нд 1.373.500 төгрөгийн тайлан, 993.000 төгрөгийн үйлчилгээг компортод үзүүлэх тухай “Хамтран ажиллах гэрээ” гаргаж өгснөөс үзэхэд 2.366.500 төгрөгийн үйлчилгээг тус компаниас авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч 2.310,000 төгрөгт акт тавсан байна.
Харин нэхэмжлэгчийн зүгээс Байгууллагын 40 жилийн ой болох гээд А.Болорсүх дарга, М.Ерболот нар тухайн байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ, хийсэн гэх боловч тэр баримтаа санхүүд өгөөгүй шалгалтын дараа надад өгсөн тул тайланд тусгаагүй, хамтран ажиллах гэрээ бол нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт биш, гэрээгээр хийгдсэн ажил үйлчилгээ анхан шатны баримт болохгүй. Гэрч нар мэдүүлэгтээ баримтуудаа нягтлан бодогчид өгөөгүй, тэр талаар баримт байхгүй гэдгээ хэлсэн. Акт тавигдснаас хойш дээрх баримтуудыг М.Ерболотоос шаардаж цуглуул гэж явуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ”анхан шатны баримт” гэж ажил үйлчилгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.14.4-т нягтлан бодох бүртгэлд бүх орлого, бүх зардлыг заавал бүртгэхээр 18 дугаар зүйлийн 18.3 “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна. 20 дугаар зүйлийн 20.1.1-д ”нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах” эрх 20.2.3-т “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл гаргах” үүргийг тус тус зохицуулснаас үзвэл нэхэмжлэгч нь дээрхи хуулийн заалтуудыг зөрчин анхан шатны баримтаар хийгдсэн ажил, үйлчилгээг нягтлан бодох бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайланд тусгаагүй буруутай байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг дээрхи 5 байгууллагын орлого 9.483.000 мянган төгрөгийг түүгээрээ авч зарцуулсан, анхан шатны баримтгүй, санхүүгийн тайлан блансанд тусгаагүй, зарцуулалтын тайлангүй, гэж буруутган буруутай хүмүүсээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэнг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ. Харин хариуцагч нь “Намадс Хоспиталити” ХХК /Техас/- ний 2.391.500 төгрөгийг 2.392.500 төгрөг гэж 9.483 .000 төгрөгийг 9.484.000 төгрөг гэж 1000 / нэг мянган/ төгрөгөөр илүү бичсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд дээрх маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцсэн, хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.5, 14.4.6 -д заасныг баримтлан нэхэмжлэгч О-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б-, улсын байцаагч О-нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн23-02-18/06, 23-02-18/07 ,23-02-18/09 дугаартай актуудын О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч О-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ