Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0091

 

“М” НҮТББ-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газын даргын 2014 оны 13 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 2015 оны 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохын тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “MNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 807 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, өмгөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, А.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Л, өмгөөлөгч З.С, Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0887/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” НҮТББ-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газын даргын 2014 оны 13 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 2015 оны 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохын тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “MNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 807 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “М” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1, 5.1.1, 5.2.5, 5.2.8-д тус тус баримтлан нэхэмжлэгч “М” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр буюу мэдүүлсэн анхдагч огнооноос эхлэн үүсэх юм. Анхан шатны шүүхээс бүртгэл хийгдэхээс өмнө нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд нь аль аль нь хандаж байсан байна гэсэн дүгнэлт нь энэхүү маргааны тухайд ач холбогдолгүй бөгөөд хэн түрүүлж мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн түүнд л барааны тэмдгийн онцгой эрх үүсэх юм.

3.2. Нэхэмжлэгч нь “МNU” барааны тэмдгийг бүртгүүлэхээр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, “Mongolian National University” гэсэн барааны тэмдгийг бүртгүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандсан байдаг шүүхээс 2 барааны тэмдгийг хоёуланг нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлэхээр хандсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүлтийн тайлан, түүнд гаргасан гомдол, Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтийн талаар дүгнэсэн.

3.4. Хэрэгт цугларсан баримтаар тус нэхэмжлэлийг хүлээн авсан даруйдаа хэрэг үүсгэсэн байдаг ба ямар ч нотлох баримтгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг шалгалгүйгээр шийдвэрлэсэн.

3.5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоогүй захиргааны актад дүгнэлт өгөх байдлаар маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.6. Анхан шатны шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж, ямар баримтыг үндэслэн дахин шинэ акт гаргахыг зааж байгаа нь хуульд нийцэхгүй ба барааны тэмдгийн шүүлт хийж, барааны тэмдгийг бүртгэх эсэх асуудлыг эрхлэх нь зөвхөн Оюуны өмчийн газарт хуулиар олгосон чиг үүрэг байна.

3.7. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар М-н эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх нөхцөл байдал байхгүй бөгөөд тухайн барааны тэмдгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгах талаар шаардлага ч гаргаж байгаагүй болно.

3.8. Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалаар МУИС-д Үндэсний их сургуулийн статус олгож, “Монгол Улсын Үндэсний их сургууль” /МУҮИС/ хэмээн нэрлэсүгэй гэж төрийн байгууллагаас тус нэрийг М-д олгосон. Ийнхүү төрийн байгууллагаас олгосон нэрийг хувийн хэвшлийн байгууллагад олгосон нь анхнаасаа хууль бус байсан.

3.9. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанад агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гэж зааснаар “Mongolian National University”, “МNU”-г нэхэмжлэгч талаас ялгагдах шинжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин хариуцагчаас энэ нь хэрэглээний явцад шинж чанартай болох нь тодорхой болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй юм.

Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгчээс “Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 13 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 2015 оны 116 дугаар тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохын тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “MNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хуулийн этгээдийн нэрийг монгол хэлээр болон бусад хэлээр, тэр дундаа дэлхий нийтийн хэл болсон англи хэлээр орчуулан хэрэглэх нь цөөнгүй ... эдгээр барааны тэмдэг нь энгийнээр бичигдсэн буюу байгууллагын нэрийн орчуулга, товчлолоос ямар ч ялгарах шинж чанар байхгүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “ялгарах шинж чанар агуулаагүй, энгийн үсэг” байхад Оюуны өмчийн газраас барааны тэмдгийг бүртгэсэн. Дээрх зөрчил нь Монголын үндэсний их сургуулийн нэрээ чөлөөтэй ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн тайлбарлан маргажээ.

2.2. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй атлаа “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр “Mongolian National University”, “MNU” барааны тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болгосон нь ойлгомжгүйн дээр хууль нийцсэн гэж үзэхээргүй байна ... захиргааны акт болох барааны тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болгохдоо хууль ишлээгүй, хүчингүй болгох болсон шалтгаан, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, мэргэжлийн байгууллага болох Төрийн хэлний зөвлөлийн дээрх дүгнэлтийг харгалзаагүй зөвхөн орчуулах боломжтой гэсэн абстракт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж, бүртгэл хийсэн нь хуульд нийцээгүй” гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

2.3. Тодруулбал, нэхэмжлэгчээс Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд шүүхээс талуудын маргаагүй актад дүгнэлт хийх замаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.4. Түүнчлэн шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс ямар асуудал, хэрхэн хэтэрсэн гэж үзсэн нь тодорхойгүй, шийдвэртээ тусгаагүй байх бөгөөд энэхүү маргааны тохиолдолд маргаан бүхий актуудыг зайлшгүй түдгэлзүүлж, захиргааны байгууллагаар цаашид судлуулах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой.

2.5. Мөн нэхэмжлэгчээс маргаж буй актуудыг хууль зүйн хувьд илэрхий алдаатай гэж үзэж, “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргаж, үндэслэлээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг зөрчиж олгосонтой холбогдон тайлбарласнаас бус чухам хуульд тоочин заасан ямар үндэслэлээр нь маргаж буй актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа талаараа огт дурдаагүй, энэ талаар тайлбарлаагүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, дүгнэлт өгөөгүй атлаа маргаан бүхий актыг шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж байгаа нь ойлгомжгүй.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

2.6. Түүнчлэн гуравдагч этгээд Монгол Улсын Их сургууль анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш ямар, ямар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах нь маргаан бүхий барааны тэмдгийн бүртгэлийг гуравдагч этгээд дээр хийж, гэрчилгээг олгосон нь хууль зөрчсөн эсэх, илт хууль бус эсэхэд дүгнэлт өгөхөд нотолгооны ач холбогдолтой байж болохоор байна.

2.7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх арга, журмыг заахдаа хэрэгт огт хамааралгүй Нийслэлийн Засаг даргад шинэ акт гаргахыг даалгаж, шийдвэрлэсэн байгааг цаашид анхаарвал зохино.

 

Ийнхүү анхан анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулж, дүгнэлт хийгээгүйгээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захирга дуганы хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН