| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0357/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 326
2020 05 26 2020/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэцогтын Ганчулуунд холбогдох эрүүгийн 20100000............ дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Тод гэрэл ХХК-д ерөнхий механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол 000000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Г, /РД: 00000000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Ганчулуун нь иргэн Ж.Батчулуунтай тохиролцон Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын Баяжихын 3-4 тоот хашаанд экскаваторын засварын ажил хийж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ж.Батчулууны эзэмшлийн “Hyundai 2900LC-7” маркийн 10-50 УБ улсын дугаартай экскаваторын 1 ширхэг компьютер, “Hyundai 300LC” маркийн улсын дугааргүй экскаваторын 1 ширхэг компьютерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ганчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 2010000000292 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
Хохирогч Ж.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч Ш.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Б.Уугандаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Д.Туяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35-р хуудас/,
Шүүгдэгч Э.Ганчулууны мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч О.Болорын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ганчулууны гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Ганчулуун 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын Баяжихын 3-4 тоот хохирогч Ж.Батчулууны экскаваторын засварын ажил хийж байхдаа “Hyundai 2900LC-7” маркийн 10-50 УБ улсын дугаартай экскаваторын 1 ширхэг компьютер, “Hyundai 300LC” маркийн улсын дугааргүй экскаваторын 1 ширхэг компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Hyundai 2900LC-7” маркийн экскаваторын 1 ширхэг компьютерыг шүүгдэгч Э.Ганчулуунаас хураан авч хохирогч Ж.Батчулуунд хүлээлгэн өгсөн талаарх /хх-ийн 11-13-р хуудас/,
Хохирогч Ж.Батчулуун мөрдөн байцаалтад: ... Би 2020 оны 02 сарын 2-3-ны хавьцаа фейсбүүкийн хүнд машин механизмын операторууд гэдэг группэд ажилд авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу 10 гаран хүн холбогдсон. Тэр хүмүүсээс би Ганчулууныг сонгож ажилд авсан. Э.Ганчулуун 14-15 хоног экскаватор дээр засвар үйлчилгээний ажил хийсэн. Цагаан сар болоод цалинг нь өгөөд ажлаас нь буулгасан. Би “цагаан сарын дараа ажилд гарна шүү” гэж хэлээд явуулсан. Гэтэл цагаан сар өнгөрөөд Э.Ганчулууныг ажилдаа гар гэж хэлэхээр залгахад утсаа авахгүй болохоор мессеж хүртэл бичиж үлдээсэн. Ингээд Э.Ганчулууны оронд өөр хүн авч ажиллуулсан. Тэгтэл манай дүү Ж.Эрдэнэбат оператораа дуудаад экскаватортоо үйлчилгээ хийлгэх гэтэл “компьютер нь байхгүй байна” гэж надад хэлсэн. Ж.Эрдэнэбат эхнэрээрээ фейсбүүкт “экскаваторын компьютер авна” гэсэн зар тавиулахад “танайд ажиллаж байсан Э.Ганчулуун гээд хүн доор нь утсаа бичсэн байна” гэж хэлсэн. Тэгээд “88036375 гэсэн дугаар нь мөн биз дээ” гэж асуухаар нь “би мөн” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө экскаваторыг шалгаж үзтэл минийх бас компьютер нь байхгүй байсан. Энэ экскаваторууд миний эзэмшлийнх байгаа юм. Харин нэгийг нь буюу 2900Ю-7” маркийн экскаваторыг дүү Ж.Эрдэнэбатад зарж байгаа юм...Нэг нь “Hyundai 2900LC-7” нөгөөдөх нь “Hyundai 300LC” маркийн компьютер байгаа юмаа... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад : ... Манай техник хэрэгслүүд Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Био комбинат “Цагаан залаа” эмийн үйлдвэрийн зүүн талын хашаанд байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд техник хэрэгслүүдэд засварын ажил хийсэн. Засварын ажил хийснээс хойш ажиллахгүй байж байгаад өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр техник хэрэгслүүдээ асаагаад шалгахад “Hyundai 2900LC-7” маркийн 10-50УБ улсын дугаартай экскаватор асахгүй байсан. Тэгэхээр нь аккумлятор байдаг хайрцгийн тагийг онгойлгож үзэхэд компьютер нь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа ах Батчулууны эзэмшлийн “Hyundai 2900LC-7” маркийн улсын дугааргүй экскаваторын эд анги бүрэн байгаа эсэхийг шалгахад компьютер нь бас алдагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч Ш.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад: ... Гүн Тэлмэн” ХХК-ний захирал Батчулуун цагаан сарын өмнө 2 залуу ажилд авсан. Тэд хэд хоног ажилласан байх цагаан сар болоод амарчихсан. Нэг нь Зүүнбаянд ажиллаж байгаа. Нөгөөдөх нь цалингаа аваад ажиллахгүй гээд гарчихсан юм. Тэгээд өнөөдөр экскаватораа ажиллуулах гэтэл асахгүй компьютерыг нь авчихсан байсан. Мөн зэрэгцээ байсан экскаваторын моторыг ажлаас гарсан залуу өргөж тавьсан. Тэр экскаваторын компьютерыг бас авсан байна... мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Б.Уугандаа мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өвөл ажиллаж байгаад ажлаа дуусгаад тостой ажлын хувцсаа “Hyundai 2900LC-7” экскаваторын компьютерын хажуу талын харцаганд хийчихсэн юм. Хувцсаа авах гээд очтол миний хувцас хийсэн хайрцаг онгорхой байсан. Тухайн хайрцаг дотор байдаг экскаваторын удирдлагын компьютер байхгүй байсан. Би тэр дор нь Нэргүй захирал руу утсаар залгаад “2900-гийн компьютерыг өөр экскаваторт тавьсан юм уу” гэж асуухад “үгүй, өөр юманд тавиагүй манаачаас асуу” гэж хэлсэн. ...Удирдлагын компьютер нь кабины чанх ард гадна талд төмөр харцаганд байдаг. Компьютер нь гаднаа бас төмөр хайрцагтай тэр хайрцгийг 17-ийн түлхүүрээр 4 ширхэг боолт тайлаад цаана нь компьютер дээр 13-ийн 4 ширхэг боолт байдаг тэрийг тайлаад доод талдаа 2 ширхэг залгууртай түүнийг тайлаад л авчихна. Авахад бол амархан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Д.Туяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр бид хоёр Биокомбинатад байдаг экскаваторын хашаа руу явах гэж байж байтал манай экскаваторын оператор Б.Уугандаа манай нөхөр Ж.Эрдэнэбат руу яриад экскаваторын компьютер байхгүй байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Ж.Батчулуун, Ж.Нэргүй хоёр руу залгаад экскаваторын компьютерыг авсан уу гэж асуухад хараагүй, аваагүй гэсэн. Мэдэх хүн байхгүй болонгуут л цагдаад дуудлага өгсөн. ...Био комбинат руу явах замдаа “Экскаватор, Ковш, Хүнд машин механизм худалдаа” гэсэн фейсбүүк группэд “Hyundai 2900LC-7” компьютер авна гэсэн зар тавьсан. Миний тавьсан зарын доод талд comment хэсэгт Ganchuluun Ganchuluun гэсэн хаягтай хүн 88036375 гэсэн дугаар бичсэн байсан. Манай манаач Лхагвасүрэн наадах чинь нөгөө Батчулууны экскаватор дээр 14 хоног ажилласан залуу байна гэсэн. Энэ Ганчулуун гэдэг хүн өмнө нь ажилласан уу гэж асуухад тийм 88036373 гэсэн дугаартай хүн байх ёстой гэж хэлсэн. Миний зарын доор бичсэн дугаартай таараад авсан байх магадлалтай гэж бодсон.. гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: ...Тайлангаар үнэлэгдэж буй 2 ширхэг Hyundai экскаваторын компьютер /2900LC, 300LC-9/-ийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн нийт дундаж үнэ цэнэ 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой байна... гэжээ /хх-ийн 33-35-р хуудас/,
Шүүгдэгч Э.Ганчулууны мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Гэртээ фейсбүүк ухаж сууж байхад “Уул уурхай ажлын зар” гэсэн группэд Батчулуун гэх хүн “Экскаваторын оператор ажилд авна” гэж зар тавьсан байсныг хараад зарын дагуу Батчулуун гэх хүнтэй холбогдоод 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинат “Цагаан залаа” эмийн үйлдвэрийн зүүн талын хашаанд байдаг Дорноговь аймгийн Сайншанд сум руу авч явах техник хэрэгслүүдэд засварын ажил хийхээр болсон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Био комбинатын “Цагаан залаа” эмийн үйлдвэрийн зүүн талын хашаанд очиж Дорноговь аймгийн Сайншанд сум руу авч явах “Hyundai 500БС-7” маркийн экскаваторт 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл засвар хийсэн. Экскаваторт засварын ажил хийж байгаад 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамт ажиллаж байсан хүмүүс явсан хойгуур хашаанд байсан “Hyundai 2900LC-7”, “Hyundai 300LC” загварын экскаваторуудын удирдлагын төв компьютерыг тайлж аваад өөрийн эзэмшлийн “Toyota Grand Mark 2” маркийн 08-38 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын багажид хийсэн. Экскаваторын компьютер гадуур 1.500.000-2.000.000 төгрөгөөр зарагддаг. Тухайн үед байрны мөнгөгүй болохоор экскаваторын компьютерыг тайлж авсан. “Hyundai 300LC” маркийн экскаваторын компьютерыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкийн “Уул уурхайн” зарын группэд “Hyundai 300LC” маркийн экскаваторын компьютер худалдаж авна” гэсэн зарын дагуу Өмнөговь аймагт байдаг хүнтэй холбогдож 1.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр экскаваторын компьютерыг Өмнөговь аймаг руу явах “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүнд өгөхөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Таван Богд” ХХК-ний автобусны буудал дээр очиход Өмнөговь аймгаас компьютер худалдаж авахаар тохирсон хүн над руу залгаж 500.000 төгрөг өгөөд миний экскаваторт таарах эсэхийг үзэж байгаад асуудалгүй байвал үлдсэн 1.000.000 төгрөгийг шилжүүлье гээд “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Экскаваторын компьютерыг өгч явуулсны дараа зар дээр байсан дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Харин нөгөө “Hyundai 2900LC-7” маркийн экскаваторын компьютерыг зарж амжаагүй баригдсан. Би хохирлоо төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Ганчулуун, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Ганчулуун нь хохирогч Ж.Батчулууны эзэмшлийн “Hyundai 2900LC-7” маркийн, 300LC” маркийн экскаваторын компьютерыг тус бүр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai 2900LC-7” маркийн экскаваторын компьютерыг 2.450.000 төгрөгөөр, “Hyundai 300LC-9 ” маркийн экскаваторын компьютерыг 3.750.000 төгрөгөөр нийт 6.200.000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батчулуунд 6.200.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “нэг компьютероо биет байдлаар хүлээн авсан, бэлэн 4.500.000 төгрөгөөр төлүүлсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 63-р хуудас/ гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ганчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Э.Ганчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ганчулуунд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ганчулуун нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Эрдэнэцогтын Ганчулууныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Ганчулууныг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ганчулууныг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганчулуун нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ганчулуунд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ганчулуун нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ганчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР