| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0424/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 405
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2010000000000дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 00 таун хотхоны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Багахангай, Налайх дүүргийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овгийн Ц-ийн Б /РД:00000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Хан Хиллс хотхоны 0 тоотод иргэн П.У-тэй маргалдан цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:
Хохирогч П.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,
Гэрч Э.Х мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6039 дугаартай дүгнэлт: хохирогч П.У биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, Багахангай, Налайх дүүргийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Хан Хиллс хотхоны 00 тоотод хохирогч П.У-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:
Хохирогч П.У мөрдөн байцаалтад өгсөн: ...Б гэдэг айлд очсон. Ц.Б нь манай найз С-ыг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаж найзуудыгаа дагуулж явъя гэж хэлээд гадуур хувцсаа өмсөж байтал Б нь ирээд “чи мөрөөрөө ганцаараа зайл” гэхээр нь “чи манай найзуудыг яагаад доромжлоод байгаа юм бэ” гэхэд Б нь “халтар царайлсан охин, өмсөж зүүснийг нь хараад байгаарай” гэх мэтээр элдэв бусаар хэлээд байхаар нь би нэг удаа алгадахад Б нь намайг баруун гараараа нэг удаа цохисон. .Би 175.000 төгрөгийн баримт өгсөн байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. ...А-ийн дансанд 1.000.000 төгрөг байсан. Одоо дансанд нь 65.277 төгрөг байгаа бусдыг нь хувийн хэрэглээнд зарцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,
Гэрч Э.Х мөрдөн байцаалтад өгсөн: ...Б нь зүгээр байлгахгүй найзуудыг доромжлоод байхад нь найз У уурлаж явъя гэж хэлээд үүдний хэсэгт гадуур хувцас гутлаа өмсөж байхад Б У рүү уурлаж гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн: ...Б найз С-ыг хэл амаар доромжлоход С уурлаад Б уучлалт гуйсан. Тэрний дараа Б нь Х хэл амаар доромжлоод байхаар нь У уурлаж явах гээд гадуур хувцас, гутлаа өмсөж байхад Б уучлалт гуйж байснаа миний данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Б П.У ийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. Би өөрийнхөө банкны картыг У т өгсөн байгаа. Тухайн дансанд орсон мөнгөөр П.У эмчилгээ хийлгэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6039 дугаартай дүгнэлтэд
1. П.У биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...А бид хоёрын хооронд үл ойлголцол гараад учраа олоод байтал П.У “явлаа” гээд гадуур хувцас, гутлаа өмсөөд гэр дотор яваад байхаар нь хэлэхэд тоохгүй байхаар нь би хэл амаар доромжилсон. П.У намайг алгадахаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэнд нь цохиход хамраас нь цус гарсан. Тэр үед нөгөө дөрвөн эмэгтэй над руу дайраад байснаа мөнгө өг гэхээр нь би А-ийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч П.У нүүр рүү цохисны улмаас хохирогчийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.У т эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн хохирогч П.У нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР