Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 397

 

     

    2020         06           15                                   2020/ШЦТ/397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О  овогт С-ийн Д-д холбогдох эрүүгийн 2010000000000дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, өнөр хороолол, 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, О овогт С-ийн Д  /РД:0000000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны автомашины зогсоол дээр иргэн Д.С автомашины зогсоолд зөвшөөрөлгүй зогссон гэх шалтгаанаар маргалдан баруун чамархай хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №5740 дугаартай шинжээчийн дүгнэлт: хохирогч Д.С биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүгдэгч С.Д ы  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №221 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны автомашины зогсоол дээр хохирогч Д.С “автомашины зогсоол дээр зогссон” гэх шалтгаанаар маргалдан хохирогчийн толгой руу цохисны улмаас “тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  болох нь:

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтад өгсөн: ... 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны зогсоол дээр 0000 улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-20 маркийн машины ард зогсоод байж байтал нэг хүн гарч ирээд миний машин руу суугаад хөдлөх гэтэл нөгөө эрэгтэй хүн гарч ирснээ “чи муу яахаараа хүн авч явдаг юм” гэж хэлэхээр нь тоолгүй яваад өгсөн. Тэгээд 12 цагийн үед Маршал таун хотхонд очиход нөгөө залуу Н  ахтай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэж хэлээд заамдаж аваад гараа тавихад нэг хүн “явах уу” гэхээр нь би толгойгоо баруун тийш эргүүлээд “явна” гэж хэлээд толгой зүүн тийш эргүүлэхэд цамцаараа толгой руу цохиход би газарт унаад босож ирээд юугаар цохичхов гэхэд Н  “нөгөөдөх чинь цамцны халааснаас чулуу гаргаж байна” гэж хэлж байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Би тухайн үед гомдолгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл өнөөдөр толгой өвдөөд байсан болохоор өргөдөл гаргаж өгч байна... гэх   мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №5740 дугаартай шинжээчийн

        1. Д.С биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүгдэгч С.Д ы  мөрдөн байцаалтайд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхонд хүн хүргэж өгөөд зогсоол дээр зогсож байхад саарал өнгийн Приус-20 маркийн автомашин араас дуут дохио өгсөн. Би машинаа урагшлуулахад миний зогсож байсан газар зогсохоор нь би машинаасаа бууж тухайн машин руу очоод “таныг ийшээ орох гэж байгаа юм байх гэж бодоод урагшлаад өгөхөд миний байран дээр очоод зогсчихлоо” гэхэд нөгөө настайвтар хүн “чи эндээс яв. Энд гэрээтэй машинууд зогсдог юм” гэж хэлэхээр нь би “юун гэрээ вэ, та нарт гэрээ байхгүй ш дээ адилхан хоолны мөнгөө олох гэж байж” гэж хэлэхэд нөгөө ах “чи дахиад ирвэл дугуйг чинь хагална шүү” гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй нөгөө ах машинаасаа бууж ирээд “чи яагаад олон үг хуцаад байгаа юм бэ. Энэ газрыг өмчлөөд авчихсан” гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулаад өөрийн өмсөж явсан хүрэн өнгийн даавуун материалтай цамцаараа тухайн хүний баруун тал руу нь савж цохисон. Цагдаа дуудахад ирээд надад зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Тухайн үед нөгөө хүн нь гомдолгүй гэж хэлж байсан. Миний цамцны кармад машины түлхүүр, чүдэнз хоёр байсан... гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч С.Д нь хохирогч Д.С цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд шүүгдэгч С.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч С.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 120.000 төгрөгийн баримт өгсөн боловч “гомдолгүй, саналгүй” /хх-ийн 54-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          

           Шүүгдэгч С.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

         Шүүгдэгч С.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Д-д ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Д-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. О  овогт С-ийн Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Д-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Д-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР