| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0371/Э |
| Дугаар | 380 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 380
2020 06 10 2020/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Дариймаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Э-д холбогдох эрүүгийн 2010006420000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн ,1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 21 настай , эрэгтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Кабген солонгос хоолны газарт ажилтай, ам бүл 6, эх ,дүү хүргэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 00 тоотод оршин суух хаягтай ,улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б Э /РД:00000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар 15-ны орой 23-ны цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр автомашин засуулсан талаар маргалдан Б.Е толгойн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
Эрүүгийн 20100064200000 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Е мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №3741 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуудас/,
Шүүгдэгч Б.Э гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/
Шүүгдэгч Б.Э гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар 15-ны орой 23-ны цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр хохирогч Б.Е “автомашин эвдэж байсан” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн толгой руу цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Е мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Э , Б Т , О нартай уулзаад Их дэлгүүрийн урд талд пиво ууцгаасан. Би машин барьж байсан болохоор пиво уугаагүй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхонд очиход Т гэр рүүгээ орохгүй гээд дэлгүүрээс 2,5 литрийн пиво хоёр савыг авсан. Бид нар Зайсангийн Ханбогд амралтын газар очоод пиво ууцгаасан. Тэр үед Б намайг “Чи Приус-30 авснаасаа хойш их зан суужээ” гэж үг хаясан. Би “надад та нар шиг зан байхгүй” гэж хариулсан. Би урьд нь Э гийн машиныг унаж яваад эвдэлсэн талаар сөхөн ярьж эхэлсэн. Тухайн үед машиныг нь засаж өгсөн. Тэгтэл Э гараараа миний толгой руу цохисон. Б миний үснээс барьж намайг өөр рүүгээ татахад Э миний толгой руу 2-3 удаа цохичхоод машинаас буусан. Тэгээд хаалга онгойлгож чирч гаргаад үсдээд эрүү хэсэг рүү жийж чирч, цохиж, хавирч унагаагаад дээр гараад 2 удаа нүүр рүү цохисон . Тэр үед хамт байсан О салгах гэтэл Э “хол бай ална шүү” гэж сүрдүүлэн цааш болгосон. Тэр үед Б О одоо яах ч үгүй гэж хорьж байсан. Тэр үед чамаас өөр хүн байсан бол алаад булсан байгаа гэж хэлээд машиндаа буцаж сууцгааж Энхжин хотхоны гадаа очоод Т Э нар буугаад үлдсэн. Тэндээс Б О бид 3 манайх руу явцгаасан. Б надад хандан чи намайг зодсон гэж бод. Би одоо дахиад чамайг зодно чи тэгээд хэл ам хийгээд яваарай гэж хэлээд явсан. Урьд өмнө нь Э тай маргаантай байж байгаад асуудлыг шийдсэн байсан. Тэрийг сөхөж яриад намайг үгээр идээд байсан. Миний биед учирсан гэмтлийг Э учруулсан. Би эрүүл мэндээрээ хохирч зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Е хамтаар Их дэлгүүрийн урд Э гийн ажилладаг газар очоод О , Т , Э , Е хамтаар пиво ууж байгаад 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхон руу Т гэр рүү нь хүргэж очсон. Тэгтэл Т “гэртээ орохгүй” гээд бид нар Зайсангийн Ханбогд амралтын газрын машины зогсоолд очоод пиво уусан. Бид ярилцаад сууж байхдаа Е автомашины талаар ярьж маргаан гарч хоорондоо хэрэлдсэн. Тэр үед Е Э г хэл амаар доромжилсон. Тэгтэл Э эхлээд Е мөр рүү түлхтэл Е зөрүүлж тохойлдсон. Би голоор нь орж салгасан. Э автомашины хаалгыг нээж Е г үсдэж гаргаад хавсарч унагаагаад дээр нь сууж байхад Т О нар салгатал дахиад маргалдаж Э Е толгой руу цохиод “уучлаарай, би буруу хийлээ” гэх зүйл ярьж эвлэрсэн. Бид Т ыг хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очиход Э Т ын гэрт хононо гээд үлдсэн. Тэндээсээ Е гэрийн гадаа очоод “ээж чинь яасан, хэн зодсон бэ” гэвэл “намайг зодсон гэж хэлээрэй” гээд би гэр рүүгээ явсан мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2020 оны 03 дугаар сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 11-дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Богд амралтын газрын авто зогсоол дээр Е Э 2 хоорондоо маргалдаад байсан. Б.Э Е ар дагз руу 3 удаа алгадсан. Тэр 2-ыг салгахад зууралдаад байсан. Тэгтэл Э Е г машинаас гаргах гээд үсдээд баруун нүд орчим руу нь өшиглөөд зууралдаад байхаар би салгах гэтэл Б “хэрэггүй наад 2 чинь өөрсдөө учраа олчихно” гэхээр нь би очоогүй. Хэсэг хугацааны дараа Э Е рүү дахиж очоод толгой хэсэгт нь 3 удаа цохисон. Бид тэндээс хөдлөөд Энхжин хотхонд Т , Э нарыг буулгаад Е г гэрт нь буулгаж өгчхөөд би гэртээ харьсан... мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №3741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. Б.Е биед тархи доргилт, зулайн хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 27 хуудас/,
Шүүгдэгч Б.Э гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних Е тэй урьд нь миний машиныг эвдэлсэн асуудлаас болоод маргалдсан. Би мөр болон үснээс нь зулгааж “чи яасан том болсон бэ” гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Бид 2 хоорондоо ярилцаж байгаад учраа олоод салцгаасан. Би найз Т ын гэрт буюу Энхжин хотхонд хонохоор болоод буусан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Е толгой руу цохиж зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зулайн хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Е биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилж нийт 570.000 төгрөгийн баримт /хх-ийн 70-72-р хуудас/ хавтаст хэрэгт баримтаар ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Е д эмчилгээний зардалд 577.000 /таван зуун далан долоон мянга/-н төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч Б.Е нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шалгах хуудсаар” /хх-ийн 44-р хуудас/ батлагдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай ба түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э г 800 / найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Э гаас хохирогч Б.Е эмчилгээний зардалд 577.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР