Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 396

 

       

    2020         06           15                                   2020/ШЦТ/396

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б-ын Э-д холбогдох эрүүгийн 1910029150000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй,  ам бүл-3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант 00 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,

         Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналт Д овгийн Б-ын Э . /РД:000000/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа Т.Б , Г.О нарыг бусадтай маргалдсан гэх шалтгаанаар тэдний нүүр рүү гараараа цохиж хохирогч Т.Б ад зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун нүдний доод зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүний зулгаралт, хохирогч Г.О баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910029150000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Б ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

Хохирогч Г.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн            дугаартай дүгнэлт: хохирогч Т.Б ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн                дугаартай дүгнэлт: хохирогч Г.О биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Шүүгдэгч Б.Э ий  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-68-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 76-80-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа хохирогч Т.Б , Г.О нарыг бусадтай маргалдсан гэх шалтгаанаар тэднийг зодож, хохирогч Т.Б ын зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун нүдний доод зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг, хохирогч Г.О баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Минт баар орсон ба бүжгийн талбай дээр намайг нэг хүн тохойлдох шиг болсон. ...хамгаалагч нар ирээд Г.О  бид хоёрыг камерын өрөө рүү оруулсан. Тэгтэл ээлжийн ахлах гээд байсан залуу бид хоёрыг зодоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

Хохирогч Г.О мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой найз Билгүүнбат, Түвшин, Цагаадай нарын хамт Минт бааранд орсон. Бүжгийн талбай дээр нэг хүнийг санамсаргүй мөргөчихсөн чинь хамгаалагч нар ирээд өрөө рүүгээ аваад явсан. Тэгтэл шардуу царайтай хамгаалагч миний баруун нүд рүү цохиж, хөл гар руу өшиглөсөн. Тэр үед Т.Б ыг ард нь гавлачихсан нүүр рүү нь алгадаад цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн             дугаартай дүгнэлтэд:

         1.Т.Б ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун нүдний доод зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн                  дугаартай дүгнэлтэд:

           1. Г.О биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл  нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Шүүгдэгч Б.Э ий  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө би Минт бааранд хяналтын камерын өрөөнд байж байтал хүмүүс зодолдсон. Манай хамгаалагч нар тэр залуучуудыг салгаад хоёроос гурван залууг камерын хяналтын өрөөний гадаа авчирсан. Тэр хоёрын нэг нь манай хамгаалагч А-ын хамар руу гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. ...Нөгөө залуучуудын нэг нь намайг байн байн хэл амаар доромжлоод над руу нулимсан. Намайг доромжлоод байсан залуу нь миний нүүр рүү алгадсан. Намайг алгадсан залууг би хоёр удаа алгадсан. Мөн хамт орж ирсэн залууг хоёр удаа алгадчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 65-68-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Т.Б , Г.О нарыг цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.Б ын биед “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун нүдний доод зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Г.О биед “баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт”  бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын биед  учирсан гэмтэл шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Э ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б , Г.О нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нар хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэдгээр нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 81, 82-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

         Шүүгдэгч Б.Э хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Э-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э ий Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, дээрх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон байх ба энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ын Э ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэхээр тогтоосон 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхs арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР